2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/01506

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 17

191/ШШ2025/01506

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч О.Аззаяа, Г.Бямбажаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М т з ТӨХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 18.573.477 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М т з ТӨХК-ийн өмчлөлийн ХХХХ УББ улсын дугаартай Isuzu CXZ81 маркийн өөрөө буулгагч төрлийн тээврийн хэрэгслийг тус компанийн жолооч Ч.Б 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг Мандал сумаас баруун урагш 45 км зайд Тавантолгой Ханги-мандал чиглэлийн нүүрс тээврийн замд зорчиж байхдаа урсгал сөрж манай компанийн даатгуулагч Ф ХХК-ийн эзэмшлийн ХХХХ УАК улсын дугаартай тус компанийн жолооч Г.М-ийн жолоодож байсан Beibei North Benz маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд холбогдсон.

Тухайн ослын газарт ажилласан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Манлай сум дахь Цагдаагийн хэлтсийн Экологийн асуудал хариуцсан байцаагч, Цагдаагийн дэслэгч Б.С-ийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа-аар тус зам тээврийн осол нь М т з ТӨХК-ийн өмчлөлийн ХХХХ УББ улсын дугаартай Isuzu CXZ81 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2-т Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а) Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; зэрэг заалтыг тус тус зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдсон.

Тус зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын үнэлгээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий байгууллага болох Х ХХК хийж 2022 оны 9 сарын 19-ний өдрийн №728 тоот Автомашин техник үнэлгээний тайлан гаргасан бөгөөд тайлангаар нийт хохирлын хэмжээг 27.320.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Бидний зүгээс Ф  ХХК-тай байгуулсан №88C2100464 тоот Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал-ын гэрээ, хохирол үнэлгээний тайлан, даатгуулагчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №22/078 тоот хүсэлт болон холбогдох бусад нотлох баримтуудад үндэслэн 25.563.324 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагч Ф  ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэгч даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасны дагуу даатгуулагч Ф ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №22/079 тоот Буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрх шилжүүлэх тухай албан тоот бичгээр буруутай этгээдээс гэм хорын төлбөр нэхэмжлэх эрхийг манай компанид бүрэн шилжүүлсэн болно.

М ТӨХК-ийн өмчлөлийн ХХХХ УББ улсын дугаартай Isuzu CXZ81 маркийн өөрөө буулгагч төрлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан тус компанийн ажилтан, жолооч Ч.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 болон 13.2 заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4. дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д тус тус заасны дагуу тус компанийн даатгуулагчид учруулсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй. Жолооч Ч.Б-ын жолоодож явсан 46-30 УББ улсын дугаартай Isuzu CXZ81 маркийн тээврийн хэрэгслийн Х ХХК дахь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас хохирлын нөхөн төлбөр болох 6.989.847 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл М т з ТӨХК-иас нийт хохирлын үлдэгдэл төлбөр болох 18.573.477 төгрөгөөс ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй, хохирол барагдуулаагүй байна.

А д ХХК нь М т з ТӨХК-д осол гарсан өдрөөс хойш тухайн ослын талаар бүрэн мэдээлэл өгч, удаа дараа албан бичиг хүргүүлж ирсэн. Бид 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №22/11-054 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр хохирлоо нэхэмжилсэн бөгөөд М т з ТӨХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №01/132 тоот албан бичгээр Ф ХХК өөрийн эзэмшлийн ХХХХ УАК улсын дугаартай Beibei North Benz маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг Х ХХК-иар тогтоолгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг өөр компаниар хийлгүүлэх болсон талаар мэдэгдсэн. Тус өдрөөс хойш М т з ТӨХК-иас бидэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй, хохирол барагдуулах ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд бид 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр №23/09-013 албан тоот дахин хүргүүлж, тухайн хохирлыг нөхөн төлөх талаар хариу ирүүлэхийг мөн арга хэмжээ аваагүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу шүүхэд хандах тухай мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Иймд, хариуцагч М т з ТӨХК-иар Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7. дахь хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4. дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус заасны дагуу бидний даатгуулагчид нөхөн төлсөн 18.573.477 төгрөгийн хохирлыг төлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

Манай компанийн өмчлөлийн ХХХХ УББ улсын дугаартай Isuzu CXZ81 маркийн өөрөө буулгагч төрлийн тээврийн хэрэгслийг Цогтцэций өртөөнд жолооч ажилтай Чулуунбаатар овогтой Батбаатар нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал сумаас баруун урагш 45 км зайд Тавантолгой Ханги-Мандал чиглэлийн нүүрс тээврийн замд зорчиж байхдаа урсгал сөрж, улмаар А д ХХК-ийн даатгуулагч Ф ХХК-ийн эзэмшлийн ХХХХ УАК улсын дугаартай Beibei North Benz маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд холбогджээ.

Улмаар дээрх ослын шалтгаан нөхцөлийг ослын газарт ажилласан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Манлай сум дахь Цагдаагийн хэлтсийн Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.С-ийн хийсэн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа-д ... тус зам тээврийн осол нь М т з ТӨХК-ийн өмчлөлийн ХХХХ УББ улсын дугаартай Isuzu CXZ81 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2 дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а) Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; зэрэг заалтыг тус тус зөрчсөнтэй холбоотой гэж дурдсан байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын үнэлгээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий байгууллага болох Х ХХК нь хийж гүйцэтгэн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №728 дугаартай Автомашин техник үнэлгээний тайлан-р нийт хохирлын хэмжээг 27.320.000 төгрөгөөр тогтоосон байна.

Улмаар нэхэмжлэгч А д ХХК нь дээрх Х ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Автомашин техник үнэлгээний тайлан болон Ф ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №22/078 дугаартай хүсэлтийг үндэслэн 25.563.324 төгрөгийн нөхөн төлбөрийг Фэд транс ложистик ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан ба тус компанийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №22/079 дугаар Буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрх шилжүүлэх тухай албан бичгийг гаргуулан авч Иргэний хууль, Даатгалын тухай хуульд заасны дагуу шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж дурдсан байна.

Ч.Б-ын жолоодож явсан ХХХХ УББ улсын дугаартай Isuzu CXZ81 маркийн өөрөө буулгагч төрлийн тээврийн хэрэгслийн Х ХХК дахь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас хохирлын нөхөн төлбөр болох 6.989.847 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлж барагдуулсан ба одоо үлдэгдэл төлбөрт 18.573.477 төгрөгийг М т з ТӨХК нь төлж барагдуулахаар байна.

Хэдийгээр манай компани Цогтцэций өртөөний жолооч ажилтай Ч.Б-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2-д заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас учруулсан хохирлыг Монгол Улсын иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу А д ХХК-д учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй хэдий ч Х ХХК-ийн гаргасан Автомашин техник үнэлгээний тайлан-г хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Учир нь А д ХХК-ийн даатгуулагч Ф ХХК-ийн эзэмшлийн ХХХХ УАК улсын дугаартай Beibei North Benz маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлүүд нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас нэгэн зэрэг учирсан эсэх нь эргэлзээтэй байна. Түүнчлэн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Манлай сум дахь цагдаагийн хэсгээс явуулсан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдсэн хэргийн газрын үзлэг, хэргийн газрын үзлэгийн үед баримтжуулсан фото зураг, дуу-дүрсний бичлэг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэж техникийн тусгай мэдлэг бүхий шинжээчээр дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой эсэхийг тодруулах, түүний дараа хохирлын үнэлгээг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шилжүүлгийн мэдээлэл, цахим гүйлгээний баримт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Х ХХК- ийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №728 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 88C2100464 тоот даатгалын гэрээ /Даатгалын гэрээний үндсэн нөхцөл, тусгай нөхцөл, даатгалын зүйлийн дэлгэрэнгүй мэдээлэл/, Ф ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22/078, 22/079 тоот албан бичгүүд, Г.М-ийн жолоочийн үнэмлэх; иргэний үнэмлэхийн хуулбар, Ф ХХК-ийн өмчлөлийн ХХХХ УАК, ХХХХ АА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга, А Д ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/11-054, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 23/09-013 тоот албан бичгүүд, М т з ТӨХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/132 дугаар хариу хүргүүлэх тухай албан тоот, Ч.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн үнэмлэх, М т з ТӨХК-ийн өмчлөлийн 4630УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлжээ /хх 8-42, /

4:Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ /хх 44-45, 133-134, 144-145/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2024/01431 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Өмнөговь аймгийн Манлай суманд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шалгагдсан зөрчлийн 3417 дугаартай материал, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/64 тоот албан бичиг, Х ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан зэргийг бүрдүүлжээ. /хх 56-59, 64-98, 102-128/

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч А д ХХК нь М т з ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 18.573.477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Даатгуулагч Ф ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хариуцагч компанийн тээврийн хэрэгслээр мөргөж зам тээврийн осол гаргасан, даатгалын гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож шаардах эрхийг шилжүүлж авсан тул хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувиар гаргуулна гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Ослыг манай эзэмшлийн тээврийн хэрэгслээр ажилтан гаргасан ч тээврийн хэрэгсэлд учирсан хохирол зөвхөн тухайн ослоос үүдэлтэй эсэх эргэлзээтэй гэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг, Манлай сумаас баруун урагш 45 км зайд Тавантолгой Ханги-мандал чиглэлийн нүүрс тээврийн замд жолооч Ч.Б нь 4630 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ХХХХ УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2.-т Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а)Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал зэрэг заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан зөрчлийн 3417 тоот хэргийн материал, Өмнөговь аймаг дах цагдаагийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 0243318 тоот шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна. /хх 13,14, 65-98/

3.2.Осолд өртсөн ХХХХ УАК улсын дугаартай Beiben north benz маркийн тээврийн хэрэгсэл нь Ф ХХК-ийн эзэмшлийнх, А д ХХК болон Ф ХХК нарын хоорондох 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн даатгалын гэрээний зүйл, улмаар даатгалын тохиолдол үүссэн үндэслэлээр даатгуулагчид А д ХХК-иас нөхөн төлбөрийг олгосон болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын гэрээ, нөхөн төлбөр олгосон баримт зэргээр тогтоогдож байна. /хх 18-33, 35, 97/

Ийнхүү нөхөн төлбөрийг олгосноор А д ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж зааснаар шаардах эрхийг өөртөө шилжүүлж авсан.

3.3.Зам тээврийн осолд холбогдсон жолооч Ч.Б нь М т з ТӨХК-ийн ажилтан гэдгийг хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн.

Түүнчлэн жолооч Ч.Б-ын жолоодож явсан ХХХХ УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч М т з ТӨХК болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх 42, 96/

4.Зохигчид дээрх үйл баримтуудад маргаагүй, харин тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээнд буюу үнэлгээний тайлангаар тогтоосон хэмжээ ослоос үүдэлтэйгээр учирсан хохирол мөн эсэхэд маргасан.

4.1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардахын тулд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор (хохирол), тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана. Хэргийн баримтаар хуульд заасан шаардах эрхийн урьдач нөхцлүүд хангагдсан. Өөрөөр хэлбэл жолооч Ч.Б зам тээврийн осол гаргасан хууль бус үйлдэл, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгч шаардах эрхийг /регресс/ өөртөө шилжүүлж авсан тул тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй.

4.2.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч гэм хорын тусгай төрлөөр буюу тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувиар хариуцагч компаниас хохирлыг шаардсан, хэргийн баримтаар хариуцагч хуулийн этгээд ажилтан Ч.Б-т ХХХХ УББ улсын дугаартай тухайн тээврийн хэрэгслийг ажил үүрэг гүйцэтгүүлэхээр шилжүүлж өгсөн тул ХХХ УАК дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан, хэргийн баримтаар даатгуулагчид 23.006.991 төгрөгийг хохиролд тооцон олгосон, Жолоочийн албан журмын даатгалаас 6.989.847 төгрөг хүлээн авсан талаар дурдсан тул хасч үлдэх 16.017.144 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /хх 11, 36/

4.3.Нэхэмжлэгчээс даатгалын нөхөн төлбөрт 25.563.324 төгрөг олгосон, үүнээс улсад төлөх татвар хураамжийг хассан дүнгээр даатгуулагчид хохирлын мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж, 25.563.324 төгрөгөөс тооцож гаргуулахаар шаардсан боловч шүүх бодитоор даатгуулагчид нөхөн төлбөрт шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээгээр даатгагч өөртөө шилжүүлж авсан гэж үзнэ.

4.4.Хариуцагч хохирлын хэмжээнд маргаж, шүүхээс Хөрөнгө эстимэйт ХХК-г шинжээчээр томилсон, шинжээчээс ХХХХ УАК дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 25.260.000 төгрөгөөр тогтоосон нь зөрчлийн хэрэгт авагдсан Х ХХК-ийн хийсэн 27.320.000 төгрөг гэсэн үнэлгээнээс хол зөрүүгүй. /хх 15-17, 84-85, 101-130/

Тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлүүд зөвхөн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ослоос үүдэлтэй эсэх эргэлзээтэй, нэг цаг хугацаанд үүссэн эсэх тодорхойгүй гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарласан тул шүүх хариуцагчийн хүсэлтээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийг шинжээчээр томилсон. Гэвч шинжээчээс 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/64 тоот албан бичгээр техникийн шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй талаар хариуг ирүүлсэн. /хх 56-59, 63,64/

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Нөгөө талаас хэрэгт авагдсан даатгалын гэрээний хавсралтад ХХХХ УАК улсын дугаартай Beiben north benz маркийн тээврийн хэрэгсэл 2020 онд үйлдвэрлэсэн гэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд 2020 оны 10 дугаар сарын 28-нд Монгол Улсад орж ирсэн гэж тэмдэглэгдсэн байгааг дурдав.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Түүнчлэн томилогдсон иргэдийн төлөөлөгчид хуралдаааны товыг мэдэгдсэн ч хүрэлцэн ирээгүй. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлиин 100.3, 100.8-т зааснаар тэдгээрийн эзгүйд хэлэлцэв.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Х ХХК-г шинжээчээр томилсон, энэ зардал зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 1.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан М т з ТӨХК-иас 16.017.144 /арван зургаан сая арван долоон мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.556.333 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250.818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 238.035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 1.200.000 төгрөгийг хариуцагч М т з ТӨХК-иас гаргуулж, шинжээч  ХХК /РД: 5932424/-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД О.АЗЗАЯА

 

 

Г.БЯМБАЖАРГАЛ