Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 318/ШШ2025/00143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т овогт Ж.Б-н,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Ж.Б нь .. онд төрсөн,.... настай. Ж.Б нь ... оны ... дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Улаангом хотын тухайн үеийн 3 дугаар цэцэрлэгт сав угаагч, хүмүүжүүлэгчийн туслахаар /туслах багш/ ажилласан. 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Ж.Б нь тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байгаа учир шүүхэд хандсан. Иймд Ж.Бийн Увс аймгийн Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгт 1989 оны 3 дугаар сараас 1994 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар /туслах багш/ ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үүсгэжээ.

2. Нэхэмжлэгч нь төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 205 дугаартай архивын лавлагаа, Ж.Бийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаартай архивын лавлагаа, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар цэцэрлэгийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаал, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай тодорхойлолт, гэрэл зураг, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаартай зөвлөмжийн хуудас, Д дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.Д иргэний үнэмлэхийн хуулбар,иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Ч дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ж.Бийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Бийн ХААТР-1 маягт, Ц.Б төрснийг бүртгэх анкет, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Ж.Бт холбогдох тооллогын хуудас, Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай Хүмүүжүүлэгчийн туслахаар түр ажиллуулах тухай тушаал зэргийг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн. Мөн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 79 дугаартай захирамжаар шинжээч томилсон. Гэрч Д.Ч,  Д.Д нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Бийн Увс аймгийн Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгт 1989 оны 3 дугаар сараас 1994 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл сав угаагч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Бийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай Хүмүүжүүлэгчийн туслахаар түр ажиллуулах тухай тушаалаар Ж овогтой Б-г 3 дугаар цэцэрлэгт 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүмүүжүүлэгчийн туслахаар томилжээ.

Ж.Бөөс нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зургийн талаар гэрч нар 1990 онд Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгийн ажилтан хөдөлмөрийн аварга болох үед авахуулсан зураг тухайн зурагт Ж.Б байгаа талаар мэдүүлжээ.

Увс аймгийн Улаангом сумын ... цэцэрлэгийн ..... жилийн ойд зориулсан Оргилж ундарсан 60 жил нэртэй номонд үзлэг хийсэн ба номын 19-р хуудас Туслах багш нар хэгсийн 18-рт Ж.Бийн нэр бичигджээ.

3.1. Шүүхээс гэрч Д.Ч,  Д.Д нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Ч Би 1981-2014 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын 3, 1 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг тогоочоор Ж.Б нь 1989 оны 1 дүгээр сараас эхлэн тус цэцэрлэгт сав угаагчаар ажилд орж 1994 он хүртэл ажилласан. Ж.Б 1994 онд гэр бүлийн хамтаар Дархан-Уул аймаг руу шилжиж байсан. Бид хамтдаа 1989-1994 оны хооронд 5 жил өнгөрүү ажилласан учраас нэгнээ сайн таньж мэднэ. Хэрэгт Ж.Бөөс гаргаж өгсөн гэрэл зураг нь 1990 онд манай ахмад ажилтан Жавзмаагийн хөдөлмөрийн алдар тэмдэглэх үед даруулсан зураг байна... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Д.Д Би 1981-2018 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын 3, 1 дүгээр цэцэрлэгт тогоочоор ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг тогоочоор ажиллаж байхад 1989 онд Ж.Б 3 дугаар цэцэрлэгт сав угаагчаар ажилд орж 1994 он хүртэл ажиллаад гэр бүлээрээ Дархан-Уул аймаг руу шилжиж байсан. Бид хамтдаа 1989-1994 оны хооронд Улаангом сумын 3 дугаар цэцэрлэгийн гал тогоонд тогооч, сав угаагчаар ажиллаж байсан тул нэгнээ сайн таньж мэднэ. Хэрэгт Ж.Бөөс гаргаж өгсөн гэрэл зураг нь 1990 онд манай ахмад ажилтан Ж хөдөлмөрийн алдар тэмдэглэх үед даруулсан зураг байна... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч Ж.Б нь Увс аймгийн Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгт 1989 оны 3 дугаар сараас 1994 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл сав угаагч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай Хүмүүжүүлэгчийн туслахаар түр ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом сумын 1-р цэцэрлэгийн 60 жилийн ойд зориулсан Оргилж ундарсан 60 жил нэртэй номонд үзлэг хийсэн тэмдэглэл, 1990 онд хамт олноороо авахуулсан фото зураг, гэрч Д.Ч,  Д.Д нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Бийн Увс аймгийн Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгт 1989 оны 3 дугаар сараас 1994 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл сав угаагч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  овогт Ж.н У аймгийн У хотын 3 дугаар цэцэрлэгт 1989 оны 3 дугаар сараас 1994 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл сав угаагч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.БОЛОР