Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Хохирогч Г.Түвшинтөгс,

Шүүгдэгч Ё.Г, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ё.Г-д  холбогдох эрүүгийн 1705010860252 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, EWORLD EXPRESS ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25/2-2 байр 202 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай, Б овогт Ё.Г.

 

Шүүгдэгч Ё.Г нь 2017 оны 10 дугаар сарын 03-нд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Г.Түвшинтөгстэй маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Г мэдүүлэхдээ:

  Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Эхнэр хэрүүл хийгээд намайг гарах гэсэн гаргахгүй гээд байхаар нь гар хүрсэн. Бид хоёр 12 жил хамт амьдарч байна гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Түвшинтөгс мэдүүлэхдээ:

            Тухайн өдөр манай нөхөр согтуу орж ирсэн. Ажлын шаардлагаасаа болоод архи уугаад байсан болохоор би дургүйцлээ илэрхийлээд, нилээн ширүүн маргаан үүссэн. Манай охин цагдаа дуудсан. Тухайн үед цагдаа ирэхээр асуудлаа шийдүүлэхээр гаргахгүй гээд зууралдсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Өмнө хэдэн удаа гар хүрч байсан боловч энэ удаагийн үйлдэл шиг гэмтлийн зэрэг тогтоолгох хэмжээний байгаагүй гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

           

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ё.Г-н өгсөн:

            “... 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ намынхаа ахмадуудыг баярлуулан, ахмадын баяр зохион байгуулаад орой 19 цагийн үед ажлаасаа согтуу ирсэн. Гэртээ ирээд хоолоо идээд сууж байтал манай эхнэр намайг архи ууж ирлээ гээд бид хоёр хэрэлдсэн бөгөөд миний уур хүрээд би идэж байсан аягатай хоолоо түүн рүү шидсэн. Тэр үед манай том охин 10 настай Анунгоо нөгөө өрөө рүү ороод цагдаад дуудлага өгсөн юм. Тэгэхээр нь би гэрээсээ гарах гээд хувцасаа өмссөн бөгөөд эхнэр гаргахгүй гээд надтай зууралдаад байсан. ... түүний гарыг тавиулах гээд ноцолдсон ба тэр үед би эхнэр Түвшинжаргалыг өөрөөсөө салгах гээд нүүр ам, бие рүү нь хүчтэй гараараа түлхсэн. Түлхэх үед түүний толгой тархи болон уруул нь бэртсэн юм шиг байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

  

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Түвшинтөгсийн өгсөн:

            “ ... Миний нөхөр хамтран амьдрах хугацаанд 2007 оноос эхлэн шалтгаангүйгээр хардаж хэрүүл маргаан хийдэг болсон. Энэ нь даамжирсаар сүүлийн 4-5 жилийн хугацаанд зодож цохих, хутга мэс барьж айлган сүрдүүлэх, дарамтанд байлгах болсон. Хүүхдүүд маань том болох тусам энэ байдлыг мэдэж айдастай амьдрах болсон. ... Хутга мэс барьж ална хядна гэх  үйлдэл нь олон удаа давтагдсан. 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед би гэртээ охин Анунгоо, хүү Энхмөнх нарын хамт байх үед нөхөр гаднаас нилээн согтуу орж ирсэн. Нөхөр чи надаас салаад эрх чөлөөтэй байрмаар байна уу, сайхан амьдралаа хөөгөөд яв гэх мэтээр үгээр идээд байснаа аягатай шөлтэй хоолоо над руу шидэж дарамталсан. Энэ үеэр миний охин 10 настай Анунгоо 102-т дуудлага өгсөн байсан. Цагдаагийн алба хаагч нарыг хүлээх зуур намайг үсдэж орц руу чирж гаргасан. Мөн миний зүүн хацарны хэсэг, уруул орчимд цохиж халцалсан. Шүдний хэсэгт язралттай байна. ... өмнө нь 2016 оны сүүлээр болон 2017 оны 8 дугаар сард эрүүлжүүлэхэд очиход даралт өндөртэй гэсэн шалтгааны улмаас эрүүлжүүлэх аваагүй ба хорооны нийгмийн ажилтан дээр нөхцөл байдлын үнэлгээ хийлгээд л өнгөрсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Эрдэнэтөгсийн өгсөн:

            “ ... 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тараад гэртээ иртэл Г ах Түвшинтөгс эгчийг зодсон гээд уруул нь язарч хавдсан байдалтай, цагдаад өргөдөл бичиж өгнө гээд сууж байсан. Би эгчтэйгээ 2011 оноос хойш хамт амьдарч байгаа. Г ах эгчийг шалтгаангүй хардаад архи ууж ирэхээрээ хэрүүл маргаан үүсгэж зоддог. Би хэд хэдэн удаа салгаж байсан. Шууд л дайраад толгой тархи руу нь цохиод байдаг юм. Хутга барьж ална гэж дайрдаг  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 12558 тоот: 

1. Г.Түвшинтөгсийн биед тархи доргилт, уруулын дээд хэсэгт зулгаралт, дээд уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.3.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.

4.5. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт, уруулын няцарсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын дээд хэсгийн зулгаралт нь эрүүл мэнд сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

 

            - Г.Түвшинтөгсийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3-4/,

            - Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хх-н 10-23/,

 

Шүүгдэгч Ё.Г-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад М.Эрдэнэбатын өгсөн:

“... Г нь зан байдлын хувьд архи дарс байнга хэрэглээд байдаггүй, төлөв даруу зантай, нөхөрсөг, найз нөхөд олон нийтийн дунд нэр хүнд сайтай, уур уцааргүй, элдэв муу зуршилгүй ...” гэх мэдүүлэг /хх-н 44/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 28-30/,

- EWORLD EXPRESS ХХК-н тодорхойлолт /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 94-96/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Ё.Г нь 2017 оны 10 дугаар сарын 03-нд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Г.Түвшинтөгстэй маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон, эрүүл мэндэд нь тархи доргилт, уруулын дээд хэсэгт зулгаралт, дээд уруулд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ё.Г-н “...  Эхнэр хэрүүл хийгээд намайг гарах гэсэн гаргахгүй гээд байхаар нь гар хүрсэн ...” гэх,

            Хохирогч Г.Түвшинтөгсийн “...  Өмнө хэдэн удаа гар хүрч байсан боловч энэ удаагийн үйлдэл шиг гэмтлийн зэрэг тогтоолгох хэмжээний байгаагүй ...” гэх мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Г.Түвшинтөгсийн “...   Миний нөхөр хамтран амьдрах хугацаанд 2007 оноос эхлэн шалтгаангүйгээр хардаж хэрүүл маргаан хийдэг болсон. Энэ нь даамжирсаар сүүлийн 4-5 жилийн хугацаанд зодож цохих, хутга мэс барьж айлган сүрдүүлэх, дарамтанд байлгах болсон. Хүүхдүүд маань том болох тусам энэ байдлыг мэдэж айдастай амьдрах болсон. ... Хутга мэс барьж ална хядна гэх  үйлдэл нь олон удаа давтагдсан. 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед би гэртээ охин Анунгоо, хүү Энхмөнх нарын хамт байх үед нөхөр гаднаас нилээн согтуу орж ирсэн. Нөхөр чи надаас салаад эрх чөлөөтэй байрмаар байна уу, сайхан амьдралаа хөөгөөд яв гэх мэтээр үгээр идээд байснаа аягатай шөлтэй хоолоо над руу шидэж дарамталсан. ... Цагдаагийн алба хаагч нарыг хүлээх зуур намайг үсдэж орц руу чирж гаргасан. Мөн миний зүүн хацарны хэсэг, уруул орчимд цохиж халцалсан. Шүдний хэсэгт язралттай байна. ... өмнө нь 2016 оны сүүлээр болон 2017 оны 8 дугаар сард эрүүлжүүлэхэд очиход даралт өндөртэй гэсэн шалтгааны улмаас эрүүлжүүлэх аваагүй ба хорооны нийгмийн ажилтан дээр нөхцөл байдлын үнэлгээ хийлгээд л өнгөрсөн ...” гэх,

            гэрч Г.Эрдэнэтөгсийн “... 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тараад гэртээ иртэл Г ах Түвшинтөгс эгчийг зодсон гээд уруул нь язарч хавдсан байдалтай, цагдаад өргөдөл бичиж өгнө гээд сууж байсан. Би эгчтэйгээ 2011 оноос хойш хамт амьдарч байгаа. Г ах эгчийг шалтгаангүй хардаад архи ууж ирэхээрээ хэрүүл маргаан үүсгэж зоддог. Би хэд хэдэн удаа салгаж байсан. Шууд л дайраад толгой тархи руу нь цохиод байдаг юм. Хутга барьж ална гэж дайрдаг ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 12558 тоот дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Түвшинтөгс нь шүүгдэгч Ё.Г удаа дараа цохиж зодсон, айлгаж сүрдүүлж дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж тогтвортой мэдүүлж байх бөгөөд энэ нь гэрч Г.Эрдэнэтөгс, Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ зэргээр давхар нотлогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ё.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ё.Г-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ё.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Г.Түвшинтөгс нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Ё.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ё.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Г-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ё.Г-г торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ