Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1015

 

 

Д.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Д.Д,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/982 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ды гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2308012880908 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Д Д, 2000 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 3, эцэг, эхийн хамт - тоотод оршин суух, /РД:-/,

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, нийт эдлэх ялыг 1 жил 11 сарын хугацаагаар тогтоож, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

            1. Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 03 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Х 41 дүгээр гудамжинд хохирогч Б.Оын толгой руу нь гараараа цохиж унаган өшиглөх зэргээр биед нь халдан хүч хэрэглэж, хохирогчийн халаасанд байсан “С” маркийн гар утас, бэлэн 39.500 төгрөгийг хууль бусаар авч нийт 189.500 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч бусдад нийт 339.500 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн орчимд байхдаа хохирогч Б.Л эзэмшлийн “С” маркийн гар утсанд суулгасан интернэт банкнаас 1.100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар хулгайлж, өөрийн эзэмшлийн - дугаарын дансанд шилжүүлэн авсан,

3. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-214 тоот Ц.Д гэрээс гарахдаа Н.Х эзэмшлийн Хас банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тус картаас 3.700.000 төгрөгийг “G” нэртэй худалдааны төв дотор байх Хас банкны АТМ-ээс бэлнээр гаргаж авсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн орчимд байхдаа хохирогч Б.Л эзэмшлийн “С” маркийн гар утсыг “Утсаар чинь ганц ярьчихъя” гэж хэлээд авч зугтан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк орчинд “С” маркийн гар утас хямдхан зарна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ш.Н “гар утас ломбардад байгаа, чөлөөлөөд ав” гэж хэлэн 330.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон ломбардаас авхуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн орчимд явж байхдаа хохирогчоос “утсаа өгч байгаач мэйл хаягаа гаргаадахъя” гэж хуурч, хохирогчид зарсан “С” маркийн гар утсыг залилан авсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: шүүгдэгч Д.Ды үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овгийн Д Д нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б овгийн Д Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан Д.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн тооцож, оногдуулсан хорих ялууд дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Дд оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Д.Ды цагдан хоригдсон 100 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Даас нийт 5.614.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Лид 1.250.000 төгрөг, хохирогч Ш.Нэд 475.000 төгрөг, хохирогч Н.Хт 3.700.000 төгрөг, хохирогч Б.Оад 189.500 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2023 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн орой Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах О караокены орчим гэртээ харих гээд явж байтал хохирогч гэх Б.О нь ирж “ахдаа утсаараа яриулж туслаач, ах нь энэ караокед гар утсаа барьцаанд тавьчихлаа, авч өгөх хүн дуудах гэсэн юм” гэхээр нь би өөрийн утсаар яриулсан. Энэ хооронд бид хоёр танилцаж, нөгөө хүн маань өврөөсөө 1 шил архи гаргаж ирээд хувааж уусан. Гэтэл нөгөө хүн маань “очих газаргүй” гэхээр нь би “манай гэрт очоод хоночихоо” гэж туслах зорилгоор, мөн архи уусан хүн замд тасраад уначихвий гэж өрөвдөөд гэр рүүгээ дагуулаад явж байтал нөгөө ах маань надаас “эмэгтэй хүн буюу хүүхэн бий юу? олж чадах уу? бас архи авч өг” гэх мэтээр эвгүй зүйлс ярьж шаардаад эхлэхээр нь би дургүйцлээ илэрхийлж “та буудалд биш айлын гэрт очиж байгаа шүү дээ” гэтэл миний нүүр рүү цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд хацар руу нь 2 алгадчихаад орхиод гэртээ харьсан. Гэртээ хариад амрах гэж байтал үл таних дугаараас надад дуудлага иртэл нөгөө хүний дүү нь гэх эмэгтэй “яагаад манай ахыг зодчихоод утсыг нь аваад явчих ваа” гэхээр нь би “Утсыг нь аваагүй ээ, харин танай ах чинь намайг эхэлж цохисон, өглөө яръя” гээд утсаа тасалсан. Гэвч өглөө нь бид 2 уулзалдаагүй ба ах нь ч над руу яриагүй. Би ч тэр хүн рүү яриагүй юм. Гэтэл намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсээс эрэн сурвалжлах зарлан хайсан бөгөөд утга нь дээрх иргэн тухайн үедээ цагдаагийн 102 утсанд дуудлага өгсөн байсан гэсэн. Үүнээс хойш 2 сарын дараа 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, дэслэгч Н.Б, дэслэгч М.Б нарын 4 цагдаа нар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэр А зочид буудлын автобусны буудал дээрээс намайг хүч хэрэглэн баривчилж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст байрлах албан өрөөндөө авчирч, цахилгаан бороохойгоор зодож, гарыг маань ард гарган паарнаас гавлан зодож, 2 өдөр эвгүй байдалтай суулгаж, шөнө нь эрүүлжүүлэхэд хонуулж байсан. Үүний дараа надаас байцаалт авахдаа “чи яагаад хүн зодсон бэ, гар утас, мөнгө нь хаа байна” гэхээр нь би “тэр хүн эхлээд намайг согтуурхаж цохисон, надаас хүүхэн, архи нэхсэн, тэгэхээр нь танилцаад 2 цаг гаран болсон, урьд танихгүй хүн тул зөрүүлж цохиод орхиод явсан” гэдгээ хэлсэн. Гэтэл дахин цахилгаан бороохойгоор айлгаж, үг хэлээр доромжлон загнаад “чи угаасаа хорих ял авахгүй ээ, хохирлын хэмжээ нь хүрэхгүй учир зөрчлийн хуулиар торгуулна, тиймээс “гар утсыг нь 30.000 төгрөгийнх нь хамт авсан” гэж мэдүүлээд хэргээсээ хурдан салаа” гэхээр нь би хуулийн мэдлэггүй, бас их айсан тул гарын үсэг зурчихсан. Яг үнэндээ би тэр хүнийг дээрэмдэх зорилго, сэдэл надад огтоосоо байгаагүй. Тэр хүнд гар утас ч байгаагүй. Харин ч миний утсаар ярьж, утсаа барьцаанаас авхуулах зорилгоор хүн дуудах гэж миний утсаар ярьж, надтай танилцаж “эр хүмүүс байна, ганц юм хувааж ууя” гээд архи гаргаж ирснээс өөрөөр тэр хүнд гар утас байгаагүй. Бэлэн 30000 төгрөг байсан эсэхийг би үнэндээ мэдэхгүй. Би тэр хүнээс гар утас, мөнгө аваагүй ээ. Ингээд мэдүүлэг авмагцаа 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн орой таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсон. Тэгээд 5 дугаар сарын 12-ны өдөр нөгөө байцаагч маань ирж дээрмийн зүйл ангиар яллагдагчаар татсан гэж хэлээд гарын үсэг зурахыг шаардсан. Би “юу болж байна аа” гэтэл “өмнө нь ял шийтгэл эдэлж байсан байна, шүүх дээрээ очиж учраа ол” гэж хэлээд явсан. 2023 оны 7 дугаар сард өөр байцаагч ирж хавтаст хэрэг танилцуулсан. Ингээд шүүхээр орсон. Шийтгэх тогтоолоо гардаж аваад, уншиж танилцаад хохирогч худлаа мэдүүлж, мөрдөгч нар түүний талд ажилласан. Гэрч У буюу хохирогчийн төрсөн дүүгийн мэдүүлгээр нотлогдож байна гэж ойлгож буй тул давж заалдах гомдол гаргаж байна. Мөн би хуулийн мэдлэггүй учраас анхан шатны шүүх дээр гэм буруугаа хүлээвэл ял чөлөөлдөг гэж ойлгоод шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээчихсэн юм аа. Үнэндээ би дээрмийн гэмт хэрэг хийгээгүй. Хохирогч гэх Б.О нь худлаа мэдүүлэг өгсөн, цагдаа нар намайг дарамталж айлган худлаа мэдүүлэг өгсөн. Миний мэдүүлгийг өөрчилж бичсэн байх тул миний эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл хэсгийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт 3-н зүйл ангийн хорих ялыг нэмж нэгтгэсэн тул дээрх 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлснийг өөрчилж хорих ялаа эдэлсний дараа дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлж өгөхийг хүсье. Миний бие нь холбогдсон хэрэгтээ туйлын харамсаж, гэмшиж буй тул хохирлоос 1.000.000 төгрөгийг эхний ээлжид төлөх боломж байгаа. Үлдэгдлийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Мөн миний охин Д А 4 настай, аав, ээж маань өндөр настай хөдөө мал малладаг тул ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ... “ гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Д нь нийт 4 удаагийн үйлдлээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхэд шүүгдэгчийг 5 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Дд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах боломжийг олгосон боловч шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлж барагдуулах талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй. Уг гэмт хэргийн улмаас хохирогчдод нийт 5.614.500 төгрөгийн хохирол учирсан. Мөн шүүгдэгч давж заалдах гомдолдоо “мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч миний эрхийг зөрчиж намайг зодож, хүчээр мэдүүлэг авсан” гэж дурдсан нь үндэслэлгүй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

1. Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 3 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Х 41 дүгээр гудамжинд хохирогч Б.Оын толгой руу гараараа цохих, унагах, өшиглөх зэргээр биед нь халдаж, хүч хэрэглэж, хохирогчийн халаасанд байсан “С” загварын гар утас, бэлэн 39.500 төгрөгийг хууль бусаар авч, нийт 189.500 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 339.500 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн орчимд хохирогч Б.Л эзэмшлийн “С” загварын гар утсанд суулгасан интернэт банкнаас 1.100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүй, нууцаар, өөрийн эзэмшлийн -дугаарын дансанд шилжүүлэн авсан,

3. 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы - тоот Ц.Д гэрээс гарахдаа Н.Х эзэмшлийн Хас банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тус картаас 3.700.000 төгрөгийг “G” нэртэй худалдааны төв дотор байх Хас банкны АТМ-ээс бэлнээр гарган авч бусдад нийт 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдөр фейсбүүк орчинд “ “С” загварын гар утас хямдхан зарна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ш.Н “гар утас ломбардад байгаа, чөлөөлөөд ав” гэж хэлэн 330.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон ломбардаас авхуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн орчимд явж байхдаа хохирогчоос “утсаа өгч байгаач мэйл хаягаа гаргаадахъя” гэж хуурч, хохирогчид зарсан “С” загварын гар утсыг залилан авсан,

5. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро орчимд байхдаа хохирогч Б.Л эзэмшлийн “С” загварын гар утсыг “утсаар чинь ганц ярьчихъя” гэж хэлээд авч зугтан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Л “...Д миний гар утсыг “ганц ярьчихъя” гэж хэлээд шууд аваад буугаад яваад өгсөн. Би харин таксины мөнгө өгөх гээд суугаад үлдсэн. Тэгээд би араас нь хөөсөн чинь зугтаад яваад өгсөн. Тэгээд би өглөө нь банк орж мөнгө авах гээд очиход миний данснаас Д 1.100.000 төгрөгийг өөрийнхөө -гэсэн данс руу шилжүүлж авсан байсан. Хохирлоо барагдуулмаар байна. ...” /1хх 158-159,185/,

Д.Ды яллагдагчаар өгсөн “...Лийг миний урд алхаад байхаар нь ар талаас нь халааснаас нь гар утсыг авсан. ... тэр үед Л өөр хүнтэй маргалдаад зогсохоор нь ... шууд орхиод яваад өгсөн. ...Л гар утсаар нь интернэт банк орж данснаас нь 1.100.000 төгрөгийг жолооч ахын данс руу шилжүүлээд Өргөөгийн АТМ-с бэлэн мөнгө картаас нь авсан санагдаж байна. ...” /1хх 182/,

хохирогч Б.Оын “...Би ... “О” нэртэй караокены үүдэнд үл таних 20-25 орчим насны залуутай танилцаад өөртөө байсан нэг шил архийг гудамжны үзүүрт хувааж уучхаад байж байтал тэр залуу “манай гэр энүүхэн ойрхон байдаг, хоёулаа манайд очиж хоноё” гэхээр нь би зөвшөөрөөд хамт Х гудамжаар алхаад явж байтал тэр залуу гэнэт над руу уурлан миний толгой руу гараараа цохиж унагаагаад, намайг хашааны буланд аваачин элэг, нурууны хэсэг рүү дэвсээд миний халаасанд байсан “С” маркийн гар утас, бэлэн 39.500 төгрөг булааж, дээрэмдээд яваад өгсөн. ...Мөн халаасанд бэлэн 39500 төгрөг байсан. Эдгээр зүйлсийг дээрэмдүүлсэн ... зодуулж дээрэмдүүлсний дараа миний нүүр, хацар зулгарсан байдалтай, элэг бөөр нуруу хэсэг хөндүүртэй байсан. Намайг зодож, дээрэмдсэн эрэгтэй би дахин харвал биеийн болон царайн ерөнхий төрхөөр нь танина. ...” /1хх 39-40/,

гэрч Б.Угийн “...Би 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн орой 22 цаг өнгөрөөд ах О - дугаараас холбогдоод “О” караокед гар утсаа барьцаанд байгаа аваад өг гэхээр нь утсыг нь авч өгөөд харьсан. Тэгээд ... шөнө 01 цаг 42 минутад өөр танихгүй утасны дугаараас залгаад “ах нь зодуулаад гар утсаа алдчихлаа нөгөө - утасны дугаар руу залгаад өг, энэ дугаартай хүн намайг зодоод миний гар утсыг аваад зугтаачихлаа” гэсэн тул тухайн гар утас руу залгаж “манай ахыг ямар учиртай зодож, гар утсыг нь авсан юм” гэхэд утасны цаанаас “танай ах чинь согтуу байсан, тэгээд миний шүдийг хугалсан, мөн маргааш уулзаад учраа олъё” гэж хэлээд утас нь холбогдохоо больсон. ...” /1хх 13/,

гэрч Б.Сын “...Би - дугаарыг эзэмшдэггүй бөгөөд ... манай нутгийн найз Д ... “өөрийнхөө нэр дээрээ утасны дугаар аваад өг” гэхээр нь тухайн газарт байдаг Юнителийн салбар дээр өөрийн нэр дээр тухайн - утасны дугаарыг авч Дд өгсөн. ...” /1хх 22/,

Д.Ды яллагдагчаар өгсөн “...Миний гар утсаар ярьсны дараа бид хоёр хамт нэг шил архи ууж байх хооронд тухайн эрэгтэй “оройдоо очиж хонох газаргүй байна” гэхээр нь “манай гэрт очиж хамт хоноё” гэж дагуулаад 21 дүгээр хорооллын зүүн талд байрлах 1 дүгээр хорооллын арын дэнж рүү дагуулаад явсан юм. Тэгээд явж байтал тэр ах “хүүхэн байгаа юу” гээд сонин зүйлс яриад байхаар нь уур хүрээд маргалдаж муудах болсон. Тэгээд тухайн ахыг урдаас нь харж байгаад толгойн ар дагз хэсэг руу 2 удаа алгадсан бөгөөд унаад өгөхөөр нь нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед халааснаас нь гар утас унахаар нь аваад явсан ба мөн тухайн үед гар утастай нь хамт бэлэн сайн санахгүй байна 30.000 орчим төгрөг байсныг мөн аваад явсан. ...” /1хх 60/,

хохирогч Н.Х “...Би 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр танил Л болон түүний найз залуу Д нарын хамт ... найз ... Д гэрт түр зуур унтаад сэрхэд Д явсан байсан бөгөөд ... би куртикнийхээ халаасыг үзтэл миний Хас банкны карт байхгүй байхаар нь Дыг авч явсан гэж бодоод тэдний гэрт байж байтал миний утсанд Хас банкны данснаас 5 удаагийн үйлдлээр 3.700.000 төгрөг зарлагаар гарсан. … 2023 оны 3 дугаар сарын 15-ны орой тухайн Д гэх залууд Хас банкны картаа өгч явуулан хэрчсэн гурил авахуулсан бөгөөд тэр үед миний картын нууц кодыг тогтоож авсан байна. Миний дансанд 3.733.000 төгрөг байсан бөгөөд 3.700.000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр АТМ-ээс уншуулан гаргаж авсан байсан. ...” /1хх 197/,

гэрч Ц.Лгийн “...Хүрлээгийн цэнэглэж байсан утсанд мэдээлэл ирсэн чинь ... Д харснаа “чи ийм их мөнгөтэй байсан байж бид хоёроор караокед даалгаад байхдаа яадаг юм” гэж хэлснийг Д сонссон юм шиг байна. Тэгээд бид нар ... ууж байгаад бүгд унтаад өгсөн. Тэгсэн ... хөлөөс нэг юм татаж чангаагаад байхаар нь сэрсэн чинь Д “хоёулаа машиныг чинь угаалгая” гэхээр нь би “мөнгөгүй байж яаж угаалгах гэсэн юм бэ” гэсэн чинь “манай найз машин угаадаг газар ажилладаг юм” гэж хэлсэн. Тэгээд бид Д гэрээс машин асаагаад гараад явсан. Тэгээд би машин бариад Д гэрт очсон чинь Х, Д хоёр сэрчихсэн эрүүл болчихсон Х миний данснаас мөнгө алга болчихлоо гээд сууж байсан. ...” /1хх 201-202/,

Д.Ды яллагдагчаар өгсөн “...Тухайн үед Х надаа виза картаа өгөхдөө нууц код хэлж өгсөн юм. Тэгээд авсан архи, пиво зэргийг ууж байгаад нөгөө хэд муудаад унтаад өгсөн. ...Тухайн айлаас би гарах үедээ Х өмдний халааснаас нь би виза картыг нь аваад гарсан юм. Тухайн үед Л намайг Х картыг авсныг мэдээгүй. ...Би ... “G” нэртэй худалдааны төв дотор байрлах Хас банкны ATM ороод Х виза картыг уншуулаад үлдэгдлийг нь шалгасан чинь 3.700.000 гаран төгрөг байсан. Тэгэхээр нь би 4 удаа уншуулж нийт 3.700.000 төгрөг бэлнээр гаргаж авсан. ...” /1хх 236-237/,

хохирогч Ш.Нын “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк зараас гар утас хайж байгаад “С” 350.000 төгрөгт өгөх зар байсан. Үүний дагуу уг зар байршуулсан О.А гэх хаягтай хүнтэй чатлахад “350.000 төгрөгт асуудалгүй ломбардад байгаа, чөлөөлөөд ав, хар өнгөтэй, сэв зураасгүй, яаралтай жоохон мөнгөний хэрэг болоод байна, 330.000 төгрөгт ав” гэхээр нь маргааш нь авахаар тохиролцоод би өөрийн утасны дугаараа өгөөд унтсан. ...Ломбардад очоод барьцааны мөнгө болох 330.000 төгрөгийг тухайн ломбардын хүний ... “-” гэсэн данс руу шилжүүлсэн. Ингээд утсаа ломбардаас аваад ... тэр залуу “утсаа өгч байгаач, майл хаягаа гаргаадахъя” гэхээр нь би авсан гар утсаа өгтөл тэр залуу шууд зугтаагаад явчихсан. ...” /1 хх 106-107/,

Д.Ды яллагдагчаар өсгөн “...Ганданд явж байхдаа О.А гэх фейсбүүк хаягаас “С маркийн гар утас хямдхан зарна” гэсэн зар байршуулсан. Үүний дагуу надтай нэг К залуу яриад 350.000 төгрөгөөс яриад 330.000 төгрөгт өгөхөөр болоод ... ломбардад очоод би барьцаалсан бичгээ үзүүлээд ломбардын тооцоо 315.200 төгрөгийг тухайн хүний данс руу миний утсыг авах гэж байгаа залуу шилжүүлээд үлдэгдэл надаа 10.000 төгрөгтэй үлдсэн. Ингээд зам гараад ... явж байхдаа тэр залууд “гар утсаа өгч байгаач, би өөрийн ж-мэйл хаягаа гаргаадахъя” гэж хэлээд утсаа аваад ертөнцийн зүгээр урагшаагаа зугтаагаад явчихсан. Уг гар утсыг 3, 4 хоногийн дараа танихгүй хүн 250.000 төгрөгт зарсан. ...” /1хх 138/ гэсэн мэдүүлгүүд,

Т ХХК-ийн “С” маркийн гар утас 150.000, бэлэн мөнгө 39.500, нийт хохирол 189.500” гэсэн Ц-432 дугаартай /1хх 43-44/,

Д ХХК-ийн “С маркийн, хуучин хэрэглэж байсан rap утас 475.000 төгрөг” гэсэн БГ2-23-362 дугаартай /1 хх 112-113/,

Т ХХК-ийн “...С загварын гар утас 150.000 төгрөг” гэсэн Ц-475 дугаартай /1хх 167-169/ хөрөнгийн үнэлгээний тайлангууд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 102, 191/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 29-34/, хохирогч Н.Х Хас банканд эзэмшдэг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 217-220/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, хохирогч Б.Оын “...алхаад явж байтал тэр залуу гэнэт над руу уурлан миний толгой руу гараараа цохиж унагаагаад, намайг хашааны буланд аваачин элэг, нурууны хэсэг рүү дэвсээд миний халаасанд байсан “С” маркийн гар утас, бэлэн 39.500 төгрөг булааж, дээрэмдээд яваад өгсөн. ...” /1хх 39-40/ гэсэн мэдүүлэг нь гэрч Б.У гийн “...ах О - дугаараас холбогдоод О караокед гар утсаа барьцаанд байгаа аваад өг гэхээр нь утсыг нь авч өгөөд харьсан. Тэгээд ... шөнө 01 цаг 42 минутад өөр танихгүй утасны дугаараас залгаад “ах нь зодуулаад гар утсаа алдчихлаа нөгөө - утасны дугаар руу залгаад өг, энэ дугаартай хүн намайг зодоод миний гар утсыг аваад зугтаачихлаа” гэсэн. ...” гэсэн /1хх 13/, гэрч Б.Сын “...Би - дугаарыг эзэмшдэггүй бөгөөд ... манай нутгийн найз Д ... “өөрийнхөө нэр дээрээ утасны дугаар аваад өг” гэхээр нь тухайн газарт байдаг Юнителийн салбар дээр өөрийн нэр дээр тухайн - утасны дугаарыг авч Дд өгсөн. ...” /1хх 22/, Д.Ды яллагдагчаар өгсөн “...Тэгээд тухайн ахыг урдаас нь харж байгаад толгойн ар дагз хэсэг руу 2 удаа алгадсан бөгөөд унаад өгөхөөр нь нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед халааснаас нь гар утас унахаар нь аваад явсан ба мөн тухайн үед гар утастай нь хамт бэлэн сайн санахгүй байна 30.000 орчим төгрөг байсныг мөн аваад явсан. ...” /1хх 60/ мэдүүлгүүд болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 29-34/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогджээ.

Эдгээр нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Ды хохирогч Б.Оын биед халдан хүч хэрэглэж, гар утас, бэлэн мөнгө зэргийг авч, нийт 189.500 төгрөгийн хохирол учруулсан нь хөтөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ды “...Б.Оын гар утас, мөнгийг аваагүй, хохирогч худлаа мэдүүлж, мөрдөгч нар түүний талд ажилласан. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүхээс шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, эсхүл барагдуулахаа илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах боловч шүүгдэгч Д.Ды гэм буруу дээр маргаж байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ды үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялууд дээр нэмж нэгтгэн биечлэн 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар шүүгдэгч Д.Дыг дарамтад оруулж, айлган сүрдүүлж, тулган шаардаж хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ды гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ды анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/982 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ды гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ды 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ