Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 318/ШШ2025/00085

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У аймаг, У сум ЕБС ..... дугаар сургуульд холбогдох

Худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 47,931,905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д,

Хариуцагч: Х.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь хариуцагч У аймаг У сумын ЕБС .....дугаар сургуульд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 47,931,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. С ХХК нь Улаангом сумынхалаалтыг хариуцан ажиллуулж байгаа бөгөөд Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлан хэрэгжүүлдэг халаалтын үнэ тарифыг мөрдөн ажилладаг. 2018 онд батлан гаргасан үнэ тариф нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдсөн. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор үнэ тарифыг шинэчлэн баталж хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Энэ өөрчлөлттэй уялдуулан манай компани дулааны эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн хийсэн боловч ахлах 3 дугаар сургуулийн захирал гарын үсэг зурж өгөөгүй тухайн үед оны сүүлээр шийдээд өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж заасан байна. С ОД ХХК нь тухайн үнэ тариф өөрчлөгдсөнтэй холбогдуулаад 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Х.О захиралд албан бичиг хүргүүлсэн. Тухайн албан бичигт үнэ тариф өөрчлөгдсөн учраас 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд халаалт шинэчилсэн тарифаар төлөгдөх ёстой талаар мэдэгдсэн. Шинэчилсэн тариф оруулаад гэрээний өөрчлөлттэй гэрээгээ өгсөн боловч хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зурж өгөөгүй. Гарын үсэг зураагүй учраас хуучин тарифаар дулааны төлбөрөө нэхэмжилсэн. Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар бүлэг хангагч төлөөлөгчийн харилцаа хэсгийн 28 дугаар зүйлд эрчим хүчээр хангах гэрээний харилцааг зохицуулсан. 28.5 дахь хэсэгт Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж заасан. Хэрэглэгчийн хувьд 3 дугаар сургууль нь тус гэрээндээ өөрчлөлт оруулах үүргийг хүлээсэн. Гэрээний 3.4 дэх хэсэгт үнэ тарифын талаар мэдэгдээд эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс гаргасан үнэ тарифыг мөрдөх талаар бичигдэж, хариуцагч тал ч гарын үсэг зурсан. Хэдийгээр 2023 оны 9 дүгээр сарын 15-ны шинэчилсэн гэрээнд гарын үсэг зураагүй боловч өмнө нь байгуулсан гэрээнд хавсралт авагдсан. Тухайн гэрээний 3.3 дахь хэсэгт тодорхой заасан. 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл халаасан халаалтыг хуучин тарифаар бодож өгсөн учраас тухайн хугацаа хоорондох өрийн зөрүү 47,931,905 төгрөг болсон. Нэгэнт халаалтын доголдолгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн учраас тухайн өр төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Иймд 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл халаалтын зардлаа төлөхдөө дутуу төлсөн үнийн улмаас манай компани одоо ахлах 3 дугаар сургуулиас 47,931,905 төгрөгийн авлагатай байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч л шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С од ХХК нь Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн халаалтыг хариуцан ажилладаг билээ. С од ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1м2 тутамд 1,180 төгрөгөөр /нөат ороогүй дүнгээр/ 17,609,4 мЗ талбайг дулаанаар хангах хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч байгууллага тухай бүрд нь төлбөр тооцоогоо хийж байсан. 2022 оны 6 дугаар сард гэрээнд заагдсан дулааны үнэ тарифаар тооцож дээд шатны байгууллагадаа төсвийн төслөө өргөн барьсан. Манай байгууллага С од ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ хийсэн ба гэрээнд заасан мөнгөн дүнгээр манай сургуулийн 2023 оны халаалт дулааны төсөв батлагдаж ирсэн. 2023 оны 7 дугаар сард нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн дулааны тарифын үнэ нэмэгдсэн тул хэрэгжүүлж ажиллах тухай албан бичгийг манайд ирүүлсэн боловч манай байгууллагын зүгээс С од ХХК-д гэрээнд заагдсан үнийн дүнгээр он дуустал халаалтын төлбөрийг төлөх хүсэлт тавьсан. Тухайн гэрээ 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар 31-ний өдөр хийгдсэн учраас тус гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй. Мөн төсвийн жил учраас төсөвтөө багтаан ашиглах үүрэгтэй. Тиймээс С од ХХК-тай гэрээгээ шинэчлэх боломжгүй гэх тайлбарыг хүргүүлсэн. С од компаниас буцаж надад ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгч, дахин гэрээ шинэчлэх гэх зэрэг уулзалт зохион байгуулаагүй. 2024 оны 9 дүгээр сараас өмнөх гэрээнд тусгагдсан тарифаараа 2024 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад нэхэмжлэл үүсгэж ирүүлсэн. 2023 оны 9 дүгээр сард С од ХХК нь халаалт дулааны гэрээг дахин шинэчлэх хүсэлт гаргаж, 17,609,4 мЗ талбайг нэмэгдсэн үнийн 1м2 1,887 /нөат ороогүй/ дүнгээр төлбөр төлөх тухай гэрээнд тусгасан байсан тул манай байгууллага хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд С од ХХК-д дахин хүсэлт гаргасан. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дулаан ирж эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 29-ний өдөр С од ХХК нь хуучин үнэ тарифаар нэхэмжлэлээ үүсгэж манай байгууллагад ирүүлсэн байсан тул тухайн оныг дуустал манай байгууллага хуучин үнэ тарифаар халаалтын төлбөрөө төлсөн. Манай байгууллага нь нэхэмжлэгч талыг 2023 оны 01 дүгээр сард байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн оноо дуусгаж гэрээнийхээ үүргийг биелүүлсэн гэж ойлгож байтал 2023 оны 12 дугаар сар буюу оны эцэст халаалтын үнийн зөрүү болох 47,931,905 төгрөгийн өр үүсгэн манай байгууллагад нэхэмжлэх ирүүлсэн байсан. С од ХХК-д үнийн дүнгийн зөрүүг төлөх санхүүжилт байхгүй гэдгээ тайлбарласан. Манай байгууллага тухайн оны батлагдаж ирсэн төсөвт багтаан ажилладаг бөгөөд өөр нэмэлт орлого олох нөхцөл боломж, санхүүжилт, үйл ажиллагаа байхгүй тул тухайн өрийг манай байгууллагын зүгээс төлж барагдуулах мөнгө болон санхүүжилт байхгүй байна. Иймээс манай байгууллагын санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэл, Улаангом сумын ахлах 3-р сургуулийн нэмэгдсэн тарифаар тооцсон зөрүүний нэхэмжлэх дүнг бодсон бодолт, нэхэмжлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс С ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, С ХХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр У сумын ахлах ....... сургуулийн захирал Х.О-д Үнэ тариф өөрчлөх тухай албан бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн халаалтын гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн халаалтын гэрээ, Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай Тариф батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралт, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09/276 дугаартай Халаалтын төлбөр тооцох хэмжээ, үнэ тарифын талаарх гомдлын хариу гэх албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн халаалтын гэрээ, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, С ХХК-иас 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 43 дугаартай Ерөнхий боловсролын ахлах 3-р сургуульд гэх албан бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн халаалтын гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С ХХК хариуцагч У аймаг У сумын ЕБС .....дугаар сургуульд холбогдох худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 47,931,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

С ХХК нь Улаангом сумын ЕБС ахлах ......дугаар сургуулийн халаалтыг хариуцан ажиллуулж байгаа бөгөөд Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлан хэрэгжүүлдэг халаалтын үнэ тарифыг мөрдөн ажилладаг. 2018 онд батлан гаргасан үнэ тариф нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдсөн. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор үнэ тарифыг шинэчлэн баталж хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Энэ өөрчлөлттэй уялдуулан манай компани дулааны эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн хийсэн боловч ахлах 3 дугаар сургуулийн захирал гарын үсэг зурж өгөөгүй тухайн үед оны сүүлээр шийдээд өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж заасан байна. С ОД ХХК нь тухайн үнэ тариф өөрчлөгдсөнтэй холбогдуулаад 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Х.О захиралд албан бичиг хүргүүлсэн. Тухайн албан бичигт үнэ тариф өөрчлөгдсөн учраас 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд халаалт шинэчилсэн тарифаар төлөгдөх ёстой талаар мэдэгдсэн. Шинэчилсэн тариф оруулаад гэрээний өөрчлөлттэй гэрээгээ өгсөн боловч хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зурж өгөөгүй. Гарын үсэг зураагүй учраас хуучин тарифаар дулааны төлбөрөө нэхэмжилсэн. Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар бүлэг хангагч төлөөлөгчийн харилцаа хэсгийн 28 дугаар зүйлд эрчим хүчээр хангах гэрээний харилцааг зохицуулсан. 28.5 дахь хэсэгт Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж заасан. Хэрэглэгчийн хувьд 3 дугаар сургууль нь тус гэрээндээ өөрчлөлт оруулах үүргийг хүлээсэн. Гэрээний 3.4 дэх хэсэгт үнэ тарифын талаар мэдэгдээд эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс гаргасан үнэ тарифыг мөрдөх талаар бичигдэж, хариуцагч тал ч гарын үсэг зурсан. Хэдийгээр 2023 оны 9 дүгээр сарын 15-ны шинэчилсэн гэрээнд гарын үсэг зураагүй боловч өмнө нь байгуулсан гэрээнд хавсралт авагдсан. Тухайн гэрээний 3.3 дахь хэсэгт тодорхой заасан. 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл халаасан халаалтыг хуучин тарифаар бодож өгсөн учраас тухайн хугацаа хоорондох өрийн зөрүү 47,931,905 төгрөг болсон. Нэгэнт халаалтын доголдолгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн учраас тухайн өр төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Иймд 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл халаалтын зардлаа төлөхдөө дутуу төлсөн үнийн улмаас манай компани одоо ахлах 3 дугаар сургуулиас 47,931,905 төгрөгийн авлагатай байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

С од ХХК нь ЕБС .......... сургуулийн халаалтыг хариуцан ажилладаг билээ. С од ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1м2 тутамд 1,180 төгрөгөөр /нөат ороогүй дүнгээр/ 17,609,4 мЗ талбайг дулаанаар хангах хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч байгууллага тухай бүрд нь төлбөр тооцоогоо хийж байсан. 2022 оны 6 дугаар сард гэрээнд заагдсан дулааны үнэ тарифаар тооцож дээд шатны байгууллагадаа төсвийн төслөө өргөн барьсан. Манай байгууллага С од ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ хийсэн ба гэрээнд заасан мөнгөн дүнгээр манай сургуулийн 2023 оны халаалт дулааны төсөв батлагдаж ирсэн. 2023 оны 7 дугаар сард нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн дулааны тарифын үнэ нэмэгдсэн тул хэрэгжүүлж ажиллах тухай албан бичгийг манайд ирүүлсэн боловч манай байгууллагын зүгээс С од ХХК-д гэрээнд заагдсан үнийн дүнгээр он дуустал халаалтын төлбөрийг төлөх хүсэлт тавьсан. Тухайн гэрээ 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар 31-ний өдөр хийгдсэн учраас тус гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй. Мөн төсвийн жил учраас төсөвтөө багтаан ашиглах үүрэгтэй. Тиймээс С од ХХК-тай гэрээгээ шинэчлэх боломжгүй гэх тайлбарыг хүргүүлсэн. С од компаниас буцаж надад ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгч, дахин гэрээ шинэчлэх гэх зэрэг уулзалт зохион байгуулаагүй. 2024 оны 9 дүгээр сараас өмнөх гэрээнд тусгагдсан тарифаараа 2024 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад нэхэмжлэл үүсгэж ирүүлсэн. 2023 оны 9 дүгээр сард С од ХХК нь халаалт дулааны гэрээг дахин шинэчлэх хүсэлт гаргаж, 17,609,4 мЗ талбайг нэмэгдсэн үнийн 1м2 1887 /нөат ороогүй/ дүнгээр төлбөр төлөх тухай гэрээнд тусгасан байсан тул манай байгууллага хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд С од ХХК-д дахин хүсэлт гаргасан. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дулаан ирж эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 29-ний өдөр С од ХХК нь хуучин үнэ тарифаар нэхэмжлэлээ үүсгэж манай байгууллагад ирүүлсэн байсан тул тухайн оныг дуустал манай байгууллага хуучин үнэ тарифаар халаалтын төлбөрөө төлсөн. Манай байгууллага нь нэхэмжлэгч талыг 2023 оны 01 дүгээр сард байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн оноо дуусгаж гэрээнийхээ үүргийг биелүүлсэн гэж ойлгож байтал 2023 оны 12 дугаар сар буюу оны эцэст халаалтын үнийн зөрүү болох 47,931,905 төгрөгийн өр үүсгэн манай байгууллагад нэхэмжлэх ирүүлсэн байсан. С од ХХК-д үнийн дүнгийн зөрүүг төлөх санхүүжилт байхгүй гэдгээ тайлбарласан. Манай байгууллага тухайн оны батлагдаж ирсэн төсөвт багтаан ажилладаг бөгөөд өөр нэмэлт орлого олох нөхцөл боломж, санхүүжилт, үйл ажиллагаа байхгүй тул тухайн өрийг манай байгууллагын зүгээс төлж барагдуулах мөнгө болон санхүүжилт байхгүй байна. Иймээс манай байгууллагын санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар тогтоолоор С ХХК-ийн Улаангом сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифийг шинэчлэн тогтоож, энэхүү тогтоол нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байна.

С ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н, У аймаг У сумын ЕБС ... дугаар сургууль Х.О нарын баталсан халаалтын гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр С ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Ц.Н, Увс аймгийн Улаангом сумын Е боловсролын  дугаар сургуулийг төлөөлж нягтлан бодогч О.О нар гарын үсэг зурж гэрээг байгуулжээ.

Уг гэрээгээр хангагч хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах газрын шийдвэрийг баримтлана. Халаалтын төлбөр 1м2 тутамд 1887 төгрөг /НӨАТ-гүй/ бөгөөд сар бүрийн 05-нд, үлдэгдлийг тухайн сарын 25-наас тооцож төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу С ХХК нь төлбөрийн үлдэгдлийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч талаас халаалтын төлбөр төлөх тухай нэхэмжлэлийг төрийн байгууллагын цахим төлбөрийн системээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 47,931,905 төгрөгөөр илгээжээ.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын  дугаар сургуулиас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 47,931,905 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,022 төгрөгөөс 397,610 төгрөгийг улсын орлогод үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар илүү төлсөн 12,412 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгож, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын  дугаар сургуулиас 397,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын  дугаар сургуулиас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 47,931,905 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,022 төгрөгөөс 397,610 төгрөгийг улсын орлогод үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар илүү төлсөн 12,412 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгож, хариуцагч У аймгийн У сумын ЕБС ........... сургуулиас 397,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  П.БОЛОР