| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/03486/И |
| Дугаар | 191/ШШ2025/00645 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/00645
| 2025 01 27 | 191/ШШ2025/00645 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ХХХХХ тоотод оршин суух, Б овогт Б-ийн Б /РД: ХХХХХХХХ/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0000000 байрлах, Н ш ш г г-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1384 дүгээр шийдвэрээр "М ББСБ" ХХК-иас 2,270,623,858 төгрөгийг гаргуулж "Ч" ХХК-д олгож шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа явагдаж байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй Б0000 тоот 88,9 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн саналуудыг авсан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4- 180/12131 дугаар мэдэгдлээр төлбөр авагч Ч ХХК, төлбөр төлөгч М ББСБ ХХК, иргэн Б.Б нарт хөрөнгө үнэлгээний тайланг танилцуулсан ба төлбөр төлөгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А надад 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан.
Хөрөнгийн үнэлгээний тайлангаар М ББСБ ХХК үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000 дугаар бүртгэлтэй ААААА дугаар байрны ххх тоот хх,х мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 231.916.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.
Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан заалтыг зөрчсөн. Б ХХК үнэлгээний тайлан гаргахдаа дээрх хуулиудад заасан үндэслэл журмын дагуу бодит үнэнд нийцсэн гаргаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлийн хандлагаар үнэлгээг гаргахдаа алдаа гаргасан байна. Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа 1 мкв талбайн үнийг 2.6 сая төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэгүй.мн сайтад Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хороолол байрлах орон сууцны 1 мкв-ын үнэ 3.500.000 төгрөгийн үнэтэй байхад Б.Б-ийн өмчлөлийн 88.0 м.кв 3 өрөө орон сууцны үнийг зах зээл дээр худалдан борлогдож буй үнээс доогуур үнэлсэнд гомдолтой байна.
Хөрөнгийн үнэлгээ гаргаж буй байгууллага Хөрөнгийг үнэлгээний тухай хуульд заасан эд хөрөнгийн үнэлгээг тогтоох арга, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан аргачлал, бусад эх сурвалжийг ашиглалгүйгээр хэт нэг талыг барьж төлбөр авагчид ашигтай байдлаар үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.
Түүнчлэн Барилга хот байгуулалтын яам, Стандарчлал хэмжил зүйн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар зах зээл дээр орон сууцны үнэ дариу 9.4 хувиар өссөн гэсэн тоон баримт, мэдээлэл байсаар байхад зориуд эд хөрөнгийг дутуу, багаар үнэлгээ гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Мөн үнэлгээний тайлангаас харахад үнэлгээ хийсэн аргачлал нь туйлын тодорхойгүй. Иймд үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны 1384 дүгээр шийдвэрээр "М ББСБ" ХХК-иас 2.270.623.858 төгрөг гаргуулж Ч ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2204038175 дугаарт бүртгэлтэй, АААА дугаар байрны ххх тоот хх.х мкв талбайтай орон сууцыг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Б ХХК-г томилж үнэлгээ тогтоолгоход 231.916.000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.
Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, Б ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар,
Н Ш ш г г-ын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4-180/12131 тоот үнэлгээний мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2023/11864 дугаар шүүгчийн захирамж, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /1хх 5-26, 29, 99-100, 121-123/
Хариуцагчаас баримтаар: төлөөлөгчид эр олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ГХ2023/00104 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас, тус шүүхийн мөн өдрийн 181/ШЗ2023/01577 тоот албадан гүйцэтгэх захирамж, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дугаар шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол,
Н Ш ш г г-ын 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 04-150/хххх дугаар, 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 4-150/хххх дугаар, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4-150/хххх дугаар, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4-150/хххх дугаар, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 4-150/ххххх дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ххх дугаар албан бичиг, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолууд, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн үнийн санал, Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчид хууль тайлбарласан тухай баримт, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээл тодруулсан тэмдэглэл, Б ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ОСЗҮ-23/05 дугаар албан бичиг, "Б" ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг ирүүлжээ. /1хх 33-35, 40-77, 168, 201-218/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Н Ш ш г г-т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: хууль зөрчсөн, үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, үнэлгээг хийсэн арга аргачлал тодорхойгүй гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Хууль зөрчөөгүй, эрх бүхий мэргэжлийн этгээд үнэлгээг хийсэн, үнэлгээ хэт бага гэдгээ хариуцагч нотлоогүй гэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дүгээр шийдвэрээр М ББСБ ХХК-иас 2.259.187.967 төгрөгийг гаргуулж Ч ХХК-д олгохоор, хэрэв сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны Ү-00000000000 тоот улсын бүртгэлийн дугаартай, ББ тоот хаягт байрлалтай контор үйлчилгээний зориулалтай 1260,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн 0000000000 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байршилтай үйлчилгээний зориулалттай 3649 мкв газар, Б.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, АААААА тоотын 88,9 мкв талбайтай, 3 өрөө орон сууц зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 42-52/
3.2.Хариуцагч газар 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 40-52/
3.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн нэг болох маргаанд хамаарах Б.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038175 дугаарт бүртгэлтэй, ББББ тоотод байрлах 88,9 мкв талбайтай, гурван өрөө орон сууцыг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 23280174/180-03 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 23280174/05 тоот тогтоолоор хурааж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. /хх 54-60/
3.4.Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад хөрөнгийн өмчлөгч Б.Б-ийн төлөөлөгчөөс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 380.000.000 төгрөгөөр саналаа ирүүлсэн, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 6/241 тоот тогтоолоор шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцнэ. /1хх 61-67/
Нэхэмжлэгчээс хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, үнийн санал авсан, шинжээч томилсон үйл ажиллагаанд гомдол гаргаагүй, дээрх ажиллагаанууд хуульд нийцжээ.
4.Томилогдсон Б ХХК-иас дээрх хөрөнгийг 231.916.000 төгрөгөөр үнэлснийг өмчлөгч Б.Б-д 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4-150/12131 тоот мэдэгдлээр мэдэгдэж, энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байна. / хх 70-74, 204-218/
5.Хэрэгт авагдсан үнэлгээний тайланд шинжээч өртөгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргыг ашиглан барьцаа хөрөнгийг үнэлж, үүнээс зах зээлийн аргад ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон талаараа тайланд тусгасан байна. Мөн шинжээч үнэлгээний тайланг гаргахдаа олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж үнэлгээний зүйлийг адил байршилд байрлах худалдан борлуулахаар үнэгүй.мн сайтад байршуулсан хөрөнгөтэй харьцуулсан, харьцуулсан гурван хөрөнгийн мэдээллийг хавсралтаар үзүүлжээ.
Дээрх үнэлгээний тайлан зохих үндэслэлтэй, тодорхой байх талаарх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан шаардлагуудыг хангаагүй гэх байдал тогтоогдоогүйгээс гадна үнэлгээ хэт бага талаарх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н Ш ш г г-д холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038175 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 231.916.000 төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ