2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/02172

 

2025          03          18                                    191/ШШ2025/02172                       

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: **************, ************* тоот хаягт оршин суух, ******* хаан овогт Б.З************* /РД:*********/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: **************, ************* тоот хаягт байрлах, “А.*********” ХХК /РД:*********/-д  холбогдох, 

гэрээ цуцалж, 43,817,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1.Нэхэмжлэгч Б.З********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.З********* миний бие нь “А.*********” ХХК-тай 2022 оны 08 сарын 16-ны өдөр Орон сууц захиалгын **/*** дугаартай гэрээг хийсэн байдаг бөгөөд энэхүү гэрээгээр *************, ************Зүүн хаалганд 30,62 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг, 1м.кв үнийг 1,350,000 төгрөгөөр тохирч, нийт төлбөр болох 41,337,000 төгрөгийг бүрэн гүйцэд төлсөн байдаг. Уг барилга нь одоогийн *************, ************ гудамжинд байршилтай бөгөөд нэршил нь “************” үйлчилгээтэй орон сууцны барилга болно.  

Энэхүү гэрээний 3.1-д. “...Гүйцэтгэгч тал болох “А.*********” ХХК нь орон сууцны барилгыг Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тоггоомж, барилгын норм ба дүрэм чанар стандартанд нийцүүлэн батлагдсан зураг, төслийн дагуу 2023 оны 3 дугаар улиралд багтаан багтаан барьж дуусгана. Улсын комисс ажиллуулан ашиглалтанд оруулж, захиалагчдад хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ....” хэмээн гэрээндээ заасан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууц нь баригдаагүй, зөвхөн 3 давхар хүртэл л баригдаад зогсонги байдалтай олон сар боллоо. Орон сууцанд захиалга өгсөн иргэд эхлээд “А.*********” ХХК-ийн захирал Л.Ч************тай удаа дараа уулзаж яагаад хугацаандаа барилга баригдахгүй талаар лавлахад санаа зоволтгүй эдийн засгийн жаахан асуудалтай байна, удахгүй гэрээнд зааснаар орон сууцаа ашиглалтанд оруулна гэж хэлж яриж байсан боловч сүүлийн үед биднээс зугтаж утсаа ч авахгүй байдалд хүрсэн. Орон сууцны захиалагчид хийгдсэн гэрээнийхээ хэрэгжилтийг хүлээж, их хүлээцтэй хандсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл гүйцэтгэгч тал болох “А.*********” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй захиалагч талын эрх ашгийг тоохгүй байх тул нэхэмжпэгч миний бие нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дохь хэсэгт заасныг баримтлан гэрээгээ цуцлах тухайгаа удаа дараа амаар очиж мэдэгдэж байсан болно. Үүнийг надтай хамт “А.*********” ХХК-тай орон сууцны гэрээ байгуулж мөн гэрээгээ цуцалж байгаа олон хүмүүс гэрчилнэ. Гэвч “А.*********” ХХК-ийн зүгээс хоцорсон ч гэсэн барилга барих ажлаа хийхгүй, санаачлага гаргахгүй байх тул миний зүгээс тус шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж байгаа болно. 

Гэрээний 6-д Талуудын хариуцлагын тухай заалт орсон байдаг бөгөөд гэрээний 6.3-д зааснаар гүйцэттгэгч нь ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 90 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлсөн нийт үнийн дүнгийн 0-0,2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэсний дугуу алдангаа мөн нэхэмжилж байгаа болно. 

Иймд Б.З********* минйй бие "А.*********” ХХК-тай байгуулсан 2022 тоны 08 сарын 16-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын **/*** дугаартай гэрээг цуцалж, орон сууц захиалгын үнэ болох 41,337,000 төгрөг, болон гэрээний алданги болох 2,480,100 төгрөг, нийт 43,817,100 төгрөгийг“А.*********'ХХК-иас нэхэмжилж байна.” гэжээ. 

2.Хариуцагч “А.*********” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Захиалагч Б.З*********ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.  

Манай компанийн хувьд хэрэпжүүлж байгаа барилгын төсөл нь санхүүжилтээс болж удааширч байгаа нь үнэн бөгөөд 3-р давхрын угсралтын ажил хийгдээд хүйтний улирал эхэлсэнээр түр зогссон байна. 2025 оны 2-р улирлаас барилгын ажил эхэлнэ. 

Байгууллагын удирдлага хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан хамгийн сүүлд 2024 оны 11 сарын 15-ны өдөр захиалагчидтай уулзсан бөгөөд манай компанийн зүгээс байр ашиглалтанд орох хугацаа дахин үргэлжлэх хугацааны талаар захиалагчдад тайлбар мэдээлэл өгч түүнээс хойш дахиж уулзалт хийгдээгүй бид ямар нэгэн байдлаар зугатаагүй оргон зайлаагүй. Захиалагчид гэрээ цуцлах талаар бус үргэлжпүүлэх талаар ярилцаж тохироод явсан. Өнөөдрийн байдлаар 2025 оны барилгын ажпын зохион байгуулалт санхүүжилтийн ажлыг хөөцөлдөн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хүйтний улирал эхэлж барилгын ажил зогссонтой холбогдуулан 2025.01.01-2025.02.01 хугацаанд манай байгууллагын ажилтнууд ээлжийн амралтаа авсан байна. Энэ бол барилгын ажпын улирлаас хамаарсан сул зогсолт юм. 

Захиалагчийн хувьд өөрийн хүсэл сонирхлоор буюу барилга ашиглалтанд орох хугацааг хүлээж чадахгүй учир гэрээг цуцлах санал гаргаж байгаа тул манай компанийн хувьд алдангийг төлөх боломжгүй юм. Барилгын хувьд хугацаа хэтэрсэн хэдий ч бүр мөсөн зогсоогүй байгаа юм. Тиймээс 2 талаас гэрээг үргэлжлүүлж барилгын ажил дуусч улсын комисст хүлээлгэж захиалагчид түлхүүр гардуулсан өдөр хүртэл сунасан хугацааны алдангийг гүйцэтгэгч талаас төлөхөөр байр захиалгын гэрээний 6.3 дахь талуудын харицлагыг тодруулсан зүйл заалтад тодорхой дурдсан байна. Гэрээ цуцлагдсан тохиолдолд манай байгууллагын зүгээс алданги төлнө гэсэн заалт хамтран байгуулсан гэрээнд тусгагдаагүй юм.  

Захиалагчын хүсэлтээр гэрээ цуцлагдах тохиолдолд байр захиалгын төлбөрийг хэрхэн барагдуулах талаар гэрээний 4.7., болон 6.1. дэхь заалтад тодорхой тусгасан байгаа. Нэгэнт захиалагч гэрээ цуцалж төлбөрийг эргүүлж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байна, байр захиалгын төлбөр болох 41,337,000 төграгийг хүлээн зөвшөөрч байна. Манай байгууллагын 2025 оны барилгын ажил 2025 оны 2-р улиралд эхлэх бөгөөд энэ үед борлуулалт хийх боломжтой байх тул 2025 оны 4 сарын 30-ны өдрийн дотор байр захиалагчын төлсөн 41,337,000 төгрөгийг барагдуулах саналтай байна” гэжээ. 

3.Нэхэмжлэгч Б.З********* шүүхэд гаргасан тайлбартаа: 

“Хариуцагч “А.*********” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын 41,337,000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхийг би хүлээн зөвшөөрч байна. Б.З********* би алданги 2,480,100 төгрөгөөсөө татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, “А.*********” ХХК болон Б.З*********ын хооронд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №**/*** дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”, гэрээний хавсралт зураг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Б.*******” ХК-ийн Мөнгөн шилжүүлэгийн баримт зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно. 

  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

  

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч Б.З********* нь хариуцагч “А.*********” ХХК-д холбогдуулан, талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан, №**/*** дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г цуцалж, гэрээний дагуу төлсөн 41,337,000 төгрөг, алданги 2,480,100 төгрөг, нийт 43,817,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 2,480,100 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь гэрээ цуцлахыг зөвшөөрч, 41,337,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна. 

Дээрхээс үзэхэд, нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрснийг зохигчид эвлэрсэн гэж үзнэ. 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Талуудын эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 188,517.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.З*********т олгох нь зүйтэй. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.Б.З*********ын нэхэмжлэлтэй, “А.*********” ХХК-д холбогдох, гэрээ цуцалж, 43,817,100 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийн нэхэмжлэгч Б.З********* нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 2,480,100 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь гэрээ цуцлахыг зөвшөөрч, 41,337,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 377,035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 188,517.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.З*********т  олгосугай. 

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

ШҮҮГЧ З.БАЯРМАА