2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/02166

 

2025          03          18                                    191/ШШ2025/02166                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******************, ***************** хаягт байрлах, “Е.*****************” ХХК /РД:*********/-ийн хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Д*********ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Е.*****************” ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч нь манай “Е.*****************” ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 3.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 14.000,000 төгрөгийг зээлж авсан боловч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 192/Ш32025/06639 тоот шүүгчийн захирамжаар тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Д*********ыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү.” гэжээ. 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д********* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Е.*****************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Х.Д*********ыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “Е.*****************” ХХК, Х.Д*********ын хооронд 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 10661301090000892 дугаартай “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Х.Д*********ын иргэний үнэмлэх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/ШЗ2025/06639 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн. 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/10931 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Х.Д*********ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Е.*****************” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Х.Д*********ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ. 

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “Е.*****************” ХХК нь *******************, ***************** хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн  ********* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Д*********ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 14,900,476.68 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон. 

Хэрэгт авагдсан, “Е.*****************” ХХК, Х.Д*********ын хооронд 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 10661301090000892 дугаартай “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Х.Д********* нь хүсэлт гаргагч “Е.*****************” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна. 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/10931 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Х.Д*********ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтуудад тодорхойлсон ************, *************** тоот хаягт Х.Д********* нь оршин суудаггүй болох нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, “Монгол шуудан” ХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн магадлагаа баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Х.Д*********ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ********** овогт Х.Д********* /РД:************/-ыг  эрэн сурвалжилсугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Х.Д*********ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “Е.*****************” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*********,  утас:************/-д мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,  119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА