2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/00999

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03

191/ШШ2025/00999

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ө овогт Т Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М  ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 57.360.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 57.360.500 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие М ХХК-тай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Поларис апартмент-3 хотхоны Х блок Х дүгээр орц, ХХ давхар, ХХХХ тоот, 53,2 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ПЗ-D-01/34-75 дугаар гэрээ байгуулсан. Уг орон сууцыг 95.760.000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 30 хувь 28.728.000 төгрөгийг уг ХХК-д тушааж, үлдэгдэл 70 хувийн төлбөрийг 2029 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар гэрээнд тусгаж гэрээ байгуулсан.

Ө.Б би гэрээний үүргээ биелүүлж 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс гэрээнд заасан 698.250 төгрөгийг сар бүр төлж байсан ба М ХХК-д 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл төлж, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээнээс татгалзах хүсэлтээ гаргахад гэрээ цуцлах акт гэх бичиг гаргаж гарын үсэг зуруулсан.

М ХХК-тай байгуулсан ПЗ-D-01/34-75 дугаар гэрээнд уг орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар заасан боловч М ХХК янз бүрийн /гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйл хүнд нөхцөл байдал/ шалтаг шалтгаан тоочиж одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлж орон сууцыг ашиглалтад оруулаагүй бөгөөд гэрээнд заасан барилга барих талбайг чөлөөлүүлээгүй, барилгын ажил огт эхлээгүй байна. Энэ нь гэрээний 6.1.1-д заасан гэрээнээс татгалзах үндэслэл болж байгаа тул гэрээнээс татгалзах хүсэлт гаргасан.

М ХХК-тай байгуулсан гэрээний дагуу барилга ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн, гэрээг гүйцэтгэгч тал болох М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон тул М ХХК-д Ө.Б миний төлсөн 57.360.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ цуцалсан акт, гэрэл зураг, М ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, дансны хуулга баримтууд зэргийг ирүүлжээ.

Хариуцагчаас: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Т.Б нь М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 57.360.500 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: 2021 онд гэрээ байгуулагдсан, талууд 2024 оны 9 дүгээр сард харилцан тохирч гэрээг цуцалсан тул төлсөн мөнгийг буцаан гаргуулна гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүднээс хойшлуулсан. Өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас Т.Б, нөгөө талаас М ХХК нар тохиролцож 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ цуцалсан протокол үйлджээ. /хх 16/

Уг баримтад: талууд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ПЗ-Д-01/34-75 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан, гэрээгээр Захиалагч Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент-3 нэртэй орон сууцны хотхоны Д блок, 1 дүгээр орц, 11 дүгээр давхар 1110 тоот 53,2 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг захиалсан, гэрээний нийт үнэ 95.760.000 төгрөг, үүнээс гэрээ байгуулснаас хойш 57.360.500 төгрөг төлсөн хэмээн дурджээ. Мөн гэрээ цуцлах хүсэлтийг үндэслэн 180 хоногийн дотор төлсөн мөнгийг буцаан олгохоор тусгасан байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан, дээрх баримтаас үзвэл талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүсэл зоригоо илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан, орон сууц ашиглалтад өгөх хугацааг хэтрүүлснээс дээрх эрхийн дагуу зохигчид 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээг цуцалсан протокол үйлдсэнээр гэрээг дуусгавар болгожээ. Ийнхүү гэрээг цуцалж дуусгавар болгохоор тохиролцсон явдал хуульд нийцнэ.

5.Хэрэгт авагдсан М ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан болоод гэрээ цуцалсан протоколд нэхэмжлэгчийн төлсөн дүнг 57.360.500 төгрөг хэмээн тусгагдсан байхаас гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойшхи хугацаанд аливаа эсэргүүцлийг гаргаагүй. /хх 16,19-20/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зохицуулсан. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ... гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч орон сууцны үнэд хүлээн авсан 57.360.500 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар М ХХК-иас 57.360.500 /тавин долоон сая гурван зуун жаран мянга таван зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-т олгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444.752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 444.752 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ