Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Л.А-д холбогдох эрүүгийн 201726020693 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Ногоон тагт ресторанд бармен ажилтай, ам бүл 4, эх, 2 дүү нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11-1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ДЮ90051371... регистрийн дугаартай Т овогт Л.А.

 

Шүүгдэгч Л.А 2017 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Файре нэртэй баарны гадна Г.Баттулгын нүүрэн тус газарт цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ:

  Би 2017 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө хөдөөнөөс ирсэн найз Батзоригтой уулзсан. Би найзтайгаа уулзаад огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд би гэртээ харихаар явж байгаад цуг ажилладаг байсан Бат-Оршихтой таараад гар бариад зогсож байхад хажуу талаас Баттулга “чи хэн юм бэ” гээд дайраад байсан. Тухайн үед Баттулга согтуу байсан. Над руу Баттулга дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд цохисон. Дараа нь Баттулга араас орилоод байхаар нь би эрүүл байсан болохоор найзыгаа аваад явсан6 Би Бат-Оршихтой өмнө ажиллаж байсан. Хохирогчийг танихгүй. Бат-Орших бид 2-ыг юм ярьж байхад хажуу талаас орж ирээд юм яриад байсан. Намайг цохих гээд байгаа санагдсан. Би нэг удаа шанаа руу нь алгадсан. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би хохирогчид 1.000.000 төгрөг өгсөн. Цаашид олон нийтийн газар биеэ  зөв авч явна. Гэмшиж байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Баттулгын өгсөн:

            “... 2017 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02-03 цагийн хооронд би Файре баарны урдуур алхаад явж байхад 10-н жилийнхээ Бат-Оршихтой таараад хамт Файре бааранд орсон. Нэг пиво захиалчихаад жаахан сууж байгаад тамхилах гээд гарсан. Тэгсэн Бат-Орших баарны үүдэнд таньдаг хүнтэйгээ юм яриад зогсож байсан. Тэр хоёрын яриаг сонссон чинь тэр залуу Оршихоос архи пиво аваад өг гээд нэхээд зогсож байсан. Би Оршихыг өмөөрөөд чи өөрөө пивоо авч ууж чаддаггүй юм уу, Оршихоор пиво авхуулах гээд байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь тэр залуу чамд ямар хамаатай юм гээд их уурлаад, шууд миний баруун шанаа руу гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Оршихийн өгсөн:

            “... 2017 оны 3 дугаар сарын 07-ны шөнө би найзуудтайгаа хорооллын эцсийн Файре бааранд явж байхдаа бааран дотор Баттулгатай таарч бид хоёр жаахан юм ярьж байгаад, тамхилах гээд гараад, гадаа үүдэн дээр тамхи татаад зогсож байхдаа А-тай бас үүдэн дээр таарсан ... Тэгээд А-тай ойр зуурын юм яриад А-г хаашаа явж байгаа юм гэхэд А надад мөнгө алга ганц пиво аваад өгчих гэж надад хэлсэн. Тэгсэн Баттулга хажуунаас чи манай найзаар пиво авахуулах гэж байгаа юм уу гээд намайг өмөөрсөн маягтай юм хэлсэн. Тэгээд А, Баттулга хоёр хоорондоо муудалцаж байхдаа А Баттулгын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Баарны гадаа 2 хамгаалагч байсан. Тэр хоёр хамгаалагч А, Баттулга хоёрыг салгаад хоёр тийш нь явуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 3616 тоот: 

1. Г.Баттулгын биед доод эрүүний далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

            - Хохирогч Г.Баттулгын өвчний түүхийн хуулбар /хх-н 23-30/,

            - Хохирогч Г.Баттулгын хохирлын баримтууд /хх-н 63-70/,

            - Хохирол төлсөн баримт /хх-н 134/,

 

Шүүгдэгч Л.А-н хувийн байдалтай холбоотой:

- АСАП сангийн лавлагаа /хх-н 44-46/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Файре нэртэй баарны гадна Г.Баттулгын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь доод эрүүний далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Л.А-н “...  Би 2017 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө хөдөөнөөс ирсэн найз Батзоригтой уулзсан. ... Тэгээд би гэртээ харихаар явж байгаад цуг ажилладаг байсан Бат-Оршихтой таараад гар бариад зогсож байхад хажуу талаас Баттулга “чи хэн юм бэ” гээд дайраад байсан. Тухайн үед Баттулга согтуу байсан. Над руу Баттулга дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд цохисон. Дараа нь Баттулга араас орилоод байхаар нь би эрүүл байсан болохоор найзыгаа аваад явсан. Би Бат-Оршихтой өмнө ажиллаж байсан. Хохирогчийг танихгүй. Бат-Орших бид 2-ыг юм ярьж байхад хажуу талаас орж ирээд юм яриад байсан. Намайг цохих гээд байгаа санагдсан. Би нэг удаа шанаа руу нь алгадсан ...” гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Г.Баттулгын “... 2017 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02-03 цагийн хооронд би Файре баарны урдуур алхаад явж байхад 10-н жилийнхээ Бат-Оршихтой таараад хамт Файре бааранд орсон. ... Тэр хоёрын яриаг сонссон чинь тэр залуу Оршихоос архи пиво аваад өг гээд нэхээд зогсож байсан. Би Оршихыг өмөөрөөд чи өөрөө пивоо авч ууж чаддаггүй юм уу, Оршихоор пиво авахуулах гээд байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь тэр залуу чамд ямар хамаатай юм гээд их уурлаад, шууд миний баруун шанаа руу гараараа цохисон ...” гэх,

гэрч Б.Бат-Оршихийн “... 2017 оны 3 дугаар сарын 07-ны шөнө ... А-тай ойр зуурын юм яриад А-г хаашаа явж байгаа юм гэхэд А надад мөнгө алга ганц пиво аваад өгчих гэж надад хэлсэн. Тэгсэн Баттулга хажуунаас чи манай найзаар пиво авахуулах гэж байгаа юм уу гээд намайг өмөөрсөн маягтай юм хэлсэн. Тэгээд А, Баттулга хоёр хоорондоо муудалцаж байхдаа А Баттулгын нүүр рүү гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 3616 тоот дүгнэлт, хохирогч Г.Баттулгын өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.А нь тэрээд 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

 

Иймд Шүүгдэгч Л.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Баттулга “А-д гомдол саналгүй, хохиролгүй болгож өгснийг бичгээр өгөв” /хх-н 134/ гэсэн, шүүгдэгч Л.А хохирогчид 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Л.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.А-д торгох ял оногдуулсан болно.

 

               Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овогт Л.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.А-г торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Л.А бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ