2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01680

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24

191/ШШ2025/01680

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М д ХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын нөхөн төлбөрт 17.988.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай А ХХК 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр А Э С компаниас Toyota Harrier маркийн ХХХХ УАЕ улсын дугаартай, AVU650004499 арлын дугаартай автомашиныг Голомт банкны зээлээр худалдан авч, М д ХК-ийн тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалаар автомашинаа 53.000.000 төгрөгөөр даатгуулсан.

Ингээд гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж жил бүр гэрээний сунгалтаа хийлгүүлж ирсэн. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн зам дагуу дэлгүүрийн хажуу кармайнд зогсож байх үед араас Toyota prius маркийн автомашин мөргөсний улмаас 35.021.000 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл: гуравдагч этгээдийн буруугаас зогсоолд зогсож байх үед эрсдэл учирсан болох нь хөдөлбөргүйгээр тогтоогдсон байхад М д ХК нь даатгалын нөхөн төлбөрөө өгөхгүйн тулд илт худал тайлбар хийж даатгагч зорчих хэсэгт автомашинаа байрлуулсан байгаа учир даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй гэсэн хариуг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн байдаг. Ингээд манай компанийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо өргөдлийг хянаж үзээд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн М д ХК-ийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд гуравдагч этгээдийн бурууг Цагдаагийн байгууллагаас тогтоосон ба талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр хамгаалсан зогсоолд байх үед гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл үүссэн байна гэж үзэж 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дотор даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу олгох асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байгаа учир даатгалын нөхөн төлбөрөө гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд хандаж байна.

Автомашинд учирсан хохирол 35.021.000 төгрөг болсон хэдий ч буруутай этгээд болох Н.У-ын жолоочийн хариуцлагын даатгалаас 4.032.900 төгрөг, Н.У нь автомашинаа зарж 13.000.000 төгрөгийг нийт 17.032.900 төгрөгийг төлсөн учир даатгагчаас гуравдагч этгээдийн төлсөн Төлбөрийг хасаж 17.988.100 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл тохиолдсон болохыг Цагдаагийн байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороо батласан даатгуулагчид учирсан бодит хохирол болох 17.988.100 төгрөгийг хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Гэрээ стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд зогсоол гэдэгт юуг хамаарах талаар дэлгэрэнгүй ойлгомжтой тусгаагүй. Мөн зөвшөөрөлтэй зогсоолд үйлчилнэ, түр зогсоолд болохгүй гэдэг тайлбар үндэслэлгүй гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.О-аас даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлт болон түүнд хавсарган ирүүлсэн баримт материалыг судалж үзэхэд Голомт банкны өмчлөлийн А ХХК-ийн нэр дээр даатгалтай ХХХХ УАЕ улсын дугаартай Тоёота Харриер маркын тээврийн хэрэгслийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн зам, Хас зах худалдааны төвийн баруун талын автобусны буудал дээр байрлуулсан байх үед ХХХХ УНА улсын дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.У нь араас нь мөргөж хохирол учруулсан байсан.

Цагдаагийн байгууллагаас холбогдогч жолооч Н.У-ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчиж осол гаргасан гэж тодорхойлсон байна. Даатгагчийн зүгээс дээрх осол, хохирол нь бусдын буруутай үйлдлийн улмаас үүссэн гэдэгтэй маргаагүй боловч М Д ХК болон А ХХК нарын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр хамгаалахаар тусгаагүй шалтгааны улмаас хохирол учирсан гэж үзсэн.

Учир нь Даатгалын гэрээний 2.5.а Зогсоолд байх үед гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл: Мөргөх, шүргэх эрсдэлийг хамгаалахаар заасан бөгөөд гэрээний 7 дугаар зүйл Нэр, томьёо: 7.15-т Зогсоол тээврийн хэрэгслийг бусдын хөдөлгөөнд саад болохооргүй байршуулах боломжтой бөгөөд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмээр хориглосноос бусад зам, талбайг зогсоол гэж ойлгохоор тайлбарласан байдаг. Мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлд Түр ба удаан зогсох зохицуулалтыг тодорхойлсон бөгөөд 14.8-д Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно, 14.8.в чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд)", мөн дүрмийн 1.2.34-т түр зогсолт гэж жолооч тээврийн хэрэгслээ 5 минутаас илүүгүй хугацаагаар зориуд зогсоосон үйлдлийг, зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоосон үйлдэл нь түр зогсолтод хамаарна гэж зохицуулсан байдаг тул даатгуулагчийн жолооч Ч.О нь чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр түр зогсохыг зөвшөөрсөн шөнийн цагаар бус өдрийн цагаар дэлгүүр орох зорилгоор зогсох үйлдэл хийсэн байхад тус хохирол учирсан байх тул даатгалын гэрээгээр хамгаалахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.

Иймд талуудын хооронд байгуулсан №18003655101746 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний Дөрөв. Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд 4.2 Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол, 4.3 Даатгуулагч эсвэл жолооч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн ..., болон Даатгалын тухай хуулийн 8.5 Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно 8.5.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд М Д ХК нь нэхэмжлэгч Ч.О-ийн Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт нийт 17.988.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс баримтаар:Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Үзлэгийн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт, Хөрөнгө Э ХХК-ийн үнэлгээний тайлан, шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, А ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/06 дугаар нөхөн төлбөр хүсэх тухай албан тоот, М д ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 24/560 тоот албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3/2060 тоот, иргэний үнэмлэхийн лавлагаа, А ХХК-ийн дүрэм, хохирол нэхэмжлэх эрх шилжүүлэн авах гэрээ, гэрэл зураг зэргийг ирүүлжээ. /хх 4-15, 37-39, 43-48, /

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ /хх 18-19/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2024/19755 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн замын цагдаагийн газраас баримтаар гаргуулсан Н.У-д холбогдох Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн хэргийн материал бүрдүүлжээ. /хх 57-62, 77-129/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч А ХХК нь М Д ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт нийт 17.988.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: даатгалын тохиолдол үүссэн, гэрээнд заасан эрсдэлд хамаарах тул нөхөн төлбөрийг гаргуулна гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: гэрээгээр тохирсон нөхөн төлбөр олгохгүй үндэслэлд хамаарна, тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрэмд заасан н жолооч өөрөө мэдүүлсэн, бичлэгээр тогтоогдсон гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.А ХХК болон М д ХК нар 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр харилцан тохиролцож, нэг жилийн хугацаагаар ХХХ УАЕ улсны дугаартай Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үеийн, зогсоолд байрлуулах болон гарах үеийн, зогсоолд байх үед гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл, байгалийн, галын, хулгайн, жолоо шилжүүлэх үеийн эрсдэлээс хамгаалахаар, даатгуулагч хураамжид 530.000 төгрөг төлөхөөр тохиролцож 18003655101746 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулжээ. /хх 5/

Зохигчид гэрээ байгуулсан, гэрээний 6.3-т зааснаар гэрээний хугацаа жил бүр сунгагдсан, даатгуулагч хураамжийг тухай бүрт төлсөн үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

4.2.2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 13.45 цагийн үед Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эх хас захын урд талд Н.У нь Toyota prius маркийн ХХХХ УНА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн, улмаар Ч.О жолоочтой даатгалын зүйл болох ХХХХ УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан, Х ХХК-ийн тайлангаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 35.021.000 төгрөгөөр тогтоосон болох нь хэрэгт авагдсан зөрчлийн материал, үнэлгээний тайлан зэргээр тогтоогджээ. Дээрх үйл баримтад зохигчид маргаагүй. /хх 6-11, 57-62, 77-129/

4.3.Нэхэмжлэгч нөхөн төлбөр хүссэнийг хариуцагч 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 24/560 тоот албан бичгээр олгохоос татгалзсанаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Улмаар тус байгууллагаас 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3/2060 албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй тул нөхөн төлбөрийг олгох талаар хариуг хариуцагч байгууллагад мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ. /хх 12-14/

5.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчид даатгалын эрсдэлд хамаарах эсэхэд маргасан.

5.1.Хэрэгт авагдсан даатгалын гэрээний 2.5.а-д зогсоолд байх үед гуравдагч этгээдийн учруулсан мөргөх, шүргэхийг даатгалын эрдэлд тооцохоор, мөн гэрээний 7.15-д зогсоол гэдгийг тээврийн хэрэгслийг бусдын хөдөлгөөнд саад болохооргүйгээр байршуулах боломжтой бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр хориглосноос бусад зам талбайг ойлгохоор тусгажээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Гэрээгээр зогсоол гэдгийг тайлбарлаж тухайлан тохиролцсон, гэтэл жолооч Ч.О автобусны буудал дээр зогссон шалтгаанаа хүүхдэд ус авах гээд гэж мэдүүлсэн тул Замын хөдөлгөөний дүрмийн 14.8.в-д заасныг зөрчсөн, энэ нь гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж тайлбарлав.

5.2.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Гэж заасан. Талуудын хоорондох гэрээний 7.15-д зогсоол гэдэгт юуг хамааруулах талаар тодорхойлохдоо тээврийн хэрэгслийг бусдын хөдөлгөөнд саад болохооргүйгээр байршуулах боломжтой бөгөөд ЗХДПүрмээр хориглосноос бусад зам талбай гэж заасан. Дээрх гэрээний заалтыг задалбал Монгол хэлний өгүүлбэрийн доторх нэг төрлийн зэрэгцсэн гишүүдийг холбох холбоос үг болох бөгөөд үгийг хэрэглэсэн тул тээврийн хэрэгслийг бусдын хөдөлгөөнд саад болохооргүйгээр байршуулах боломжтой талбай, мөн Замын хөдөлгөөний дүрмээр хориглосноос бусад зам талбай гэж хоёр нөхцөлийг хамааруулахаар гэрээнд тусгагдсан гэж ойлгогдохоор байна.

Хэрэгт баримтаар Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг авагдсан. Тухайн хэмжилтийн бүдүүвчээс үзвэл даатгалын зүйл болсон тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.О нь зорчих хэсгийн хөдөлгөөнд саад болохгүйгээр чөлөөлж зогссон буюу гэрээний 7.15-д заасан зэрэгцүүлж холбосон нэг нөхцөл болох тээврийн хэрэгслийг бусдын хөдөлгөөнд саад болохооргүйгээр байршуулах боломжтой талбай-д зогсоосон байсан гэж үзнэ. /хх 80-82/

5.3.Үүнээс гадна талуудын хоорондох дээрх даатгалын гэрээ өөрөө стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарах тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж зааснаар гэрээний 7.15-д заасныг дээрх байдлаар тайлбарлана.

5.4.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1.-д Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө гэж, 14.2.-т Тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн захыг дагуулан зогсоох тохиолдолд зөвхөн нэг эгнээгээр цувуулан байрлуулна. Харин хоёр дугуйт тээврийн хэрэгслийг автомашины өргөнөөс илүү гаргахгүйгээр ташуу байрлалаар (зорчих хэсгийн захад өнцөг үүсгэн) буюу хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлэн зогсоож болно. Мөн хөвөө болон зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд тээврийн хэрэгслийг зорчих хэсэг рүү оруулахгүйгээр ташуу байрлалаар зогсоохыг зөвшөөрнө гэж, харин 14.8-д түр зогсохыг хориглох нөхцөлийг зааснаас 14.8.в-д чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) хориглоно гэж заажээ.

Хэрэгт авагдсан зөрчлийн материалд 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн эрх бүхий этгээдийн магадалгаагаар жолооч Ч.О-г Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн байх магадлалтай гэж бичсэн ч Замын хөдөлгөөний дүрмийн аль зүйл заалтыг, хориглосон аль хэсгийг зөрчсөн талаар огт тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдээс зам тээврийн ослыг шалгаад осолд өртсөн гурван тээврийн хэрэгслийн хоёр жолоочийг Зөрчсөн байх магадлалтай гэж тусгаснаас нарийвчилж тогтоосон зүйлгүй, зөвхөн мөргөсөн жолооч Н.У-ын зөрчлийг тогтоож хэргийг хаасан.

Дээр дурдсанаар эрх бүхий этгээдээс даатгалын зүйлийг жолоодож явсан жолооч Ч.О-г хариуцагчийн татгалзлын үндэслэлд тусгагдсан Замын хөдөлгөөний дүрмийн 14.8.в хэсэг чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) хориглоно гэж заасныг зөрчсөн гэж тогтоосон баримтгүй. Дээрхийг нэгтгээд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзсэн тул даатгуулагчид нөхөн төлбөрийг гэрээний дагуу төлөх үүргийг даатгагч хүлээнэ.

6.Нөхөн төлбөрийн хэмжээний тухайд: нэхэмжлэгч нөхөн төлбөрт үнэлгээний тайлангаар хохирол 35.021.000 төгрөг болсон ч зам тээврийн осол гаргасан буруутай этгээдээс 13.000.000 төгрөг, мөн жолоочийн хариуцлагын даатгалын гэрээгээр 4.032.900 төгрөг, нийт 17.032.900 төгрөгийг хүлээн авсан үндэслэлээр үлдэх 17.988.100 төгрөгийг шаардсан.

Хариуцагч нөхөн төлбөрийн хэмжээнд маргаагүй, гэрээгээр нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож даатгасан тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар М д ХХК-иаас нөхөн төлбөрт 17.988.100 /арван долоон сая есөн зуун наян найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д огосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 247.890 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ