| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00161/И |
| Дугаар | 318/ШШ2025/00124 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 318/ШШ2025/00124
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Ө Х банк ХК-ийн Ө салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х овогт Ц.Э-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,891,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.Э нь Х банкны Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төвөөс 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ....... тоот Зээлийн гэрээ, БХГ202146549996 тоот Барьцааны гэрээ байгуулан цалингийн орлогоо барьцаалуулан 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар зээлийг авсан юм. Зээлдэгч Ц.Э нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөхийг мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол шуудан компаниар тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 983 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,615,605.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,132,794.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 125,074.93 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 4,500 төгрөг, 14,000 төгрөг нийт 2,891,974.98 төгрөгийн төлбөр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Х банкнаас 7,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад хуваарьт өдрүүдэд эргэн төлөлт төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хариуцлагагүй үйлдэл гаргасан нь үнэн болно. Ар гэрийн гачигдал болон гэнэтийн байдлаар ажлаас гарсан зэрэг нь санхүүгийн байдалд нөлөөлж орлого гэх зүйлгүй олон сар болоод хувийн зүгээс маш хүндрэлтэй байдалд байсан тул зээлийн хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч талтай эвлэрэлд хүрч, цаашид өөрийн зүгээс хугацаа хэтрүүлсэн зээлийн төлбөр болох 2,891,974.98 төгрөгийг өөрийн боломж нөхцөлдөө тааруулан 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн сар бүр 300,000 төгрөгөөр төлөөд явах хүсэлттэй байна. Х банк ХК-д хүндрэл учруулахгүй байдлаар өөрийн нөхцөлдөө уялдуулан төлөөд явах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Ц.Эийн тайлбартаа танилцсан ба 2025 оны 3 дугаар сараас эхлэн сар бүр 300,000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Ц.Эт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,891,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,891,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн сар бүр 300,000 төгрөгөөр төлж барагдуулахаар хариуцагч Ц.Э хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,222 төгрөгийн тал хувь болох 30,611 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 30,611 төгрөг, хариуцагч Ц.Эээс 30,611 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,891,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Ц.Э хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,222 төгрөгийн тал хувь болох 30,611 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 30,611 төгрөг, хариуцагч Ц.Эээс 30,611 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР