Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Халзан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ш овогт Д.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021031 дугаартай, 1 хавтас  хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 06-45 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Ш овогт Д.Д.

 

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 20-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 06 байрны 06-р орцны шатан дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Дэлгэрмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ:

  Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би гэм буруугаа ойлгож байна. Манай эхнэр архи уугаад яваад байхаар нь ууралсан даа ийм үйлдэл гаргасан. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Д-н өгсөн:

            “... 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө  ... манай эхнэр Дэлгэрмаа такси бариад ирэхээр нь би хөөе гээд дуудахад над  руу харахгүй, шууд орц руу гүйгээд орохоор араас нь ороод ... Дэлгэрмааг 2 удаа өшиглөөд, 2-3 удаа алгадаад  ... гараад явчихсан юм. ... Би Дэлгэрмааг 2-3 удаа алгадсан, 2 удаа өшиглөсөн. Тэгээд байрны шатан дээр орилоод байхаар нь гэрт нь оруулах гээд чирсэн зүйл байгаа  ...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Дэлгэрмаагийн өгсөн:

 “... 2017 оны 5 дугаар сарын 01-ний  өдөр 23-аас 00 цагийн хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 06-р байрны гадна таксинаас буугаад, орох гэтэл манай нөхөр Д орцны гадна намайг хүлээгээд байж байсан. Тэгээд намайг тосч уулзангуутаа “чи ямар пиздагаараа хүргүүлж ирсэн юм” гээд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би такси шүү дээ, худлаа гэвэл  асуу л даа гээд нөгөө таксигаа дуудсан боловч нөгөө такси нь сонсоогүй яваад өгсөн. Тэгээд намайг үсдсэн чигээрээ орцонд оруулаад 2 давхарт гарангуутаа үснээс минь татаад шалан дээр унагасан. ... Унагаангуутаа дээрээс минь толгой, цавь, гуя, бөгсөн бие рүү дэвсэлсэн. Мөн миний цүнхний оосрыг таслаад шидсэн. Тэр үед манай орцны жижүүр эгч гараад ирсэн ба би гэр рүүгээ орсон. Харин маргааш өглөө нь Д орж ирээд янхан банзал хүн ингэж зодуулахдаа таарна хохино гэж хэлсэн. ... Д намайг хардалтын улмаас зодсон. Намайг байнга хий харддаг. ... Д 2017 оны 4 дүгээр сард намайг бас хардалтаас болж зодож байсан. Тухайн үед нь цагдаад хандаагүй. Өмнө би цагдаад Д-д зодуулсан асуудлаар өргөдөл өгч байгаагүй. Харин дуудлага өгч байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэцэгжаргалын өгсөн:

“... 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 06-45 тоотод эгч Дэлгэрмаагийн гэрт байж байсан. Тэр орой 23 цагийн үед Дэлгэрмаа эгч гаднаас жижүүр эгчтэй хамт орж ирсэн. Дэлгэрмаа эгч гэрт орж ирэхдээ зодуулсан шинжтэй, жижүүр эгчээр түшүүлсэн байдалтай орж ирсэн. Д ах тэр орой гэртээ ирж хоноогүй. Дэлгэрмаа эгч ил харагдах гэмтэлгүй байсан ба гуя нь хөхөрсөн, толгой нь 3-4 газар хавдсан байдалтай орж ирсэн. Маргааш өглөө нь Дэлгэрмаа эгчийн хөхөрсөн гуя нь бүр их хавдаад алхаж чадахгүй байсан. ... 2017 оны 4 дүгээр сард намайг ажилдаа явсан хойгуур Дэлгэрмаа эгчийг Д ах бас нэг удаа зодсон байсан. Намайг байхад миний нүдэн дээр зодож байгаагүй. Дэлгэрмаа эгчийг хардалтаас болж зоддог  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/   

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Магсарсүрэнгийн өгсөн:

“... 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 06-р байрны жижүүрийн байранд ажил дээрээ байж байсан. Тэр орой 23 цагийн үед байх манай байрны оршин суугч Дэлгэрмаа нь 2 давхарт амь авраарай жижүүрээ гээд хашхираад орилоод байсан. Тэгэхээр нв би 2 давхарт гараад хартал Дэлгэрмааг нөхөр нь чирээд хөлөөрөө өшиглөөд зодоод байж байсан. Би өөрийн нүдээр харсан. Харж байхад 2-3 удаа өшиглөөд авсан. Намайг очингуут нөхөр нь доошоо буугаад гараад явсан. Би Дэлгэрмааг түшээд гэрт нь оруулсан. Дэлгэрмаа хөл дээрээ алхаж чадахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13  дугаар хуудас/  

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 5838 тоот: 

1.  Б.Дэлгэрмаагийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, нүүр, мөчдөд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

           

Шүүгдэгч Д.Д-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Д.Одхүүгийн өгсөн:

 “... Миний дүү Д.Д нь төлөв даруу зантай, хүний үгээр байдаг ... багаасаа хүмүүжилтэй өссөн, их тусархуу, нэг эхлүүлсэн ажлаа дуусгаж байж санаа нь амардаг их л дайчин хүн байгаа, ар гэрийн суурхь хүмүүжил сайн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно. 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

             Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 06 байрны 06-р орцны шатан дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Дэлгэрмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд  тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, нүүр, мөчдөд цус хуралт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Д-н “...Би гэм буруугаа ойлгож байна. Манай эхнэр архи уугаад яваад байхаар нь ууралсан даа ийм үйлдэл гаргасан ...” гэх мэдүүлэг болон

            мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Би Дэлгэрмааг 2-3 удаа алгадсан, 2 удаа өшиглөсөн. Тэгээд байрны шатан дээр орилоод байхаар нь гэрт нь оруулах гээд чирсэн зүйл байгаа  ...”  гэх,

            хохирогч Б.Дэлгэрмаагийн “... 2017 оны 5 дугаар сарын 01-ний  өдөр 23-аас 00 цагийн хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 06-р байрны гадна таксинаас буугаад, орох гэтэл манай нөхөр Д орцны гадна намайг хүлээгээд байж байсан. Тэгээд намайг тосч уулзангуутаа “чи ямар пиздагаараа хүргүүлж ирсэн юм” гээд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би такси шүү дээ, худлаа гэвэл  асуу л даа гээд нөгөө таксигаа дуудсан боловч нөгөө такси нь сонсоогүй яваад өгсөн. Тэгээд намайг үсдсэн чигээрээ орцонд оруулаад 2 давхарт гарангуутаа үснээс минь татаад шалан дээр унагасан. ... Унагаангуутаа дээрээс минь толгой, цавь, гуя, бөгсөн бие рүү дэвсэлсэн. Мөн миний цүнхний оосрыг таслаад шидсэн. Тэр үед манай орцны жижүүр эгч гараад ирсэн ба би гэр рүүгээ орсон. Харин маргааш өглөө нь Д орж ирээд янхан банзал хүн ингэж зодуулахдаа таарна хохино гэж хэлсэн. ... Д намайг хардалтын улмаас зодсон. Намайг байнга хий харддаг. ... Д 2017 оны 4 дүгээр сард намайг бас хардалтаас болж зодож байсан. Тухайн үед нь цагдаад хандаагүй. Өмнө би цагдаад Д-д зодуулсан асуудлаар өргөдөл өгч байгаагүй. Харин дуудлага өгч байсан ...” гэх,

гэрч Б.Цэцэгжаргалын “... 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 06-45 тоотод эгч Дэлгэрмаагийн гэрт байж байсан. Тэр орой 23 цагийн үед Дэлгэрмаа эгч гаднаас жижүүр эгчтэй хамт орж ирсэн. Дэлгэрмаа эгч гэрт орж ирэхдээ зодуулсан шинжтэй, жижүүр эгчээр түшүүлсэн байдалтай орж ирсэн. ... Дэлгэрмаа эгч ил харагдах гэмтэлгүй байсан ба гуя нь хөхөрсөн, толгой нь 3-4 газар хавдсан байдалтай орж ирсэн. Маргааш өглөө нь Дэлгэрмаа эгчийн хөхөрсөн гуя нь бүр их хавдаад алхаж чадахгүй байсан. ... 2017 оны 4 дүгээр сард намайг ажилдаа явсан хойгуур Дэлгэрмаа эгчийг Д ах бас нэг удаа зодсон байсан. ... Дэлгэрмаа эгчийг хардалтаас болж зоддог  ...” гэх, 

гэрч Г.Магсарсүрэнгийн “... 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 06-р байрны жижүүрийн байранд ажил дээрээ байж байсан. Тэр орой 23 цагийн үед байх манай байрны оршин суугч Дэлгэрмаа нь 2 давхарт амь авраарай жижүүрээ гээд хашхираад орилоод байсан. Тэгэхээр нв би 2 давхарт гараад хартал Дэлгэрмааг нөхөр нь чирээд хөлөөрөө өшиглөөд зодоод байж байсан. Би өөрийн нүдээр харсан. Харж байхад 2-3 удаа өшиглөөд авсан. Намайг очингуут нөхөр нь доошоо буугаад гараад явсан. Би Дэлгэрмааг түшээд гэрт нь оруулсан. Дэлгэрмаа хөл дээрээ алхаж чадахгүй байсан ...” гэх мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 5838 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...”гэж заасан байх ба шүүгдэгч Д.Д-н үйлдсэн хэрэг нь шинэчилсэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй.

 

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг буюу “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарах төдийгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан нь шүүгдэгч Д.Д-н эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Д-г 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Дэлгэрмаа нь гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Д.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд хэрэг гарсан цаг хугацааг 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 20-нд  шилжих шөнө гэж бичсэн нь техникийн алдаа гарсан байна, хэрэг 5 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө гарсан гэж залруулсан болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ш овогт Д.Д-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан Д.Д-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн Е1958804 дугаартай гадаад паспорт, ЙЮ81062514 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч Д.Д-д буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ