Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00374

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00374

 

Г ББСБ ХХК, С.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02913 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ББСБ ХХК, С.С нар хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 128 012 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: С.П,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С миний бие Найман шарга төвд байрлах Г ББСБ ХХК-ийн байранд гадаад валют арилжааны үйл ажиллагаа явуулдаг. Ш ХХК манай банк бус санхүүгийн байгууллага болон надтай удаан хугацаагаар хамтран ажиллаж БНХАУ-ын юань арилждаг байсан. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ш ХХК-ийн менежер Ж.Энхцогт утсаар яриад 500.000 юань арилжих гэсэн юм. Тухайн үед ханш 360 төгрөг байсан ба мөнгийг шилжүүлчих 5 минутын дараа юаниа дансаар шилжүүлье гэсэн. Би Хаан банкны салбараас тус компанийн ерөнхий нягтлан бодогч н.Санчирын данс руу Г ББСБ-аас арилжаа гэсэн утгаар 180 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч 5 минутын дараа юань орж ирээгүй. Ингээд юаниа шилжүүлэхгүй таг чиг болсон тул би ажил дээр нь очиж уулзахад захирал Б.Чинбат ...нүүрс тээврийн вагоны төлбөр нэхэгдээд хүнд байдалд ороод байна. Энэ мөнгөө зээл болгочих, өнөөдрийн ханшаар БНХАУ-ын 500.000 юанийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барьцаагүйгээр зээлье. Та нарыг алдагдалд оруулахгүйн тулд юаниар зээлээ төлье гэж бичгээр 500.000 юань гэж бичиж өгье гэж хүсэлт гаргасан. Аргагүй байдалд орж хүлээн зөвшөөрч, энэ өдрөө бичгээр гэрээ хийсэн.

2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлсэн мөнгөний эхний сарын хүүний төлбөр гэж 7 500 000 төгрөгийг С.Сын Хаан банкин дахь хувийн данс руу шилжүүлсэн. 3ээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй байсан тул олон удаа очиж мөнгөө нэхэж байсан. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр С.С миний бие ажил дээр нь очиж уулзахад Б.Чинбат захирал ...нэмээд БНХАУ-ын 300.000 юаньтай тэнцэх хэмжээний төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй барьцаагүйгээр зээлчих би 800.000 юань болгоод 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүх тооцоог дуусгана гэж гуйсан. Ингээд Хаан банкны салбараас С.Саас 300.000 юань зээлдүүлэв гэсэн утгаар монгол төгрөгөөр тооцон 109 890 000 төгрөгийг шилжүүлж зээлсэн. Энэ компани манай Грандфин ББСБ" ХХК болон иргэн С.Саас нийт 800.000 юань буюу нийт 289 890 000 төгрөгийг зээлсэн. Энэ хугацаанд хүүгийн төлбөрт 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7 500 000 төгрөг, харин зээлийн төлбөрт 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 90 000 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 50 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 98 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 25-нд 14 390 000 төгрөг тус тус хүлээн авсан. Ш ХХК хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгээ төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй, үндсэн зээлийн төлбөрөө дутуу хагас төлөөд одоо зээлийн хүү огт төлөхгүй гэж зайлсхийж, үндэслэлгүй татгалзаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Ш ХХК бичгээр гэрээ хийж, сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлж, зээлийн харилцаа үүсч, үндсэн зээл, зээлийн хүүгээ төлж байсан нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар тогтоогдоно. Мөнгө зээлснээс хойшхи жил хагасын хугацаанд БНХАУ-ын юань эрс чангарч валютын ханшийн зөрүүнээс болж хохирч байна.

Эхний 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн мөнгийг Г ББСБ" ХХК-иас, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мөнгийг иргэн С.Сын нэрээр тус тус шилжүүлсэн. Иймд Г ББСБ ХХК-ийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 7 500 000 төгрөг, зээлийн хүү 46 450 000 төгрөг, мөнгө буцаан төлсөн өдрөөр БНХАУ-ын юанийн Монгол төгрөгтэй тэнцэх ханшаар тооцоход ханшийн зөрүү 13 663 350 төгрөг, нийт 67 613 350 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэн С.Сын хувьд зээлийн хүү 74 062 000 төгрөг, ханшийн зөрүү 8 183 000 төгрөг, нийт 82 245 000 төгрөг тус тус нэхэмжилсэн. Зээлийн хүүг сарын 5 хувь байхаар тохиролцсон тул 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцсон болно. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нар ханшийн зөрүүг хохиролд тооцон гаргуулах шаардлагаасаа татгалзаж, үндсэн зээлийн үлдэгдэл, хүү гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Иймд Г ББСБ ХХК-иас үндсэн зээл 7 500 000 төгрөг, зээлийн хүү 46 450 000 төгрөг, нийт 53 950 000 төгрөг, иргэн С.Ст зээлийн хүүгийн төлбөрт 74 062 000 төгрөгийг Ш ХХК-аас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Саас Ш ХХК 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 180 000 000 төгрөгийг нягтлан бодогч н.Санчирын дансаар, мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 109 890 000 төгрөг, нийт 289 890 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Харин энэ мөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7 500 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 90 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 98 000 000 төгрөг, хамгийн сүүлд үлдэгдэл 14 390 000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлсөн. Ш ХХК болон Г ББСБ ХХК нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул тэрээр шаардах эрхгүй. Мөнгийг иргэн С.Саас зээлсэн бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тохиролцоогүй тул одоо хүү шаардах эрхгүй. Уг зээлийг 6 удаагийн төлөлтөөр бүрэн төлж дуусгасан. Гэтэл үндсэн зээлийн төлбөрт төлсөн 7 500 000 төгрөгийг хүүд тооцон үлдэгдэл нэхэмжилсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Ш ХХК-иас 65 099 250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ББСБ ХХК, С.С нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62 912 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 065 566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157 950 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 483 446 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай 181/ШЗ2020/05791 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш ХХК нь С.Саас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 180 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 109 890 000 төгрөг, нийт 289 890 000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийг бүрэн төлж дуусгасан. Хоёр удаагийн зээлийг авахдаа сар бүр тогтмол 5 хувийн хүүтэй байхаар тохиролцоогүй. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан. Амаар байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд нь нэхэмжлэл гаргах эрхгүй болох нь тогтоогдвол хэрэгсэхгүй болгох байтал 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хуульд заагаагүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дах хэсэгт заасан нэхэмжлэгч өөрийгөө өөр этгээдээр солих тухай хүсэлтийг С.С, Г ББСБ ХХК-ийн хэн аль нь гаргаагүй байхгүй байхад нэхэмжлэгчийг солихоор шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд энэ талаар мэдсэн, зөвшөөрсөн байх ёстой. Харин 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр /хх-148/ С.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Грандфин ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь тогтоогдсон тул иргэн С.С миний бие нэхэмжлэгчээр оролцох хүсэлтэй байна гэж, мөн Г ББСБ ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй болох нь тогтоогдсон тул жинхэнэ нэхэмжлэгчээр иргэн С.Сыг сольж өгнө үү гэж тус тус хүсэлт гаргасан. Уг хүсэлтүүдийн тэр дундаа Г ББСБ ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж өөрийгөө үзэж хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаа, тэр дундаа хүү төлөх үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх Ш ХХК-иас 65 099 250 төгрөгийг гаргуулан Г ББСБ ХХК, С.С нарт олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүйн зэрэгцээ хэрэгт байгаа бэлэн мөнгөний баримт дээр сар бүр хүү төлөхөөр бичигдээгүйн дээр гэрээ байгуулан хүүгийн хэмжээ, хугацаа, зээлийн хувиар зэргийг гэрээгээр тохиролцоогүй байхад хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн. Түүнчлэн хэргийн 105 дугаар талд авагдсан зээлийн тооцоо нийлсэн акттай танилцсан гэсэн баримтад гарын үсэг зурсан нь 2 дугаар сарын 05-ны өдрөөс төлж барагдуулах талаар, мөн талуудын эхний зээлийг нэг сарын дотор дараагийн зээлийг 15 хоногийн хугацаанд эргүүлэн төлөхөөр тохиролцсон гэж тайлбарыг анхан шатны шүүх мушгин гуйвуулж 65 099 250 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэнд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК, С.С нар хариуцагч Ш ХХК-д холбогдуулан үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 120 512 000 төгрөг, ханшийн зөрүү 21 921 350 төгрөг, нийт 149 933 350 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэгч Г ББСБ ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 7 500 000 төгрөг, хүү 46 450 000 төгрөг, нэхэмжлэгч С.Саас зээлийн хүү 74 062 000 төгрөг, нийт 128 012 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь Г ББСБ ХХК-тай зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, иргэн С.Саас зээлсэн мөнгийг бүрэн төлсөн, хүүний талаар бичгээр тохиролцоогүй тул хүү шаардах эрхгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 7-11 дэх талд Г ББСБ ХХК-ийн дүрэм нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг баримтанд Г ББСБ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.С болох нь тогтоогдсон.

 

Хэргийн 16, 21 дүгээр талд бэлэн мөнгөний орлогын баримт байна. Энэхүү баримтад 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ш ХХК нь С.Саас 500 000 юанийг сарын 5 хувийн хүүтэй, 2018 оны10 дугаар сарын 31-ний өдөр Ш ХХК нь С.Саас 300 000 юанийг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирч талууд гарын үсэг зурсан тул уг хэлцлүүдийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Хэрэгт авагдсан бэлэн мөнгөний баримтыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Г ББСБ ХХК-иас 180 000 000 төгрөгийг Ш ХХК-д, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр С.Саас 300 000 юань буюу 109 890 000 төгрөгийг Ш ХХК-д тус тус шилжүүлсэн болох нь хэргийн 17,22 дугаар тал дахь Хаан банкны орлогын мэдүүлэг болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Г ББСБ ХХК болон С.Саас зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг Ш ХХК-д шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нарт 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7 500 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 90 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 98 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 14 390 000 төгрөг, нийт 289 890 000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 24-29, 58-68 дах талд авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Хариуцагч нь иргэн С.Саас 289 890 000 төгрөг хүлээн авсан, Г ББСБ ХХК-тай зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй гэж маргаж байх боловч хэргийн 16, 21 дэх талд авагдсан 2018 оны 8 дугаар сарын 27-ны, 10 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтад сарын 5 хувийн хүүтэй зээлэв гэж тусгагдсан, дээрх баримтуудад хариуцагч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулсан, хэргийн 24, 59 дэх талд авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7 500 000 төгрөг шилжүүлэхдээ хүү тооцов гэж шилжүүлсэн хэргийн 104-105 дах талд авагдсан зээл олголт зээлийн тооцоо нийлсэн актыг харьцуулан дүгнэвэл талууд зээлийг хүүтэй байхаар хүсэл зоригоо илэрхийлж бичгийн хэлбэрээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу тохиролцсон гэж үзнэ. Энэ үндэслэлээр хариуцагчийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Түүнчлэн хэргийн 17, 22 дах тал дах Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтаар Г ББСБ ХХК болон Ш ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 7 500 000 төгрөг, зээлийн хүү 57 599 250 төгрөг, нийт 65 099 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь алдаатай болсныг зөвтгөж шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 7 500 000 төгрөг, зээлийн хүүд 120 512 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэргийн 104-105 дах талд авагдсан зээл олголт, зээлийн тооцоо нийлсэн акт гэх баримтаар талууд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тооцоо нийлж, 180 000 000 төгрөгийн зээлийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх 3 сарын хүүд 27 000 000 төгрөг,

 

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлд 90 000 000 төгрөг төлсөн тул 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 10 хоногийн хүү 3 000 000 төгрөг, үлдэгдэл 90 000 000 төгрөгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 1 сар 5 хоногийн хүү 5 250 000 төгрөг, нийт 35 250 000 төгрөгийн хүү төлөхөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн хүүд төлсөн 7 500 000 төгрөгийг хасч 27 750 000 төгрөгийн хүү,

 

дараагийн 109 890 000 төгрөгийн зээлийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 2 сар 10 хоногийн хүү 12 820 600 төгрөгийн хүү, нийт 40 570 600 /27 750 000+12 820 600/ төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлж, актад Г ББСБ ХХК-ийн захирал С.С, Ш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Г.Санчир нар гарын үсэг зурж, Ш ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Иймд дээрх баримтыг үндэслэн хариуцагч Ш ХХК-иас зээлийн хүү 27 750 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д, зээлийн хүү 12 820 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.С нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87 442 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хэргийн 17, 21 дүгээр тал дах бэлэн мөнгөний орлогын баримт, 104-105 дах талуудын тооцоо нийлсэн актаар зохигчид зээлийн гэрээг 5 хувийн хүүтэй тохиролцсон нь тогтоогдсон тул хариуцагчийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй тохиролцоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь нэхэмжлэгчээр С.Сыг солих хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 8873 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй тул хариуцагчийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хүсэлт гаргаагүй байхад сольсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г ББСБ ХХК хамтран нэхэмжлэгчээр С.Сыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13127 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, Г ББСБ ХХК, Ш ХХК-д зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, зээлийн хүүг гаргуулсан нь үндэслэлтэй тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүй, бэлэн мөнгөний баримтад сар бүр хүү төлөхөөр бичигдээгүй, хүүгийн хэмжээ, хугацаа тохироогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх хэргийн 17,21 дүгээр тал дах бэлэн мөнгөний орлогын баримтад талууд сарын хүүг 5 хувиар тохиролцсон байгаа болон 104-105 дугаар тал дах талуудын тооцоо нийлсэн актад зээлийн хүү, хугацаа тохирсныг харгалзан шийдвэрлэсэн болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02913 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш ХХК-иас зээлийн хүүд 27 750 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д, 12 820 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.С нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87 442 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын ...илүү төлсөн 157 950 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 483 446 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэснийг улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157 950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч нарт, хариуцагч Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 296 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д, хариуцагч Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 220 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ст тус тус олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 446 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ