Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Хохирогч Т.Сэргэлэн,

Шүүгдэгч С., түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт С.О, Б овогт Ц.О нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар,

Б овогт Ж.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705007960170 дугаартай, 1 хавтас  хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гашуун сухайтад том машины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Хайрхан 9 дүгээр гудамж, 347 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Б овогт С.О. 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Азурайз” ХХК-д цахилгаан монтер ажилтай, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хэнтий аймгийн Баянхутаг сум 2 дугаар баг, Улаан өндөр 4 дүгээр гудамж 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,... регистрийн дугаартай, Б овогт Ц.О. 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Азурайз” ХХК-д цахилгаан монтер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг,  Булаг 2 гудамж 15 тоотод оршин суух,

урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 135 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, ... регистрийн дугаартай, Б овогт Ж.Б. 

 

Шүүгдэгч С.О нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Б, Ц.О нартай бүлэглэн Т.Сэргэлэнг хүч хэрэглэн зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн,

мөн Ц.О-той бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-01 цагийн орчимд Т.Сэргэлэн, Б.Буянхишиг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.О нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Б, С.О нартай бүлэглэн Т.Сэргэлэнг хүч хэрэглэн зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн,

мөн С.О-той бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-01 цагийн орчимд Т.Сэргэлэн, Б.Буянхишиг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.О, Ц.О нартай бүлэглэн Т.Сэргэлэнг хүч хэрэглэн зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ:

  Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгшсөн. О нэг залуутай маргалдаад байхаар нь очоод салгах гэтэл О зууралдаад байхаар нь болиулах санаатай цүнхийг нь авч явсан. Тэгээд би машины буланд зогсож байхад О, Б хоёр хажуугаар гүйгээд явахаар нь цүнхийг нь байрны булан руу шидчихээд явж байгаад О-той таарсан. Би цүнхийг онгойлгож үзээгүй.  Байрны буланд цүнхийг нь шидчээд О-той тааралдаад ТҮЦ-рүү явж хүний утсаар ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ:

  Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би гутлаа янзалж байхад хохирогч Сэргэлэн над руу хараад “юу хараад байгаан” гээд бид хоёр маргалдсан. Б бид хоёр зугтаагаад, О миний араас хөөх байх гээд цүнхийг нь аваад зугтсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байна. Маргах зүйлгүй гэв.Өөрийн хийсэн үйлдэлд харамсаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ:

  Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогч Сэргэлэнг О-той маргалдаад байхаар нь цохисон. Буруу үйлдэл хийсэн. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Сэргэлэн мэдүүлэхдээ:

  Хэрэг гарсан өдөр хэдэн сарын хэдэн байсныг сайн санахгүй байна. Ажлаа тараад гэртээ орохоор 168 дугаар цэцэрлэг, Шинэ дорно хоолны газрын ойролцоо явж байхад 3 залуу өөдөөс ирж байсан. Надад сэжиг бүхий санагдсан. Нэг залуу нь нэг юм хэлсэн. Тэгээд ойртоод ирэхээр нь зугтая гэж бодоод эргээд харахад намайг жийж унагаасан. Энэ 3 залууг дээрэм хийх гэж явж байсан гэж бодож байна. Тухайн үед эргэн тойронд хүн байгаагүй. Би эвгүй зүйл болох нь дээ гэж бодоод чимээ гарахад ирээд жийгээд намайг газар унагаасан. Миний дээрээс өшиглөсөн, цохисон. Тэгээд миний цүнхийг аваад зугтсан. Би араас нь цүнхээ орхиод яв гэж орилоод араас нь гүйсэн. Цүнх өгөөч, туслаарай гээд гүйхэд энэ гурван залуу 3 тийшээ салаад гүйсэн. Нэг нь мухар байшин руу гүйгээд орохоор нь “хүмүүсээ туслаарай” гээд орилоод гүйхэд нэг залуу нь грааш дээр хэвтэж байхаар нь барьж  аваад “миний цүнхийг олоод өг, чамайг цагдаад өгнө” гэж хэлсэн. Тэгэхэд “Цүнхийг олоод өгье” гэхээр нь би “чи залуу хүн байж ингэж амьдарч болохгүй хэрэв чи цагдаад баригдвал хүн дээрэмдсэн, хулгайн гэмт хэрэг хийсэн гэмтэн болно” чи үүнийг ойлгож байна уу гэхэд “ойлгож байна” гэж хэлсэн. Би тухайн үед цүнхэн дотор байгаа флашаа алдахаас айж байсан. Тэгээд би “бусдыгаа дууд миний флашийг авч ирж өг гэж хэл” гэхэд “Алтантөгрөгийн урд дуудсан” гээд дээшээ явсан. Надад эргэн тойронд нөгөө хэд нь хараад байгаа юм шиг санагдаад цагдаа дуудах гэхэд миний утасны цэнэг дууссан байсныг нуусан. Тэгээд Нарлагын цагдаагийн хэлтэс рүү очиход цагдаа  байгаагүй. Тэгэхээр нь би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явахаар байрныхаа гадаа ирээд дүүгээ дуудаад Алтантөгрөгийн үүдэнд очиж цүнхээ  авахаар явсан. Тухайн үед Баттүшиг зугтах шинжтэй эсэргүүцээд байхаар нь арын суудалд суулгах гэснээ болиод машины арын багаажинд хийсэн. Алтантөгрөгийн урд  очоод цүнхээ авахаар хүлээж байхад нэг хүү ирээд миний цүнхийг өгөхөөр нь онгойлгоод харахад миний флаш байгаагүй. Тэгэхээр нь “миний флаш хаана байна вэ” гэж асуухад “мэдэхгүй” гэж хариулсан. Алтантөгрөгийн үүдэнд 7-8 залуучууд зогсож байхаар нь “та нар цуг явж байгаа юм уу” гэж хүүгээс асуухад “цуг явж байна” гэж хэлэхээр нь очоод “миний цүнхэнд байсан флаш хаана байна вэ” гэж асуухад мэдэхгүй гэхээр нь “та нарыг цагдаад өгнө та нар миний эд зүйлийг бүрэн бүтэн өгсөн бол би та нарыг цагдаад өгөлгүй уучлаад явуулах байсан” гэхэд шууд над руу зодох гэж дайрсан. Тэгээд тал талд зодолдсон. Цагдаа гэж орилоход хүмүүс туслаагүй. Тэгээд бид нарыг 20 иод минут зодсон.  Тухайн үед хэн ч туслаагүй тааваараа зоргоороо зодсон. Сүүлд Түшигээ хаана байна гээд машины хаалга угз татаж онгойлгоод багаажинд байсан Түшигээг аваад тал тал руу зугтсан. Зугтах үед нь цагдаа нар ирэхэд шүүгдэгч нар зогссон. Тэгээд би цагдаа дээр очоод алга болсон  эд зүйлээ бичээд, гомдолтой байна гэдгээ хэлсэн. Шүүгдэгч нар хохирол барагдуулсан. Уучлалт гуйсан. Гомдол саналгүй.

Би Флашаа зах зээлийн өртөгөөр нь үнэлсэн. Флашан дотор байсан уран бүтээлийг нэхэмжлэх боломжгүй гэж бодсон. Тухайн флашанд миний 2 жилийн хөдөлмөр байсан. Шүүгдэгч нар миний 2 жилийн хөдөлмөрийг үнэлэхэд яаж  үнэлэхийг би мэдэхгүй байна. Шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг гайхаж байна хүн зодож, дээрэмдэж худлаа мэдүүлэг өгч болохгүй. Би хохиролд 108.000 төгрөг авсан гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.О-н өгсөн:

“... 23 цагийн орчимд гараад модны 2-ын тэнд байдаг баар орох гээд бид 3 байрны дундуур явж Б бид 2 урд нь гараад алхаж байхад О ард гутлынхаа улавчаа янзлаж байсан. Тэр үед О нь үл таних Сэргэлэн гэх залуутай маргалдсан. Тэр Сэргэлэн гэх залуу үүрч явсан цүнхээ тайлаад яагаад байгаа лалрууд вэ гээд агсараад байсан. Тэгтэл О нь Сэргэлэн гэх залууг хөлөөрөө хавсарч газар унагаад дээр нь гараад гараараа дарсан. Би О тавиулахад нөгөө залуу орилж босож ирсэн. Энэ үед О Б 2 цаашаа зугтаахад араас нь Сэргэлэн гэх залуу хөөсөн. Тэгэхээр нь би Сэргэлэн гэх залуугийн араас нь цүнхийг аваад явж байгаад байрны булан руу тэр цүнхийг шидсэн. ... Сэргэлэн гэх залуу над руу залгаад, цүнх авч ирэхээс нааш Б-г чинь тавихгүй, “Алтан төгрөг” их дэлгүүрийн үүдэн хүрээд ир гэж хэлсэн гэхээр нь би цүнхийг хаясан газраас очиж цүнхийг аваад Буд-Эрдэнэтэй уулзсан. Тэгээд бид 3 “Алтан төгрөг” их дэлгүүрийн тэнд очоод Буд-Эрдэнэд цүнхийг нь өгөхөд түрүүлээд явсан. Араас нь бид 2 дагаад нөгөө Сэргэлэн гэх залуу дээр очиход 2 залуугийн хамт 3-лаа байсан. Тэгээд би Б хаана байна гэж асуухад Сэргэлэн нь байхгүй, нуучихсан байгаа гээд хэлэхгүй байсан. Тэгтэл нэг нь миний баруун ханцуйнаас барьчихсан, нөгөө нь миний өмссөж явсан малгайтай цамцны араас татахаар нь боль гэж хэлээд гартаа ороосон байсан тэлээгээрэй Сэргэлэнг ороолгох гэсэн чинь бултаад цаашаа зугтаад зам гарсан. Би эргэж хараад нөгөө миний араас татаад байсан Буянхишиг гэх залуугийн нуруу нь гараараа 1 удаа цохисон чинь О-г налаад хэвтсэн. Тэгтэл Сэргэлэн цаанаас нь битгий босоорой, цагдаа ирж байгаа гэж хэлэхэд нөгөө залуу газраас босоогүй, тухайн үед Сэргэлэнгийн дүү нь гэх залуу хэрүүл өдөөд цаашаа хойшоо ухраад зугтаагаад байсан. Тэгэхээр нь би буцаад машин руу очиход О тэд нарын машины хаалгыг онгойлгоод багаажийг нь онгойлгож Б-г гаргасан ...Анх О нь Сэргэлэнг хавсарч газар унагаасан. Дараа нь Алтан төгрөг их дэлгүүрийн үүдэнд Сэргэлэнг хавсарч унагаасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/

            “... эхлээд О нь тэр залуугийн цээж рүү нь 1 удаа хөлөөрөө жийхэд тэр залуу хойшоогоо газар унасан. Тэр үед толгойн хойд дагзаараа юманд цохисон байх. О тэр залуугийн дээр нь гараад ноцолдож байхаар нь би болиулсан. Тэгээд тэр залуугийн цүнхийг нь авч зугтаад тухайн цүнхийг нь булан руу шидсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.О-н өгсөн:

“... би үдээсээ янзлаад байж байхад үл таних залуу юугаа хараад байгаа гэхээр нь яасан бэ хөгшөөн гээд гутлаа янзлаад очиход миний нүүр рүү цохих гэхээр нь би бултаад цээж рүү нь нэг удаа өшиглөхөд нөгөө залуу газар унахад дээрээс нь Б, О ах бид 3 гараа цохиж айхтар хөлөөрөө өшиглөөгүй. Тэгтэл тэр залуу зуураад байсан чинь О ах цүнхийг нь аваад зугтаасан. ... О ах гартаа тэлээ ороосон байсан учраас уурлаад нөгөө өндөр залуугийн нүүр рүү нэг удаа цохиход тэр 3 залуугийн нэг залуу нь цаашаа зугтаасан. Нөгөө цохиулсан залуу хойшоо ухраад намайг бариад авахаар нь би тэр залууг үүрээд газар унагаасан. Тэгтэл О ах нөгөө хойно нь зогсож байсан залуугийн зүүн талын шанаа чих орчимд 1 удаа цохиход нөгөө залуу газар унасан. Тэгтэл дээрээс нь О ах нуруу руу нь гараараа 2 удаа цохисон. ... Б нь өндөр залууг анх тааралдаад намайг тэр залуугийн цээж рүү нь өшиглөөд унагаахад дээрээс нь гараараа 2-3 удаа цохисон. ... Харин О ах тэр залууг газар унасан байхад нь дээрээс нь цохиж байснаа цүнхийг  нь аваад зугтаасан  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/

           

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Б-н өгсөн:

“... Сэргэлэн гэх залуу О-н өөдөөс ирээд цүнхээ тавиад цохих гэтэл О тэр залуугийн цээж рүү өшиглөж газар унагаасан. О бид 2 тэр залуугийн дээрээс нь гараараа 2-3 удаа толгойны хойд хэсэг рүү нь цохисон. ... О нь тэр Буянхишигийг цохиход Буянхишиг нь газар унасан ... Би Сэргэлэн гэх залууг О нь өшиглөөд газар унагаах үед нь дээрээс нь толгойны ар хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон ...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Буянхишигийн өгсөн:

“... 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-ны шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд найз Цогт над руу залгаад “Алтан төгрөг дээр хүрээд ир” гэхээр нь би ганцаараа Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн гадаа очиход найз Цогт, түүний ах Сэргэлэн, танихгүй залуугийн хамт зогсож байсан. Сэргэлэн нь нөгөө танихгүй залууд миний юмыг аваад ир, цагдаа гэхгүйгээр хэл амаараа учраа олъё гээд нөгөө залууд гар утсаа өгөөд, чанга яригч дээр нь тавиад хүнтэй яриулсан. Тэгтэл цаанаас нь за одоо очлоо гээд тавьсан. Тэгээд нөгөө залууг Сэргэлэн ах Цогтын машины багаажинд хийсэн. Яагаад гэвэл тэр залуу зугтаах гээд байсан. Тэгээд 10-20 минутын дараа жаахан хүүхэд ирээд Сэргэлэн ахын цүнхийг нь авчирч өгсөн. Сэргэлэн ах өөрийнхөө эд зүйлийг шалгасан чинь эд зүйл нь дутуу байна гээд нөгөө хүүхдэд миний эд зүйлийг бүрэн болгоод ирээд найзаа ав гэж хэлэхэд тэр жаахан хүүхэд нь би мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл “Алтан төгрөг” их дэлгүүрийн цаана 3 жаахан хүүхэд 5 залуучууд зогсож байсан. Нэг нь бусдаасаа илүү хөгшин харагдсан. Сэргэлэн ах тэр хүүхдээс тэр залуучууд чамтай хамт явж байгаа юм уу гээд хэлэхэд жаахан хүүхэд тийн гэж хэлсэн. Сэргэлэн ах Цогтоо 2 тэр залуучууд дээр очихоор явсан. Би гар утсаар зогсож байхад нөгөө 5 залуучууд бөөндөө алхаад над руу ирсэн. Сэргэлэн ах эд хөрөнгө дутуу байна, миний эд зүйлийг өгчихөө гэж хэлсэн чинь нэг бусдаасаа хөгшин эрэгтэй нь юу яриад чи яагаад дүү нар дээрэлхээд байгаан гээд гартаа тэлээ ороосон байдалтай ирсэн. Тэгээд Сэргэлэн ах руу дайраад замдаад авсан. Хажууд байсан залуу нь машины хаалга онгойлгоод багааж онгойлгоод нөгөө найзыгаа аваад зугтаах гэж оролдсон. Тэгэхээр нь би болиоч ээ гэж хэлэхэд Сэргэлэн ах руу 3 залуу дайрсан. Над руу арай хөгшин залуу нь дайраад миний зүүн талын шанаа руу 1 цохихоор би гараараа нүүрээ дараад машин налаад зугтаахад машин тойрч ирээд миний зүүн талын шанаа руу 2 удаа цохиход би газар унасан. Тэгтэл миний дээрээс өшиглөөд байсан. Хэдэн хүн өшиглөсөн талаар мэдэхгүй. Тэр үед миний толгой руу нэг нь өшиглөхөд би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэгт дусал хийлгүүлсэн байдалтай сэрсэн. Цогт цагдаа дуудах гээд явсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Цогтын өгсөн:

 “... 2017 оны 9 дүгээр сарын 18-ны орой 00 цагийн үед ... Сэргэлэн ах сая хүнд дээрэмдүүлчихлээ гээд нэг залууг барьчихсан зогсож байсан. Тэгээд би цагдаа дуудаад өгье гэхэд найзуудыг нь дуудчихлаа, Алтантөгрөгийн тэнд байна гэхээр нь би машинаа унаад Алтантөгрөгийн тэнд очоод зогссон. Тэгээд би найз Буянхишиг рүү залгаж дуудсан. ... Тэгээд Сэргэлэн ах, Буянхишиг бид 3 нөгөө залууг бариад байж байхад тэр залуу зугатаах гээд байхаар нь миний машины багаж руу хийсэн. Тэгээд 30-аад минутын дараа нэг залуу ирээд Сэргэлэн ахын цүхийг өгөхөд Сэргэлэн ах цүнхээ шалгахад цүнхэнд нь байсан 2 ширхэг флаш, нүдний шил байхгүй байна гээд цагдаа руу явья гэж хэлсэн. Цаана нь 7-8 залуу зогсож байхаар нь нөгөө цүнх авч ирж өгсөн залуугаас цуг явж байгаа юм уу гэж асуухад тийм гэж хэлэхээр нь Сэргэлэн ах, Буянхишиг бид 3 тэд нар дээр очоод цагдаа руу явья гэхэд бусдаасаа арай хөгшин нь та нар яагаад байгаа юм гээд дайраад эхлэхээр нь Нарлагийн цагдаагийн газар ойрхон учраас цагдаа дуудахаар гүйсэн. ... Ер нь бол хөгшин эрэгтэй нь гартаа тэлээ ороогоод зодох гээд байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Буд-Эрдэний өгсөн:

 “... Би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажлаасаа 20 цагийн орчимд тараад миний машинтай “Саппоро” ороод, шөлөндөө орж хоол идээд, буцаад “Парадоксийн” орчим 22 цагийн үед О ах, О, Б нар машинаас буугаад  караоке орж ганц 2 цаг дуулна гээд явсан. Би модны 2 руу явж найз охин Энхмаатай уулзахаар явсан. Тэгээд Энхмаатай “Модны 2”-т уулзаад машин дотор юм яриад сууж байсан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад над руу 95012155 гэсэн дугаараас залгаад ирж найзыгаа ав гэж хэлэхээр нь би хэн бэ гэж асуухад миний цүнхийг авчирч өгөөд найз Б-г ав гэж хэлсэн. ... Тэгээд Б рүү очих гээд явж байхад О, О нар нь над руу танихгүй дугаараас залгаад хүний утаснаас ярьж байна, Б-тэй холбоо барьсан уу, Б байдаггүй гэж хэлэхээр нь би Б нь хүнд баригдсан гэж байна юу болсон юм бэ, цүнх асуугаад байна гэж асуухад О нь юу ч болоогүй, сая нэг зодоон болоод салж зугтаасан гэж хэлсэн. Би О, О нартай “Ахуй үйлчилгээний” автобусны буудал дээр уулзахад О ах хар өнгийн үүрдэг цүнх барьсан ирсэн. Тухайн цүнх нь нил шороо тоос болсон байсан. Тэгээд бид 3 цүнхийг нь аваад “Аптан төгрөг” худалдааны төвийн гадаа очоод би цүнхийг нь аваад над руу утасдаад байсан хүмүүс рүү очсон. Нөгөө 2 зайрмаг зардаг мухлагын орчимд тамхи татаад үлдсэн. Би тэд нар дээр очоод манай найз Б хаана байна гэж хэлээд цүнхийг нь өгсөн. Тэгэхэд Сэргэлэн гэх залуу нь танай найз машины багаажинд байгаа, нөгөөдүүл чинь хаана байна гэхээр нь би тэнд тамхи татаж байна гээд хэлээд Сэргэлэнгийн дүү нь гэх залуу миний хойноос бариад авахаар нь би тавь гээд хэлсэн чинь зүгээр байж бай, одоо цагдаад өгнө гэж хэлсэн. ... Тэгээд тэр 3 залуу намайг дагуулаад О ах, О нар дээр очсон. ... О ах нь гартаа тэлээ ороогоод Сэргэлэн гэх залууг нэг удаа тэлээгээрээ ороох гэсэн боловч оноогүй. Тэгсэн чинь О нь Сэргэлэн гэх залуугийн хөл тавиад газар унагаасан. ... О нь тэд нарын машины багажийн хаалгийг онгойлгоод Б-г гаргах гэтэл нөгөө Буянхишиг гэх залуу нь боль гээд Б-г буцаагаад түлхсэн. Цаана нь Сэргэлэн нь хүн аллаа авраарай гээд орилоод байсан. Тэр үед О ах миний араар орж ирээд Буянхишиг гэх залуугийн зүүн шанаа, чихний орчимд нэг удаа гараараа цохиход тэр залуу О-г налаад газар унасан. ... Сэргэлэн гэх залууг О нь хөл тавьж тэшиж унагаасан. О нь их хурдан болоод энд тэнд гарч гүйгээд байсан. Буянхишиг гэх залууг О нь 1 удаа гараараа цохиж унагаасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхбаярын өгсөн:

 “... 02 цагийн орчим нэг залуу орж ирээд Алтантөгрөг их дэлгүүрийн гадаа манай ахыг дээрэмдсэн хүмүүс зодоод байна гэж хэлэхээр нь би хамтрагд Даваадэлгэрийн хамт тэр залууг дагуулаад Алтантөгрөг их дэлгүүрийн гадаа очиход 6 хүн байсан. Тэр 6 хүний нэг нь газар хэвтчихсэн, дээшээ хараад толгой бариад хэвтэж байсан. ... тэр залуу ухаантай хэвтэж байсан. Тэгээд миний толгой руу цохисон, толгой өвдөж байна гэхээр нь бид 2 яаралтай түргэн тусламжийн 103-т дуудлага өгөөд тэр залууг эмнэлэг рүү явуулсан  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дугаар сарын 22-ны өдрийн 11916 тоот:

              1. Сэргэлэнгийн биед дагзны хуйх, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

     2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

     3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт  нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дугаар сарын 22-ны өдрийн 11918 тоот:

              1. Буянхишигийн биед тархи доргилт, дагзны хуйх, зүүн чих, баруун бугалга, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

     2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

     3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт  нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

 

     - эд зүйлийн үнэлгээ /хх-н 49-р хуудас/

 

     шүүгдэгч С.О-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Г.Болортунгалагийн өгсөн:

 “... Манай нөхөр О эцэг эхээс тавуулаа. Дээрээ 2 ах, 2 эгчтэй. 1 эгч, 1 ах нь нас барсан. ... зан байдлын хувьд ууртай догшин биш, зөөлөн чанарын хүн. Гэр бүл үр хүүхэддээ халамж анхаарал сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд тусархуу  ...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар  хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 73/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 74/,

- Мэргэжлийн гэрчилгээний хуулбар /хх-н 80/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 77/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 79/

- Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-н 81/,

- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-н 82/

- АСАП сангийн лавлагаа /хх-н 83-84/,

 

шүүгдэгч Ж.Б-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мандахнарангийн өгсөн:

 “... Б нь их л даруухан зан ааштай, надтай ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Мөн миний нүдэнд нэг ч удаа архи согтууруулах ундаа хэрэглэж харагдаагүй. Өгсөн үүрэг даалгаварыг чин сэтгэлээсээ сайн хийж гүйцэтгэдэг ...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр  хуудас/

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 119/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 121/,

- Азурайз ХХК-ийн тодорхойлолт /хх-н 124-125/,

- Цэргийн алба хаасан талаарх үнэмлэхийн хуулбар /хх-н 127-128/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 129/,

 

шүүгдэгч Ц.О-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мандахнарангийн өгсөн:

 “... О нь их л даруухан, хүний үгнээс зөрж гөжүүдэлдэггүй, хий гэсэн ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэдэг. Мөн миний нүдэнд нэг ч удаа архи согтууруулах ундаа хэрэглэж харагдаагүй ...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр  хуудас/

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 96/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 97/,

- Азурайз ХХК-ийн тодорхойлолт /хх-н 101-102/,

- Цэргийн алба хаасан талаарх үнэмлэхийн хуулбар /хх-н 103/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч С.О, Ц.О, Ж.Б нар нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нартай бүлэглэн Т.Сэргэлэнг хүч хэрэглэн зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн,

мөн С.О, Ц.О нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-01 цагийн орчимд Т.Сэргэлэн, Б.Буянхишиг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Т.Сэргэлэнгийн “...Ажлаа тараад гэртээ орохоор 168 дугаар цэцэрлэг, Шинэ дорно хоолны газрын ойролцоо явж байхад 3 залуу өөдөөс ирж байсан. Надад сэжиг бүхий санагдсан. Нэг залуу нь нэг юм хэлсэн. Тэгээд ойртоод ирэхээр нь зугтая гэж бодоод эргээд харахад намайг жийж унагаасан. Энэ 3 залууг дээрэм хийх гэж явж байсан гэж бодож байна. Тухайн үед эргэн тойронд хүн байгаагүй. Би эвгүй зүйл болох нь дээ гэж бодоод чимээ гарахад ирээд жийгээд намайг газар унагаасан. Миний дээрээс өшиглөсөн, цохисон. Тэгээд миний цүнхийг аваад зугтсан. Би араас нь цүнхээ орхиод яв гэж орилоод араас нь гүйсэн. Цүнх өгөөч, туслаарай гээд гүйхэд энэ гурван залуу 3 тийшээ салаад гүйсэн...Алтан төгрөгийн урд  очоод цүнхээ авахаар хүлээж байхад нэг хүү ирээд миний цүнхийг өгөхөөр нь онгойлгоод харахад миний флаш байгаагүй. Тэгэхээр нь “миний флаш хаана байна вэ” гэж асуухад “мэдэхгүй” гэж хариулсан. Алтан төгрөгийн үүдэнд 7-8 залуучууд зогсож байхаар нь “та нар цуг явж байгаа юм уу” гэж хүүгээс асуухад “цуг явж байна” гэж хэлэхээр нь очоод “миний цүнхэнд байсан флаш хаана байна вэ” гэж асуухад мэдэхгүй гэхээр нь “та нарыг цагдаад өгнө та нар миний эд зүйлийг бүрэн бүтэн өгсөн бол би та нарыг цагдаад өгөлгүй уучлаад явуулах байсан” гэхэд шууд над руу зодох гэж дайрсан. Тэгээд тал талд зодолдсон. Цагдаа гэж орилоход хүмүүс туслаагүй. Тэгээд бид нарыг 20 иод минут зодсон.  Тухайн үед хэн ч туслаагүй тааваараа зоргоороо зодсон ...” гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч С.О-н “... эхлээд О нь тэр залуугийн цээж рүү нь 1 удаа хөлөөрөө жийхэд тэр залуу хойшоогоо газар унасан. Тэр үед толгойн хойд дагзаараа юманд цохисон байх. О тэр залуугийн дээр нь гараад ноцолдож байхаар нь би болиулсан. Тэгээд тэр залуугийн цүнхийг нь авч зугтаад тухайн цүнхийг нь булан руу шидсэн ...” гэх,

шүүгдэгч Ц.О-н “...би үдээсээ янзлаад байж байхад үл таних залуу юугаа хараад байгаа гэхээр нь яасан бэ хөгшөөн гээд гутлаа янзлаад очиход миний нүүр рүү цохих гэхээр нь би бултаад цээж рүү нь нэг удаа өшиглөхөд нөгөө залуу газар унахад дээрээс нь Б, О ах бид 3 гараа цохиж айхтар хөлөөрөө өшиглөөгүй. Тэгтэл тэр залуу зуураад байсан чинь О ах цүнхийг нь аваад зугтаасан. ... О ах гартаа тэлээ ороосон байсан учраас уурлаад нөгөө өндөр залуугийн нүүр рүү нэг удаа цохиход тэр 3 залуугийн нэг залуу нь цаашаа зугтаасан. Нөгөө цохиулсан залуу хойшоо ухраад намайг бариад авахаар нь би тэр залууг үүрээд газар унагаасан. Тэгтэл О ах нөгөө хойно нь зогсож байсан залуугийн зүүн талын шанаа чих орчимд 1 удаа цохиход нөгөө залуу газар унасан. Тэгтэл дээрээс нь О ах нуруу руу нь гараараа 2 удаа цохисон. ... Б нь өндөр залууг анх тааралдаад намайг тэр залуугийн цээж рүү нь өшиглөөд унагаахад дээрээс нь гараараа 2-3 удаа цохисон. ... Харин О ах тэр залууг газар унасан байхад нь дээрээс нь цохиж байснаа цүнхийг  нь аваад зугтаасан  ...” гэх,

хохирогч Б.Буянхишигийн “...Сэргэлэн ах эд хөрөнгө дутуу байна, миний эд зүйлийг өгчихөө гэж хэлсэн чинь нэг бусдаасаа хөгшин эрэгтэй нь юу яриад чи яагаад дүү нар дээрэлхээд байгаан гээд гартаа тэлээ ороосон байдалтай ирсэн. Тэгээд Сэргэлэн ах руу дайраад замдаад авсан. Хажууд байсан залуу нь машины хаалга онгойлгоод багааж онгойлгоод нөгөө найзыгаа аваад зугтаах гэж оролдсон. Тэгэхээр нь би болиоч ээ гэж хэлэхэд Сэргэлэн ах руу 3 залуу дайрсан. Над руу арай хөгшин залуу нь дайраад миний зүүн талын шанаа руу 1 цохихоор би гараараа нүүрээ дараад машин налаад зугтаахад машин тойрч ирээд миний зүүн талын шанаа руу 2 удаа цохиход би газар унасан. Тэгтэл миний дээрээс өшиглөөд байсан. Хэдэн хүн өшиглөсөн талаар мэдэхгүй. Тэр үед миний толгой руу нэг нь өшиглөхөд би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэгт дусал хийлгүүлсэн байдалтай сэрсэн. Цогт цагдаа дуудах гээд явсан байсан ...” гэх,

гэрч Б.Буд-Эрдэний “...Би О, О нартай “Ахуй үйлчилгээний” автобусны буудал дээр уулзахад О ах хар өнгийн үүрдэг цүнх барьсан ирсэн. Тухайн цүнх нь нил шороо тоос болсон байсан. ... Тэгээд тэр 3 залуу намайг дагуулаад О ах, О нар дээр очсон. ... О ах нь гартаа тэлээ ороогоод Сэргэлэн гэх залууг нэг удаа тэлээгээрээ ороох гэсэн боловч оноогүй. Тэгсэн чинь О нь Сэргэлэн гэх залуугийн хөл тавиад газар унагаасан. ... О нь тэд нарын машины багажийн хаалгийг онгойлгоод Б-г гаргах гэтэл нөгөө Буянхишиг гэх залуу нь боль гээд Б-г буцаагаад түлхсэн. Цаана нь Сэргэлэн нь хүн аллаа авраарай гээд орилоод байсан. Тэр үед О ах миний араар орж ирээд Буянхишиг гэх залуугийн зүүн шанаа, чихний орчимд нэг удаа гараараа цохиход тэр залуу О-г налаад газар унасан. ... Сэргэлэн гэх залууг О нь хөл тавьж унагаасан ...” гэх,

гэрч Т.Цогтын “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны орой 00 цагийн үед ... Сэргэлэн ах сая хүнд дээрэмдүүлчихлээ гээд нэг залууг барьчихсан зогсож байсан. Тэгээд би цагдаа дуудаад өгье гэхэд найзуудыг нь дуудчихлаа, Алтантөгрөгийн тэнд байна гэхээр нь би машинаа унаад Алтантөгрөгийн тэнд очоод зогссон. Тэгээд би найз Буянхишиг рүү залгаж дуудсан. ... Тэгээд Сэргэлэн ах, Буянхишиг бид 3 нөгөө залууг бариад байж байхад тэр залуу зугатаах гээд байхаар нь миний машины багаж руу хийсэн. Тэгээд 30-аад минутын дараа нэг залуу ирээд Сэргэлэн ахын цүхийг өгөхөд Сэргэлэн ах цүнхээ шалгахад цүнхэнд нь байсан 2 ширхэг флаш, нүдний шил байхгүй байна гээд цагдаа руу явья гэж хэлсэн. Цаана нь 7-8 залуу зогсож байхаар нь нөгөө цүнх авч ирж өгсөн залуугаас цуг явж байгаа юм уу гэж асуухад тийм гэж хэлэхээр нь Сэргэлэн ах, Буянхишиг бид 3 тэд нар дээр очоод цагдаа руу явья гэхэд бусдаасаа арай хөгшин нь та нар яагаад байгаа юм гээд дайраад эхлэхээр нь Нарлагийн цагдаагийн газар ойрхон учраас цагдаа дуудахаар гүйсэн ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дугаар сарын 22-ны өдрийн 11916, 11918 тоот дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас нэр бүхий шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.О, Ц.О, Ж.Б нар нь үйлдлээрээ бүлэглэн, хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч С.О, Ц.О  нар нь улмаар шүүгдэгч Ж.Б-г олох зорилгоор хохирогч Т.Сэргэлэн, Б.Буянхишиг нар дээр очиж бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.Сэргэлэн нь хохиролд 108.000 төгрөг авсан. Шүүгдэгч нарт гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Б.Буянхишиг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, мөн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул хохирогч Б.Буянхишигийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.О, Ц.О, Ж.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, мөн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, ялын доод  хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шүүгдэгч С.О, Ц.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.О, Ж.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт С.О, Б овогт Ц.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

Б овогт Ж.Б-г бүлэглэн, хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.О-д оногдуулсан 1 жил хорих ял дээр /240:8=30/ 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

Ц.О-д  оногдуулсан 1 жил хорих ял дээр 240:8=30/ 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.О, Ц.О, Ж.Б нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С.О-н урьдчилан цагдан хоригдсон 23 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Ц.О, Ж.Б нар цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Б.Буянхишиг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ц.О, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглож хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, С.О, Ц.О, Ж.Б нарын эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О, Ц.О, Ж.Б нарт  авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ