Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Марал,

Хохирогч О.Батбаяр, О.Намбарбат, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баярням,

Шүүгдэгч А.Б

Шүүгдэгч Р.М, тэдгээрийн өмгөөлөгч Г.Хандсүрэн,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт А.Б, Ж овогт Р.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

И овогт Г.М холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705007110190 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухааны Технологийн Их Сургуулийн үйлдвэр технологийн сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүү нарын хамт Сонгинохайрорхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 9-р байрны 1-119 тоотод оршин суух, .... регистрийн дугаартай, ял шийтгэлгүй, Х овогт А.Б.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол  Улсын Их Сургуулийн Геологи уул уурхайн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 7, эцэг, эх, 2 ах, 2 эгчийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 101-189 тоотод түр оршин суух, Говь-Алтай аймаг, Халиун сум Олон булаг баг тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай, Ж овогт Р.М.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23в-9 тоотод түр оршин суух, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум Баяншанд 4-6 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, И овогт Г.М.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь Р.М-тэй бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЦЭ” баарны үүдэнд иргэн О.Батбаяртай “тамхи асаах гал асуулаа” гэж хувийн таарамжгүй  харилцаа үүсгэн маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 шүүгдэгч Р.М нь А.Б-тэй бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЦЭ” баарны үүдэнд иргэн О.Батбаяртай “тамхи асаах гал асуулаа” гэж хувийн таарамжгүй  харилцаа үүсгэн маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.М нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЦЭ” баарны үүдэнд иргэн О.Намбарбаттай “тамхи асаах гал асуулаа” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ:

Өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Батбаяртай маргалдаад, Мс хоёр руу дайрахаар нь хавсраад унагаасан. Маргаан тамхины асаагуураас болсон. Хохирогч Батбаяр, Намбарбат хоёр М-с гал асуухаар нь байхгүй гэхэд нь М-н араас цохисон гэж хэлсэн. Тухайн үед Батбаяртай хэл амаараа ойлголцох гээд байж байхад Намбарбатыг цохиод унагаахаар нь Батбаяр М дээр очоод бөөн асуудал үүсэх байх гэж бодоод явуулахгүй гээд хавсарч унагаасан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.М мэдүүлэхдээ:

  Өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Тухайн өдөр би Нарантуул караокед байхад 2 шил пиво уугаад өөр зүйл хэрэглээгүй байсан. “Цэ” пабд хоол идээд гарсан чинь гадаа зодолдож байхаар нь очоод нэг удаа өшиглөсөн. Би хохирогчийн нүүр рүү нь өшиглөсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ:

  Өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй.  Тухайн үед хохирогч Намбарбат нам ухаангүй унахаар нь айгаад зугтсан.  Тухайн үед би 2 шил пиво уусан байсан. Миний цохилтоос болж хохирогч Намбарбат ухаан алдаж унасан. Хохирогч Намбарбатад тархины зураг авахуулсан төлбөр эм тариа авсан төлбөрт 150.000 төгрөг өгсөн.  Хохирогч Намбарбатын алга болсон 2 эд зүйлийн төлбөрийг би төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Батбаяр мэдүүлэхдээ:

  2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутад ажил тарсан. Ажлын залуу Намбарбаттай хорооллын эцсийн “Хаан хуушуурт” орж хоол идээд хорооллын эцсийн “Цэ” бааранд бид хоёр тус тус 4 пиво уусан. Тэгээд пиво ууж байгаад тамхилхаар гарсан. 2 залуу тамхи татаад зогсож байхаар нь галаа өгөөч гэхэд нэг залуу цаанаас нь ирээд, миний нүүр рүү цохиход нь би нүүрээ доошоо тонгойход миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд тухайн хоёр залуугийн нэг нь намайг Төрийн банкны шатан дээр суулгасан. Гэтэл нэг эгч ирээд “гайгүй юу түргэн дуудах уу” гэж асуухаар нь  эгч рүүгээ утсаар ярьсан. Манай эгч ирж түргэн дуудсан. Би одоогийн байдлаар эмчийн хяналтанд байгаа. Миний зүүн нүдний хараа 20 хувьтай байгаа. Цаашид ухархайн хагалгаа, хамрын хагалгаанд орно.  Хохиролд нийт 720.000 төгрөг төлөгдсөн ба цаашид үлдсэн хохирлоо нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Намбарбат мэдүүлэхдээ:

  2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хамт ажилладаг найз Батбаяртай ажилаа тараад “Хаан хуушуур” орж хоол идээд Цэ баар орж 4 пиво уусан. Бид хоёр тамхилахаар гараад нэг залуугаас гал асуухад нэг залуу манай найзаас гал асуудаг хэн бэ гээд Батбаярыг цохисон. Тэгэхээр нь би уучлаарай гэхэд нэг гар орж ирээд намайг цохих шиг болсон. Тэгээд би нэг сэрэхэд гэртээ сэрсэн. Хэрэг гарсан өдрөөс хойш хэд хоногийн дараа би томографикийн зураг  авахуулахад  тархины бор эдийн ялгаралт бага байна гэсэн онош гарсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Хэрэг гарах үед миний 2016 оны Ж7 маркийн гар утас, мөнгөн гинж хоёр алга болсон. Би шүүгдэгч М-с гар утасны 450.000 төгрөг, мөнгөн гинжний 100.000 төгрөг нийт 550.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

  

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Б-н өгсөн:

“... М Намбарбаттай Цэ пабын шатан дээр гал асуухад М Намбарбатад гал байхгүй гэж Намбарбат цээж юм уу мөр хэсэгт цохисон юм шиг байгаа. Түүнээс үүдэж М Намбарбаттай маргалдаж гарч ирээд Төрийн банкны тийш алхаж очоод Намбарбат, М, Батбаяр нар маргалдаж байхаар нь би очоод Батбаярыг нь зодолдоод хэрэггүй, хэл амаараа учраа олчихьё гээд Батбаярыг цааш холдуулсан. Тэгсэн чинь М ард Намбарбатыг цохиод унагаачихсан чинь Батбаяр М рүү дайрах гэхээр нь би Батбаярыг барьж аваад баруун хөлөөрөө хавсарч унагаад дайрах гэхэд М намайг салгах гэж хүрч ирээд намайг барьсан. Тэгэхэд Батбаяр уначихсан байсан ба энэ үед М Батбаярыг боль гэж хэлээд надад хандаж сал, явъя гэж хэлэхэд Батбаяр дайрах гээд босох гэхэд нь М нүүрэн тус газар нь өшиглөсөн ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Р.М-н өгсөн:

“... М тэр намхан Намбарбат гэх залууг цохиж унагаачихаад Цэ пабын үүд рүү алхаад надтай зөрсөн. Би Б рүү алхаад очиж байтал Б хавсраад унагаахаар нь би Б-г очиж боль гээд аваад, нөгөө газар унасан нүүрээ дараад хэвтэж байсан өндөр Батбаяр гэх залууг би нүүр рүү нь нэг удаа шууд өшиглөсөн ... Батбаярын нүүрний зүүн зүүн тал хэсэгт нь миний хөл оносон. Би өөрийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна ... Б-д надад хэлэхдээ чамайг ирэхээс өмнө би нэг удаа цохичихсон байсан гэж хэлж байсан ... Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна ...”  /хавтаст хэргийн 31, 72 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.М-н өгсөн:

“... Цэ пабын шатан дээр бууж явахад 2 залуу надаас гал асуухаар нь би гал байхгүй гэж хэлээд зөрсөн чинь миний араас нэг жижигхэн залуу буюу Намбарбат миний зүүн мөр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залуутай муудалцаад Цэ пабын үүдэнд гарч ирэн муудалцаж байгаад Төрийн банкны АТМ-ын тийш очоод би тэр Намбарбатыг хавсарч унагаад унаж байхад нь нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн чинь тэр залуу ухаан алдаад уначихаар нь би айгаад файр баарны үүдэнд очиж зогсож байсан. Тэр үед М, Б 2 нөгөө өндөр залуутай нь зодолдоод үлдсэн  ... өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна ...”  /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Батбаярын өгсөн:

“ ... гадаа тамхи татаад зогсож байсан 2 залуугаас гал асуухад тамхи татаж байсан залуу татаж байсан тамхиараа асаалгах гээд өгөх гэж байхад цаанаас нэг залуу хүрч ирээд миний найзаас гал асуудаг хэн бэ гээд зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би доошоо суугаад нүүрээ дараад суухад миний нүүр рүү тэр залуу нэг удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Намбарбатын өгсөн:

“ ... Батбаяр гадаа үүдэнд зогсож байсан 4-5 залуугаас гал асуухад байхгүй, энэнээс асаа гээд асаалгах гээд тамхиа урагш барихад хажууд нь зогсож байсан цуг явсан бололтой найз нь чи миний найзаас гал асуудаг хэн бэ гээд Батбаяр руу дайрч эхэлсэн. ... Батбаяр миний үгэнд ороод за гэж хэлээд эргэх шиг болоход цаанаас нь Батбаярыг нэг хүн цохих шиг болсон. Тэгээд би эргэж хараад яаж байна гэхэд намайг нэг залуу алгадаад хавсрах шиг болоход би газар унаад нэг сэрэхэд гэртээ сэрсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Төрсайханы өгсөн:

“... Б, М, М 3 зодолдож байхаар нь Буджав бид 2 очиход М тэр 2 залуугийн намхантай нь зодолдсон байдалтай, нөгөө намхан залуу нь газар хэвтчихсэн байхаар нь би М-г аваад шууд Файр баар руу дагуулаад орсон. Харин Буджав М Б хоёрыг дагуулж араас Файр баар руу орж ирсэн. Б М хоёр тэр хоёр залуугийн арай өндөртэй нь зодолдсон байсан. ... М тэр намхан залуу буюу Намбарбат гээд байгааг зодсон байсан. М, Б хоёр өндөр залуу буюу Батбаярыг зодсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн 12451 тоот: 

  1. Намбарбатын биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирчээ.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

 

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 11578 тоот: 

  1. О.Батбаярын биед зүүн нүдний ухархайн дотор доод хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний судаслагийн урагдал, зүүн нүдний 6/100, зүүн нүдний өмнөд хоргийн цус хуралт, хүүхэн харааны өргөсөлт, торлогийн доргилт, торлогийн доорх цус харвалт, харааны мэдрэл тойрсон хаван  гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх 2017 оны 9 дүгээр сарын 11-нд үүссэн байх боломжтой.

  3. Зүүн нүдний ухархайн дотор доод хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний эмгэгүүд, судаслагын урагдал, зүүн нүдний 6/100 бууралт нь 34.1-д ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 30 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Дээрх зүүн нүдний гэмтэл, хараа бууралт цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,

 

- Хохирогч О.Батбаярын эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-н 40-54/

- Хохирогч О.Батбаярын хохирлын баримтууд /хх-н 96-98, 142-144, 146/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-н 99/

- Хохирол төлсөн баримт /хх-н 145/

 

Шүүгдэгч Р.М-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад  гэрч Д.Рэнцэндоржийн өгсөн:

“... М бага насаа цэцэрлэг сургуулиар хүмүүжиж аав ээжийн гар дээр өссөн. Сургуульд сурч байхдаа онц сайн сурдаг, сахилга бат сайтай, нийгмийн ажилд идвэхтэй оролцож, хөнгөн атлетик, хөл бөмбөг, сагс, воллейбол зэргээр медал авч байдаг. ... Олонтой харьцаа сайтай, архи тамхи хэрэглэдэггүй, адуу маланд хорхойтой, морь уядаг, бусдыг их хүндэтгэж харьцдаг хүүхэд байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-н 26/,

Мөрдөн байцаалтад  гэрч Л.Эрдэнэжаргалын өгсөн:

“... М хүнд тусархуу зантай, ахмад хүнийг хүндэлдэг ...” гэх мэдүүлэг /хх-н 82/,

- Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-н 113/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 112 дугаар хуудас/ зэрэг,

 

Шүүгдэгч Г.М-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад  гэрч Н.Мэнд-Амарын өгсөн:

“... М сургуульд сурч байхдаа хөнгөн атлетикаар хичээллэдэг, спортын 2 дугаар зэрэг авч байсан. ... анги хамт олонтойгоо нийтэч, хэрүүл уруул хийгээд байхгүй, элдэв их зан, муухай аашгүй ... бусдад их тусархуу ...” гэх мэдүүлэг /хх-н 65/,

Мөрдөн байцаалтад  гэрч Д.Амгаланбаатарын өгсөн:

“... М төлөв даруу зантай, янз бүрийн уур уцаар багатай ... бусдад их тусархуу ...” гэх мэдүүлэг /хх-н 79/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 101/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/

- Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 102/ зэрэг

 

Шүүгдэгч А.Б-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад  гэрч Б.Эрдэнэ-Очирын өгсөн:

“... Б бага зэргийн түргэн ууртай ... зан харилцааны хувьд бусадтай эвсэг найртай, нийтэч харилцаатай, алиа хошин шооч зантай ... анги хамт олондоо нэр хүндтэй  ...” гэх мэдүүлэг /хх-н 80/,

Мөрдөн байцаалтад  гэрч Э.Болортуяагийн өгсөн:

“... Б халамжтай, хүнд тусархуу зантай, зан байдлын хувьд хөгжилтэй, алиа хошин зантай ... хичээл номондоо идвэхтэй, сурлага сайтай  ...” гэх мэдүүлэг /хх-н 81/,

- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн тодорхойлолт /хх-н 110/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч А.Б, Р.М нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЦЭ” баарны үүдэнд иргэн О.Батбаяртай “тамхи асаах гал асуулаа” гэж хувийн таарамжгүй  харилцаа үүсгэн маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор доод хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний судаслагийн урагдал, зүүн нүдний 6/100, зүүн нүдний өмнөд хоргийн цус хуралт, хүүхэн харааны өргөсөлт, торлогийн доргилт, торлогийн доорх цус харвалт, харааны мэдрэл тойрсон хаван  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А.Б-н “...   Батбаяртай маргалдаад М, М хоёр руу дайрахаар нь хавсраад унагаасан. Маргаан тамхины асаагуураас болсон ... “ гэх,

шүүгдэгч Р.М-н “... “Цэ” пабд хоол идээд гарсан чинь гадаа зодолдож байхаар нь очоод нэг удаа өшиглөсөн. Би хохирогчийн нүүр рүү нь өшиглөсөн ...” гэх,

хохирогч О.Батбаярын “...Тэгээд пиво ууж байгаад тамхилхаар гарсан. 2 залуу тамхи татаад зогсож байхаар нь галаа өгөөч гэхэд нэг залуу цаанаас нь ирээд, миний нүүр рүү цохиход нь би нүүрээ доошоо тонгойход миний нүүр рүү өшиглөсөн ...” гэх мэдүүлгүүд болон,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч А.Б-н “... би Батбаярыг барьж аваад баруун хөлөөрөө хавсарч унагаад дайрах гэхэд М намайг салгах гэж хүрч ирээд намайг барьсан. Тэгэхэд Батбаяр уначихсан байсан ба энэ үед М Батбаярыг боль гэж хэлээд надад хандаж сал, явъя гэж хэлэхэд Батбаяр дайрах гээд босох гэхэд нь М нүүрэн тус газар нь өшиглөсөн ...” гэх,

шүүгдэгч Р.М “...Б хавсраад унагаахаар нь би Б-г очиж боль гээд аваад, нөгөө газар унасан нүүрээ дараад хэвтэж байсан өндөр Батбаяр гэх залууг би нүүр рүү нь нэг удаа шууд өшиглөсөн ...” гэх,

гэрч Г.Төрсайханы “...Б М хоёр тэр хоёр залуугийн арай өндөртэй нь зодолдсон байсан. ... М тэр намхан залуу буюу Намбарбат гээд байгааг зодсон байсан. М, Б хоёр өндөр залуу буюу Батбаярыг зодсон ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 11578 тоот дүгнэлт зэргээр,

шүүгдэгч Г.М нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЦЭ” баарны үүдэнд иргэн О.Намбарбаттай “тамхи асаах гал асуулаа” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.М-н “...тухайн үед би 2 шил пиво уусан байсан. Миний цохилтоос болж хохирогч Намбарбат ухаан алдаж унасан ...” гэх,

хохирогч О.Намбарбатын “... Бид хоёр тамхилахаар гараад нэг залуугаас гал асуухад нэг залуу манай найзаас гал асуудаг хэн бэ гээд Батбаярыг цохисон. Тэгэхээр нь би уучлаарай гэхэд нэг гар орж ирээд намайг цохих шиг болсон ...” гэх мэдүүлгүүд болон

 мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч А.Б-н “... М ард Намбарбатыг цохиод унагаачихсан ...” гэх,

шүүгдэгч Р.М “...М тэр намхан Намбарбат гэх залууг цохиж унагаачихаад Цэ пабын үүд рүү алхаад надтай зөрсөн ...” гэх,

гэрч Г.Төрсайханы “... М тэр намхан залуу буюу Намбарбат гээд байгааг зодсон байсан ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн 12451 тоот дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Б, Р.М, Г.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Б, Р.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч  Г.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

  

Шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал болон шүүгдэгч Г.М нь эд зүйлийн үнэлгээнд маргаагүй бөгөөд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

Хохирлын талаар:

Хохирогч О.Батбаяр нь нийт 7,744,240 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч нотлох баримтын хүрээнд тооцоолон шийдвэрлэх боломжтой үзлэгийн төлбөр 65,000 төгрөг+Орбита эмнэлэгийн үзлэгт төлсөн баримт 60,000 төгрөг+Орбита эмнэлэгт төлсөн төлбөр 18,000 төгрөг+Орбита эмнэлэгт төлсөн төлбөр 30,000 төгрөг+Болор эмнэлэгт төлсөн 10,000төгрөг+Толгойн КТГ-н төлбөр төлсөн 120,000 төгрөг /х96,97/,Орбита эмнэлэгт төлбөр төлсөн 130,000 төгрөгийн баримт нийт 433,000 төгрөгийн баримт байх ба шүүгдэгч А.Б, Р.М нар нь хохирогч О.Батбаярт 720,000 төгрөгийг төлсөн тул тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч О.Намбарбатын “хэрэг гарах үед ухаан алдаж унаснаас болж миний 2016 оны Ж7 маркийн гар утас, мөнгөн гинж хоёр алга болсон. Би шүүгдэгч М-с гар утасны 450.000 төгрөг, мөнгөн гинжний 100.000 төгрөг нийт 550.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй, эд зүйлд үнэлгээ хийгдсэн байх тул шүүгдэгч Г.М-с 450,000 төгрөг гаргуулж хохирогч О.Намбарбатад олгож шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч О.Батбаярын нэхэмжилсэн 45 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 650,000 төгрөг нь эмчийн магадлагаагаар давхар нотлогдох шаардлагатай, таксинд төлсөн, шатахуунд төлсөн баримтууд, цаашид гарах эмчилгээний зардлыг эрүүгийн хэрэгтэй хамтад нь тооцоолон шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч О.Батбаярын гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

                  Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Б, Р.М нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.М нь тогтсон тодорхой ажилгүй, санхүүгийн тогтмол орлогогүй  байх тул нийтэд тустай ажил хийгэх ял оногдууллаа.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч А.Б, Р.М нар нь хохирогч О.Батбаярт 720,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт А.Б, Ж овогт Р.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч  И овогт Г.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  А.Б, Р.М нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар  тэнсэж, засарч хүмүүжих үүргийг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Р.М нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

                  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч А.Б, Р.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Батбаярт 720,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-с 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.Намбарбат олгож,

Хохирогч О.Батбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б, Р.М, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ