| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03324/И |
| Дугаар | 191/ШШ2025/00382 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/00382
| 2025 01 20 | 191/ШШ2025/00382 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Р ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш овогт Ц-ийн Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №ххх тоот захирамжаар зээлдэгч Б.Б, Ц.Б нараас 50,897,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №1-226/ххх тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.Б-ын эзэмшлийн №00ххххх тоот гэрчилгээний дугаартай, хххх тоот нэгж талбарын дугаартай Сүхбаатар дүүрэг, хх дугаар хороо, ххх дүгээр гудамж, ххх тоотод байрлах ххх мкв талбайтай зуслангийн зориулалттай газар, мөн тоотод байрлах Ү-00000 дугаартай 161,1 талбайтай хувийн сууцыг өр төлбөрт тооцож төлбөр авагч Р ББСБ ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хууль ёсны өмчлөгч болсон.
Р ББСБ ХХК өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг хариуцагч буюу оршин суугч Ц.Б-аас чөлөөлж авахаар удаа дараа шаардаж түүнд хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд сайн дураар чөлөөлж өгөхгүй хууль бусаар эзэмшсээр байгаа.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ц.Б маргааны үйл баримт болоод буй хувийн сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргаж, үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Хувийн сууц 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн. Харин газар нь 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шилжсэн байгаа. Энэ цаг үеэс тухайн сууц болон газрыг хариуцагч Ц.Б ашиглаж, саад учруулж байна. Чөлөөлж өгөхийг хүссэн боловч чөлөөлөхгүй байгаа учраас энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбар гаргажээ. Үүнд:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус байгууллагаас зээлийг бэлнээр болон дансаар авч байгаагүй. Миний охин Б.Б тус байгууллагаас зээл авсан нэрийдлээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тавьсан яриа байдаг. Уг зээлийг авсан миний охин Б.Б тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигч биш байхад тус байгууллага зээл олгосон байдаг. Тиймээс тухайн байгууллагатай ярилцан тохиролцсоны үндсэн дээр хуваарь гаргуулан төлж барагдуулах хүсэлтэй байна, харин тухайн нэхэмжлэлд дурдсан газрыг огт барьцаанд тавиагүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг газрын тухай асуудал байхгүй болно. Иймд уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-хххххххх дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/хххх, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1-226/ххххх дугаар албан тоот, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2024/ххххх дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/ххххх дүгээр Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2017/ххххх дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 602 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ххххххх дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллгагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 3/ххххх, 3/хххх тоот албан бичиг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хх/хх дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ххх/хх дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн х/ххххх тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн х/хх дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн х/ххххх тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, иргэн Б.Б, Ц.Б нараас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн х/ххх тоот, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн х/хххх тоот албан бичиг, 20/01-46 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргийг ирүүлжээ. /хх 4-12, 42-57/
Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэлийг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь Ц.Б-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-хххххххх дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ххх дугаар хороо, ххх дүгээр гудамж ххх тоотод байрлах хххх мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын ххххххх дугаартай ххх мкв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: зээлдэгч зээлээ төлөөгүй тул шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг төлбөрт тооцож өмчлөлдөө шилжүүлж авсан боловч чөлөөлж өгөхгүй саад учруулж байна гэж тайлбарлав.
Хариуцагч татгалзлаа: зээлийг би аваагүй, түүнчлэн газрыг анхнаасаа барьцаалаагүй байсан гэж тайлбарласан.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
3.1.Маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-хххххх дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, хх дугаар хороо, хх дүгээр гудамж ххх тоотод байрлах ххх,х мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Р ББСБ ХХК болохыг баталгаажуулж түүнд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ххххххх тоот өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэх байгууллагаас олгожээ. /хх7/
3.2.Мөн Дүүргийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/ххх дугаар захирамжийг үндэслэж, нэгж талбарын хххххх дугаартай Сүхбаатар дүүрэг, хх дугаар хороо, ххх тоот хаягт байрлах ххх мкв талбайтай гэр, орон сууцны хашааны зориулалттай газар нь Р ББСБ-ийн салбар /РД:ххххх/ эзэмшигч болсныг баталгаажуулж эрхийн улсын бүртгэлийн Э-ххххххх дугаарт бүртгэн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. /хх6/
3.3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/ххххх дүгээр шүүгчийн захирамжаар: Р ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б, Ц.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 51.297.500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тус захирамжид: хариуцагч Ц.Б, Б.Ба нар нэхэмжилсэн 51.297.500 төгрөгийг графикийн дагуу хэсэгчлэн төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд Ц.Б-ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, хх дугаар хороо, ххх дүгээр гудамж хх тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-хххххх дугаартай ххх,х мкв талбай бүхий сууц, мөн Сүхбаатар дүүрэг, ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хххххх гэрчилгээтэй, Ц.Б-ын эзэмшлийн 700 мкв талбай бүхий газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ. /хх 43-44/
3.4.Тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2017/ххххх дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 602 тоот гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 17280654 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн, улмаар барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан, үнэлгээ тогтоож дуудлага худалдаанд оруулсан зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх42-52/
3.5.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Б, хариуцагч Ц.Б нараас барьцаа хөрөнгө болох ххх,хх мкв талбайтай хөрөнгө болоод эзэмшлийн газрыг төлбөртөө тооцон шилжүүлж өгөх хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн х/ххх, х/ххх тоот, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн х/хххх тоот, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн х-ххх/ххххх тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагчтай харилцан тохиролцсон тул маргаанд хамаарах газар болон ххх,хх мкв талбайтай хувийн сууцыг төлбөр авагч Р ББСБ ХХК-ийн өмчлөл, эзэмшилд тус тус бүртгэж гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд мэдэгджээ. /хх 8, 9, 55, 56/
Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.
4.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д гуравдагч этгээдийн хувьд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан. Түүнчлэн 2002 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг ... зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь Р ББСБ ХХК болсон байх тул тэрээр өөрийн үзэмжээр хөрөнгөө эзэмшиж ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоолгох, хууль бус эзэмшил ашиглалтаас шаардах эрхтэй. Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
5.хариуцагч татгалзлын үндэслэлээ: зээлийг би аваагүй, харин өөрийн охин Б.Б авсан, газар барьцааны зүйл биш байсан гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар тохиролцсон тус шүүхийн 181/ШШ2016/ххххх дүгээр шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. Түүнчлэн уг хэрэгт хамтран хариуцагчаар оролцсон Б.Б зээлийн мөнгөн хөрөнгийг авсан болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн өөрийнх нь хариу тайлбараар тогтоогдсон. Иймд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.
Хариуцагч бодитоор хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа баримт хэрэгт авагдаагүй боловч түүний бичгээр ирүүлсэн хүлээн зөвшөөрөхгүй тайлбараар хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хүсэл зорилго байхгүй, улмаар нэхэмжлэгч өмчлөгчийн хувиар хөрөнгөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших ашиглахад саад учруулж байгаа болох нь нотлогдоно гэж үзлээ. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.
6.Хариуцагч Ц.Б-т өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрөө гардан авсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-д мэдэгдэх хуудсыг хүргүүлж, түүний 92049205 дугаар утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххх дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, хх дугаар хороо, ххх дүгээр гудамж хххх тоотод байрлах ххх,х мкв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын Э-хххххх дугаарт бүртгэлтэй, ххх талбайтай газрыг хариуцагч Ц.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчээс хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж ашиглахад саад учруулахгүй байхыг даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ