2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00780

 

 

 

 

 

2025 01 29 191/ШШ2025/00780

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ... байр, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. хороо, ... байр хаягт байрлах, Голомт банк ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 990,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Т.*******,

Иргэдийн төлөөлөгч Э.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Голомт банк ХК-д холбогдуулж 990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед Здравомед эмнэлгээс эм авахаар Голомт банкны карт ашиглан гүйлгээ хийтэл данснаас эмийн үнэ болох 232,000 төгрөг хасагдсан боловч тухайн байгууллагын дансанд ороогүй. Даралт ихсэлт, зүрхний хэм алдалтын Сосудолитин эм авч чадалгүй эмчилгээ хойшлогдсоны улмаас сахарын хэмжээ ихсэж 7 хоног хөдөлмөрийн чадвар алдагдсан. Тухайн банкны дээрх алдааг засуулах, карт авах, алдаатай нууц үг залруулах гэж салбарт очиход 3 удаа Бэлх дэх зуслангаас 25,000-28,000 төгрөгөөр таксидсан, 12 орчим мянган төгрөгөөр 12 удаа Голомт банк руу утсаар залгасан. 2024 оны 08 дугаар 19-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд явагдах байсан зөвлөх үйлчилгээ, сургалт тасалдсан тул олох байсан ашиг, сургалтын төлбөр 700,000 төгрөг, Такси үйлчилгээний төлбөр 90,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 153,000 төгрөг, орлуулж авсан Атенолол 50г эмийн үнэ 47,000 төгрөг нийт 990,000 төгрөгийн хохирол учирсан тул гаргуулна гэв.

2.Хариуцагч Голомт банк ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Т.******* нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Р.******* нь өөрийн эзэмшдэг 949625***********921 дебит картаар 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 232,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн боловч тус гүйлгээ нь Cardzone системээс FINACLE/FINCORE систем рүү зохих хугацаанд гүйлгээ нийлүүлж чадаагүйгээс шалтгаалж, битүүмж тавигдсан билээ. Ийнхүү зохих хугацаанд Cardzone системээс FINACLE/FINCORE систем рүү мэдээллээ нийлүүлээгүйтэй холбоотойгоор харилцагчийн гүйлгээ автоматаар битүүмжлэгдэн шалтгааны кодыг Cardzone систем дээр харуулдаг. Р.*******ын гүйлгээний битүүмж тавигдсан код нь 79, 181 байсан бөгөөд энэ нь дээр дурдсан зохих мэдээллээ нийлүүлж чадаагүй утгыг илэрхийлж, автоматаар системийн түвшинд хадгалагдах 30 хоногийн хугацааг хүлээлгүйгээр бүртгэл тооцооны газрын картын төлбөр албанаас шалгаж, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр битүүмжийг цуцлан, хариуцагчийн дансны үлдэгдлийн дүн дээр битүүмжтэй байсан 232,000 төгрөгийг нэмсэн. Картаар хийгдсэн амжилттай гүйлгээний үе шат нь харилцагч картаар гүйлгээ хийх тохиолдолд гүйлгээний мэдээлэл нь Cardzone буюу банкны нэгдсэн картын системд бүртгэгдэж, цааш FINACLE/FINCORE буюу банкны хийсэн бүртгэлийн программ руу дамжуулагдан данс хооронд төлбөр тооцоо хийгддэг. FINACLE/FINCORE программ нь данс суурьтай зээлийн харилцах хадгаламжийн дансны бүртгэлийн системгүйгээр хийгдэх боломжгүй байдаг байна. Ийнхүү гомдлыг шийдвэрлэх үе шат нь Голомт банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1808 дугаартай тушаалаар батлагдсан төлбөрийн картын гүйлгээтэй холбоотой харилцагчийн хүсэлт гомдол шийдвэрлэх журмаар зохицуулагддаг бөгөөд нэхэмжлэгч Р.*******ын хувьд журмын 3.1.8 хүсэлт шийдвэрлэх ажилтан жиранд хариу өгөх бүрд жира оруулсан ажилтан хүлээн авч, харилцагчид ажлын 1 хоногт мэдэгдэнэ гэж заасны дагуу ажлын 1 хоног буюу 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр асуудлыг шийдвэрлэж хариу өгсөн байна. Иймд нэхэмжлэгч Р.*******ын гаргасан нэхэмжлэлд дурдагдсан хохирол нь Голомт банкны буруутай үйл ажиллагаанаас шууд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Иргэний үнэмлэхийн хуулбар, Хязгааргүй санах ой ТББ-ын 22 тоот албан бичиг, Голомт банк ХК-д гаргасан өргөдөл,

Хариуцагчаас нотлох баримтаар Голомт банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1808 дугаар Төлбөрийн картын гүйлгээтэй холбоотой харилцагчийн хүсэлт гомдол шийдвэрлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулан батлах тухай тушаал, тушаалын хавсралт, Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, гэрээний хавсралт, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 417 дугаар Картын төлбөр тооцооны үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, тушаалын хавсралт, Cardzone систем хэрэглэгчийн гарын авлага, Голомт банкны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Карт эзэмшигчийн гүйлгээ алдаа зааж битүүмж үүссэн талаарх гүйлгээний дүгнэлт, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Р.******* хариуцагч Голомт банк ХК-д холбогдуулж 990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Голомт банкны карт ашиглан гүйлгээ хийтэл данснаас эмийн үнэ болох 232,000 төгрөг хасагдсан боловч тухайн байгууллагын дансанд ороогүй тул банкны дээрх алдааг засуулах, карт авах, алдаатай нууц үг залруулах зэргээр өөрт учирсан хохирол, сэтгэл санааны хохирол шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч Голомт банк ХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 232,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн боловч тус гүйлгээ нь Cardzone системээс FINACLE/FINCORE систем рүү зохих хугацаанд гүйлгээ нийлүүлж чадаагүйгээс шалтгаалж, битүүмж тавигдсан байсныг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр битүүмжийг цуцлан, хариуцагчийн дансны үлдэгдлийн дүн дээр битүүмжтэй байсан 232,000 төгрөгийг нэмж олгосон тул банкны буруутай үйлдэл байхгүй гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хязгааргүй санах ой ТББ-ын 22 тоот албан бичиг, Голомт банк ХК-д гаргасан өргөдөл, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1808 тоот тушаал, тушаалын хавсралт, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 318 тоот тушаал, Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, хавсралт, Голомт банкны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Карт эзэмшигчийн гүйлгээ алдаа зааж битүүмж үүссэн талаарх гүйлгээний дүгнэлт, хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

8.Р.******* нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Голомт банк ХК-д Өргөдөл гаргаж, уг өргөдөлд Миний бие Р.******* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед картаараа 232,000 төгрөгийг эмнэлгийн дансанд хийж эм худалдан авах ёстой байсан. Танай банкны системийн алдаанаас болж тухайн эмнэлгийн дансанд мөнгө ороогүй тул эмээ авч чадаагүй. Эмчилгээ тасалдаад 4 дахь хоног дээрээ байна. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр таны дансанд буцаалт хийгдэнэ гэсэн. Хүлээгээд үд болоход орсонгүй, яаралтай шалгаж өгнө үү гэжээ. /хавтаст хэргийн 10 тал/

9.Хариуцагч Голомт банк ХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд Тус банкны ажилтан гомдол хүлээн авч жира /дотоод чата/-д бүртгэл хийж, харилцагчид ажлын 1 хоногт мэдэгдэнэ гэж заасны дагуу ажлын 1 хоног буюу 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр асуудлыг шийдвэрлэж хариу өгсөн гэж мэтгэлцэж байх ба нэхэмжлэгч энэ тухайд маргаагүй.

10.Голомт банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1808 дугаар тушаалаар батлагдсан Төлбөрийн картын гүйлгээтэй холбоотой харилцагчийн хүсэлт, гомдол шийдвэрлэх журмын 3.1.8-д Хүсэлт шийдвэрлэх ажилтан жиранд комментоор хариу өгөх бүрд жира оруулсан ажилтан хүлээн авч, харилцагчид ажлын 1 хоногт мэдэгдэнэ. Харилцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд жира оруулсан ажилтан холбогдох мэдээллийг жиранд комментоор оруулна гэж зохицуулсан байна. /хавтаст хэргийн 21-39 тал/

 

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

11.Нэхэмжлэгч Р.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Олох байсан ашиг, сургалтын төлбөр 700,000 төгрөг,Такси үйлчилгээний төлбөр 90,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 153,000 төгрөг, орлуулж авсан Атенолол 50г эмийн үнэ 47,000 төгрөг нийт 990,000 төгрөг гаргуулна гэж тодруулж тайлбарлав.

 

12.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

 

13.Нэхэмжлэгч Р.******* нь олох байсан ашиг, сургалтын төлбөр 700,000 төгрөг, Такси үйлчилгээний төлбөр 90,000 төгрөг шаардаж, Хязгааргүй санах ой ТББ-ын 22 тоот Зөвлөх инженер Р.*******ын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд товлогдсон IPTY технологийн програмчлал сэдэвт 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий сургалт явагдаагүй болохыг тодорхойлов гэх албан бичиг хавсаргасан байх ба тухайн албан бичигт огноо бичигдээгүй, тэдний хооронд сургалтын гэрээ байгуулагдсан эсэх, Такси үйлчилгээний төлбөр төлсөн баримтаа ирүүлээгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 4 тал/

 

14.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж зохицуулсан.

15.Нэхэмжлэгч Р.******* нь сэтгэл санааны хохирол 153,000 төгрөг, орлуулж авсан Атенолол 50г эмийн үнэ 47,000 төгрөг шаардаж, тэрээр даралт ихсэж, бухимдсан тул сэтгэл санааны хохирол 153,000 төгрөг гаргуулна гэх боловч сэтгэл санааны хохирлоо хэрхэн тооцсон аргачлал, үндэслэлээ тайлбарлаагүй, Атенолол 50г эмийн үнэ 47,000 төгрөгөөр худалдан авсан баримтгүй байна.

 

16.Иймд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч нь гомдлыг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн өдрөө битүүмжийг цуцлан, хариуцагчийн дансны үлдэгдлийн дүн дээр битүүмжтэй байсан 232,000 төгрөгийг нэмж олгож, хариу өгсөн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч Голомт банк ХК-д холбогдох 990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

17.Иргэдийн төлөөлөгч Э.******* нь шүүх хуралдаанд Иргэний хувьд аливаа байгууллагыг сонгон үйлчлүүлж байгаа бол 100 хувь сэтгэл ханамжтай үйлчилгээ авахыг хүснэ. Хариуцагч тал иргэний гомдлыг барагдуулах хэрэгтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан боловч дээр дүгнэснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж дүгнэв.

 

18.Нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,500 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.1, 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Голомт банк ХК-д холбогдох 990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,500 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ

 

Б.МӨНХБАЯР