| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03740/И |
| Дугаар | 191/ШШ2025/01507 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/01507
| 2025 02 17 | 191/ШШ2025/01507 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У овогт Д-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н ш ш г г-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гэрч П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Д.Б миний бие С.Д-ээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 311.250.000 төгрөгөөр худалдан авсан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ****** тоот, **** мкв орон сууцыг худалдан авч уг гэрээний төлбөрийн 50 хувь болох 155.625.000 төгрөгийг төлсөн болно. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу төлбөрийн 50 хувийг төлснөөр худалдан авагчийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн Улсын бүртгэлд шилжүүлэн бүртгэж үлдэгдэл зээлийг Банк болон Банк бус санхүүгийн байгууллагын зээлээр төлнө гэсний дагуу өмчлөл шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл шилжүүлж өгөхгүй байсан юм.
Гэтэл Н ш г г-ын 138 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.А нь 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зарлан дуудах хуудас ирүүлснээр, миний худалдан авсан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ************* тоот, ********* мкв орон сууц нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдсэн юм.
2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н ш ш г г-т, намайг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах гомдол гаргасан боловч 2024 оны 6 сарын 18-ны 4/138 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан юм.
Иймд Д.Б намайг, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 5 дах хэсэгт;... Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно; гэж заасны дагуу гуравдагч этгээдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, гадаад паспортын хуулбар, Н-ийн ш ш г г-т гаргасан 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гомдол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4/138 тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан гомдол, Н-ийн ш ш г ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 9-1/1787 тоот хариу, мөнгө шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0253 дугаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, дансны хуулга зэрэг баримтыг ирүүлжээ. /хх 3-14, 20-29/
Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл ирүүлжээ. /хх 33, 59, 65/
Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ГХ2024/ХХХХ дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2024/ХХХХ дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/ХХХХХ дүгээр шийдвэр, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 244/ХХХХ дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 04-ХХХ/ХХХХХХ дугаар албан тоот, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 23410876/ХХХХ дугаар Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ХХХХ дугаар албан тоот, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 24410596/ХХХХ дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг ирүүлжээ. /хх 77, 82-96 /
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Б нь Н ш ш г г-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: С.Д-ээс орон сууц зээлээр худалдан авсан, гэтэл тухайн орон сууцнаас үүргийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа мэдсэн, шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаанд оролцуулаагүй гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гардан авч, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 18-нд, 12 дугаар сарын 02-нд, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүй, холбогдох ажиллагааны баримтуудыг ирүүлээгүйгээс хуралдааныг хойшлуулсан. Өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
3.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/ХХХХ дүгээр шийдвэрээр: С.Д-ээс 378.474.282 төгрөг гаргуулж Т к ББСБ ХХК-д олгохоор, хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг С.Д-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ****************тоотод байрлах ***** мкв талбайтай үл хөдлөх хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 85-89/
3.2.Дээрх шийдвэрт 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас олгогдож, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 83-90/
3.3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийг хүргүүлж, улмаар 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 24410596/138 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилжээ. /хх 91-96/
3.4.Нэхэмжлэгч Д.Б, С.Д-тэй 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр харилцан тохирч, маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, ****** мкв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, худалдан авагч үнэ 311.250.000 төгрөгийг хавсралтаар тохиролцсоны дагуу 2029 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тохирч Зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулжээ. /хх 11-14/
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж, мөн зүйлийн 32.5-д Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж заасан.
Нэхэмжлэгчээс: төлбөр төлөгч С.Д-ээс хөрөнгийг худалдан авахаар тохирч гэрээг байгуулсан, төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн, хөрөнгийг бодитоор эзэмшиж ашиглаж байгаа үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахыг даалгахаар шаардаж байна.
4.1.Нэхэмжлэгч Н ш ш г г, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдлоо гаргасан боловч Н-ийн ш ш г г-ын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/138 тогтоол, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 9-1/1787 дугаар албан бичгээр тус тус хариуг өгсөн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ.
4.2.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан, үл хөдлөх эд хөрөнгийн тухайд бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсч, дуусгавар болохоор зохицуулсан.
Хэдийгээр нэхэмжлэгч нь С.Д-тэй гэрээг байгуулж орон сууцны төлбөрөөс тодорхой хэсгийг төлсөн үйл баримт тогтоогдсон ч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд түүнд өмчлөх эрх үүсээгүй. Өөрөөр хэлбэл тусгаарлах зарчмын дагуу авч үзвэл үүргийн хэлцэл байгуулагдсан ч өмчийн хэлцэл байгуулагдаагүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаанд оролцуулахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Н ш ш г г-т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахыг даалгах тухай Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ