Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 318/ШШ2025/00142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б овогт Н.Б-н,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б нь байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие ..... онд төрсөн.... настай. Би ..... оноос эхлэн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажлын гараагаа эхлүүлсэн. 1987 оны 01 дүгээр сараас 1987 оны 09 дүгээр сарын 24 хүртэл Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд 1987 оны 09 дүгээр сарын 25-нд татагдаж 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн нэгдэлдээ малаа маллан 1993 оны 12 дугаар сарын 31 хүртэл малчнаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр нэгдлийн даргын тамга байхгүй, мөн нэгдэл хувьчлагдаж Алдар компани болсон тухай хөдөлмөрийн дэвтэрт бичилт байхгүй, компани цалин хөлс олгосон тухай хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ компанийн тоо бүртгэлийн дардас дараагүй зэрэг зөрчилтэй учраас шүүхэд хандаж байна. Аймгийн архиваас Пионер нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24 хүртэл, 1989 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны цалингийн тодорхойлолт гарахгүй байна. Наранбулаг сумын Пионер нэгдэл нь 1991-1992 онд, Алдар хувьцаат компани нь 1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа байгаа. Иймд миний Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний хооронд малчнаар, мөн 1992-1993 онд Алдар хувьцаат компанид малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллж байсан Ж.Н, Ч.Д нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь 1987 оноос Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1987 оны 09 дүгээр сарын 24 хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн нэгдэлдээ 1993 оныг дуустал мал малласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр нэгдлийн даргын тамга байхгүй, мөн нэгдэл хувьчлагдаж Алдар компани болсон тухай хөдөлмөрийн дэвтэрт бичилт байхгүй, компани цалин хөлс олгосон тухай хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ компанийн тоо бүртгэлийн дардас дараагүй зэрэг зөрчилтэй учраас шүүхэд хандсан. Увс аймгийн архиваас Пионер нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24 хүртэл, 1989 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны цалингийн баримт гарахгүй байгаа. Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэл нь 1991-1992 онд, Алдар ХК нь 1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа гарсан. Иймд Н.Бийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, мөн нэгдэлд 1989 оны 11 дүгээр сараас 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Алдар ХК-нд 1992 оны 5 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан архивын лавлагаа, Увс аймгийн архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08/3095 дугаартай цэргийн алба хаасан тухай лавлагаа, Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай Хувьчлах төсөл батлах тухай тогтоол, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, 2 ширхэг хөдөлмөрийн дэвтэр, Ч.Д-н иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ж.Н-н иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Шүүхээс Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2025 Н.Бийн ХААТР-1 болон ХААТР-15 маягтуудыг гаргуулсан. Мөн гэрчээр Ч.Д, Ж.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Н.Бийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Н.Б нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг дарагдаагүй, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гэрлэснийг бүртгэх анкет /ХААТР-15 А маягт/-д Н.Б, Наранбулаг сумын Алдар компанид малчин гэж бүртгэгджээ.

3.1. Шүүхээс гэрч Ч., Ж.Н нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.Д Н.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд Алдар багт малчин байсан бөгөөд би мөн тухайн багт мал маллан амьдарч байсан. Н.Б нь 1980 оноос хойш мал маллаж байгаа. Эхэн үедээ хоньчин хийж байгаад сүүл рүүгээ таван хошуу мал маллаж эхэлсэн. Нэгдэл тараад хувийнхаа малыг одоо хүртэл маллаж байгаа хүн юм... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Ж.Н Н.Бийг хэддүгээр анги төгссөн талаар сайн мэдэхгүй. Сургуулиас гараад мал маллаж эхэлсэн. Хэдэн оноос эхэлж маллаж эхэлсэн талаар мэдэхгүй. Мал маллаж байх хугацаандаа 1992 онд нэгдэл тарж Алдар компани болоход үргэлжлүүлэн уг компанид ажилласан. Манай багт ажиллаж амьдарч байсан хүмүүсийн хувьд 1987-1993 оны хооронд ажиллаж байсныг батлах материал олддоггүй асуудал байдаг. Алдар компани 1992 онд байгуулагдсан бөгөөд уг компанийн материалууд мөн байдаггүй. Гарцаагүй мал маллаж амьдарч байсан нь үнэн гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэл 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хувьчлагдсан болох нь Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай Хувьчлах төсөл батлах тухай тогтоолоор нотлогдож байна.

Мөн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэл 1991-1992 онд, Алдар ХК 1993 онд шимтгэл төлөлтийн тайлангаар тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болох нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан архивын лавлагаагаар тогтоогджээ.

4. Нэхэмжлэгч Н.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1991 оны 1 дүгээр сарын 1992 оны 4 дүгээр сарыг дуустал малчнаар, Алдар ХК-нд 1992 оны 5 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н.Б, Наранбулаг сумын Алдар компанид малчин гэж бүртгэгдсэн ХААТР-15 маягт, гэрч Ч.Д, Ж. нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон.

5. Харин нэхэмжлэгч Н.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, мөн нэгдэлд 1989 оны 11 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажилласан гэх боловч нэхэмжлэгчийг тухайн онд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Н.Бийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1991 оны 1 дүгээр сарын 1992 оны 4 дүгээр сарыг дуустал малчнаар, Алдар ХК-нд 1992 оны 5 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, мөн нэгдэлд 1989 оны 11 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн 2 ширхэг хөдөлмөрийн дэвтэр нь тамга, тэмдэг дарагдаагүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Н.Бн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1991 оны 1 дүгээр сарын 1992 оны 4 дүгээр сарыг дуустал малчнаар, Алдар ХК-нд 1992 оны 5 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, мөн нэгдэлд 1989 оны 11 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР