Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 183/2019/03369/И |
Дугаар | 210/МА2021/00425 |
Огноо | 2021-03-05 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2021/00425
2021 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 210/МА2021/00425 |
Д.Эийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Д.Эийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Гт холбогдох
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхон ................ автомашины зогсоолын үнэ 102 440 ам.доллар буюу 282 136 150 төгрөг гаргуулах тухай иргэний тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................., хариуцагч Г.Г түүний өмгөөлөгч ................, хариуцагч Б.Бийн өмгөөлөгч ........................., хариуцагч Г.Гийн өмгөөлөгч ...............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нь 2009 онд Х ХХК-иас гурил худалдан авсны төлбөрт Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны 0000 тус байрны подвалд байрлах автомашины зогсоолыг өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу Х ХХК-ийн нэр дээр шилжүүлэх гэтэл Х ХХК-ийн бизнесийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хариуцагч Г.Г нь уг орон сууц, гаражийг өөрийнх нь нэр дээр шилжүүлэхийг компанийн удирдлага зөвшөөрсөн гэсэн тул түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл 2015 онд Х ХХК нь худалдан авсан гурилын үнэнд төлсөн 116 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлээгүй ,худалдах худалдан авах арилжааны гэрээний үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд хандан нэхэмжлэгч надаас гурилын үнэ болох 179 916 000 төгрөгийг нэхэмжилснийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017\00169 тоот тогтоолоор хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч миний бие нь 2017 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт Г.Гт холбогдуулан гомдол гарган шалгуулсан. Миний гомдлын дагуу уг эрүүгийн хэргийг шалгах явцад хариуцагч Г.Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,Маршал таун хотхоны 0000ны байрны подвалд байрлах автомашины зогсоолыг Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлэлгүй, өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон болно. Гэвч Г.Гт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 35 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн учир түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох надад буцааж олгогдох ёстой 4 өрөө орон сууц, автомашины зогсоол зэрэг түүний эзэмшилд үлдсэн болно. Г.Г нь гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан, битүүмжлэгдсэн байсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхоны 0000 болон тус байрны подвалд байрлах 12 тоот автомашины зогсоолыг өөрийн төрсөн эгч, дүүс болох Г. Г, Б.Б нарын нэр рүү хууль бусаар шилжүүлсэн Д.Э нь 2009 онд Х ХХК-иас гурил худалдах, худалдан авах арилжааны гэрээ байгуулж, төлбөрт нь 196 200 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Уг төлбөрт Э ХХК-иас 102 440 ам.доллараар худалдан авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 0000, тус байрны подвалд байрлах автомашины зогсоолыг 179 916 000 төгрөгт тооцож өгөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч Г.Г нь тухайн үед Х ХХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ба тус компанийн гурилын төлбөрт тооцсон Д.Эөөс шилжүүлсэн байр, гаражийг Х ХХК-ийн нэр дээр шилжүүлэлгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлж авсан үйл баримт болсон гэж Х ХХК-иас Д.Эд холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.Эөөс Х ХХК нь гурилын үнэ болох 179 916 000 төгрөгийг нэхэмжилснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00169 тоот тогтоолоор Д.Эөөс 179 916 000 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул Д.Э нь Х ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлж мөнгийг өнөөдрийг хүртэл шилжүүлж байна. Д.Э нь 2017 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт Г.Гт холбогдуулан гомдол гаргасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Гэвч Сүхбаатар дүүргийн прокурорын газар Х ХХК-ийн бараа үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны 0000, тус байрны подвалд байрлах автомашины зогсоолыг Х ХХК руу шилжүүлэлгүй өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэргийг Г.Гийг үйлдэж, Д.Эд 187 106 300 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн боловч уг гэмт хэрэгт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4 өрөө орон сууц, автомашины зогсоол Г.Гийн эзэмшилд үлдсэн болно. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарснаар битүүмжлэл хүчингүй болж Г.Г нь энэ сиймхийг ашиглаад орон сууцыг бусдад шилжүүлсэн. Г.Гт холбогдуулан гаргасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч тухайн байрны асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй явж байна. Г.Г нь орон сууцны өмчлөлийг өөрийн нэр дээр тухайн компанийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримт тогтоогдож байна. Иймд Д.Эийн Х ХХК-д гэрээний төлбөрт шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны 0000, тус байрны подвалд байрлах авто машины зогсоолыг хариуцагч өөрийн эзэмшилд байх хугацаанд бусдын өмчлөлд шилжүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний үнэ 102 440 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн зах зээлийн ханшинд шилжүүлж 282 136 150 төгрөгийг хариуцагч Г.Гоос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Г шүүхэд болон түүний өмгөөлөгч Л.Отгондорж, П.Баасанжав нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Д.Э нь Х ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр БХХ 96/09 дугаартай нэг талаас бүтээгдэхүүн нийлүүлэх, нөгөө талаас төлбөрийг бартераар төлөх нөхцөл бүхий худалдах, худалдан авах арилжааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээнд тухайн үед Х ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг байсан О.М гарын үсэг зурсан байдаг. Мөн Х ХХК-ын нягтлан бодогч О.Мтай гэрээ байгуулахаас өмнө нь буюу 2 сарын өмнө нийт нийлүүлэх бүтээгдэхүүний 95%-ийг Х ХХК-д (иргэн Д.Эд) урьдчилан нийлүүлсэн байсан. Уг асуудал иргэн Г.Г надтай огт хамааралгүй буюу тусдаа шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Г.Г маргаан бүхий гэрээ болон байртай холбоотой асуудал үүссэн үеэс болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад мэдүүлж, шийдүүлж байсан. Нэхэмжлэгч Д.Э нь болсон үйл явдлыг бүгдийг мэдэж байсан буюу Г.Г нь тухайн үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авсныг мэдэж байсан бөгөөд Д.Э нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл тухайн байрны хууль ёсны бөгөөд шударга эзэмшигч. өмчлөгч нь Г.Г мөн болохыг нотолж байсан. Гэвч Д.Э нь Х ХХК-д төлбөр төлөхөөр болсныхоо дараагаар иргэн Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр санаатайгаар гүтгэн удаа дараа цагдаа, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүхийн маргаанд Г.Г гуравдагч этгээдийн хувиар оролцож байсан хэдий ч тухайн маргаанд ямар нэгэн байдлаар холбогдолгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч байх шаардлагагүй хэмээн шүүхээс дүгнэж, дахин тус маргаанд оролцохоо больсон. Эрүүгийн хэрэг маргаанд Д.Э нь удаа дараа худал мэдүүлэг өгч, иргэний хэргийн шүүх дээр өгч байсан тайлбараа өөрчилсөн буюу шүүх болон цагдаагийн байгууллагад санаатайгаар худал мэдүүлгийг өгсөн байдаг. Иймд иргэн Г.Г Д.Эийн дээрх хууль бус үйлдлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа бөгөөд одоогоор Хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн Д.Эийг холбогдогчоор татан шалгаж байгаа болно. Өнөөдрийн байдлаар иргэн Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн, иргэн Д.Эийг хохирсон талаар ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэр, тогтоол байхгүй, иргэн Д.Эийг ямар хэмжээгээр хохирсон талаар дүгнэлт байхгүй болно. Нөгөө талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шилжүүлсэн гэх зэргээр удаа дараа худал тайлбарыг гаргаж байгаа бөгөөд Д.Эийн хэлж буйчлан уг үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь битүүмжилсэн зүйл байхгүй байсан болно. Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхоны 0000ны хууль ёсны бөгөөд анхны өмчлөгч нь иргэн Г.Г болно. Г.Г 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тухайн байрыг Э ХХК-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, 112 450 400 төгрөгөөр худалдан авсан. Үүний дараа, Э ХХК-ийн 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/2010.75 тоот УБЕГ-ын эд хөрөнгийн бүртгэлийн газарт намайг төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгуулахаар албан бичиг явуулж миний бие 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус Ү-2206016045 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсоор өмчлөх болсон. Өөрөөр хэлбэл би ямар нэгэн байдлаар иргэн Д.Этэй гэрээ байгуулж, орон сууц авсан болон Д.Эийн өмчлөлийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан зүйл огт байхгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Г.Г нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлжээ. Гэвч иргэн Г.Г нь аливаа байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Тус барилгыг худалдан борлуулсан буюу захиалгаар барьж ашиглалтад оруулсан хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу иргэн Г.Г өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. Мөн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, иргэн Г.Г тухайн байрны өмчлөх эрхийн шударгаар олж авсан бөгөөд ямар нэгэн байдлаар хууль, тогтоомж зөрчөөгүй болно. Д.Э нь тус үл хөдлөх эд хөрөнгийг Э ХХК-иас худалдан авсан, зохих төлбөрийг төлсөн гэж үзэж буй бол тус компанид холбогдуулан нэхэмжлэл гомдлоо гаргах нь зүйтэй юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Э нь тус компанитай гэрээ байгуулан, үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж буй тохиолдолд Э ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нь хуульд нийцэх юм. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Этэй байгуулсан гэрээнийхээ үүргийг зөрчсөн этгээд иргэн Г.Г бус Э ХХК болохоор байтал үндэслэлгүйгээр иргэн Г.Гт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Д.Эийн зүгээс шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу иргэн Д.Э нь тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийг иргэн Г.Г 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олж авсан гэдгийг мэдсэн атлаа аливаа байдлаар гомдол, санал гаргаагүй болно. Харин ч тэрээр 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл иргэн Г.Гийг тус үл хөдлөх хөрөнгөний хууль ёсны өмчлөгч гэж үзэж байсан. Өнөөдрийн байдлаар, тус нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол тус хөрөнгийг буцаан авах шаардлага гаргаж болохгүй гэж заажээ. Дээр дурдсанчлан, тус шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 онд дууссан байх тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Тус нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж буй хэдий ч энэ нь аливаа байдлаар иргэн Г.Гийн зүгээс тус байрыг хууль бусаар олж авсан гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэлбэр биш гэдгийг онцолж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн орон сууц Х ХХК-ийн байр, бодит байдал дээр Х ХХК болон Х ХХК хоёр анх гэрээ байгуулсан. Үүнээс өмнө тухайн хоёр компани хоорондоо арав гаран удаагийн хэлцэл хийсэн байдаг юм. Ингээд Х ХХК-ийн захирал н.М, Х ХХК-ийн хооронд нилээн өглөг, авлага үүссэн байсан. Нэхэмжлэгч Д.Э нь болсон үйл явдлыг бүгдийг мэдэж, намайг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдгийг мэдэж байсан атлаа Улсын дээд шүүхийн шийдвэрээр Х ХХК-д төлбөр төлөхөөр болсон. Иргэн Г.Гийн өмнөөс О.М гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээг бараагаа хүлээн авсны дараа буюу 3 сарын дараа тус гэрээг нөхөж байгуулсан байна. Х ХХК протер машинаар 40 машин гурилыг гэрээний дагуу өгсөн. Хамгийн сүүлийн машин гурилыг авах өдрөө уг гэрээг байгуулсан байсан. Би Х ХХК-ийн захиралтай ажил үүргийн холбоотой 20 орчим тэрбум төгрөгийн маргаан байгаа. Уг асуудлын талаар хэрэгт нотлох баримтаар шүүгчийн захирамж гарган Цагдаагийн байгууллагаас нотлох баримт татаж авсан. Энэ төлбөрийн тодорхой хэмжээний зөрүүнд нь 176 000 000 төгрөгийг Х ХХК даана, үлдсэн төлбөрийг би төлнө гэсэн тохиролцоо байсан. Гэтэл Х ХХК-ийн захирал Н.Ц худал мэдүүлэг гаргаж, О.М болон бусад хүмүүст гэрээнд Г.Г зурсан гэж хэлээрэй гэж хэлүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг юм. 2009 онд Д.Э Э ХХК-тай гэрээ байгуулсан, би харин 2008 онд Э ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Нтай гэрээ байгуулсан хүчин төгөлдөр гэрээтэй. Дараа нь тухайн байрны төлбөрийг төлсөн, энэ талаарх баримт хэрэгт байгаа. Улсын бүртгэлийн газарт Г.Г нь 112 450 400 төгрөг төлсөн тул өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү гэсэн Э ХХК-ийн хүчин төгөлдөр албан бичигтэй. Тухайн үед Д.Э бол Х ХХК-ийн нярвын ажил хийдэг байсан. Х ХХК, Д.Э нарын хооронд хийсэн гурилын гэрээний төлбөрийн орон сууцны үнэ 179 916 000 төгрөг, тухайн үеийн байрны бодит үнэ. Х ХХК-тай байгуулсан гэрээн дээр 12 номерын гарааж байхгүй. Энэ гаражийг би Эко констаркшн ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авсан. Эдгээр баримтууд Э ХХК-д байгаа. Улсын бүртгэл дээр миний тухайн үед шилжүүлж байсан баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Д.Энхбат, Э ХХК-иас байр авч, төлбөрийг төлсөн гэдэг боловч ирсэн баримт нь өөр байрны төлбөрийг төлсөн баримтууд байсан. Д.Э бол худалдах, худалдан авах гэрээг яаж хийсэн нь мэдэгдэхгүй, гэрээг гараар Д.Энхбатаас Д.Э рүү шилжүүлэв гэж засаж бичсэн, мөн гарын үсэг нь 2 өөр зурагдсан байсан. Би захиалгын гэрээ хийсэн, захиалгын гэрээгээр хийгдэж байгаа гэдэг нь татварын 2 хувиа төлөхгүй байх эрх нь надад байгаа. Эрх ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээд түүнийгээ мэдсэн үеэс эхлэн тоолдог. Д.Эийн хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Г.Гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн. Энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нэхэмжилж буй зүйл нь тодорхойгүй байна. Хэдэн төгрөг гаргуулах гэж байгаагаа үндэслэлтэйгээр тогтоохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилж нэхэмжлэлээ гаргадаг. Үүн дээр 179 916 000 төгрөг, 187 106 000 төгрөг, 180 974 530 төгрөг, өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагаар 282 136 150 төгрөг гэсэн 4 төрлийн үнийн дүн гаргаж байна. Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн дээд шүүхийн тогтоолоор Д.Э нэхэмжлэлийн шаардлага 179 916 000 төгрөгийг төлж байгаа гэдэг. Гэтэл одоо болохоор 282 136 150 төгрөгийг нэхэмжилж 100 000 000 төгрөгийн зөрүүтэй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна. Үүнийг 102 440 ам доллар буюу нэхэмжлэл гаргаж буй өдрийн үнийн дүнгээр гаргасан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 102,440 ам долларыг Д.Э төлөөгүй, харин тухайн байрны төлбөрийг төлсөн гэсэн баримттай хүн бол зөвхөн Г.Г байна. Д.Э тухайн байрны төлбөрийг төлөөгүй, мөн эзэмшигч нь байгаагүй байж тухайн байрны үнийг төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй юм. Хэрвээ нэхэмжлэл гаргах гэж байгаа бол гэрээ байгуулсан Э ХХК-иас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Мөн Г.Г Д.Эөөс эд хөрөнгө аваагүй. Тэдний хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Д.Эийн өмчлөлийн эд хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй. Д.Э нь Э ХХК-тай гэрээ байгуулсан гэх боловч огнооны хувьд иргэн Г.Гийн байгуулсан гэрээний дараа байдаг. Д.Эийн байгуулсан гэрээний хувьд Э ХХК-ийн н.Баярсайхан, Сувд-Эрдэнэ гэсэн эрх олгосон этгээдүүд мөн эсэх нь тодорхойгүй хүмүүс байгуулсан. Үнийн дүн нь өөр, гарын үсэг зурсан хүмүүс нь өөр байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ШҮҮХ: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ........ Г.Гоос 179 916 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...... Д.Эд олгож, нэхэмжлэлээс 102 220 150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 568 630.75 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 1 057 530 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч ............. давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч Г.Гийг Д.Эийн эд хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн хариуцагчаас 179 916 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ. Анх 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.Э нь иргэн Г.Г, Г.Г, Б.Б нарт холбогдуулан эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, иргэн Г.Гоос 282 136 150 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгчийн татгалзсан хариуцагч болох Г.Г, Б.Б нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэрээр нэгдэж гардаг зарчимтай. Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02943 тоот шийдвэрт хариуцагч Г.Г, Б.Б нарт холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт тусгагдаагүй байна. Гэтэл дээрх шийдвэрт хариуцагч Г.Г, Б.Б нарын талаар огт дурдаагүй нь тэдний давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан. Шүүхийн шийдвэрт ...2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар барих тухай гэрээ-гээр Г.Гө нъ 112 450 400 төгрөгөөр захиалан бариулах гэрээ ... хэрэгт авагдсан 60640 гэжээ. Гэвч тус хэргийн материалд маргаан бүхий орон сууцыг Г.Гө гэх иргэн гэрээ байгуулж худалдан авсан тухай баримт огт байхгүй бөгөөд шүүхээс ямар шалтгааны улмаас уг гэрээг байгаа мэтээр дүгнэж байгааг ойлгохгүй байна. Мөн Х ХХК-ийн гурилын төлбөрт орон сууц шилжүүлэх тохиролцоо хийгдсэн ... гэж дүгнэжээ. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х ХХК нь аливаа байдлаар оролцоогүй байхад тухайн компанийн өмнөөс бусадтай хийсэн тохиролцоог шүүх тодорхойлох боломжгүй юм. Хэдийгээр Улсын дээд шүүхийн тогтоол тус хэрэгт авагдсан хэдий ч тусдаа хэрэг маргаан шийдэж буй ажиллагаанд оролцогч бус этгээдийн өмнөөс дүгнэлт өгөх эрх шүүхэд байхгүй гэж үзэж байна. Иргэн Г.Гийн Э ХХК-тай байгуулсан гэрээ болон төлбөр төлсөн тухай тодорхойлолт баримтыг ямар үндэслэлээр, ямар баримтад тулгуурлан бодит бус, улсын бүртгэлд зориулан хийсэн хэмээн дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн төлбөр төлсөн тодорхойлолт нь дангаараа төлбөр төлснийг нотлохгүй гэсэн нь алдаатай бөгөөд тус хэргийг шинжлэн судалсан хавтаст хэргийн хүрээнд шийдээгүйг илтгэж байна. Г.Гийн хувьд гагцхүү дан төлбөр төлсөн тодорхойлолттой биш бөгөөд Э ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ болон авто зогсоол худалдан авах тухай 2 төрлийн гэрээтэй, тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж төлбөр төлсөн тухай албан бичигтэй бөгөөд болон төлбөр төлсөн захиалагчдын жагсаалтад гарын үсэг зурж баталгаажуулсан баримтын мөн шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүхээс дээрх баримтыг үнэлээгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иргэн Г.Г болон Э ХХК-ийн хооронд 2008 оны 07 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-г Э ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал С.Н баталж, гарын үсэг зурах хэсэгт буюу Э ХХК-ийг төлөөлөх хэсэгт И.С гарын үсэг зуржээ. Тус маргааны хавтаст хэрэг авагдсан Эко Коснтракшн ХХК-ийг Ерөнхий захирал буюу С.Нгийн тушаалаар тус компанид холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад анхаарч ажиллах-ыг ажилтан И.Сд даалгажээ. Мөн уг гэрээ нь бодитоор байгуулагдаж, хэрэгжсэн талаар Э ХХК-ийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт болон төлбөр төлсөн захиалагчдын жагсаалтаар давхар нотлогдож байна. Иргэн Г.Гийн хувьд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал Таун хотхоны 113-11 тоот орон сууцны гэрээний төлбөрт нийт 112,450,400 төгрөгийг бүрэн буюу 100 хувь төлж гэрээний үүргээ биелүүлжээ. Уг төлбөр бүрэн төлөгдсөн талаар Э ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр албан тодорхойлолт гаргаж өгсөн, мөн Орон сууцны үнийг төлсөн орон сууцны захиалагчийн жагсаалт гэх баримт дээр Г.Гоор гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна. Дээрх баримтуудаар Г.Г нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэдэг нь нотлогдсоор байтал шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй нь буруу болсон байна. Харин нэхэмжлэгч Д.Эийн хувьд маргаан бүхий орон сууцны үнийг огт төлөөгүй бөгөөд холбогдох ямар ч нотлох баримтгүй болно. Түүнчлэн иргэн Д.Энхбат нь орон сууцны үнийг төлсөн, түүнээс шилжүүлэн авсан гэж маргаж буй атлаа иргэн Д.Эөөс аливаа байдлаар эрх олгосон, шилжүүлэн зөвшөөрөл зэрэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Д.Э нь тухайн орон сууцны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй буюу өмчлөл, эзэмшилд ямар ч байдлаар холбогдолгүй этгээд юм. Түүнчлэн иргэн Д.Энхбат болон Д.Э нарын Э ХХК- тай байгуулсан гэрээнүүд болон Д.Энхбатын төлсөн төлбөр нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Шүүхийн зүгээс хариуцагчийн татгалзлыг үндэслэлийг буруу ойлгосон байна. Хариуцагчийн хувь Х ХХК-д олон жил үр бүтээлтэй ажилласныхаа урамшуулал болгон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал Таун хотхоны 113-11 тоот орон сууцыг худалдан авахад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авсан хэмээн тайлбарласан. Шүүхийн дүгнэлтэд дурдсан шиг тус байрыг Х ХХК- ийн захирлаас аваад төлбөрийг Э ХХК-д төлсөн тухай асуудал биш юм. Иргэн Г.Г нь тус байрыг Э ХХК-ийн хооронд 2008 оны 07 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-ний дагуу худалдан авч төлбөрийг төлсөн болно. Шүүхийн зүгээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргахад дараах урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой. 1-т талуудын хооронд үүрэг үүсээгүй байх 2-т үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсон байх 3-т Эд хөрөнгө шилжүүлсэн байх 4-т Тухайн эд хөрөнгийг шилжүүлэх эрхтэй байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой. Гэвч иргэн Д.Эийн хувьд дээрх урьдчилсан нөхцөлөөс эд хөрөнгө шилжүүлсэн байх эд хөрөнгө шилжүүлэх эрхтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцыг иргэн Г.Г Д.Эөөс шилжүүлэн аваагүй болно. Д.Эийн хувьд орон сууц захиалгаар бариулах гэрээ-г шилжүүлэн өгсөн гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй бөгөөд Э ХХК-ийн зүгээс уг эд хөрөнгөнд холбогдох гэрээг Д.Эөөс Г.Гт шилжүүлсэн тухай тайлбар болон нотлох баримтыг гаргаагүй болно. Нөгөө талаар тус орон сууц нь хэзээ ч нэхэмжлэгч Д.Эийн эзэмшил, өмчлөлд байгаагүй буюу бусдад шилжүүлэх эрхгүй этгээд болно. Өөрөөр хэлбэл, иргэн Г.Г тухайн байрны өмчлөх эрхийн шударгаар олж авсан бөгөөд ямар нэгэн байдлаар хууль, тогтоомж зөрчөөгүй болно. Харин иргэн Г.Гийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, мөн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зохицуулсны дагуу өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр худалдан борлуулах эрх бүхий этгээдээс нь шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Эөөс ямар нэгэн эд хөрөнгө, эрх шилжүүлж аваагүй болно. Д.Э нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл тухайн байрны хууль ёсны бөгөөд шударга эзэмшигч, өмчлөгч нь Г.Г мөн болохыг нотолж байсан. Нэхэмжлэгч Д.Э нь Х ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн маргаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Г.Г нь хуулийн дагуу өмчилж, эзэмшиж байгаа гэх тайлбарыг удаа дараа өгч байсан атлаа тухайн маргаанд ялагдсаныхаа дараагаар өөрийн тайлбар мэдүүлгийг санаатайгаар өөрчилж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Г.Гт холбогдуулан гомдол гаргасан. Тус маргааны хувьд иргэн Д.Э нь нэхэмжлэгч биш, иргэн Г.Г нь хариуцагч биш болно. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаа тодорхойлох эрхтэй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э ХХК-иас худалдан авсан орон сууцыг иргэн Г.Г хууль бусаар шилжүүлэн авсан хэмээн тодорхойлжээ. Хэрэв нэхэмжлэгч Д.Э нь Э ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авсан эд хөрөнгийг нь бусад этгээд зөвшөөрөлгүй авсан гэж үзэж байгаа бол түүнтэй байгуулсан гэрээнийхээ үүргийг зөрчсөн этгээд буюу Э ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй байна. Түүнчлэн Шүүхээс нэхэмжлэлийг хариуцагч нарт гардуулахдаа хоорондоо зөрүүтэй нэхэмжлэлүүдийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Тухайлбал, Хариуцагч Г.Г болон Г.Г нарт гардуулан өгсөн нэхэмжлэл хоорондоо зөрүүтэй бөгөөд нэг хувь дээр нь гараар тэмдэглэл хийсэн байсан. Энэ талаар шүүгчид мэдэгдэж байсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгөх арга хэмжээ аваагүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ иргэн Г.Г нь гэмт хэрэг үйлдэж өөрт нь хохирол учруулсан хэмээн тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй бөгөөд шүүх хөндлөнгөөс оролцох эрхгүй. Нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан гэм хорын хохирол нэхэмжлэхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа байна. Харин шүүгч дангаар шийдэх хэрэг маргааны жагсаалт буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт гэм хорын хохирлын нэхэмжилсэн хэрэг хамаарахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Би анх шүүгчийн захирамжаар тус хэрэгт татагдсан бөгөөд түүнээс өмнө өөрөө ч мэдээгүй байхад цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлагдсан байсан. Ямар шалтгааны улмаас иргэн Д.Э нь надад холбогдуулж нэхэмжлэл гаргасныг ойлгоогүй бөгөөд шүүхийн зүгээс намайг хэргийн хариуцагч болсон гэсэн захирамж гардуулсан. Харин саяхан тус хэрэг нь шийдэгдэж дууссаныг мэдлээ. Шүүхийн зүгээс надад маш их ажил, чирэгдэл учруулан шүүхийн ажиллагаанд оролцуулсан атлаа надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохгүй байгааг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Б надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Тус хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02943 дугаартай шийдвэр гарган шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдсан Г.Г болон Б.Б нарт холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй байна. Хариуцагч Г.Г миний хувьд Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/Ш32019/13505 тоот захирамжаар тус хэргийн хариуцагч болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хариуцагч Г.Г надаас болон Б.Бээс татгалзсан гэсэн боловч уг асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шийдвэр огт гараагүй. Өнөөдрийг хүртэл намайг хариуцагчаар татсан Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/Ш32019/13505 тоот захирамж хүчинтэй хэвээр байна. Уг хэргийг шийдвэрлэж буй шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ гэж би ойлгосон боловч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02943 дугаартай шийдвэрт надад холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт байхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс миний албан ёсны хаягийг мэдэхгүй хэрнээ санаатайгаар худал хаягаар иргэний хэрэг үүсгүүлж, эрэн сурвалжлуулах захирамж гаргуулсан бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс намайг хайж ажлын газар ирж, бизнесийн түнш, хамтрагч нарт маань буруу ойлголт төрүүлсэн. Үүнээс үүдэн миний бизнест багагүй хохирол учирсан бөгөөд намайг тус хэрэгт хамааралгүй гэх шүүхийн шийдвэрийг гаргуулан авч, бизнесийн түнш нартаа үзүүлэх шаардлагатай байна. Шүүх нэгэнт намайг хариуцагчаар татсан бол түүнтэйгээ адилхнаар надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хууль ёсны хүчин төгөлдөр захирамж, шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Гэтэл өнөөдрийн байдлаар би тус хэрэгт оролцохгүй байгаа атлаа надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон захирамжгүй, хэргийн оролцогч хариуцагч мэтээр харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хариуцагч Г.Г надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэр тусгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Г, Г.Г, Б.Б нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхон 113-11 тоотод байршилтай 116 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн байрны 12 тоот автомашины зогсоолын үнэ 102 440 ам.доллар буюу 282 136 150 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Э 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Г.Г, Б.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байхад анхан шатны шүүх дээрх татгалзлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын хүрээнд уг үндэслэлээр хариуцагч нар давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. /1хх.141-143/
Харин нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г.Г 116 м.кв талбай орон сууцыг өмчлөлдөө авахдаа 179 000 000 төгрөгийн өр төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлэн орон сууцны үнэ төлөх үүргээс чөлөөлөгдөж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн агуулгаар гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Э нь Х ХХК-иас 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн арилжааны гэрээгээр 196 200 000 төгрөгийн үнэ бүхий 17440 шуудай гурил авч, гурилын төлбөрт 179 916 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхон .0000 байршилтай 116 м.кв талбайтай 4 өрөө орон сууц шилжүүлэх, зөрүү 16 284 000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон, Д.Эийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Х ХХК нэхэмжлэл гаргаснаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00169 дугаар тогтоолоор Д.Эөөс гурилын үнэ 179 916 000 төгрөг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Эд холбогдох дээрх маргаанд Г.Г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцжээ. /1хх.10-18/ Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Г хариуцагчаар бус гуравдагч этгээдээр оролцсон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Г.Гт холбогдох ямар нэгэн баримтыг эцэслэн дүгнэсэн гэж үзэх үндэслэл болохгүй буюу бөгөөд гагцхүү Д.Э болон Х ХХК нарын хооронд гурилын үнэ төлөх үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн гэж үзнэ.
Хэрэгт Э ХХК болон Г.Г нарын хооронд 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээ авагдсан /1хх.92-93/ байх бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж гүйцэтгэн ашиглалтад оруулсан Маршал хотхоны орон сууцны 000000 4 өрөө 116 м.кв талбайтай 112 450 400 төгрөгөөр захиалсан гэрээ нотлох баримтаар авагдсан байна. Энэхүү гэрээ түүний төлбөр төлсөн талаарх Э ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр Г.Гийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхон 10000 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн үйл баримт тогтоогджээ. /1хх.213/
Хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Х ХХК-ийн захирлаас маргааны зүйл болж буй орон сууцыг хүлээж авч Э ХХК-тай гэрээ байгуулж төлбөрийг төлсөн, Х ХХК болон Х ХХК-ийн албан бичгийн дагуу орон сууц миний нэр дээр шилжиж ирсэн, нэхэмжлэгч Д.Эийн өмчлөлийн орон сууц, автомашины зогсоолыг аваагүй, нэхэмжлэгчийн өмч болох нь нотлогдоогүй тул шаардах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.
Хариуцагч Г.Г нэхэмжлэгч Д.Эийн Х ХХК-ийн гурилын төлбөрт орон сууцыг өөртөө шилжүүлж авах тохиролцоог Х ХХК-тай хийсэн, тус байгууллагаас уг орон сууцыг түүнд шилжүүлж өгсөн гэх байдлыг нотолсон баримтыг тэрээр шүүхэд гаргаагүй, уг байдал хэргийн баримтаар нотлогдоогүй болно.
Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00169 дугаар тогтоолоор ...гэрээ Х ХХК, иргэн Д.Э нарын хооронд байгуулагдсан тул Д.Э гэрээгээр хүлээсэн үүргээ Х ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй байтал үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн гэх маргаж буй орон сууцыг Г.Гт шилжүүлснийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт гэж үзэн түүнийг дахин нотлохгүй юм.
Дээрх шүүхийн шийдвэрт заагдсан орон сууц Г.Гийн өмчлөлд шилжсэн, уг орон сууцны үнийг Д.Э төлсөн гэх нөхцөл байдал талуудын тайлбар, хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын Дээд шүүхийн тогтоолын дүгнэлт зэрэг үйл баримтыг харьцуулан үнэлбэл Г.Г нь бусдын өмнө буюу Э ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн орон сууцны үнэ төлөх үүргээс чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Э хариуцагч Г.Гоос 112 450 400 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Харин анхан шатны шүүх Х ХХК-ийн худалдсан 17440 шуудай гурилын төлбөрт 179 916 000 төгрөгөөр тооцон Г.Г 4 өрөө орон сууцыг өмчлөлдөө авч хөрөнгөжсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг буруу хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, Д.Э болон Х ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууцыг 179 916 000 төгрөгөөр тогтоосон гэрээний үнийг Г.Г болон Э ХХК хоёрын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний үнийг шууд тодорхойлох, өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө шилжсэн үйл баримт тогтоодоогүй байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндсэлэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгаа өөрөө тодорхойлох эрхтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох Г.Г болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Э ХХК-аас Улсын бүртгэлийн Ерөнхий газарт явуулсан 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/20075 тоот албан бичгээс үзэхэд Г.Гийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь 112 450 400 төгрөг байх тул уг үүргээсээ чөлөөлөгдсөн хэмжээгээрээ үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцогдох юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Г.Г нь өөрийн тайлбараа нотолсон нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргах үүрэгтэй. Тодруулбал Г.Г 112 450 400 төгрөгийг Э ХХК-д төлөх замаар буюу өөрийн хүлээсэн үүргээ өөрөө төлж үүргээс чөлөөлөгдсөн гэдэг нөхцөл байдлаа баримтаар нотолж чадаагүй.
Ийм учраас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар 112 450 400 төгрөгийг төлөх Г.Гийн өр төлбөрийг нэхэмжлэгч Д.Э төлсөн учраас үүнийгээ буцаан шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн талаар өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02943 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч....... Гөын Г.Гоос 112 450 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........... Д.Эд олгож, нэхэмжлэлээс 169 685 750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Г, Б.Б нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан ...1 057 530 төгрөг... гэснийг ...720 202 төгрөг... гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Г.Гийн төлсөн 1 057 530 төгрөг, хариуцагч Г.Гийн төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Бийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ц.ИЧИНХОРЛОО