Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/1010

 

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/1065 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2309000000805 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г Д овгийн Цийн Б, 1982 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Ц.Б нь С сургуулийн Б сургуулийн багш, бүжгийн найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2021 онд төгссөн гэх - дугаартай “Бүжигчин” бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн - цэцэрлэгт хөгжмийн багшаар ажил орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г Д овогт Цийн Бийг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Бд сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бээс 5.585.862 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн С сургуулийн - дугаар бүхий бакалаврын зэрэгтэй боловсролын дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос надад нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Миний бие хоёр хүүхдийн хамт амьдардаг ба байнга хөдөлмөр эрхэлдэг. Ажилгүй байж чаддаггүй, өөртөө таарсан, тохирсон ажлыг хийдэг. Одоо “Т” ХХК-д ажилд орсон. Миний хувьд хүүхдүүдээ сургуульд зөөдөг учраас нийтэд тустай ажил хийх боломжгүй байх тул миний хувийн байдлыг харгалзан үзэж, торгох ял оноож өгнө үү. Миний бие торгуулийн ялыг тогтоосон хугацаанд төлж чадна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ц.Б нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн, зөвөөр мэдүүлж ирсэн. Мөн Ц.Б нь Сонгинохайрхан дүүргийн 272 дугаар цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа дуу, хөгжмийн багшийн ажил үүргийн тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд ажиллаж олон амжилт гаргаж, бусдыгаа манлайлж хамт олныхоо нэрийг гаргаж байсан. Ц.Бийн том охин нь 20 настай бөгөөд сурч боловсрохынхоо хажуугаар ажил хөдөлмөр эрхэлдэг. Харин бага хүү нь 3 дугаар ангид суралцдаг учраас хүүгээ байнга сургуульд нь хүргэж өгч авах шаардлагатай байдаг. Миний үйлчлүүлэгч Ц.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг учраас торгох ялыг биелүүлэх боломжтой. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахад саад болох зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Сонгинохайрхан дүүргийн 272 дугаар цэцэрлэгт ажиллахаа больсон. Үүнээс хойш 1 жил ажил хөдөлмөр эрхлээгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтвортой орлогогүй байсан учраас прокурорын зүгээс торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж анхан шатны шүүхэд нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Шүүгдэгч Ц.Б нь анхан шатны шүүх хуралдаан дууссаны дараа буюу 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажилд орсон. Хэдийгээр шүүгдэгч Ц.Б нь ажлын тодорхойлолтоо шүүхэд шинээр гаргаж өгсөн боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгөөгүй учраас анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь С сургуулийн Б сургуулийн багш, бүжгийн найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2021 онд төгссөн гэх - дугаартай “Бүжигчин” бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн - цэцэрлэгт хөгжмийн багшаар ажил орохдоо ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Мын “...2020 оны 8 дугаар сараас 2022 оны 8 дугаар cap хүртэл тус цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. ...Үндсэн цалин нь 1.063.000 төгрөг болсон байгаа. ...Ц.Б өөрийн хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж цалин хөлсөө авсан болохоор миний зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ...” /1хх 168-169/,

гэрч Ч.Эгийн “...Манай байгууллагад Е818, НЕМ18 гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМ18 программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин Е318 программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. ...Е313 систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEM13 программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг байгууллагад хүргүүлээгүй. ...” /1хх 135-137/,

гэрч Я.Нийн “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгүүлэх дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй, тайлбар өгөөгүй байгаа. ...” /1хх 109-111/,

гэрч Д.Агийн “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9. 3.2.3.3.3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургуулийн Мэдээллийн санг баяжуулж, мэдээлэлд хяналт тавьж, үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй. Тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. ...” /1хх 124-127/,

гэрч Б.Дийн “...Ерөнхий илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгуулахаар хүргүүлсэн байгаа. Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. ...” /1хх 130-132/,

гэрч Б.Сын “...Цаг хугацааг нь сайн санахгүй байна над руу өөрийнхөө дугаараас залгаад “1 дүгээр хороонд цэцэрлэг баригдаад ашиглалтад орно гэж байна, цэцэрлэгт ажилд орчихмоор байна, таньж мэддэг хүн байна уу” гээд надаас шалаад байхаар нь би надад таньж мэддэг хүн байхгүй гэж хэлж байсан. ...Дүү маань Техникийн их сургуулийн бакалаврын диплом гаргуулсан гэхээр нь би тус өдрөө Д.Б рүү залгаад “манай дүү бакалаврын диплом гаргаад авчихсан байна” гэж хэлтэл Б “надад гаргуулъя” гэж хэлэхээр нь би Бээс 600.000 төгрөгийг бэлнээр аваад дүү Б.Эд аваачиж өгсөн бөгөөд дүү маань хөөцөлдөж байгаад Д.Бд бакалаврын диплом гаргаж өгөөд би дипломыг нь аваачиж өгсөн. ...” /1хх 198/,

гэрч К.Аын “...Ц.Б нь 2020 оны 8 дугаар сараас эхэлж манай цэцэрлэгт ажилд орсон бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ц.Б нь ажиллаж байх хугацаандаа нийт 22.940.579 төгрөгийн цалин дээр нийт 2.167.329 төгрөгийн урамшуулал бодогдсон байна. Тэтгэмж аваагүй. Тэтгэврийн асуудлаар тэтгэвэрт гарсны дараагаар хөдөлмөрийн хуульд зааснаар 36 сартай тэнцэх тэтгэмж бодогдох юм. Ц.Б нь хүн амын орлогын албан татвар болон нийгмийн Даатгалын шимтгэлд нийт 9.442.046 төгрөгийн татвар оногдуулсан байна. Ажиллаж байх хугацаандаа нийт 15.665.862 төгрөгийн цалин Ц.Бийн гарт олгогдсон. Эдгээр тоо баримтыг мэдээллийг төрийн албаны цалингийн нэгдсэн системээс гаргаж авсан. ...” /1хх 200/,

Ц.Бийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 8 дугаар сараас 2022 оны 8 дугаар cap хүртэл Нийслэлийн 272 дугаар цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажилласан. Би тухайн цэцэрлэгт орохдоо зарын дагуу очиж, нэг удаа ярилцлагад орж, Монгол Улсын С сургуулийн диплом болон иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтаа үзүүлж тухайн ажилд томилогдож ажиллаж байсан. ...Миний ажил томилогдсон тушаал 272 дугаар цэцэрлэгт байгаа. ...Миний бие Монгол Улсын С сургуулийг суралцаж төгссөн асуудал байхгүй. Надад одоо Монгол Улсын багшийн их сургуулийн диплом эх хувиараа байна. ...Би тус зөрчилтэй дипломыг Б аймгийн театрт хамт ажиллаж байсан С гэх залуугаар дамжуулан 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. С хаанаас хэнээр дамжуулан авсан асуудлыг мэдэхгүй байна. ...” /1хх 151-152/ гэсэн мэдүүлгүүд,

Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаар танилцуулга, танилцуулгын хавсралт /1хх 18-67/, ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаалын хуулбарууд /1хх 142-143, 206-209, 222-224/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

“Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлээр уг гэмт хэргийн шинж хангагддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Бийг “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Бээс “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар солиулах ...” талаар давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан.

Шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсанаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Харин шүүгдэгч Ц.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол, гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заажээ.

Шүүгдэгч Ц.Б нь - дугаартай “Бүжигчин” бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж өөрөө хүсэж, дээрх хуурамч баримт бичгийг Сонгинохайрхан дүүргийн 272 дугаар цэцэрлэгт 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд ажилласан цалин хөлсийг гаргуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 5.585.862 цалин хөлсийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгийг гаргуулах хуулийн зохицуулалт тул 2 жилийн хугацаанд гар дээр авсан цалин болох 15.665.862 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан төрийн санд оруулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны үзэв.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1001 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/1065 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бээс 15.665.862 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ