Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00373

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00373

 

 

Б.И-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 182/ШШ2020/002762 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.И хариуцагч НЗДУБХЗ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.И,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.И нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 29ний өдрийн Б/64 дугаар захирамжаар анх Хүн хангамж төв ОНӨААТҮГын захирлаар томилогдож, халагдах хүртлээ буюу 2019 он хүртэл алдаа дутагдалгүй, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч Б.И-той 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үр дүнгийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар контрактын гэрээг тус тус байгуулсан. Харин нэхэмжлэгч Б.И-ыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 24ний өдрийн Б/123 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, энэ үедээ ажлаа хүлээлцэж өгсөн бөгөөд үүнийг зөвшөөрөхгүй бид Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч захиргааны шүүхийн харьяалах маргаан биш, иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингээд бид тус шүүхэд хандсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан 1 сарын хугацааны дотроо байгаа. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамжийг дараах үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй байна.

Засаг даргын захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.4 заасныг тус тус үндэслээд Б.И-н контрактын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, түүний үйл ажиллагаанаас болж үйлдвэрийн газарт хохирол учирсан, алдагдалд орсон гэх үндэслэлийг заасан байдаг. Контрактын гэрээнд 1 сараас доошгүй хугацаанаас өмнө гэрээг цуцлах мөн контрактын гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ажилтандаа мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэвч хариуцагч тал энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мэдэгдэл гэх зүйлийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгч Б.И-д шуудангаар ирүүлсэн байдаг. Уг мэдэгдэл нь контрактын гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдах боломжгүй болсон гэх агуулгатай болохыг дурдаад Захиргааны Ерөнхий хуулийн 4, 26, 27 тус тус заасны дагуу сонсгох ажиллагаа хийж байгаа гэх утга бүхий байсан. Харин бид үүнийг зөвшөөрөхгүй гэж тухайн үед тайлбараа бичиж өгсөн. Өөрөөр хэлбэл, контрактын гэрээг дүгнэсэн эсэх талаар ажлын хэсэг гарган дүгнэлт гаргаагүй, түүнчлэн контрактын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлд заасан тухайн жилийн эдийн засгийн бодит төвшинг биелүүлэх, 7 дугаар зүйлийн 7.4.1-т захирал контрактын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй захирлын үйл ажиллагаанаас үйлдвэрийн газарт хохирол учирсан алдагдалд орсон гэх үндэслэлүүдийг заах боловч ажил олгогчоос эдгээр үндэслэлүүдийг хэрхэн тогтоосон талаарх баримт байхгүй, энэ үндэслэлүүдийг хаанаас гаргаж ирсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн хувьд эдгээр зөрчлүүдийг гаргасан зүйл байхгүй. Байхгүй зүйлийг үндэслэлгүйгээр заасан гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгчийн ямар үйлдлийн улмаас хохирол, алдагдал бий болоод ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж контрактыг гэрээг цуцлахад хүрсэн талаар тогтоогдсон баримт хэрэгт байхгүй. Энэ үйл баримтын талаар мөн хариуцагч тал нотолж чадаагүй гэж үзэж байна. Харин эсрэгээрээ нэхэмжлэгч Б.И нь зохих ёсоор ажил үүргээ гүйцэтгэж байсан гэх нотлох баримтуудыг бид хэрэгт гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.И нь 2017, 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт тайлагнасан тайлан байгаа. Энэ тайланг холбогдох шатны байгууллага нь хүлээн авч тамга тэмдгээ дараад баталгаажуулсан байгаа. Ямар нэгэн алдаа дутагдалгүй.

Бусад гаргаагүй зөрчлийг гаргасан мэтээр ярьж байгаа нь асуудалтай байгаа. Хариуцагч талын тайлбарлаж байгаа гол баримт нь 2019 оны 01 дүгээр сард хийсэн үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийг шалгах зорилгоор очсон Нийслэлээс гарсан ажлын хэсгийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтээр ажил сайжруулах гэж дүгнэгдсэн болохоос биш контрактын гэрээг дуусгавар болгох гэрээнд заасан зөрчил илрээгүй. Нэхэмжлэгч Б.И-н ямар буруутай үйл ажиллагаанаас болж байгууллагад хохирол учирсан, алдагдалд орсон болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр огт байхгүй, гэнэт л шалтгаангүй ажлаас халсан.

Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж нь үндэслэлгүй байх тул Б.И-ыг Хүнс хангамж төв ОНӨААТҮГын захирлын ажилд эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Бид Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байсан боловч энэ нь шаардлага бус үндэслэл байх тул шаардлагаа дээрх байдлаар тодруулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүнс хангамж төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгч Б.И нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ гэж татан авсан. Шаардлага дотор Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах асуудал яригдаж байгаа, сая хурал дээр шаардлага буюу үндэслэл гэж тайлбарлаж байх боловч манай зүгээс уг шаардлага нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна.

Тухайн үед захиргааны шүүхэд гаргаж байсан тайлбар болон иргэний хэргийн шүүхэд гаргаж байгаа тайлбар нь утга нэгтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийн үйлдвэрийн газрын захирлуудтай контрактын гэрээ байгуулах тухай журам байгаа. Засаг дарга анх нэхэмжлэгч Б.И-той 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр контрактын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Харин нэхэмжлэгч Б.И-ыг 2019 оны 7 дугаар сарын 24ний өдөр ажлаас нь чөлөөлсөн Засаг даргын захирамж гарсан. Захирамжид гурван зүйлийг дурдсан. Хүнс хангамж төв ОНӨААТҮГын захирлаар ажиллаж байсан Б.И нь контрактын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан тухайн жилийн эдийн засгийн үндэслэл, үндсэн үзүүлэлт зорилтот хөшүүргийг биелүүлэх, 3.3т захирал нь гэрээнд тусгасан үзүүлэлтийг биелүүлэх үйлдвэрийн газрын ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн чиг үүргээ, гэрээний 3.4т заасан үйлдвэрийн газрын тогтвортой байдлыг хангаж өртөг зардлыг хямдруулан өр авлагыг буруулж ажиллана гэсэн үүргүүдийг биелүүлээгүй гэж үзсэн. Энэ нь Нийслэлийн Засаг даргын 2019 А/09 тоот дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдоно.

Өөрөөр хэлбэл Б.И нь Хүнс хангамж төвийн санхүүгийн аудитын тайлангаар нийт 4,848,3 сая төгрөгийн орлого олж, 4,821,5 сая төгрөгийн зардал гарган, 4,8 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж контрактын гэрээний 3.1-д заасан эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшинг биелүүлээгүй. Борлуулсан бүтээгдэхүүний өртөгийг 4,123,8 сая төгрөгөөр баталснаас гүйцэтгэлээр 4,410,3 сая төгрөгийг зарцуулж 286,4 сая төгрөгөөр хэтэрсэн байна. Тийм учраас ажлын хэсгийн үнэлгээгээр Хүнс хангамж төв ОНӨААТҮГын ажлыг сайжруулах шаардлагатай гэсэн. Нэхэмжлэгч Б.И нь контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна.

Мөн контрактын гэрээ дуусгавар болсон нь контрактын гэрээнд заасан үндсэн үүрэг даалгавар биелэгдээгүйтэй холбоотой. 2019 оны Нийслэлийн Засаг даргын зөвлөмжөөр Хүнс хангамж төв ОНӨААТҮГт үүрэг даалгавар өгч байсан. Мөн дээр дурдсан журамд контрактын гэрээ дуусгавар болсны дараа хугацаа сунгах асуудал нь Засаг даргын эрх мэдэлд байдаг журамтай. Энэ утгаараа нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээг сунгах үндэслэлгүй гэж үзээд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байгаа. Энэ үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.И-ыг Хүнс хангамж төв ОНӨААТҮГын захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч НЗДБУБХЗ-аас 19 010 678 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.И-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.И-н дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч НЗДУБХЗ-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.И нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч НЗДБУБХЗ-аас 253 003 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Өөрчлөлт оруулах үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлтэй нь тэнцэх нөхөн олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын дунджаар тооцвол 2019.05 сард1 069 000, 2019.06 сард-1 058 650, 2019.07 сард-1 138 523=3 415 569:3=1 138 523 төгрөг болж байна. Энэхүү дүнг Б.И-ыг ажлаас чөлөөлсөн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс тус шийдвэр гарсан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тооцвол, нийт 16 сар ажлын 15 өдөр /1 138 523*16 сар = 18 216 368 төгрөг/, 1 138 523 төг: 21,5 ажлын өдөр = 52 954 төгрөгийн 1 өдрийн дундаж цалин хөлстэй, 52 954*15 өдөр= 794 310 төгрөг/ Нийт 18 216 368+794 310=19 010 678 төгрөг байх байсныг 13 069 765 төгрөг гэж буруу тооцоолол хийсэн байх ба үүнийгээ шүүхийн шийдвэртээ мөн дурдсан байх тул хэрэгт авагдсан баримтуудыг нягтлан шалгаж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын тооцооллыг зөвтгөсөн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн гол шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 24-ний Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг дүгнэж шийдвэрлээгүй нь учир дутагдалтай. Энэ шаардлагыг хянаж шийдвэрлэхгүйгээр бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсан.

Хүнс хангамж төв" ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Б.И нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан 2018 оны 18/2018 дугаартай Контрактын 3.1 дэх хэсэгт заасан ...тухайн жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтот түвшинг биелүүлэх, 3.3 дэх хэсэгт заасан ...захирал нь Контрактын гэрээний хавсралтад тусгасан үзүүлэлтүүдийг биелүүлэн үйлдвэрийн газрын ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ, 3.4 дэх хэсэгт заасан ....үйлдвэрийн газрын тогтвортой байдлыг хангаж өртөг зардлыг хямдруулан өр авлагыг бууруулж ажиллана" гэж заасан үүргийг биелүүлээгүй.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны Зорилт батлах тухай А/259 дүгээр захирамжаар Хүнс хангамжтөв ОНӨААТҮГ-г 4.657.9 сая төгрөгийн орлого олж, 4.596.1 сая төгрөгийн зардал гарган 61.7 сая төгрөгийн ашигтай ажиллахаар эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх зорилтот түвшин батлагдсан боловч тус газрын санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 4.848.3 сая төгрөгийн орлого олж, 4.821.5 сая төгрөгийн зардал гарган, 4.8 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж Контрактын гэрээний 3.1 дэх хэсэгт заасан эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшинг биелүүлээгүй байна. Борлуулсан бүтээгдэхүүний өртөгийг 4.123.8 сая төгрөгөөр баталсанаас гүйцэтгэлээр 4.410.3 сая төгрөгийг зарцуулж 286.4 сая төгрөгөөр хэтэрсэн байна.

Тус газрын үйл ажиллагааны бус орлогоос 3.5 сая төгрөгийн орлого олохоор зорилт батлагдсан боловч гүйцэтгэлээр 495.1 мянган төгрөгийн орлого олж үйл ажиллагааны бус орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй. Жилээс жилд өр төлбөрийн хэмжээг бууруулахаар зорилт баталдаг боловч тус газрын өр төлбөр нэмэгдсэн. 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 36.5 сая төгрөгийн өглөгтэй байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 121.3 сая төгрөгийн өглөгийн үлдэгдэлтэй болж өглөг 84.9 сая төгрөгөөр ихэссэн байна.

Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Б.И нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/09 дүгээр захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтэс /нэгж/, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газар, орон нутгийн өмчит төсөвт болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсгийн үнэлгээгээр Хүнс хангамж төв ОНӨААТҮГ нь Ажил сайжруулах шаардлагатай" үнэлгээ авч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байна гэж дүгнэсэн. Тус газарт Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2019 оны 03/444 тоот албан бичгээр байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гаргасан алдаа дутагдлыг засах талаар үүрэг чиглэл зөвлөмж өгч, хагас бүтэн жилээр үр дүнг тайлагнаж ажиллахыг үүрэг болгосон байна. Уг зөвлөмжид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т заасны дагуу тухайн жилийн санхүүгийн төлөвөлөгөө буюу Контрактаар баталсан Эдийн засгийн зорилтот түвшний биелэлтийг хангах орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж үргүй зардлыг бууруулах тал дээр анхаарч ажиллах, өр төлбөр, авлага бууруулах, гүйцэтгэлийг сайжруулах тодорхой үүрэг даалгавар өгсөн байна. Гэвч 2019 оны эхний хагас жилийн байдлаар тус газрын өр төлбөр нэмэгдэж 150.9 сая төгрөг буюу өмнөх оноос 29.6 сая төгрөгөөр өр төлбөр нэмэгдсэн байна. Мөн 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар 36.2 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Өмнөх онтой харьцуулахад алдагдал 31.4 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дэх хэсэгт зааснаар Контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж Нийслэлийн Засаг даргын 2019 оны Б/123 дугаар захирамжаар Б.И-н Контрактыгн гэрээг цуцалж дуусгавар болгосон.

Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-ын захиралтай байгуулсан 18/2018 тоот Контракт гэрээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Контракт гэрээг дүгнэх, гэрээний хугацаа дууссан тохиолдолд цаашид сунгах эсэх нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн шийдвэрлэдэггүй болно. Дээрх бүх нөхцөл байдлыг анхан шатны шүүх хянаж дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн гэж үзэх байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч НЗДУБХЗ-д холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/123 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/123 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаа нэхэмжлэлийн үндэслэл гэж тайлбарлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

 

Хэргийн 19-26 дах талд авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.И нь 2019 оны 8 дугаар сарын 20ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргасныг тус шүүх 2020 оны 4 дүгээр сарын 23ны өдрийн 3148 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалалын бус иргэний шүүхийн харьяаллын маргаан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

 

Үүний дараа нэхэмжлэгч Б.И нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5373 тоот захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тул дээрх шаардлагыг тодруулж 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан нь хэргийн 1-3, 35 дах талд авагдсан нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5373 тоот захирамж зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Б.И нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй болно.

 

Нэхэмжлэгч Б.И-ыг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-ын захирлаар томилж, талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр контрактын гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үр дүнгийн гэрээг тус тус бичгээр байгуулсан нь хэргийн 11-18, 27-33 дугаар талын баримтаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар талуудын хооронд контрактын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б/23 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг тус тус үндэслэн Б.И-ыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тасалбар болгон Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-ын захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-5/

 

Ажил олгогч нь ажилтан Б.И-ыг ажлаас чөлөөлөхдөө 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 18/2018 дугаартай Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-ын захиралтай байгуулсан контрактын 3.1 дүгээр зүйлд заасан ...тухайн жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг биелүүлэх, 7.4 дүгээр зүйлийн 7.4.1-д Захирал контрактад заагдсан үүргээ биелүүлээгүй, 7.4.4-т захирлын үйл ажиллагаагаар үйлдвэрийн газарт хохирол учирсан, алдагдалд орсон гэх үндэслэлийг заажээ.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21ний өдрийн 54 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай контракт байгуулах, дүгнэх журмыг баталсан байх бөгөөд уг журмаар контрактыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах, биелэлтийг дүгнэх, урамшуулал олгох, хариуцлага тооцох харилцааг зохицуулсан байна.

 

Энэхүү журамд контрактыг дүгнэхдээ тухайн байгууллагын эдийн засгийн санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшингийн үзүүлэлт, ажлын үр дүнг жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл болон бусад мэдээлэлд үндэслэнэ. Контрактын биелэлтийг дүгнэхдээ ажилтнаас ирүүлсэн контрактын гэрээний тайланг Өмчийн харилцааны газар хүлээн авч ажлын хэсэг гарган комиссоор хэлэлцүүлж шийдвэр гаргана. Уг шийдвэрийг Засаг даргын захирамжаар баталгаажуулна гэжээ.

 

Ийнхүү контрактын гэрээний биелэлтийг дүгнэхдээ байгууллагын үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшингийн биелэлтийг сүүлийн 2 жилийн үзүүлэлттэй харьцуулан Контрактын биелэлтийг дүгнэж 90-100 оноо авбал бүрэн хангалттай, 80-89 оноо авбал хангалттай, 70-79 оноо авбал ажил сайжруулах, 69-өөс доош оноо авбал хангалтгүй гэсэн үнэлгээг өгөх бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан нөхцөлд хариуцлага тооцох арга хэмжээ авах шийдвэр гаргуулахаар зохицуулсан байна.

 

Хэргийн 63-65 дугаар талд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/52 тоот Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны ажил дүгнэх тухай захирамж болон захирамжийн нэгдүгээр хавсралт авагдсан байх ба уг захирамжаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр бүрэн хангалттай үнэлэгдсэн байгууллага удирдлагыг урамшуулах, харин ажил сайжруулах шаардлагатай гэх үнэлгээ авсан байгууллага удирдлагуудад хугацаатай үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллахыг даалгажээ.

 

Үүний дагуу тухайн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийхэд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн үнэлгээний дүнгээр Хүнс хангамж төв ОНӨААТҮГ нь ажил сайжруулах шаардлагатай гэх үнэлгээ авсан тул Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 35 тоот зөвлөмж хүргүүлж, уг зөвлөмжийг хэрэгжүүлж гүйцэтгэлийг сайжруулж биелэлт, үр дүнг 2019 оны 6 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор тайлагнахыг мэдэгдсэн байна.

 

Харин ажил олгогч нь ажилтан Б.И-той байгуулсан контрактын гэрээний биелэлт, үр дүнг дээрх үнэлгээ, ажил сайжруулах хугацаатай үүрэг өгсөн зөвлөмж болон 2018 оны тайланг үндэслэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21ний өдрийн 54 дүгээр тогтоолд заасан журмын дагуу дүгнээгүй болох нь хэргийн 195-196 дугаар тал дах шүүх хуралдааны тэмдэглэл дэх нэхэмжлэгчийн 2018 оны контрактын гэрээний тайлангаа 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр явуулсан боловч одоог хүртэл дүгнээгүй гэх тайлбар, хариуцагчийн Б.И-той байгуулсан контрактын гэрээг дүгнээгүй, тухайн үед Засаг дарга огцорч, дараагийн шинэ Засаг дарга томилогдсон байсан гэх тайлбараар тус тус тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч нь тухайн оны байгууллагын үйл ажиллагааг дүгнэсэн болохоос нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээний биелэлтийг дүгнээгүй тул контрактын гэрээг цуцлах бодит нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээг хариуцагч цуцласан нь хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн нэхэмжлэгч нь контрактын гэрээний 3.1-д заасан тухайн жилийн зорилтот түвшинг биелүүлэх, гэрээний 3.3-д заасан орлого нэмэгдүүлэх, гэрээний 3.4-д заасан өр авлагыг бууруулж ажиллах үүргээ биелүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Хэргийн 83-89 дүгээр талд Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-ын 2018 оны контракт гэрээ болон эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх зорилтот түвшний биелэлт 2019 оны эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх зорилтын тухай 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн танилцуулга авагджээ. Уг танилцуулгад 2018 онд 261 484.49 мянган төгрөгийг хэтрүүлэн зарцуулсан нь борлуулалтын орлого нэмэгдсэнээр борлуулсан бүтээгдэхүүүний өртөг нэмэгдсэн, үндсэн хөрөнгийн үнэлгээний гарз 27 801.7 мянган төгрөгөөр нэмэгдэж 4 791.3 мянган төгрөгийн алдагдалтай, 2018 оны жилийн эцсийн байдлаар өглөгийг 84.9 сая төгрөгөөр ихэссэн гээд хуралд оруулах саналдаа Б.И-той байгуулсан контрактын гэрээний биелэлтийг хангалттай гэж дүгнэсэн байна.

 

Мөн гэрч Н.Ц шүүхэд тус байгууллага нь цэцэрлэгүүдийн хоол хүнсийг бараа материалаар хангадаг тухайн жилд цэцэрлэгүүдийн тоо өссөнтэй холбоотойгоор борлуулсан бүтээгдэхүүний өртөгт 200 хэдэн сая төгрөг илүү зарцуулсан. 2018 онд Төрийн өмчийн барилга байгууламжтай холбоотой хөрөнгийн дахин үнэлэх сангийн сайдын тушаал гарч тухайн журам зааврын дагуу манайх өрхийн эмнэлгийн байгууллагад дахин үнэлгээ хийхэд 27 000 000 төгрөгийн гарз үүссэн нь тайлан баланс дээр үйл ажиллагааны дахин үнэлгээний гарз зардалд бүртгэснээр үйл ажиллагаатай холбоогүй дахин үнэлгээг гаргасантай холбоотой зардал гарсан гэж мэдүүлжээ.

 

Дээрх танилцуулга болон гэрч Н.Цын мэдүүлгээр контрактад тусгасан үр дүн гараагүй нь ажилтнаас өөрөөс нь хамаарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд уг танилцуулгыг үндэслэн 2018 оны Б.И-той байгуулсан контрактын гэрээний биелэлтийг хариуцагч тал дүгнээгүй тул хариуцагчийн нэхэмжлэгч 4.8 сая төгрөгийн алдагдалтай ажилласан, борлуулалтыг 286.4 сая төгрөгөөр хэтрүүлсэн, үйл ажиллагааны бус орлогыг төлөвлөгөөг биелүүлээгүй, өглөг 84.9 сая төгрөгөөр ихэссэн, 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсгийн үнэлгээгээр ажил сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авч хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь 2019 оны эхний хагас жилийн байдлаар тус газрын өр төлбөр нэмэгдэж 150.9 төгрөг буюу өмнөх оныхоос 29.6 төгрөгөөр өр төлбөр нэмэгдсэн, 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар 36.2 төгрөгийн алдагдал хүлээсэн нь өмнөх онтой харьцуулбал алдагдал 31.4 төгрөгөөр нэмэгдсэн тул нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч байгуулага дээрх 2019 оны тус байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээний биелэлтийг дүгнэж гэрээг цуцлах эсхүл сунгах эсэхээ шийдвэрлээгүй байхад шүүх уг тайланг үндэслэн конктрактын гэрээний биелэлтийг дүгнэх боломжгүй тул уг гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.И-ыг Хүнс хангамж төв ОНӨААТҮГын захирлын ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч НЗДУБХЗ-д үүрэг болгож шийдвэрлэсэн атлаа ажилд эгүүлэн тогтоосны үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг залруулах боломжтой.

 

Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгч Б.И-ыг ажлаас нь чөлөөлсөн 2019 оны 7 дугаар сарын 24ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15ны өдрийг хүртэл нийт 19 010 678 төгрөгийг хариуцагч НЗДБУБХЗ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.И-д олгож нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/123 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаа нэхэмжлэлийн үндэслэл гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага гэж шүүх дүгнэж шийдвэрлэх боломжгүй. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Талууд контрактын гэрээний хугацааг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 сарын хугацаа тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт заасантай нийцээгүй байх бөгөөд контрактын гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байхад талуудын хэн аль нь гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудлаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, Б.И ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар контрактын гэрээг сунгагдсанд тооцох тул контрактын гэрээг дүгнэх, гэрээний хугацаа дууссан тохиолдолд цаашид сунгах эсэх нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 182/ШШ2020/002762 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын 13 069 795 гэснийг 19 010 678 гэж,

4 дэх заалтын 223 299 гэснийг 253 000 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар зохигчид нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ