Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00428

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00428

 

 

 

М.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02918 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Оын хариуцагч НГЗБалбанд  холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 279 132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0115 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 273 дугаар магадлалаар М.Оыг нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн аль нэг газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, 2018 оны 08 сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020 оны 02 сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг М.Од олгохыг НГЗБалбанд даалгаж шийдвэрлэсэн.

Хариуцагч байгууллага нь 2020 оны 09 сарын 07-ны өдрийн Б/264 дугаар ажилд томилох тухай тушаалаар М.Оыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон. 2020 оны 02 сарын 11-ний өдрөөс 2020 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт ажлын 143 хоног /2 дугаар сард 13, 3 дугаар сард 22, 4 дүгээр сард 22, 5 дугаар сард 21, 6 дугаар сард 21, 7 дугаар сард 20, 8 дугаар сард 21, 9 дүгээр сард 4 ажлын хоног/ байх бөгөөд сарын үндсэн цалин 540 033 төгрөг, нэмэгдэл 20% тул сарын дундаж цалин хөлс 648 040 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс 29 924 төгрөг болно. Иймд ажилгүй байсан хугацааны нийт 143 хоногийн цалин хөлсөнд 4 279 132 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 115 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 273 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор М.Оыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилон, 2018 оны 08 сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл 1 жил 5 сар 21 хоногийн цалин болох 11 311 638 төгрөгийг НГЗБалбанаас гаргаж, М.Од олгохоор шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 115 дугаар шийдвэр нь 2020 оны 06 сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 115 дугаар шийдвэрээр М.Од олгох 11 311 638 төгрөгийг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-д зааснаар 2021 оны төсвийн төсөлд тусгуулан биелүүлэх тухай М.Од мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш М.Оыг НГЗБалбаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр томилох санал тавихад М.О нь татгалзсан, дүүргийн газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр томилох санал гаргахад М.О хөдөө явж байна гэсэн шалтгаанаар хойшлуулсаар НГЗБалбаны даргын 2020 оны 09 сарын 07-ны өдрийн Б/264 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр ажилд томилогдсон. Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгчээс шалтгаалан ажилд томилох хугацаа хойшилсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 4 279 132 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар НГЗБалбанаас 4 279 132 төгрөг гаргуулж М.Од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2020 оны 02 сарын 11-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 07-өдрийг хүртэлх хугацааны М.Оын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг НГЗБалбанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Газар зохион байгуулалтын албанаас 83 416 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш М.Оыг Нийслэлийн газар зохион байгууалтын албаны Газрын үнэлгээ төлбөрийн хэлтэст газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр томилох болон дүүргийн газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр томилох санал тавихад М.О нь “хөдөө явж байна” гэсэн шалтгаанаар татгалзсанаар хойшлуулсаар хариуцагч байгууллага 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/264 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтний ажилд томилуулсан. М.О нь ажил эрхлэхгүйгээр нөхөн олговор гаргуулах сонирхолтой байсан тул шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааг хойшлуулж байсан нь нотлогдож байхад шүүхээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгчээс шалтгаалан хугацаа алдаж байсныг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч НГЗБалбанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 279 132 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 4-15 дугаар талд авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 115 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 273 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаар тогтоолоор нэхэмжлэгч М.Оыг Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонингохайрхан, Чингэлтэй дүүргийн аль нэг Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч НГЗБалбаны даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч НГЗБалба дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр биелүүлж, нэхэмжлэгч М.Оыг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр томилсон байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 02 сарын 11-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагч НГЗБалбанаас нэхэмжлэгч М.Оын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4 279 132 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтан ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй.

 

Хариуцагч байгууллагын “... шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг М.О нь “хөдөө явж байна” гэсэн шалтгаанаар хойшлуулсан тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгохгүй” гэх гомдлыг хангахгүй. Учир нь ажилтан ажилд томилогдох шийдвэрийг биелүүлэхэд саад болсон гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                              

                                        ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ