Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 318/ШШ2025/00123

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч:  М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:  Ц овогт Т.Н-д холбогдох, 

 Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 9,185,647.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэл гаргах өдрий тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 9,168,647.37 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 9,185,647.37 төгрөгийг хариуцагч Т.Наас гаргуулж өгнө үү” гэжээ.               

Хариуцагч Т.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 9,185,647 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сард 500,000 төгрөгөөр төлж барагдуулах болно.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Нд холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа танилцаад хүлээн зөвшөөрч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Т.Нд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 9,185,647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 9,185,647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сард 500,000 төгрөг төлж барагдуулахаар хариуцагч Т.Н хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Т.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,920 төгрөгийн тал хувь болох 80,960 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 80,690 төгрөг, хариуцагч Т.Наас 80,690 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Нд холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 9,185,647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Т.Н хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,920 төгрөгийн тал хувь болох 80,960 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 80,690 төгрөг, хариуцагч Т.Наас 80,690 тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР