Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00404

 

 

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00404

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00114 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-ийн хариуцагч АТҮТ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан, АТҮТ ТӨҮГ-ын захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/452 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг дэвтэрт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Д Автотээврийн үндэсний төвийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/451 тоот тушаалын дагуу тус төвийн хяналтын тасгийн даргаар томилогдож ажиллаж байсан. Автотээврийн үндэсний төвийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/452 тоот тушаалаар Д.Дид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хяналтын тасгийн албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч байгууллагын удирдлага 2019 онд солигдсонтой холбоотойгоор Д.Дийг ажлаа өг, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өг гэсэн зүй бус санал, шаардлагууд ирдэг байсан ба хуулийн дагуу ажлаа хийж байгаа, ямар ч алдаа дутагдал гаргаагүй учраас ажлаа хүлээлгэж өгөхгүй гэдгээ илэрхийлдэг байсан. Автотээврийн үндэсний төвийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/452 тоот тушаалаар сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байна.

 

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Д.Дид байгууллагын зүгээс ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг албан ёсоор танилцуулж, гарын үсэг зуруулаагүй ба 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийг буруутгах, ажлаас халах зорилгоор бэлдсэн хөдөлмөрийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулж авсан. Уг гэрээнд ажил олгогчийг төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зураагүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлтэй. Ажлын байрны тодорхойлолтыг огт танилцуулж байгаагүй. Д.Дийг ажлаас халах үндэслэлийг Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 5.1.13, 11.6.1, 11.6.33 дахь заалт, ажлын байрны тодорхойлолтын 2.3, 3.9, 3.10 дахь заалтуудыг зөрчсөн гэж байгаа боловч энэ талаар нэхэмжлэгчид огт танилцуулж байгаагүй, эдгээр заалтуудыг огт хараагүй. Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг танилцуулаагүй.

Д.Д ажлаа зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн бөгөөд тасгийн өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж буруутгаж байгаа гэж ойлгосон. Энэ нь ямар үүрэг, нэхэмжлэгч яаж зөрчсөнөө мэдэхгүй байгаа ба ямар ч зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Улсын байцаагч нар орон нутагт томилолтоор ажиллахдаа торгуулийг төрийн сангийн дансанд тушаагаагүй гэж хэлсэн. Торгуулийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэх, эдгээр албан хаагчдын өмнөөс хариуцлага хүлээх үүрэг нэхэмжлэгчид байхгүй. Улсын байцаагч гэх албан тушаалтнуудтай захирал хөдөлмөрийн гэрээ байгуулсан, дүрэм, журам зөрчсөн гэж үзвэл шийтгэл ногдуулсан байх ёстой. Буруутай гэх албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй атлаа нэхэмжлэгчид хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүйгээр миний ажлыг авах зорилготой гэж хардахад хүргэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн бол ажлаас халахаар байна. Д.Д ямар нэгэн зөрчил гаргаагүй, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байхад огт нэхэмжлэгчид танилцуулаагүй хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллагад ямар нэгэн хохирол учруулаагүй, хууль зөрчөөгүй байхад ноцтой зөрчил гаргасан гэж хамгийн хүнд сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа ба Хөдөлмөрийн гэрээний 4.6.1, 4.6.9 дэх заалтад заасан ноцтой зөрчлийг огт гаргаагүй. Дотоодын хяналтаар илэрсэн гэх байцаагч нарын зөрчлийн талаарх Д.Д-ийн бичиж өгсөн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тайлбарыг аудитын албаны дарга А.Д, мэргэжилтэн Э.А нар өөрсдөө хэлж өгч, цээж бичиг бичүүлж байгаа мэт хэлж бичүүлсэн байдаг. Тайлбар бичихгүй гэж хэлсэн боловч албадаж бичүүлсэн. Д.Дийг чухам ямар зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь ойлгомжгүй, тушаалд энэ талаар тодорхой заагаагүй. Хэзээ гаргасан зөрчлийг хэдийд илрүүлээд арга хэмжээ аваад байгаа нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэл ногдуулж болох хугацааг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд АТҮТ ТӨҮГ-ын захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/452 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Автотээврийн үндэсний төвийн хяналтын тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д албан үүргээ гүйцэтгэж байх үедээ албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, хяналтын тасгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч Д.Д нь хяналт тавьж ажиллаагүй гэдэг нь Хяналтын тасгийн автотээврийн хяналтын мэргэжилтэн Д.Нэргүйд сахилгын шийтгэл ногдуулсан, хяналт шинжилгээ, дотоод аудитын албанаас ирүүлсэн санал, дүгнэлт, өөрийнх нь гаргасан хариу тайлбараар тус тус тогтоогдож байгаа болно. Нэхэмжлэгч Д.Д нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь дэд захирал Ц.Эрдэнэчулууны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/956 тоот чиглэл өгөх тухай албан бичигт заасны дагуу торгууль, шийтгэврийн тайлан мэдээг ирүүлээгүй бөгөөд ногдуулсан торгууль, шийтгэврийн мэдээг хугацаа хожимдуулсан зөрчил гаргасан. Энэ зөрчил нь хяналт шинжилгээ, дотоод аудитын албанаас ирүүлсэн санал дүгнэлтээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч Д.Д нь сахилгын зөрчил гаргасан тул 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн захирлын Б/185 дугаар тушаалаар албан тушаалын үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү шийтгэл нь 2020 оны 6 дугаар сарын цалингаас нь хасагдсанаар биелэгдсэн байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр сахилгын шийтгэл авснаас хойш сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин сахилгын зөрчил давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн. Цалингаас 20 хувь суутгасан байдлыг цалин авч байгаа нэхэмжлэгч мэдэхгүй байх ямар ч боломжгүй. Түүнд сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тушаал хүчинтэй, мөн дотоод аудитын газрын зөрчлийг илрүүлэн тогтоосон 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт, санал мөн хүчинтэй тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Д.Д албан үүргээ гүйцэтгэж байх үедээ албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, хяналтын тасгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 3.5, 4.6.1, 4.6.9-д заасан сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар АТҮТ ТӨҮГ-ын захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/452 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна.

Автотээврийн үндэсний төвийн удирдлага 2019 онд солигдсонтой холбоотойгоор ажлаа өг, ажлаас чөлөөлөгдөх өг гэсэн зүй бус санал, шаардлагууд ирдэг байсан ба би хуулийн дагуу ажлаа хийж байгаа, ямар ч алдаа дутагдал гаргаагүй учраас ажлаа хүлээлгэж өгөхгүй гэдгээ илэрхийлдэг байсан талаар нэхэмжлэлдээ дурдаж, нэхэмжлэгч шүүх хуралдаанд энэ талаар тайлбарласан. Үүнийг хариуцагчаас үгүйсгээгүй бөгөөд зөрчил гаргасан гэх үндэслэлээр зөвхөн Д.Дид сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлсөн нь хэрэгг авагдсан баримтуудаар тогтоогдсон. АТҮТ ТӨҮГ-ын Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга А.Д, мэргэжилтэн Э.А нараас Хяналтын тасгийн мэргэжилтэн Д.Б , С.О болон аймгуудын Автотээврийн төвийн хяналтын мэргэжилтнүүдэд тайлан ирүүлээгүй, торгуультай холбоотой зөрчлүүдтэй холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлсэн боловч сахилгын шийтгэл ногдуулаагүй, зөвхөн Д.Дид ажлаас халах шийтгэл ногдуулсан нь бүрэн тогтоогдож байна. Энэ нь зөрчил гаргасан гүйцэтгэх албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй атлаа зөрчил гаргаагүй Д.Дид ажлаас халах шийтгэл ногдуулж, тэгш бус хандсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчигдсөн болохыг харуулж байна.

Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг ажил олгогчоос огт танилцуулаагүй бөгөөд хэзээ, яаж өөрчлөгдсөн, батлагдсан нь тодорхой бус баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй. Шүүх ажлын байрны тодорхойлолттой танилцалгүйгээр ажил үүргийг гүйцэтгэх ямар ч боломжгүй тул түүнд ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар бодит үнэнд нийцэхгүй гэж үзсэн нь илтэд хариуцагчийг зөвтгөсөн, хуульд үндэслээгүй дүгнэлт болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 21.1.2, 21.3-т зааснаас үзэхэд Д.Д болон АТҮТ ТӨҮГ-ын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Талууд ямар ажил үүрэг гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээ тохироогүй байхад үүргээ зөрчсөн гэж шийтгэл ногдуулах эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж зааснаас үзвэл хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу ажил үүргийг тохироогүй байхад тайлан өгөхийг шаардах эрхгүй. Өмнө нь Зам тээврийн яамнаас программаар 3 сард 1 удаа тайлан нэгтгэж өгдөг байсан ба Д.Дийг ажлаас чөлөөлөх үеэр сар болгон тайлан гаргаж өгөх тухай яригдаж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тайлбарыг нэг бүрчлэн хэлж өгч, дарамт шахалтаар бичүүлж авсан ба сар бүрийн 30-ны өдөр тайлан өгөх үүргийг хөдөлмөрийн гэрээ, бусад дүрэм, журмаар ногдуулаагүй болно. 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэнэт тайлан нэгтгэх тухай яригдахад орон нутгийн мэргэжилтнүүдээс мэдээ, тайлангаа өг гэж үүрэг болгодог, утсаар удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Өгөөгүй ажилтнуудыг буруутгаагүй, шийтгээгүй мөртлөө өгөхийг шаардсан хүнийг буруутгаж байгаа нь шударга бус юм.

Хяналтын тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтыг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд намайг ажилд томилогдоход ажлын байрны тодорхойлолт байсан мэтээр дүгнэж байгаа нь нотлох баримтыг илтэд буруу үнэлсэн шийдвэр болсон. Д.Дид танилцуулаагүй, харуулаагүй ажлын байрны тодорхойлолтыг намайг мэдсэн, мэдэж байгаа гэж дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй. АТҮТ ТӨҮГ-ын дэд захирал Ц.Эрдэнэчулууны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/956 тоот чиглэл өгөх тухай албан бичиг авагдсан ба уг албан бичигт зөвхөн авилга, ашиг сонирхлын зөрчил гаргаагүй байх, хуулийн хүрээнд ажиллахыг үүрэг болгосон байх ба орон нутгийн Автотээврийн үндэсний төв болон салбаруудтай хамааралтай үүрэг, чиглэл байна. Гэтэл хариуцагчаас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/956 тоот чиглэл өгөх тухай албан бичигт заасан торгууль, шийтгэврийн тайлан мэдээ ирүүлээгүй гэж Д.Дид хамааралгүй зөрчлийн хариу тайлбар гаргаж, үүнийг шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.

АТҮТ ТӨҮГ-ын захирлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/185 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хэрэгт хариуцагчаас ирүүлсний дараа анх удаа танилцсан. Уг тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, хяналтын тасгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн зөрчил гаргасан гэж үзэж, сарын үндсэн цалинг 1 cap 20 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн талаар бичсэн байна. Энэ тушаалтай танилцаагүй, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр надад ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй, ажлын байрны тодорхойлолт байхгүй байсан болох нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна. АТҮТ ТӨҮГ-ын захирлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/185 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасныг зөрчсөн, хууль бус тушаал юм. Хууль бус тушаалыг үндэслэж, намайг урьд нь зөрчил гаргасан гэж дүгнэж байгаа нь 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж байна.

Иймд дээрх үндэслэлээр хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, үндэслэлгүй гарсан анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч АТҮТ ТӨҮГ-т холбогдуулан АТҮТ ТӨҮГ-ын захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/452 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хяналтын тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Д нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр АТҮТ ТӨҮГ-ын Хяналтын тасгийн даргаар томилогдож, улмаар тус байгууллагын захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/452 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх 7-арын нүүр, 4/

 

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 5.1.13, 11.6.1, 11.6.23, 11.6.33 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 3.5, 4.6.1, 4.6.9, ажлын байрны тодорхойлолтын 2.3, 3.9, 3.10-т заасныг тус тус үндэслэсэн байх ба уг тушаалд ...Д.Д нь албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хяналтын тасгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэж үүрэгт ажилдаа хайнга хандсан, ажлаа зохих түвшинд удирдан зохион байгуулаагүй зөрчлийг удаа дараа гаргасан, ... сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон... гэж дурджээ. /хх 4/

 

Энэхүү тушаалыг нэхэмжлэгч Д.Д эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх 2-арын нүүрний дардас, 29/

 

Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 20/01 тоот хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх 61-65/ Учир нь хөдөлмөрийн харилцааны талууд болох ажил олгогч, ажилтан нар ажлын байрны нэр, ажилтны гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байх ба уг гэрээнд ажил олгогчийг төлөөлж Захиргаа сургалт, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Баатарцол, ажилтныг төлөөлж Хяналтын тасгийн дарга Д.Д нар гарын үсэг зурж, байгууллагын тамгаар баталгаажуулжээ. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан гэх нэхэмжлэгч талын тайлбар баримтаар нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тохироогүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн нь буруу гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хэргийн 55-60 дугаар талд авагдсан Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, 79-107 дугаар талд авагдсан хөдөлмөрийн дотоод журам-тай танилцаагүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч байгууллагад анх 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойшх хугацаанд ахлах мэргэжилтэн, авто үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, хяналтын тасгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж ирсэн байх тул холбогдох ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг мэдэх ёстой, мэдэх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Д нь байгууллагад удирдах албан тушаал буюу Хяналтын тасгийн даргаар ажиллаж байгаа хүний хувьд өөрийн ажил, үүрэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мэдэх ёстой, мэдэх үүрэгтэй учир 2018 оноос хойш ажиллаж буй Хяналтын тасгийн даргын Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг мэдэхгүйгээр ажил, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлээр энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Нэхэмжлэгч нь АТҮТ ТӨҮГ-ын захирлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/185 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хэрэгт хариуцагчаас ирүүлсний дараа анх удаа танилцсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар, татгалзал түүний Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанд бичгээр гаргасан тайлбараар няцаагдаж байна. Тодруулбал, тус тайлбарт Энэ онд сахилгын шийтгэлтэй: Д.Д... гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр сахилгын шийтгэл авснаа мэдэж байсан гэж дүгнэхээр байна. /хх 32-33/ Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Д-ийн Нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн 2020 оны 6 сарын бичилтээс үзэхэд түүний цалин 20 орчим хувиар буурсан болох нь илт мэдэгдэж байх тул сарын үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл аваагүй гэсэн агуулгатай түүний тайлбар үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Нэхэмжлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тайлбарыг дарамт шахалтаар бичүүлж авсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хэрэгт авагдсан Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны санал, дүгнэлтүүд /хх 31, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54/, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанд нэхэмжлэгч Д.Д-ийн гараар бичсэн тайлбар /хх 32/, АТҮТ ТӨҮГ-ын Дэд захирал Ц.Эрдэнэчулууны Чиглэл өгөх тухай албан бичиг /хх 30/ зэргийг харьцуулан дүгнэвэл Хяналтын тасгийн дарга Д.Д нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Хяналтын тасгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон, ажилтан Д.Д үүнийг хүлээн зөвшөөрч байсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд ажил олгогчийн зүгээс ажилтан Д.Дийг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн хэмээн үзэж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

Ийнхүү ажилтан Д.Дийг Сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн учир Хяналт шинжилгээ, дотоод аудитын санал, дүгнэлтэд дурдагдсан ажилтан, албан хаагч нарт ялгавартай хандсан гэсэн нэхэмжлэгч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгчийн гүйцэтгэх албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй атлаа зөрчил гаргаагүй Д.Дийг ажлаас халсан нь тэгш байдлын зарчим зөрчигдсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь хэргийн оролцогч бус этгээдэд хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцоогүй нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй. Мөн чиглэл өгсөн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/956 тоот чиглэл өгөх албан бичгийг шүүх үнэлсэн нь буруу гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ