Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/964

 

Б.Д, Х.Мнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч С.Баясгалан,

шүүгдэгчБ.Д, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Х.Х.М, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчБ.Д, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Х.Мнарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэнБ.Д, Х.Мнарт холбогдох эрүүгийн 1906023250545 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1.  Б.Д, 

            2.  Х.М, 

            Б.Д, Х.Мнар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1220 ширхэг сапуд төмөр, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 ширхэг тулаас төмрийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг тус тус хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээслэхээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч бусдад худалдаж, нийт 179.045.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” ХХК-ийн захиалгат “үйлчилгээ кино театр”-ын барилгаас 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5940 ширхэг барилгын тулаас төмрийг хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээсэлнэ гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 178.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байсан иргэн Н300 ширхэг барилгын хэв хашмалын төлбөрийг дараа хийх тооцоогоор тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас:Б.Д, Х.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Монгол Улсын иргэн Боржигон овогт Борхүүгийн Б.Д, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шарнууд овогт Хөгжилтийн Х.Мнарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчБ.Д, Х.Мнарыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчБ.Д, Х.Мнарт тус бүр оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Дийн цагдан хоригдсон 53 хоногийг, шүүгдэгч Х.Х.Мын цагдан хоригдсон 176 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчБ.Д, Х.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчБ.Дийн эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий 66-60 УБӨ улсын дугаартай EXZ100073485 арлын дугаартай цагаан өнгийн “Тоёота Раум” загварын тээврийн хэрэгслийг, мөн шүүгдэгчБ.Дийн өмчлөлийн 12.877.148 төгрөгийн үнэлгээ бүхий Г-2201026028 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 39-14 тоот хашааны газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашиныг хураан авч, гэр бүлийн хэрэгцээний газраас хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчБ.Д, Х.Мнараас 316.745.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч БНХАУ-ын иргэн Шан Бао Шанд, мөн шүүгдэгч нараас 20.250.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Маргадад, шүүгдэгчБ.Доос 2.450.000 төгрөг, шүүгдэгч Х.Х.Маас 6.250.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Нд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчБ.Д, Х.Мнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            ШүүгдэгчБ.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 855 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

            1. Шүүгдэгч Х.Мнь анх 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хохирогч “З” ХХК-ийн захирал Шан Бао Шантай түүний зөвшөөрснөөр нягтлан бодогч Д.Х.Мтай нь “Бэдо” ХХК-ийн захирал Г.Базаргүртэй сапуд төмөр түрээслэх гэрээ байгуулсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр талд авагдсан түрээсийн гэрээгээр, 5 дугаар хавтаст хэргийн 211-212 дугаар талд өгсөн Д.Х.Мын, мөн 5 дугаар хавтаст хэргийн 214-215 дугаар талд авагдсан Г.Базаргүрийн мэдүүлгээр тус тус нотлогддог. Уг түрээсийн гэрээг байгуулж байх үед очоогүй, хамт байгаагүй. Гэрээ байгуулснаараа хохирогч Шан Бао Шан, түүний нягтлан бодогч, тус хэргийн гэрч Д.Х.М, нөгөө талаас “Бэдо” ХХК-ийн захирал Г.Базаргүр, шүүгдэгч Х.Мнар байсан. Гэтэл Шан Бао Шан нь уг гэрээг надтай байгуулсан, би байлцсан мэтээр мэдүүлсэн нь үндэслэлгүй болно. Уг гэрээг байгуулах үед би байгаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй нөхцөл байдал тогтоогдсоор байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Шан Бао Шангийн худал мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх нотлох баримт болгосон нь буруу. Уг гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 5 удаагийн үйлдлээр нийт 2713 ширхэг хэв, тулаас төмрийг Х.Мнь гэрч Г.Базаргүртэй хамтарч зарсан байдаг. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй, дээрхи 2018 оны 5 удаагийн үйлдэлд миний ямар ч оролцоо байхгүй. Би хэв сапуд төмрийг олж зараагүй. Учир нь, энэ үед би Х.Х.Мтай уулзаагүй, холбоогүй байсан. Хохирогч “З” ХХК-ийн захирал Шан Бао Шангийн Амгалан дахь барилгын талбайгаас дээрх цаг хугацаанд хэн гарын үсэг зурж, ямар дугаартай машинаар 2713 ширхэг хэв төмрийг ачиж явсан нь харуулын рапортын дэвтэрт бичигдсэн байхад энэ талаар шалгаж тогтоогоогүй. Хэрэв уг рапортын дэвтрийг шалгасан бол миний бие оролцоогүй болох нь бүрэн тогтоогдох ёстой байсан. Нөгөө талаар миний бие дээрх 2018 оны 5 удаагийн үйлдэлд оролцож, уг төмрийг зарсан бол шүүгдэгч Х.Х.Мын ашиглаж байсан 5065369158 тоот данс болон миний ашиглаж байсан 5925163902 тоот дансанд мөнгө орж ирэх ёстой бөгөөд зөвхөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн гүйлгээ хийгдэж шүүгдэгч Х.Муг мөнгийг захиран зарцуулах байсныг давж заалдах шатны шүүх онцгой анхаарч үзэхийг хүсье. Дээрх харуулын рапортын дэвтэрт гарын үсэг зурж, уг төмрийг ачиж явсан талаар шалгаж тогтоогоогүй нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой эргэлзээгүй тогтоосон гэж дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлгүй болно.

2. Миний бие хятад хэл мэдэхгүй, хохирогч Шан Бао Шантай хэл нэвтрэлцсэн удаа нэг ч байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэнэт Х.Мнад руу яриад Згийн барилгын талбай дээр дагуулж очоод “би Шан Бао Шантай гэрээ байгуулчихсан. Эндээс сапуд төмөр зараад ажлын хөлсөө аваад үлдсэнийг нь шинээр авах хөрөнгө оруулалтандаа хэрэглэнэ, та ачуулаад зараад миний ашиглаж байгаа данс руу мөнгийг нь хий, тэгээд ажлын хөлс, цалингаа ав” гэсний дагуу би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 9 удаагийн сапуд төмөр ачуулан зарж, шүүгдэгч Х.Х.Мд бэлнээр, дансаар 97.700.000 төгрөгийг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр бүрэн нотлогддог. Гэтэл энэ талаар шүүх дүгнэлт хийхгүйгээр хохирлыг шууд 2 хуваан гаргасан нь туйлын буруу бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол нь шударга ёсны зарчимд нийцээгүй болохыг нотолж байна. Х.Х.Мын ашиглаж байсан данснаас Х.Мнь өөрөө гэрийнхээ ойролцоох Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө авч, эхнэрийнхээ данс руу хийж байсныг тогтоосон мөртлөө мөн АТМ-ийн гүйлгээг ашиглаж миний танихгүй хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн байсан нь тогтоогдсон байхад эдгээр хүмүүст шүүгдэгч Х.Мямар зорилгоор мөнгө шилжүүлсэн, ямар хамааралтай болох талаар гэрчийн мэдүүлэг аваагүй нь шүүхийн шийдвэр гарахад ноцтой нөлөөлсөн.

3. Шүүгдэгч Х.Мнь анх надтай танилцахдаа Увс аймгийн малчин сумынх, сайд Ц.Нямдоржтой хамаатан, ээж нь Өвөрхангай аймгийн Хужирт сумынх, Улсын их хурлын гишүүн байсан Гаваагийн Батхүүтэй үеэл гэж байсан. Увс аймгаас шилжиж ирэх гээд бичиг баримтаа Увс руу явуулчихсан тул банкны картаа өөрийнхөө нэр дээр аваад өгчих гэж хэлсний дагуу миний бие данс нээж картыг авч өгсөн. Түүнээс Хятад улсын иргэн байсныг нь би хэрэгт холбогдох хүртлээ мэдээгүй. Баригдсаны дараа жинхэнэ нэрийг нь хужаа гэдгийг нь мэдэж авсан. Энэ Шан Бао Шантай хятадаар юу гэж ярьж тохирсныг би үнэндээ мэдэхгүй. Надад энэ төмрийг зараад хөрөнгө оруулалт орж ирсний дараа мөнгийг өгөхөөр байсан гэж Шан Бао Шантай тохиролцсон гэж хэлсний дагуу уг төмрүүдийг зарж мөнгийг шилжүүлж байсан. Үүнээс би залилан мэхэлсэн зүйл огт байхгүй. Нөгөө талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэннадмид нь “Шан Бао Шан ирчихсэн, надад 20.000.000 төгрөг өгчих, би чамайг шүүх дээрээс салгаад өгчихнө” гэж дарамталж байсныг шүүх анхаарч үзнэ үү.

4. Х.М, гэрч Базаргүр нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу уг төмрийг авч зарсан бөгөөд уг гэрээ байгуулсан болохыг уг этгээдүүд хүлээн зөвшөөрсөн байхад анхнаасаа хуурч, залилах зорилгоор гэрээ байгуулж залилсан этгээдүүдэд хариуцлага тооцоогүй нь үндэслэлгүй байна. Уг гэрээг нотлох баримтаас хассан нь буруу болно.

5. Уг хэрэг удаа дараа нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцсан. Ямар ч ажиллагаа хийгээгүй байхад шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Мдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Хөгжилт овогтой Х.Мминий бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 855 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Уг эрүүгийн хэрэг нь удаа дараа мөрдөн байцаалтын шатанд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан байсан боловч шүүхийн тогтоолд заагдсан ажиллагаа огт хийгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор эргэлзээгүй нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж бодохоор байна. Миний бие уг хэрэгт ямар нэг оролцоо үйлдэл байхгүй. Хохирогч “З” ХХК-ийн барилгын талбайгаас ачсан гэх тулаас төмөр, хэв хашмалыг талбайгаас гаргахдаа хэн ямар хүн болох, харуулын дэвтэрт хэний гарын үсэг байгаагаас хэн, хэн хэдүүлээ очиж авсныг нарийн мэдэх боломжтой байсан. Мөн шүүгдэгчБ.Дийн надад ашиглуулж байсан гэх дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан боловч дансны гүйлгээ тус бүрээр хэний хамааралтай, ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Хэрэв тогтоосон бол тухайн гэмт хэрэгт миний хамааралгүйг бүрэн нотлох боломжтой байсан. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс нь бүгдБ.Дийн хамаатан садан эсхүл олон жил хамт ажилласан хамтрагч нь байгаа тул шударга ёсонд нийцэхгүй байна.

НамайгБ.Д ахын данснаас мөнгө шилжүүлж авдаг байсан гэж хэлж байгаа нь худлаа. Би зөвхөн өөрийн орчуулгын хөлсөө авдаг байсан. МөнБ.Д нь өөрийн танил Г.Хонгорзулаар 2019 онд фэйсбүүкээр зар тавиулж бусдаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд энэ үйлдэлд миний оролцоо байхгүй. Түүнчлэн,Б.Дийн эхнэр мэдүүлэгтээ тулааснуудыг зарж мөнгийг хэрхэн зарцуулж байсан талаараа мэдүүлсэн. Манай гэрт мөрдөгч Барсболд нэг бүрчилсэн үзлэг хийж зураг авсан. Тухайн үед би эхнэр, охиныхоо хамт гэр хороололд байр түрээслээд амьдарч байсан. Би 2020 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлсэн төдийгүй бусад үед ч үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Мөн яллагдагч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байтал шүүгдэгчБ.Д худал мэдүүлсээр ирсэнд гомдолтой байна. Би эхнэртэйгээ 2012 оны 6 дугаар сард танилцаж, 2023 оны 4 дүгээр сар хүртэл хамтран амьдарч дундаасаа охинтой болсон. Энэ хугацаанд миний эхнэр С.Энхцэцэг өвчний улмаас 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бурхан болсон тул миний төрсөн охин Э.Есүгэн харгалзах хүнгүй ганцаараа үлдэж эцэг хүний хувьд надад маш хүнд асуудал үүсэж, сэтгэл санааны байдал тогтворгүй хэцүү байна. Иймд дээрх ажиллагааг дахин хийлгүүлэхээр хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

ШүүгдэгчБ.Дийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад шүүгдэгч нарт ял оногдуулж байгаа нь хууль зүйн хувьд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Энэ үйл баримтыг тодорхой болгохоор шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1807 дугаар, 2023 оны 02 дугаар сарын захирамж, магадлал гарсан ч тухайн захирамж, магадлалд заагдсан ажлуудыг бүрэн хийгдээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Улсын яллагчийн зүгээс гэм буруутай холбоотой хамтатган хохирол, хор уршгийг тооцож ялын дүгнэлтээ гаргах байтал шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас нэг ч удаа хор уршгийг хууль зүйн үндэслэлтэйгээр дүгнэлтээ танилцуулаагүй байхад шүүх хохирол, хор уршгийг буруу тооцон тогтоолд тусгасан байна. Шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт буруу тооцож гаргасан нь хууль зүйн хувьд алдаатай шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолыг танилцуулахдаа хохирол, хор уршгаас нийт 40 сая төгрөгийг хасаж тооцсон боловч шийтгэх тогтоолыг бичгээр гаргахдаа дурдаагүй байгаа нь шийтгэх тогтоол уншиж танилцуулсан тогтоол бичгээр гарсан тогтоолтой илт зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10-т зааснаар тогтоолын зөрүүтэй байдал нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж болохоор байна.

Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байнга гэмшиж буйгаа илэрхийлсэн байдаг ба хохирол нөхөн төлбөрийг бодитоор тооцож гаргасан тохиолдолд төлөхөө илэрхийлдэг бөгөөд өөрийн зүгээс хохирогч Н болон Цэрэннадмид нарт тодорхой тооны хохирол төлбөрийг төлсөн байдаг. Энэ нь хууль зүйн хувьд ялыг ялгамжтай оногдуулах нөхцөл байдал мөн бөгөөд шүүгдэгч Х.Мнь нэг ч удаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад ялыг ялгамжтай оногдуулаагүй. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7-д заасан үндэслэлийг миний үйлчлүүлэгчБ.Дид хэрэглэхгүйгээр нэг ч удаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хүнтэй ижил ял оногдуулж байгаа нь хууль зүйн хувьд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж болох байна. Мөн хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудсанд нягтлан Д.Х.Мгэж хүн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “З” ХХК-тай гэрээ байгуулсан байхад тухайн гэрээтэй холбоотой Д.Х.Мыг шалгаж тогтоохгүйгээр бусдын хийсэн гэмт хэргийн сэдэл бүхий үйлдлийг шуудБ.Д, Х.Мнар хийсэн гэж үзэн ял шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн хувьд шийтгэх тогтоол өөрөө үндэслэлгүй, эргэлзээгүй байх болон тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэж байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, шаардлагатай үйл баримтыг эргэлзээгүй тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй юм. ИймдБ.Д, Х.Мнарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгож, дахин шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч С.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгч Э.Маргадад хохирлыг олгосугай” гэснийг “Тэргүүн Чансаа” ХХК-нд олгосугай гэж зөвтгөж шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүгдэгчБ.Д, Х.Мнар 50, 59 дугаартай дансыг эзэмшиж байсан, байгаагүй талаар ярьж байна.Б.Дийн 5925163902 гэсэн Хаан банкны дансанд манай компаний захирлаас 46.050.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл мөнгө шилжүүлээгүй хүнээс хувь тэнцүүлж гаргах нь үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Х.Мын өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгчБ.Дийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар гаргасан гомдлуудыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч Х.Мнь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн гэмт хэрэг үйлдээгүй талаараа тогтвортой мэдүүлж ирсэн. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х.Х.Мын ашиглаж байсан данс ньБ.Дийн данс гэдэг нь тогтоогдсон. 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “З” ХХК-ийн нягтлан бодогч Д.Х.М, Базаргүр нар 1220 ширхэг тулаас төмрийн гэрээ хийж мөнгөө шилжүүлсэн. Мөнгийг хүлээж авсан талаар “З” ХХК-ийн эзэн мэдэгдсэн. Гэтэл яагаад эдгээр хүмүүсийг буруутгаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй. Д.Х.Мгэдэг нь “З” ХХК-ийн нягтлан бодогч. Мөн анхан шатны шүүхээс хохирлын тооцоог хувааж төлөх ёстой гэж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч нь зөвхөн орчуулгын ажил хийснээс өөр үйлдэл оролцоо байхгүй тул дээрх хохирлыг төлөх үндэслэлгүй. Түүнчлэн миний үйлчлүүлэгч нь Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн бөгөөд 16 насандаа Монгол улсад ирж эхнэр, хүүхэдтэй болсон. Гэтэл эхнэр нь 2023 оны 4 дүгээр сард амиа хорлож, 9 настай охины хамт үлдсэн. Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч 300.000.000 төгрөгийг завшсан бол түүний ар гэрийн байдалд нөлөөлөх байсан гэж үзэж байна. Миний бие мөрдөн байцаах албаны мөрдөгч нартай хамт Х.Х.Мын гэрт очиж үзлэг хийхэд Чингэлтэй дүүрэгт уулын оройд нурж унах шахсан шавар байшинд амьдарч байсан. Дараа нь дэнжийн мянгын цагаан байранд амьдарч байгаад хоригдсон. Түүнчлэн түүний 9 настай охины нөхцөл байдлыг харгалзаж шийдвэрлэх ёстой. Аавыгаа маш их санадаг. Хэрэв давж заалдах шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэвэл дээрх байдлуудыг харгалзаж миний үйлчлүүлэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Харин шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан хохирлын асуудлыг давж заалдах шатны шүүх магадлалаараа залруулан шийдвэрлэх боломжтой. Шүүгдэгч Х.Х.М,Б.Д нар нь бүлэглэн “З” ХХК-иас 179.045.000 төгрөг, “К” ХХК-иас 178.200.000 төгрөг, хохирогч Нгаас 12.000.000 төгрөгийг тус тус урьдын харилцааны явцад олж авсан итгэлийг урвуулан ашиглах замаар залилан авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Тухайн мөнгийг 2018 оны 4 дүгээр сардБ.Дийн Х.Х.Мд нээж өгсөн дансаар авч мөнгийг хувааж ашиглаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Тухайлбал, шүүгдэгч Х.Х.Мын эхнэрийн данс рууБ.Дийн данснаас 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчБ.Д, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Х.Мнарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Борхүүгийн Б.Д, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Шарнууд овогт Хөгжилтийн Х.Мнарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Өнөрбаярын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 32а дугаар яллах дүгнэлт нь хуульд заасан хүрээнд үйлдэгдээгүй, хэргийн үйл баримт тодорхой бус байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”; мөн 4 дэх хэсгийн 4.1-т “тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”; мөн 5 дахь хэсгийн 5.3-т “хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл” зэргийг тусгана гэж хуульчилжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүч чармайлтаар хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

Прокуророос,Б.Д, Х.Мнарыг бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1220 ширхэг сапуд төмөр, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 ширхэг тулаас төмрийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг тус тус хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээслэхээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч бусдад худалдаж, нийт 179.045.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” ХХК-ийн захиалгат “үйлчилгээ кино театр”-ын барилгаас 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5940 ширхэг барилгын тулаас төмрийг хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээсэлнэ гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 178.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байсан иргэн Н300 ширхэг барилгын хэв хашмалын төлбөрийг дараа хийх тооцоогоор тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн боловч хэрхэн бүлэглэсэн талаарх үйлдэл оролцоог хэргийн үйл баримтад тусгаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байх ба хохирогч нарын гэм хорын хохирол, хор уршгийг хэн хэн, ямар хэмжээгээр хариуцах эсэхийг нарийвчлан гаргаагүй, шүүгдэгч нарын үйлдэл оролцоо нэг бүрчлэн яллах дүгнэлтэд тусгагдаагүй, тодорхой бус байна гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”, мөн зүйлийн 2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог нарийчлан тогтоохгүйгээр бүлэглэн гэсэн ерөнхий хууль зүйн ойлголт бичсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл (эс үйлдэхүй)-ийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байна. 

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялыг гэм бурууд нь тохируулан оногдуулахад чухал ач холбогдолтой.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчБ.Д, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Х.Мнарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Х.М,Б.Д нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 111 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.   

2. ШүүгдэгчБ.Д, Х.Мнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ