| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/00290/И |
| Дугаар | 191/ШШ2025/00990 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/00990
| 2025 02 03 | 191/ШШ2025/00990 |
|
|
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, ...хороо, . .тоот хаягт оршин суугч, ******* овогтой *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. хороо, .. хороолол, ..дугаар байр, .. тоотод оршин суух *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины төлбөрт 24,800,000 төгрөг, хохиролд 2,090,310 төгрөг, нийт 26,890,310 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,
Хариуцагч Н.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.*******,
Шинжээч Г.,
Гэрч Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* хариуцагч Н.******* холбогдуулан Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины төлбөрт 24,800,000 төгрөг, хохиролд 2,090,310 төгрөг, нийт 26,890,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Автомашин худалдан авахаар Да Хүрээ авто худалдааны төвд 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр автомашин худалдаж авахаар өөрийн төрсөн ээж, нөхөр, хүүхэд болон нагац эгчийн хамтаар очиж Н.*******аас Nissan Serena маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн арлын дугаартай, 174,969 км гүйлттэй, 2023 авто машиныг 24,800,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Надад бэлэн 10,000,000 төгрөг байсан учраас үлдэгдэл 14,800,000 төгрөгийг Жи эс би капитал ББСБ ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг Жи эс би капитал ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлсэн ба тухайн байгууллагаас Н.******* машины ченжийн эхнэр болох Э.Галанжидтай гэрээ хийн машины урьдчилгаа 10,000,000 төгрөг, үлдэгдэл 14,800,000 төгрөг нийт 24,800,000 төгрөгийг Э.ийн дансанд шилжүүлнэ гэсэн. Ийнхүү тухайн машины худалдан авах бүрдүүлбэр болох нотариатаар орж, улсын дугаар авч, авто машины Даатгал болон жолоочийн хариуцлагын даатгал хийгдэж тээврийн хэрэгслийн гэрчилгээ Жи эс би капитал ББСБ ХХК-ийн нэр дээр гарсан. Үүний дараа 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр "Жи эс би капитал ББСБ ХХК-ийн зээлээс чөлөөлж, өөрийн өмчлөлд шилжүүлсэн ба тус сарын 28-ний өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэн өөрийн нэр дээр гаргасан. Энэхүү өдрөөс хойш тухайн авто машинд суудлын бүрээс, шалавч, өвлийн дугуй авч хийн моторын масло, хропны тос, дотор гадна агаар шүүгч сольж хийгдэж болох бүх үйлчилгээг хийсэн. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр анх хропны чек ассан. 2023 оны 11 дүгээр сарын өдөр Моннис моторс сервист очиж явах эд анги болон компьютер оношилгоо хийлгэхэд хроп солихоос нааш засвар авахгүй юм байна гэсэн. Үүний дараа өдөр буюу 17-ны өдөр автомашин худалдсан Н.*******тай Да хүрээ авто худалдааны төв дээр очиж уулзсан. Тэгээд учир байдлаа хэлээд дараа өдөр нь уулзахаар тохирсон боловч хүүхдийн минь бие өвдөж эмнэлэгт хэвтэн гарч ирээд Н.*******тай холбоо барихад өвлийн идшээ хийхээр явж байна гээд дахин уулзах өдөр хойшилсон. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Н.*******тай дахин холбогдож, уулзах боломж байна уу хэмээн асуухад өөрийнхөн танил болох Да хүрээ авто худалдааны ойролцоо байх засварчинд очиж компьютер оношилгоо хийлгэ гэж хэлсний дагуу очиж хийлгэсэн. Н.******* нь уг автомашиныг гаальтай, үзлэг оношилгоонд орсон, ямар асуудалгүй сайхан машин, бензин хийгээд л явна гэж худал хэлж намайг итгүүлсэн. Гэтэл аваад 3 хонолгүй босоо, хэвтээ тэнхлэг нь эвдэрч засуулж эхэлсэн Н.******* нь анхнаасаа эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус тээврийн хэрэгслийг худалдсан байгаа юм. Н.*******д уг машиныг засуулж өгөх эсвэл буцаая гэхэд хүлээж аваагүй. Иймд машины төлбөр 24,800,000 төгрөг, мөн албан журмын даатгал 90,00 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгал 298,000 төгрөг, дугаарын үнэ 65,000 төгрөг, нотариат болон гэрчилгээ 77,000 төгрөг, ББСБ-ын хураамж 148,000 төгрөг, зээлийн хүү 14,310 төгрөг, Хаан суудлын бүрээс 570,000 төгрөг, шалавч 80,000 төгрөг, өвлийн дугуй 380,000 төгре моторын маслоны болон маслын шүүр 56,000 төгрөг, хропны тос 232,000 төгрөг, компьютер болон явах эд ангийн оношилгоо 60,000 төгрөг, гадна болон дотор агаар шүүгч 20,000 төгрөг, нийт 26,890,310 төгрөг гаргуулна гэв.
2.Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Авто машины бизнес эрхлээд 14 жил болж байна. Тухайн авто машиныг 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А.******* 3 хүний хамт ирээд машиныг үзсэн. Дараа нь ирээд машиныг дахиж үзэж эхэлсэн. Би тухайн машиныг Япон улсаас дуудлага худалдаагаар худалдаж авсан. Худалдаж авахдаа Японы экспертүүдийн үнэлгээг үндэслэж, аваар осолд орж байсан эсэх, чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар шалгаж үзэж байж худалдаж авдаг. Би энэ талаараа машин сонирхож байсан А.******* болон хамт явж байсан хүмүүс тайлбарлаж байхад бид нарын хооронд үл ойлголцох байдал үүсэн. Үл ойлголцож үүсээд байсан болохоор би машины та нар худалдахгүй, өөр хүнээс өөр машин худалдаж ав гэж хэлээд явуулсан. Орой нь над руу утсаар залгаад тэр машиныг худалдаж авах гэсэн юм гэж хэлсэн. Намайг машины үнийг доош нь буулгаад зарчих гэхээр нь 200,000 төгрөг багасгаад 8 дугаар сарын 20-ны өдөр машин худалдах үйл явдал бүтэн өдөр үргэлжилсэн. Тухайн үед Япон улсад дуудлага худалдаанд орж байсан 3,5 үнэлгээтэй, ачигдаж ирсэн 3 зургийг үзүүлсэн. 3,5 үнэлгээ гэдэг нь осолд орж байгаагүй, сэв байхгүй, хянахын чек асаагүй машин байдаг. Манай эхнэртэй хамт банк бус руу явсан. Тухайн машин гэр бүлийн зориулалттай машин байсан. Би олон машин зарахаас сайн чанарын машин зарахыг илүүд үздэг. Хүйтэрч байгаа болохоор тос, масолыг нь солих талаар хэлж сануулсан. Үүнээс хойш 2, 3 хоногийн дараа машины урд талд нэг зүйл дугараад байна гэж хэлэхээр нь хүрч ирээд үзүүлчих гэхэд манай дүү урд талын тэнцвэржүүлэгч нь бага зэрэг дугараад байна гэж хэлэхээр нь би сольж өгөөд явуулчих гэж дүүдээ хэлсэн. Машины сайн хүнд оношилгоонд оруулмаар байна гэж хэлэхээр нь таньдаг хүн рүүгээ явуулахад эзгүй байна гэсэн. Машины тос солиод өгөх хүн байна уу гэж асуухад нь ниссан нс-3 гэсэн тосоор сольдог гэж хэлсэн. Үүнээс хойш би удалгүй хөдөө явсан. Намайг хөдөө байхад уулзах хэрэгтэй байна гэж залгаж байсан. 12 сар гараад засвар хийдэг, оношилгоо хийдэг хүмүүс дээр очиж үзүүлэхэд хроп алдаатай болсон байна гэсэн. Тухайн үед над руу миний мөнгийг өг, машинаа буцааж ав гэж хэлэхээр нь би тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Би энэ бизнесийн олон жил хийж байгаа. Би хуучин машин зарсан. Надаас машин худалдаж авсан хүмүүс буцаад надтай холбоотой байдаг. Би тос, масол цаг тухайн нь сольж байх талаар сануулж байсан. Гэтэл ямар ч доголдолгүй бүрэн бүтэн сайхан машиныг минь авч явчхаад одоо ийм зүйл яриад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Гаалийн бүрдүүлэлтийн баримт, GBS ББСБ-ийн Зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидцуи/, Монгол даатгал ХХК-ийн даатгалын гэрээ, Зарлагын баримтууд, Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Засварын бүртгэлийн хуудас, Моннис моторс үзлэгийн баримт зэрэг, Худалдах, худалдан авах гэрээ тээврийн хэрэгсэл, Юнител ХХК-ийн тодорхойлолт, Ярианы хуулга зэрэг баримтыг, Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс баримт гаргуулах, шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа явуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч А.******* хариуцагч Н.******* холбогдуулан Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины төлбөрт 24,800,000 төгрөг, хохиролд 2,090,310 төгрөг, нийт 26,890,310 төгрөг гаргуулах гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй доголдолтой автомашин шилжүүлсэн бөгөөд эрхийн зөрчилтэй тул төлбөр, хохирлоо шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Н.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Дуудлага худалдааны 3,5 үнэлгээтэй тухайн үед чанарын шаардлага хангасан баталгаатай, доголдолгүй автомашин зарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Гаалийн бүрдүүлэлтийн баримт, GBS ББСБ-ийн Зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидцуи/, Монгол даатгал ХХК-ийн даатгалын гэрээ, Зарлагын баримтууд, Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Засварын бүртгэлийн хуудас, Моннис моторс үзлэгийн баримт зэрэг, Худалдах, худалдан авах гэрээ тээврийн хэрэгсэл, Юнител ХХК-ийн тодорхойлолт, Ярианы хуулга, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1463 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Н.*******тай 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний 2.1.Арлын дугаар , Nissan Serena маркийн улбар шар өнгийн суудлын автомашин, 3.1.Тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 24,800,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов. 5.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал бүрэн хариуцна гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
8.Хариуцагч Н.******* нь гэрээний үүрэгт 24,800,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба энэ тухайд зохигч талын хэн аль нь маргаагүй.
9.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 24,800,000 төгрөг, хохиролд 2,090,310 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд худалдах, худалдан авах гэрээг цуцлах шаардлага нь дээрх нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байна.
10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
11.Нэхэмжлэгч А.******* нь Худалдагч хөдлөх эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр анх автомашины хропны чек ассан эрхийн зөрчилтэй гэж мэтгэлцэж байна.
12.Хариуцагч Н.******* А.******* нь анхнаасаа мэдсээр байж хуучин тээврийн хэрэгслийг худалдан авсан. Дуудлага худалдааны 3,5 үнэлгээтэй тухайн үед чанарын шаардлага хангасан, доголдолгүй автомашин зарсан гэж маргажээ.
13.Иргэний 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох Nissan Serena маркийн УАО улсын дугаартай автомашин гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй байхаар заасан тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, дараахь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
14.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1463 дугаар шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн Nissan Serena маркийн УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны аппарат, хурдны хайрцаг элэгдэл гэмтэлтэй байна. Жолооны аппарат элэгдлээс үүссэн сул явалттай, жолооны баруун, зүүн хөндлөн татуургын бөмбөгөн холбоосны резин элэл язарсан гэмтэлтэй, Резин эдлэл язрах гэмтэл нь ашиглалтын явцад удаан хугацаанд хөдөлгөөнгүй байдалд салхи, цаг агаарын нөлөөгөөр резин эдлэлийн чийгшил багассанаас уян хатан чанар алдагдаж үүсэж болно. Хурдны хайрцгийг тос их бохирдолтой, чичиргээ, хяналтын хавхалга алдаа заасан байна. Уг гэмтэл нь ашиглалтын явцад эдэлгээ элэгдлээс үүсэх үндэслэлтэй. Дээрх гэмтэл, доголдол ашиглалтын явцад ждаан хугацаанд үүсэн боломжтой. Хурдны хайрцгийн гэмтэл, доголдол удаан хугацаанд аажим үүсэх тул хэрэглэгч шууд мэдэх боломжгүй. Жолооны баруун зүүн хөндлөн төтуургын резин эдлэл язарсан гэмтлийг өргөгч болон суваг ашиглан доороос харах үед илрүүлэх боломжтой гэх дүгнэлт ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд шинжээч Г. дээрх дүгнэлтээ дэмжиж тайлбарлав. /хавтаст хэргийн 91-114 тал/
15.Гэрч Э. шүүх хуралдаанд 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Nissan Serena маркийн автмашин худалдсан. Авто машиныг үзүүлээд шаардлагатай бүхий л үйлчилгээг хийлгэж байх хэрэгтэй. Надаас машинтай холбоотой зүйлийн 2 цаг гаруй хугацаанд асуусан. Би бүх асуултад нь хариулж байсан. Автомашины хэрэглээ, ашиглалтын талаар 2 цаг хэлж өгсөн гэж мэдүүлсэн.
16.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан бөгөөд худалдан авагч А.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр анх автомашины хропны чек ассан гэмтэлтэй талаар худалдагч талд мэдэгдсэн тухайд хариуцагч Н.******* маргаагүй.
17.Хариуцагч Н.*******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 24,800,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч А.*******д олгох үндэстэй.
18.Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. 227.4.Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.
19.Нэхэмжлэгч А.*******н нэхэмжлэлийн шаардлагаас албан журмын даатгал 90,00 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгал 298,000 төгрөг, дугаарын үнэ 65,000 төгрөг, моторын маслоны болон маслын шүүр 56,000 төгрөг, хропны тос 232,000 төгрөг, компьютер болон явах эд ангийн оношилгоо 60,000 төгрөг, гадна болон дотор агаар шүүгч 20,000 төгрөг нийт 821,000 төгрөгийг хариуцагч Н.*******аас гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгох үндэстэй.
20.Харин ББСБ-иас зээл авахтай холбоотой нотариат болон гэрчилгээ 77,000 төгрөг, ББСБ-ын хураамж 148,000 төгрөг, зээлийн хүү 14,310 төгрөг, Хаан суудлын бүрээс 570,000 төгрөг, шалавч 80,000 төгрөг, өвлийн дугуй 380,000 төгрөг нийт 1,269,310 төгрөгийн зардал нь тухайн автомашины доголдолтой холбоотой зардал гэж үзэхээргүй байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
21.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,402 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 286,055 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******аас 25,621 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,269,310 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,402 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 286,055 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ