Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Хохирогч Д.Тунгалаг,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт  Б.М-д холбогдох 1705014230327 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 52 дугаар байр 104 тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, ял шийтгэлгүй, Б овогт  Б.М.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52-104  тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Д.Тунгалагийг маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэртээ орохоос өмнө Сэнгүр пиво нэгийг уусан байсан. Гэртээ ороод эмчилгээний архинаас жоохон уусан. Хохирогчийн биед би гэмтэл учруулсан. Би дахиж асуудлыг хүчээр шийдэж байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Тунгалаг мэдүүлэхдээ:

Бид хоёр эвлэрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөнхцолмон өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.М-н өгсөн:

“...Би хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн маргааны улмаас эхнэрийг алгадаж биед нь гэмтэл учруулсан маань үнэн. Дунд хүү Содбилэг нь гадагшаа тэмцээнд явах болоод тэрнээс үүдэж гэр бүлийн дунд мөнгөний асуудлаас маргаан үүсэж улмаар маргалдаж байхдаа ганц нэг гар хүрсэн асуудал байгаа. Гэрт буйдан дээр сууж байхад хоёр гараараа хоёр талаас нь шанаа, хацар орчимд 2-3 алгадаж авсан зүйл байгаа. Мөн барьцалдаж авч нэг нэгнийгээ татаж чангайсан зүйл байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Тунгалагийн өгсөн:

“... Хүүхдүүдийн сургалтын төлбөр, байрны зээл гээд мөнгөний асуудал их байгаа болохоор түүнээс болоод чи өчнөөн төгрөгийн өрөнд орох гэлээ гээд бид 2 маргалдсан. Манай нөхөр өдөр архи уулаа гээд мэссэж бичиж байсан. Орой орж ирэхдээ бага зэрэг халамцуу байсан. Бид 2 маргалдаад М ширээн дээр байсан шилэн аяга авч над руу шидсэн, намайг оноогүй. Би зөрүүлээд буйдан дээр байсан хүүхдийн тоглоом авч шидсэн. Тэгтэл над руу гал тогооны шүүгээнд байсан төмөр савтай Данзка гэсэн нэртэй архи шидсэн. Миний өгзөгний хэсгийг онож хөхрүүлсэн. Ирээд заамдаж аваад хоолой боогоод, миний хоёр талын хацар руу алгадаад, намайг газарт авч шидээд унасан хойно миний хөл бөгс рүү өшиглөсөн. ... Амьсгал авч чадахгүй сууж байхад хамраас чимхээд амьдралд нэмэргүй, пизда, янхан гээд хараагаад байсан. Босоод Жалсрайдоржийн хөл рүү өшиглөөд зодоод байсан. Тэгээд ээж чинь одоо чамайг өмөөрч чадахгүй, өөрөө тэнд үхэх гээд хэвтэж байна. Тэгээд хөл нүцгэн байснаа одоо гутал өмсөөд зодно гээд гутлаа өмссөн. Чи хэрвээ 3 хүүхдээ аваад явбал би та нарыг хаа байгаа газраас чинь очиж ална гэж дарамталсан. Хүүг үүдний довжоо долоо үнс гээд тэгэхгүй бол зодно шүү гээд дарамтлаад байсан. Тэгтэл хажуу айлаас дуудлага өгсөн юм шиг байна лээ, гаднаас хаалга тогшоод цагдаа нар орж ирээд М-г аваад явсан ... нөхөр хартай учраас намайг 2017 оны 3 байна уу 4 сард хүнтэй хардаж маргалдаж байсан. Түүнээс болж бид 2 барьцалдаж аваад түүний улмаас би хэсгийн байцаагч Одбаярт өргөдөл гаргаж өгөөд, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гомдол саналгүй гэдгээ хэлээд, нөхөрт торгуулийн арга хэмжээ авч байсан санагдаж байна ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 32 дугаар хуудас/,   

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Жалсрайдоржийн өгсөн:

“... намайг жижиг өрөөнөөс гарч ирэхэд аав ээж хоёр нэг нэгнийгээ заамдаад барьчихсан маргалдаад зогсож байсан. Газар 2-3 аяга унаад хагарчихсан байсан. Тэгээхэр нь би шүүрдэж авах гээд байж байхад аав намайг цохисон. ... Хэрүүл маргаан ер нь бол дүү Содхүүг АНУ-руу тэмцээнд явуулах гэж байгаа, түүнтэй холбоотой мөнгөний асуудлаас болоод аав ээж хоёр өдөр хоорондоо утсаар ярьж байхдаа маргалдсан. Тэгээд аав гаднаас орж ирээд жоохон байж байгаад дахин мөнгөний асуудлаас болж маргалдсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

 

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн 13828 тоот: 

  1. Д.Тунгалагийн биед шанаа, хоолой, цээж, нуруу, өгзөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

- Аюулын зэргийн үнэлгээний баримт /хх-н 14-15/,

     - Хохирогч Д.Тунгалагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-н 48/,

- Шүүгдэгч Б.М-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-н 49/,

 

Шүүгдэгч Б.М-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Г.Хишигмаагийн өгсөн:

“... хүү М даруу төлөв зантай, дуу шуу багатай, ээждээ их тусархуу, айл гэрийн ноён нуруу, үр хүүхэддээ их халамжтай хүн байгаа юм. Айл гэрийн ноён нуруу, айлын том хүү учраас дүү нар болон хүүхдүүддээ их үлгэр дууриалалтай, хуримаа хийхэд нь авч өгч байсан хашаа байшингаа зарж, түүнийхээ мөнгөөр урьдчилгаа хийж одоо байрны лизинд орсон байгаа. ... Ёс суртахууны хувьд өндөр ёс суртахуунтай хүн гэж боддог ...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнх-Учралын өгсөн:

“... Ах М төлөв дару, ажилч хичээнгүй, дуу шуу багатай, ээждээ тусархуу, үр хүүхэддээ их халамжтай ...” гэх мэдүүлэг /хх-н 38/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 16-17/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 19, 22/,

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 21/зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.М-д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52-104  тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Д.Тунгалагийг маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь шанаа, хоолой, цээж, нуруу, өгзөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Б.М-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.Тунгалаг, насанд хүрээгүй гэрч М.Жалсрайдорж нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн 13828 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Хохирогч Д.Тунгалаг нь бид хоёр эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Б.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 650,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-г 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М-г торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ