Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Намдаг,

Хохирогч Ц.Мөнхтуяа, түүний өмгөөлөөлөгч М.Алтанцэцэг,

Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г овогт С.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705011360199 дугаартай, 1 хавтас  хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч , хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүрэг 23 дугаар хороо, “Зүүн ард Аюуш 25-190 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, “Мон лаа” 14-34 тоотод түр оршин суух,

Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 хэсэгт зааснаар 3 жил 06 сар хорих ялыг 1 жил тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавья шагнал үгүй, ........ регистрийн дугаартай, Г овгийн С.О.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даян” төвийн урд зам дээр иргэн Ц.Мөнхтуяаг 55-87 УБМ улсын дугаартай “Примо” маркийн авто машинтай явж байх үедээ машинаараа хөлөнд тулж ирж зогслоо гэж маргалдан автомашины гэрэл, буфер, зүүн урд хаалга, капут зэргийг өшиглөж гэмтээн 305.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Ц.Мөнхтуяатай авто машины өшиглөсөн газраа арч гэлээ гэж маргалдан зодож бие махбодид нь дух, хамар, сарвуунд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би ийм үйлдэл хийх болсондоо маш их харамсаж байна. Дуут дохио өгөөд байхаар нь ууралсан. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надаас 1.000.000 нэхэмжилж байсан. Би гуйгаад 920.000 төгрөг өгсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Мөнхтуяа мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 17-ны орой би охиноо сургуулиас авах гээд явж байсан. Гранд плаза худалдааны төвөөс 4 зам руу дээшээ  өгсдөг гарцны наана шүүгдэгч О нэг  хүүхэнтэй хөтлөлцөөд гараад ирсан. Тэгэхээр нь би дуут дохио өгөхөд эргэж ирээд, машин өшиглөөд намайг машинаас татаж буулгаж ирэхээр  нь “чи яаж байна аа” гэсэн чинь “чи юун сүртэй юм бэ” гэж хэлээд намайг машин дээр аваад шидсэн. Тэгээд найзууд нь салгах гээд дийлээгүй. Гэрч цагдаад дуудлага өгөхөөр явсан. Одоо миний нуруу өвддөг, охины минь ааш зан өөрчлөгдсөн. Миний машинд 305.000 төгрөгийн хохирол учирсан, тархины гэмтэл 125.000 төгрөг төлөгдсөн. Надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, надаас уучлалт гуйсан. Авто машины гэмтэл, өмгөөлөгчийн зардал, эрүүл мэндийн хохиролд 920,000 төгрөг авсан. Би нуруугаа бариачид өдрийн 10.000 төгрөгөөр бариулдаг. Нийт 9 удаа бариачид бариулсан нэг удаагийн барилтаар 10.000 авдаг. Өмгөөлөгчийн зардалд 200,000 төгрөг төлсөн гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.О мэдүүлэхдээ:

“... Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18-19 цагийн орчимд найз Түмэн-Эрдэнэ, Лувсанпэрэнлээ, Хүслэн нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын удирдах газрын замын эсрэг талд явж байгаад ертөнцийн зүгээр урагшаа зам гараад явж байхад саарал өнгийн Алион маркийн авто машин миний хөлөнд тулж ирээд зогссон. Тэгээд би дайрлаа ш дээ гэж хэлээд тухайн машины гуфер луу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл жолооч нь машинаасаа бууж ирээд намайг замдаж аваад энийгээ арч гэсэн. Тэгэхээр нь би чадахгүй гээд замдсан гарыг нь тавиулах гээд гараас нь татсан. Тэгтэл над руу орилоод хэл амаараа дайраад байхаар нь гарыг нь тавиулах гээд 2-3 удаа угз татсан. Тэгтэл тэр эмэгтэй гараа тавихгүй цагдаад дуудлага өгөөд чамайг гачин болгон гээд дайраад байсан. Тэгэхээр нь би тэгээч гээд хэлээд мөр рүү нь гараараа түлхсэн. Тэгэх явцдаа би тэр эмэгтэйгийн нүүр рүү нь гараараа санамсаргүй түлхсэн. Тэгээд хэрэлдэж байхдаа нүүр рүү 1 удаа салаавч гаргасан. Тэгтэл найз хүслэн бид 2 дээр ирээд нөгөө эмэгтэйд одоо больчихоо гээд намайг тэр эмэгтэй салгасан. Би тэр зайгаа бариад зогсож байхад цагдаа нар ирээд ... намайг эрүүлжүүлэх байранд хийсэн. Би 0.96 хувийн согтолттой байсан. Би тэр эмэгтэйд гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Сувдмаагийн өсгөн:

“... гадаа хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад нэлээн чанга чимээ гарахаар нь тагт руу гарч харахад машин зам дээр саарал өнгийн жижиг суудлын автомашины урд бупер, зүүн талын урд хаалга руу 1 залуу хөлөөрөө өшиглөж байсан. Тухайн үед жолооч эмэгтэй нь машиныхаа хажууд нөгөө залууд чи явган хүний гарцаараа гар гэж хэлэхэд нөгөө залуу хараалын үг хэлээд хэд хэдэн удаа машин руу нь хүчтэй өшиглөөд байсан. Тэгээд нөгөө эмэгтэй тэр залууг боль гэж хэлэхэд тэр залуу нөгөө эмэгтэйгийн нүүр рүү 2-3 удаа цохиод машины хамар хэсэг рүү өргөж шидсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

 

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Түмэн-Эрдэний өсгөн:

“... Даян төвийн урагшаа байрлах зам хөндлөн О нь хүслэнтэй гарч байхдаа нэг машины жолооч эмэгтэй хэрүүл хийж маргалдаж байсан. Тухайн үед жолооч нь буучихсан хэрүүл хийгээд хоорондоо зууралдаад байсан  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Лувсанпэрэнлэйгийн өсгөн:

“... О тэр 2 нэг нэгнийхээ хувцаснаас зуураад тавихгүй байхаар нь би дундуур нь ороод салгах гэж оролдсон боловч тэр 2 тавихгүй байсан. О нь нилээн уурлаж бухимдсан байсан учраас тэр  эмэгтэйг нүүр рүү нь 3 удаа гараараа цохисон  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Хүслэнгийн өсгөн:

“... би О  хамт ертөнцийн зүгээр урагшаа зам гарах гээд зам хөндлөн гарч байтал нэг машин хурдтай ирээд тулаад зогссон. Жолооч эмэгтэй нь бууж ирээд замаас зайлаач гэж хэлсэн чинь О нь хүн замаар гарч байхад хардаггүй юм уу, ирж мөргөлөө гээд О тэр жолооч эмэгтэйтэй хэрэлдээд байхаар нь би машин руу явж Энхриймаа гэх найзаа дуудаад буцаад О дээр ирсэн чинь О нь тэр эмэгтэйтэй барьцалдаад зогсож байсан. О нь тэр эмэгтэйгийн унаж явсан машин руу нэг удаа өшиглөж байх шиг харагдсан. Яг хаашаа нь өшиглөсөн талаар хараагүй. Намайг харж байхад О нь тэр эмэгтэйгийн зүүн талын мөр рүү нь нэг удаа цохиж байхыг харсан  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 13144 тоот: 

1. Ц.Мөнхтуяагийн биед дух хамар сарвуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх байх боломжтой байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

 

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 5/,

- Хохирлын баримт /хх-н 32, 35/,

- Ашид бүлгүүн ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 33-34/,

- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлийн хуулбар /хх-н 56-57/,

- Хохирол төлсөн баримт /хх-н 92/,

 

Шүүгдэгч Б.Тэмүүжингийн хувийн байдалтай холбоотой:

- Спортын зэргийн үнэмлэхийн хуулбар /хх-н 51/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

-  Цэргийн алба хаасан байдлын баримт  /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 52-

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 88-89/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

            Шүүгдэгч С.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даян” төвийн урд зам дээр иргэн Ц.Мөнхтуяаг 55-87 УБМ улсын дугаартай “Примо” маркийн авто машинтай явж байх үедээ машинаараа хөлөнд тулж ирж зогслоо гэж маргалдан автомашины гэрэл, буфер, зүүн урд хаалга, капут зэргийг өшиглөж гэмтээн 305.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн Ц.Мөнхтуяатай авто машины өшиглөсөн газраа арч гэлээ гэж маргалдан зодож, эрүүл мэндэд нь дух, хамар, сарвуунд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О-н мэдүүлсэн “...Дуут дохио өгөөд байхаар нь ууралсан. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна ...” гэх,

            хохирогч Ц.Мөнхтуяагийн “... О нэг  хүүхэнтэй хөтлөлцөөд гараад ирсан. Тэгэхээр нь би дуут дохио өгөхөд эргэж ирээд, машин өшиглөөд намайг машинаас татаж буулгаж ирэхээр  нь “чи яаж байна аа” гэсэн чинь “чи юун сүртэй юм бэ” гэж хэлээд намайг машин дээр аваад шидсэн ... Миний машинд 305.000 төгрөгийн хохирол учирсан ...” гэх мэдүүлгүүд болон,

  мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ц.Мөнхтуяа, гэрч Ч.Сувдмаа, А.Түмэн-Эрдэнэ, П.Лувсанпэрэнлэй, Г.Хүслэн нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си ди бичлэг, Ашид бүлгүүн ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 13144 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлолх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Мөнхтуяа нь “шүүгдэгч С.О хохирлын 920,000 төгрөгийг төлсөн, надаас уучлалт гуйсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгч С.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.О-н өмгөөлөгч Д.Одонтунгалагаас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж байгаа нь харамсалтай байна. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилоод үнэлгээ хууль зүйн үндэслэлтэй юу гэдгийг нотлож болно. Гэтэл 305.000 төгрөгийн хохирол нь шууд болон шууд бус зардалаар гарсан учраас эргэлзэж байна. Гэмт хэргээс учирсан шууд хохирлыг гаргах зүй ёсны асуудал гэтэл яагаад хөлс шингэсэн гэж хоёр байдлаар ялгаж байна вэ. Шууд хохиролд 215.000 төгрөг болохоор гэмт хэргийн шинжийг агуулахгүй байх үндсэн шинжийг агуулж байгаа учраас шүүхээс зүйлчлэл дээр анхаарч өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийг үйлдсэн асуудалд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах саналтай байна ...”  гэж мэтгэлцлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаварыг” гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгахад гарах мөнгөн дүнгээр тооцогдох зардлыг шууд бус зардал гэж салгаж ойлгох боломжгүй юм.

 

Шүүхээс шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч С.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, санхүүгийн тогтмол орлогогүй байх тул нийтэд тустай ажил хийгэх ял оногдуулах нь зүйтэй.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн си-ди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г овогт С.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуур жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 /хоёр зуур жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуудсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Ди-г хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, С.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ