Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 318/ШШ2025/00141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ш овогт Ж.Б-н,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие .. онд төрсөн. Би 1989 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын Техник мэргэжлийн сургуулийн тракторын бороожуулагчийн ангийг төгсөж ирээд 1989 оноос Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйд усны салааны бороожуулагч, машины оперотарчин /туслах ажилчин/-аар ажиллаж байсан. 1991 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйн 1989 оноос 1991 он, Туяа нэгдлийн 1991 оноос 1993 оны тушаал, 1992 оны цалингийн баримтаас холбогдох баримт гараагүй. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажлаас гарсан тушаал болон цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд миний Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйд 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарыг дуустал туслах ажилчнаар, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1991 оны 5 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Туяа ХК-нд 1991 оны 4 дүгээр сараас 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй. Зарим тушаалд миний нэрийг Н.Б гэж бичсэн байна лээ. Миний аав Н гэж хүн байгаад намайг багад нас барсан тул би ээж Ж-р овоглодог юмгэжээ.

2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан тодорхойлолт, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 109 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан Ж.Б Тариалан сумын Туяа нэгдэлд 1991 оны 5 дугаар сард ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 111 дугаартай Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Тариалан сумын Туяа хувьцаат компанийн ХК-ийн захирлын 1993 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалын хавсралт, шитмгэл төлөлтийн лавлагаа, Ж.Бын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Н-н иргэний үнэмлэхийн хуулбар болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, О.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Н, С.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар С.С-г ажилд томилсон Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаартай Ажилд авах тухай тушаал, түүнийг ажлаас чөлөөлсөн Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч Ж.Н, Д.Н, О.Б, С.С нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Бын Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйд 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарыг дуустал туслах ажилчнаар, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1991 оны 5 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Туяа ХК-нд 1991 оны 4 дүгээр сараас 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Бын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь Ч. нь ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 109 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар техник мэргэжлийн сургууль төгсөж ирсэн Ж овогтой Б-ыг Хархираа бригадын усны салааны бороожуулагч машины операторчноор-туслах ажилчнаар 9-р сарын 11-ний өдрөөс эхлэн томилжээ.

Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ж.Б Тариалан сумын Туяа нэгдлийн Тарвагатай бригадад 1991 оны 5 дугаар сард ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 111 дугаартай Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай тушаалын хавсралтын 65-рт Б хоньчин гэж бичигджээ.

Увс аймгийн Тариалан сумын Туяа хувьцаат компанийн ХК-ийн захирлын 1993 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралтын 55-рт Б гэсэн нэр бичигджээ.

3.1. Шүүхээс гэрч Ж.Н, С.С, О., Д. нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Н Ж.Б нь 1989 оноос 1991 он хүртэл Тариалан сумын Хархираагийн тэжээлийн аж ахуйд туслах ажилтнаар ажиллаж байсан гэж манай нөхөр хэлсэн. Би хамт ажиллаж байгаагүй учраас мэдэхгүй. Би сургуулийн дотуур байранд жижүүр, үйлчлэгчээр ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд хамт ажиллаж байгаагүй тул түүний мэдүүлгийг үнэлээгүй. Гэрч С.С Би 1984 оноос 2000 он хүртэл Тариалан сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. Тэжээлийн аж ахуй дампуураад би хувиараа мал аж ахуй эрхэлж эхэлсэн. Ж.Б нь 1989 оны 9 дүгээр сараас 1991 он хүртэл Хархираагийн тэжээлийн аж ахуйд туслах ажилтнаар ажиллаж байсан... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаартай Ажилд авах тухай тушаал, түүнийг ажлаас чөлөөлсөн Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар тус тус тогтоогдсон, гэрч Ж.Н Би 1979 онд Тариалан сумын ерөнхий боловсролын сургууль төгсөөд Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан 1998 он хүртэл Тариалан сумын 2-р багт малчнаар ажилласан. Ж.Б нь 1991 оноос Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд Ж Б-с аар Б гэж хүн ажиллаж байгаагүй гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаартай шийдвэрээр, гэрч О.Б Би 1977 оноос Тариалан сумын Туяа нэгдэлд ажиллаж эхэлсэн. Тухайн үед Ж.Б сургуульд сурч байсан. Ж.Б нь 1991 оноос 1993 онд Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаартай шийдвэрээр тус тус нотлогдож байх тул гэрч С.С, О.Б, Д.Н нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хувьчлагдсан болох нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 111 дугаартай Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай тушаалаар тогтоогджээ.

4. Нэхэмжлэгч Ж.Б нь Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйд 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарыг дуустал туслах ажилчнаар, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1991 оны 5 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Туяа ХК-нд 1991 оны 4 дүгээр сараас 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 109 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ж.Б Тариалан сумын Туяа нэгдлийн Тарвагатай бригадад 1991 оны 5 дугаар сард ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 111 дугаартай Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай тушаал, Увс аймгийн Тариалан сумын Туяа хувьцаат компанийн ХК-ийн захирлын 1993 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрч С.С, О.Б, Д.Н нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Бын Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйд 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарыг дуустал туслах ажилчнаар, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1991 оны 5 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Туяа ХК-нд 1991 оны 4 дүгээр сараас 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Ж.Б Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйд 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарыг дуустал туслах ажилчнаар, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1991 оны 5 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Туяа ХК-нд 1991 оны 4 дүгээр сараас 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР