2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01679

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24

191/ШШ2025/01679

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Д.Батхуяг, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ***** дүүрэг, ****** хороо, *************** хэсэг, ***************** гудамж, **** дүгээр байр, *** тоотод оршин суух, С овогт Э-ийн Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***************** дүүрэг, *** дүгээр хороо, **** дугаар хороолол, **, *** тоотод байрлах, Х ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 100.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, шинжээч Д.Б, Д.Э, иргэдийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Монгол Улсын иргэн Э.Г би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Х ХХК-ийн River garden хороолол дах эмийн сангаар үйлчлүүлж Сөүл эмнэлгийн эмч Д.О бичсэн эмийн жорын дагуу Actiliver эмийг авах гэхэд эм зүйч нь манай эмийн санд энэ эм байхгүй, харин үүнтэй ижил үйлчилгээтэй Entecavir гэж эм байна гэж тайлбарлан хэлж, санал болгохоор нь үйлчилгээ ижилхэн талаар дахин лавлаад эмчийн бичиж өгсөн заавраар 2 сарын турш уухаар худалдаж авсан болно.

Уг эмийг эмчийн бичиж өгсөн бусад эмүүдтэй хавсран өдөрт нэг ширхгээр 60 хоногийн турш уугаад 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сөүл эмнэлэгт дахин цөсний шинжилгээ өгөхөд ... 0,35 см хэмжээтэй ургацагтай гэсэн онош тодорсон ба өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус эмнэлэгт ижил шинжилгээг өгч байхад цөсөнд ургацаг байгаагүй учраас итгэж өгөхгүй Гранд мед эмнэлэгт 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин шинжилгээ өгөхөд 0,3 см полиптой буюу ургацагтай гэсэн өмнөх шинжилгээнээс өөр онош тавьсан.

Яагаад цөсөнд ургацаг гарсан талаар эмчээс тодруулж, асуухад элэгний эмийн оронд entecavir эмийг андуурч өгсөн, Asat, Alat-ийн хэмжээ нэмэгдсэн элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй гэсэн тайлбар өгсөн. Миний бие Х ХХК-ийн хариуцлагагүй ажилтны буруутай үйлдлээс болж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалаар ихээхэн хохирч, цаашид эмчийн хяналтад 6 сар тутамд шинжилгээ өгөх, цөсний ургацгийг томруулахгүйн тулд насан туршдаа хоолны дэглэм барих, ургацаг томорсон тохиолдолд цөсөө авахуулах, цаашлаад хорт хавдар болох эрсдэлтэй нөхцөлд орсондоо ихээхэн харамсаж байна. Энэ талаар Х ХХК-ийн холбогдох хүмүүст хэлэхэд бидний буруутай үйл ажиллагаа хуулийн байгууллагаар тогтоогдвол бид хариуцлагаа хүлээнэ гэсэн тайлбар хэлсэн учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргаж сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, эмийн үнэ болох нийт 100.000.000 төгрөгийг Х ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.

Бодит хохирол е-баримтаар нотлогдож байгаа эм тан авсан дүн 486.550 төгрөг байгаа. Үлдэх хэсэг нь сэтгэл санааны хохирол шаардаж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Хариуцагчаас нэхэмжлэгчийг өөрөө эмийнхээ зургийг үзүүлээд тухайн эмийг сонгож авсан гэдэг нь үндэслэлгүй. Д.О эмчийн бичиж өгсөн 4 эмийн жор байгаа. Үүнээс 3 эмийг нь авсан. Тухайн эмийг 60 хоногийн хугацаанд өдөрт 1 ширхэгээр уусан гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Г манай Хан-Уул дүүрэг дэх Ривер гарден салбар эмийн сангаар үйлчлүүлэхдээ эмчийн жорын зургийг утаснаасаа үзүүлэн Entecavir эмийг байнга хэрэглэдэг гэж хэлээд худалдан авсан байдаг. Манай жор баригч тухайн үед үйлчлүүлэгчийн утсан дээрх Entecavir эмийг олгох бичилттэй эмчийн жорын дагуу олгож үйлчилсэн боловч жорын хуудас эх хувиар байгаагүй, өөрт авч үлдээгүй байсан учраас Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэврээр жоргүйгээр эм олгосон гэх үндэслэлээр торгуулийн шийтгэл ногдуулсан юм.

Нэхэмжлэгч Э.Ггс өмгөөлөгчөөрөө дамжуулан манай байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, танайх томоохон нэр хүндтэй байгууллага учраас нэр хүндээ бодоод тодорхой хэмжээний мөнгө, эмчилгээний зардал өг, тэгвэл бид хуулийн байгууллага болон сошиал орчинд мэдээлэл тараахгүй гэж хэлж байсан. Тухайн үед бид Entecavir гэх эмийг уугаад таны биед ургацаг үүссэн гэдгийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон тохиолдолд бид өөрсдийн буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл Entecavir эмийг ууснаас үүдэж цөсний хүүдийд ургацаг үүссэн гэдгийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй бөгөөд үзлэг хийлгэж байсан эмчийн гар тодорхойлолтоор миний биед ургацаг үүссэн хэмээн маргаж байгаа юм. Мөн эмчилгээний болон сэтгэл санааны хохиролд 100.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Э.Г-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаарх холбогдох эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гараагүй байдаг. Энэ эмийг уугаад ургацаг ургахгүй гэдгийг мэргэжлийн зөвлөл, шинжээч нараас дүгнэсэн.

Иймд гэм буруугүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Улсын байцаагч торгууль ногдуулахдаа жортой олгох эмийг жоргүй олгосон үндэслэлээр шийтгэл ногдуулсан болохоос эмийг солиод олгосон гээгүй. н.А гэдэг эмийн санч ажилладаг, ажилтан нь мөн гэдэгт маргахгүй.

Иймд нэхэмжлэгч Э.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгч Б.Ц-оос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Жороор олгох эмийг жоргүй олгосон тул Х ХХК буруутай. Э.Г-ийн уусан Entecavir гэх эмийн улмаас түүний цөсөнд ургац ургахгүй гэсэн мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн Хүрмэн ХХК-г гэм буруугүй гэж үзэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс баримтаар: Сөүл эмнэлгийн эмч Д.О-ын үзлэгийн тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлт, эмч Д.О-ын өгсөн хүсэлтийн хариу, Сөүл эмнэлгийн шинжилгээний хариу, Гранд мед эмнэлгийн шинжилгээний хариу, эмийн жор олгох хуудас, төлбөрийн баримтууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 19-210019/0028 тоот Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн зөрчлийн материал, Сон медикал эмнэлгийн шинжилгээний хариу зэргийг ирүүлжээ. /1хх 3-21, 44, 117, 135-177, 2хх 72, 73/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, бараа материалын агуулахын бүртгэл зэргийг ирүүлжээ. /1хх 26, 34-40, 114-115, 2хх 31-32/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу АШУҮИС-ын эм зүйн сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21/86 тоот шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй тухай хариу, М т ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/2195 тоот шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй тухай хариу, Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн ЭЗБАС эм судлалын танхимын эрхлэгч Ч.Е-ийн ашиг сонирхлын зөрчил үүссэн тул шинжээчээр ажиллах боломжгүй тухай хариу, ЭМЯ, Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/006 тоот шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй тухай хариу, ЭМЯ-ны эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн шинжээч Д.Э-ын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22/02 тоот дүгнэлт, ЭМЯ-ны дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч Д.Б-ийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, Нийслэлийн архивын газраас ирүүлсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 19-210019/0028 тоот зөрчлийн материал зэргийг бүрдүүлжээ. /1хх 55, 56, 69, 90, 94-101, 104-112, 235-249, 2хх 1-28/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.Г нь Х ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 100.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: эмчийн бичсэн жорын дагуу actiliver эмийг авахаар тус эмийн санд хандахад адил үйлчилгээтэй хэмээн Entecavir гэх өөр эмийг санал болгож өгсөн, дээрх эмийг зөвлөсний дагуу худалдан авч 60 хоногт өдөрт нэг ширхэгийг ууснаас цөсөнд ургацаг ургасан тул бодитоор учирсан хохиролд эм авсан, эмнэлэгт үзүүлсний зардал 486.550 төгрөг, сэтгэл санааны хохиролд үлдэх хэсгийг шаардсан, харин цаашид гарах эмчилгээний зардал шаардаагүй гэж тайлбарлав.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Эм андуурч өгөөгүй, нэхэмжлэгч өөрөө тухайн эмийн зургийг үзүүлээд авья гэсний дагуу өгсөн, мэргэжлийн шинжээч нараас тухайн эмийг ууснаар цөсөнд ургацаг ургахгүй гэдгийг нотлосон тул гэм буруугүй гэв.

 

3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч Э.Г-д 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сөүл эмнэлгийн эмч Д.О-аас Actiliver эмийг 60 хоног, өдөрт 1 ширхэгээр бусад гурван төрлийн эмтэй хамт уухаар эмийн жорыг олгосон, дээрх жорыг олгох үед 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эхо шинжилгээний хариугаар түүний цөсний хүүдийн хана хэвийн, ЦЕС хэвийн, чулуугүй гэж оношлогдож байжээ. /1хх 4, 6, 7, 14,15/

 

3.2.Харин Сөүл эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжилгээний хариугаар Э.Гантөгсийн цөсний хүүдийд 0,35 см хэмжээтэй ургацагтай, чулуугүй, ЦЕС хэвийн гэж оношлогдсон, дээрх хариуг Грандмед эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжилгээний хариугаар мөн бататгасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, үүнд зохигчид маргаагүй. /1хх 6, 11, 13/

 

3.3.Нэхэмжлэгч Э.Г 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Х-гаас нийт 206.900 төгрөгөөр 3 төрлийн эм худалдан авсны дотор *******,******* эмийг 2 ширхэгийг 112.000 төгрөгөөр худалдан авсан, дээрх эм нь олон улсын нэршлээр талуудын маргаанд хамаарах Entecavir /Vicure/ эм болох нь тогтоогдож байна. /1хх 158,159, 2хх 9,10/

 

3.4.Нэхэмжлэгчээс 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Х ХХК-ийн жор баригч эм андуурч өгсөн, үүний улмаас эрүүл мэндээрээ хохирсон талаар гомдол гаргасныг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 19-210019/******* тоот зөрчлийн хэргийг нээж, улмаар Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчаас 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0159412 тоот шийтгэлийн хуудсаар жороор олгох эмийг жоргүй олгосон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3.3-т зааснаар Х ХХК-г 500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн хэргийг хаажээ. /1хх 235-250, 2хх 1-28/

 

4.Зохигчид гэм бурууд маргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.

Хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардахын тулд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор (хохирол), тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

 

4.1.Нэхэмжлэгчээс эмчийн бичиж өгсөн жорыг эмийн санчид үзүүлсэн, эмийн сангийн ажилтнаас Actiliver эмтэй адил үйлчилгээтэй гэсний дагуу Entecavir эмийг авсан, эмийн үйлчилгээ өөр гэдгийг худалдан авах үедээ мэдээгүй, тус эмийн сангийн нэр хүнд болоод ажилтанд итгэснээр адил гэж ойлгож худалдан авсан. Мөн нэхэмжлэгч өөрөө эмийн зургаа үзүүлж сонгож авсан гэдэг үндэслэлгүй худал, эмийн жорыг хурааж аваагүй байх тохиолдол бий гэж тайлбарлав. Харин хариуцагчаас нэхэмжлэгч өөрөө Entecavir эмийн зургийг гар утаснаасаа үзүүлээд худалдан авсан, эмийн сангаас дээрх хоёр эмийн үйлчилгээ адил гэж зөвлөөгүй, нэхэмжлэгч өөрөө худалдан авсан нь түүнд олгосон эмийн жорыг хурааж аваагүйгээр тогтоогдоно хэмээн үйл баримтыг өөр өөрөөр тайлбарлаж маргаж байна.

Гэвч зохигчдын дээрх тайлбарыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэсэн материалд дээрх үйл баримтыг эцэслэж тогтоогоогүй, зөвхөн жороор олгох эмийг жоргүй олгосон гэж дурдсан байна.

Иймд шүүх энэ тохиолдолд нэг талд үйлчлүүлэгч иргэн, нөгөө талд мэргэжлийн этгээд болох эмийн сан, эмийн санч худалдах худалдан авах гэрээний харилцаанд оролцсон. Түүнчлэн нэхэмжлэгч анх гаргасан гомдолдоо эм зүйч нь ижил үйлчилгээтэй гэж зөвлөсний дагуу худалдан авсан гэж гомдол гаргаж, хохирогчоор мэдүүлэхдээ жилийн багцийн шинжилгээнд хамрагдсан, тэр болгон эм уудаггүй, эмчид үзүүлээд байдаггүй, викюрь эмийг ууж дуусаад мэддэг болсон гэж мэдүүлсэн, мөн эмийн хайрцгийг нь хогын савнаас гаргаж ирсэн, эмийн зургийг хавсаргав гэж тэмдэглэлд тусгасан байдлаар илүү тогтоогдож байна гэж үзлээ. /1хх 241, 242/

Өөрөөр хэлбэл зөрчлийн материалд хавсаргагдсан эмийн зураг нь нэхэмжлэгчийн эм худалдан авахдаа үзүүлсэн зураг биш харин нэхэмжлэгчээс зөрчлийн явцад гаргаж өгсөн эмийн зураг болох нь дээрх байдлаар тэмдэглэлд тусгагдаж баталгаажсан байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

4.2.Entecavir эм, Actiliver эмийн үйлчилгээ өөр, Actiliver эм нь элэг хамгаалах шинжтэй биологийн нэмэлт бүтээгдэхүүн бол Entecavir эм нь жороор олгогддог элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй, түүнчлэн дээрх хоёр эмийг орлуулж хэрэглэдэггүй болох нь шинжээч Эрүүл мэндийн яамны эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн шинжээч Д.Э-ын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22/02 тоот дүгнэлт, Эрүүл мэндийн яамны дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч Д.Б-ийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон. /1хх 94, 111-112/

 

4.3.Гэвч шинжээч Д.Б, Д.Э нараас Entecavir эмийг хэрэглэснээр цөсний хүүдийд ургацаг ургахгүй, ийм тохиолдол хэзээ ч бүртгэгдэж байгаагүй, мөн нэхэмжлэгчид бичиж өгсөн бусад эмтэй хавсарч хэрэглэсэн ч цөсний хүүдийд ургацаг ургахгүй хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Иймд хариуцагчийн ижил үйлчилгээтэй гэж тайлбарлаж өөр эм өгсөн үйлдэл, нэхэмжлэгчийн цөсний хүүдийд 0,35 см ургацагтай гэж оношлогдсон явдал хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч эрүүл мэндэд учирсан хохирол шаардах учиргүй.

 

5.Харин ижил үйлчилгээтэй гэж санал болгож худалдсан үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзсэн тул эм худалдан авсан 112.000 төгрөгийг эд хөрөнгийн хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана. гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх төрлүүдийг зааснаас 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан... гэж, 511.4, 511.5-т гэмт хэргийн улмаас... гэж заасан.

Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирол шаардсан энэ шаардлага хуульд тусгайлан заагдаагүй тул шаардах эрхгүйгээс гадна шүүх дээр дурдсаар хариуцагч эрүүл мэндэд хохирол учруулаагүй, гэм буруугүй гэж үзсэн тул үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 112.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.Иргэдийн төлөөлөгчийн гаргасан жороор олгох эмийг жоргүй олгосон Хүрмэн ХХК буруутай ч Э.Гантөгсийн уусан эмийн улмаас түүний цөсөнд ургаж ургахгүй гэсэн тул Х ХХК-г буруугүй гэсэн дүгнэлт дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй тохирч байна.

 

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон, энэ зардал зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээч Д.Б-ийн ажлын хөлс 258.205 төгрөгийг зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулав. Харин шинжээч Д.Э-аас шүүхэд зардал шаардаж баримт ирүүлээгүйг дурдав.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуварилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х ХХК-иас 112.000 /Нэг зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99.888.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 258.205 төгрөгийг нэхэмжлэгч Э.Г, хариуцагч Х ХХК-иас тус бүр 129.103 төгрөгийг гаргуулж, шинжээч Д.Б /Хаан банк:5076264313/-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Д.БАТХУЯГ

 

 

Н.ОЮУНТУЯА