Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00095

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: УДС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  TM эт холбогдох,

Дулааны төлбөр 21,760,255 төгрөг, алданги 10,880,128 төгрөг, нийт 32,640,383 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч УДС ХХК-ийн ерөнхий захирал Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: УДС ХХК нь Увс аймаг, Улаангом сумын 3-р багт байрлан үйл ажиллагаа явуулдаг. УДС ХХК ..... регистрийн дугаартай,хувийн хэргийн дугаартай, Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ......... гэрчилгээтэй. УДС ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд Увс аймгийн Улаангом сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг хэвийн явуулж, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Хариуцагч TM эмнэлэг нь 2024 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар Дулааны эрчим хүч хэрэглэсэн 21,760,255 төгрөгийг төлөхгүй байгаагаас шалтгаалж УДС ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.дүгээр зүйлийн 6.1.11. халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тушаалын б/ Увс аймгийн халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжлэгч УДС ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй хугацаандаа явуулж ирсэн болно. УДС ХХК нь Увс аймгийн Улаангом сумын TM эмнэлэгт 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/39 дугаартай Албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлж 2024 оны 4 дүгээр сарын 15-ны дотор дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхийг хүсэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5% хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. Иймд Хариуцагч TM эмнэлгээс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 21,760,255 төгрөг, алданги 10,880,128 төгрөг, нийт 32,640,383 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч TM эмнэлгийн захирал Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус компани УДС ХХК нь 2014, 2015 онуудад дулаан нийлүүлсэн төлбөр нэхэмжилсэн байна. Манай байгууллага нь 2014, 2015 онуудад нам даралтын зуухаар дулаанаа хангаж байсан болно. Тухайн үед өглөө, орой, шөнө нь Н.М гэх хүнээр өдрийн цагуудад өөрсдөө галладаг байсан. Нүүрсийг О.Г нийлүүлдэг байсан. 2016 онд тус компанийн шугамаас дулаанд холбогдсон боловч манай байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан дулаанаар огт хангаагүй, энэ талаар байцаагч, инженер нарт нь утсаар болон биеэр очиж дуудлага дуудахад инженер техникийн ажилтнууд, слесарь ирж ус авч хаалтуудын тохиргоо хийгээд тухайн үедээ халаад удалгүй хөрдөг байсан ба энэ талаар байцаагч нарт нь тухай бүр танилцуулж байсан. Мөн Ерөнхий инженер Чг урьж үзүүлэхэд танай халаалт муу юм байна манай байгууллагын хурал, цуглаан дээр яригдаж байгаагүй учраас би мэдэхгүй гэж ярьж байсан. Халаалт муу байсан талаар Н гэх хүн 2017 оны өвөл гэр нь шатаж өрөө хүсэхээр нь манайд халдаггүй нэг давхрын өрөөнүүд байна хүн амьдрах боломжгүй гэхэд хамаагүй би ойр орох газар алга гэсээр 100 номерын өрөөнд орж улайсдаг тень тавьж амьдарч байсан ба шөнө 2-3 удаа ус авч асгаж пар бүлээн болгож өвлийг өнгөрөөсөн. Манай байгууллагад жижүүр, үйлчлэгчээр ажиллаж байсан М, О энэ талаар мэднэ. Тухайн үед халаалт муу байгаа тул гэрээ байгуулах гэж ирсэн байцаагчид хэлж гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчээс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр, 21,760,255 төгрөг, алданги 10,880,128 төгрөг, нийт 32,640,383 төгрөг гаргуулах талаар нэхэмжлэл ирүүлсэн байна. Манай байгууллага нь халаалт муу ирж байгаатай холбоотойгоор Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.5-д заасны дагуу төлбөрийн зарим хэсгийг хуулийн хугацаанд төлж барагдуулж байсан, мөн манай байгууллагын зүгээс шалтгаалахгүйгээр халаалт авах хугацаанаас 1 сарын хойно халаалт авч байсан талаар албан бичгээр мэдэгдэж байсан боловч төлбөр бүрэн нэхэмжилсэн байна.Манай компани 2018 онд барилгадаа бүрэн засвар оруулж үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж TM эмнэлгийн Увс дахь салбар нээж ажиллуулж байсан боловч 2020 оноос ковид цар тахлын улмаас аймгийн Засаг даргын захирамжаар үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. 2022 оноос 2 өрөөг эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр үлдээж 5 өрөөнд өөрсдөө 2 өрөөг түрээсээр ашиглаж байгаа талаар тус нэхэмжлэгч байгууллагад албан бичгээр хандаж дулааны төлбөр өөрчилж тооцох талаар хүсэлт гаргаж байсан боловч ямар нэгэн хариу ирүүлэхгүй, бичилт хийх бүрдээ ямар нэгэн задаргаа байхгүй урьд оны үлдэгдэл гэж бичиж ирүүлдэг байсан. Манай талаас гаргасан хүсэлтийг огт хүлээн авдаггүй байсан. УДСын дулааны шугам сүлжээний ус зөөлрүүлэх, цэвэрлэх технологийг стандартын дагуу хийдэггүйгээс пар, трубо 2-3 жил болоод цоорч ус алдаж манай компанид удаа дараа хохирол учруулсан үл мөр одоо ч байсаар байна. Манай компани сангийн хэрэгслийг хамгийн чанартайг нь тавьдаг байсан. Үүнийг сольж үйлчилгээ хийсэн слесарь 2016 оны н.А, 2018 он н.Б, н., 2023 он н.Г нар гэрчилнэ. УДСаас ирүүлсэн албан шаардлага бүрд хариу өгч хүндэтгэлтэй хандаж ирсэн боловч хэрэглэгчийн хүсэлтийг сонсдоггүй, хамтран ажилладаггүй төлбөр хийхгүй бол дулаан тасална гэсэн айлган сүрдүүлсэн дарамталсан бичиг ирүүлж байсанд гомдолтой байна. Манай компани УДСаас авсан дулааны хэмжээнд төлбөрөө үйл ажиллагааны орлого болон хувиасаа төлж ирсэн. Дээрх гэрчүүд болон холбогдох хүмүүсээс асуумж авч үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

            Нэхэмжлэгч УДС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч TM эмнэлгийн захирал Н.Б нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч УДС” ХХК-ний захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би, хариуцагч “TM” эмнэлгийн захирал Н.Б бид дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

            1. Хариуцагч  “TM” эмнэлэг нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 21,760,255 төгрөг, алданги 321,151 төгрөгийг төлж барагдууллаа.

            2. Нэхэмжлэгч УДС” ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч “TM” төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 10,558,977 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

            3. Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч УДС” ХХК нь хариуцагч TM” эмнэлэгт холбогдуулан дулааны төлбөр 21,760,255 төгрөг, алданги 10,880,128 төгрөг, нийт 32,640,383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч УДС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч TM” эмнэлгийн захирал Н.Б нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:  TM” эмнэлэг нь УДС” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 21,760,255 төгрөг, алданги 321,151 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 10,558,977 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлжээ.

3. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч УДС” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 321,152 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 22,081,406 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 268,357 төгрөгийн төгрөгийн 50 хувь буюу 134,178 төгрөгийг хариуцагч “TM” эмнэлгээс, төрийн сангаас 134,178 төгрөгийг тус тус гаргуулан УДС” ХХК олгож, 186,973 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч УДС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч TM” эмнэлгийн захирал Н.Б нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Үүнд:  TM” эмнэлэг нь УДС” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 21,760,255 төгрөг, алданги 321,151 төгрөг, нийт 22,081,406 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 10,558,977  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 321,152 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 22,081,406 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 268,357 төгрөгийн төгрөгийн 50 хувь буюу 134,178 төгрөгийг хариуцагч “TM” эмнэлгээс, төрийн сангаас 134,178 төгрөгийг тус тус гаргуулан УДС” ХХК олгож, 186,973 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

  ШҮҮГЧ                               П.БОЛОР