| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00099/И |
| Дугаар | 318/ШШ2025/00155 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 318/ШШ2025/00155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У Д.Л,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Би 1979 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд мал маллаж байгаад 1983-1986 онд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн 1987 оноос эхлэн 1992 оны 3 дугаар сарыг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан. Үхэр маллаж, саальчин хийж байсан. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолтыг архивт хадгалагдсан хэмжээнд гаргуулж авсан ба тус нэгдэлд ажилд орсон болон гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас халамжийн тэтгэвэр авч байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 7 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, мөн нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Батлан хамгаалахын төв архиваас 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 7947 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан Д.Л Тэс сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 7 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал, 1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал, 1990 оны 12, 1991 оны 4, 12, 1992 оны 2-3 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Ж.Н иргэний үнэмлэхийин болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Д иргэний үнэмлэхийин болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 137 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, иргэний хаягийн хуудас №7, гэрлэснийг бүртгэх анкет №029, гэрч Ж.Н, Н.Д нараас мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Лгийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 7 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Лгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Л нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Д.Л нь 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 17-ны хоород цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архиваас 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 7947 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар тогтоогдож байна.
3. Увс аймгийн Архивын тасгаас Д.Л Тэс сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 7 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал, 1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал, 1990 оны 12, 1991 оны 4, 12, 1992 оны 2-3 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №072-т Д.Л /РД:..../, Лениний зам нэгдэлд үхэр, 1987 онд ажилд орсон гэж бүртгэгджээ.
1980 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн иргэний хаягийн хуудас №7-д Тэс сумын 4-р бригадын үхэрчин гэж бичжээ.
1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрлэснийг бүртгэх анкетад Д.Л, Лениний зам нэгдэлд саальчин гэж бүртгэгджээ.
3.1. Шүүхээс гэрч Ж.Н, Н.Д нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Н Би 1968-1994 оны хооронд Увс аймгийн Тэс сумын сургууль болон Лениний зам нэгдэлд аж ахуйн эрхлэгч, бригадын дарга, багийн дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Д.Л нь 1979 оноос тус нэгдэлд малчнаар ажилд орж ажиллаж байх хугацаанд цэргийн алба хааж ирсэн билээ. Улмаар цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн 1992 оныг дуустал ажилласан юм гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Н.Д Би 1979-1990 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Л нь 1980 онд тус нэгдэлд үхэрчнээр ажилд орсон бөгөөд хувьцаа тарах хүртэл буюу 1992 он хүртэл тасралтгүй ажилласан билээ гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч Д.Л нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 7 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас Д.Л Тэс сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 7 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал, 1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал, 1990 оны 12, 1991 оны 4, 12, 1992 оны 2-3 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Д.Л /РД:..../, Лениний зам нэгдэлд үхэр, 1987 онд ажилд орсон гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, иргэний хаягийн хуудас №7-д Тэс сумын 4-р бригадын үхэрчин гэж 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн байдал, 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгүүлсэн Д.Л, Лениний зам нэгдэлд саальчин гэх гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Ж.Н, Н.Д нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Лгийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 7 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 7 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР