2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/00988

 
 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03

191/ШШ2025/00988

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. хороо .... гудамж, .. байр, .. давхар, ... тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд П.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..дүгээр хороо, . тоот хаягт байрлах ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хувцасны үнэ болох 41,850,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Ажлын хувцасны үнэ 41,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК-тай харилцан тохиролцож, ажилчдын өвлийн хувцасны захиалга авч, өөрийн материалаар 4 төрлийн хувцсыг тус бүр 180 ширхгээр үйлдвэрлэн, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нийт 83,700,000 төгрөгийн үнийн дүнтэй хувцсыг чанар стандартын дагуу ******* ХХК-д хүлээлгэн өгсөн. Өвлийн куртка, өмд тоо хэмжээ 180, нэгжийн үнэ 255,000, нийт үнэ 45,900,000 төгрөг, Флийс цамц тоо хэмжээ 180, нэгжийн үнэ 65,000, нийт үнэ 11,700,000 төгрөг, Сорочка 180, нэгжийн үнэ 65,000 ширхэг, нийт үнэ 11,700,000 төгрөг, Өвлийн хантааз 180, нэгжийн үнэ 80,000, нийт үнэ 14,400,000, нийт 83,700,000 төгрөг болсон. ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр захиалгын тал үнэ буюу 41,850,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн Голомт банкны тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 41,850,000 төгрөгийг бүх бараагаа хүлээн авсны дараа буюу 2023 оны 12 дугаар сардаа төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. ******* ******* ХХК нь ******* ХХК-д төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэж, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/668 тоот албан бичгээр Мэдэгдэл, тооцооны үлдэгдлийн баталгаа хүргүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр компанийн дэд захирал Ц., үйлдвэр хариуцсан захирал Б. нартай уулзан Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж төлбар төлөх хугацаа тохиролцсон. Гэвч ******* ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул ажлын хувцасны үнэ 41,850,000 төгрөг гаргуулна гэв.

2.Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ажлын хувцасны тал үнэ болох 41,850,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Компанийн санхүүгийн байдлаас болж хэзээ төлөх нь тодорхойгүй байна. Тус компани Нүүрс баяжуулах үйлдвэр барьж байтал нүүрсний сонсгол болоод манай үйлдвэрийг зогсоосон. Үүнээс болоод хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтаа татаж, сүүлийн 2 жилийн хугацаанд хөрөнгө орлогогүй цаашдаа яах эсэхээ сайн мэдэхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Мэдэгдэл, тооцооны үлдэгдлийн баталгаа хүргүүлэх тухай А/668 тоот албан бичиг, Зарлагын баримт, Дансны хуулга, Төлбөр барагдуулах тухай гэрээ зэрэг баримтыг, хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Ажлын хувцасны үнэ 41,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилчдын өвлийн хувцасны захиалга авч, 83,700,000 төгрөгийн үнийн дүнтэй хувцсыг чанар стандартын дагуу хүлээлгэн өгсөн. Захиалагч үүргээ биелүүлээгүй тул ажлын хувцасны үнийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилчдын өвлийн хувцас захиалсан үлдэгдэл төлбөр 41,850,000 төгрөгийг маргах зүйлгүй төлнө. Компанийн санхүүгийн байдлаас болж хэзээ төлөх нь тодорхойгүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Мэдэгдэл, тооцооны үлдэгдлийн баталгаа хүргүүлэх тухай А/668 тоот албан бичиг, Зарлагын баримт, Дансны хуулга, Төлбөр барагдуулах тухай гэрээ, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилчдын өвлийн хувцасны захиалга авч, өөрийн материалаар 4 төрлийн хувцсыг тус бүр 180 ширхгээр үйлдвэрлэн, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 83,700,000 төгрөгийн үнийн дүнтэй хувцсыг чанар стандартын дагуу ******* ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

  8.Захиалагч ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилчдын өвлийн хувцасны захиалга өгч гүйцэтгэгч ******* ******* ХХК нь 83,700,000 төгрөгийн үнийн дүнтэй хувцсыг чанар стандартын дагуу хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухайд хэн аль нь маргаагүй.

9.Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд Ажилчдын өвлийн хувцас захиалсан үлдэгдэл төлбөр 41,850,000 төгрөгийг маргах зүйлгүй төлнө гэх тайлбар гаргаж байна.

10.Талууд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, ******* ******* ХХК нь ******* ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилчдын өвлийн хувцасны захиалга авч, 4 төрлийн хувцсыг тус бүр 180 ширхгээр үйлдвэрлэн, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нийт 83,700,000 төгрөгийн үнийн дүнтэй хувцсыг чанар стандартын дагуу хүлээлгэн өгсөн. ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үнийн дүнгийн 50 хувь буюу 41,850,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн Голомт банкны тоот дансанд шилжүүлсэн. ******* ХХК нь үлдэгдэл 41,850,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Хэрэв төлбөрөө тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлэх болно гэж харилцан тохиролцож, ******* ХХК-ийн Үйлдвэр хариуцсан захирал Б. гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба энэхүү төлбөр барагдуулах гэрээгээр ******* ХХК нь 41,850,000 төгрөгийг ******* ******* ХХК-д төлөх үүрэг хүлээсэн буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн гэж үзлээ. /хавтаст хэргийн 15 тал/

11.Иймд хариуцагч ******* ХХК-иас ажлын хувцасны үнэ 41,850,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өнөр Баян ******* ХХК-д олгох үндэстэй.

 

12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 367,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 41,850,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 367,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ