| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/0836/З |
| Дугаар | 128/ШШ2025/0064 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0064
2025 01 21 128/ШШ2025/0064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:П.О******* /РД:ЧТ*******/;
Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.А******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч П.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б*******, Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр П.О*******г ажлаас чөлөөлөх тухай тушаалт илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тушаал илт хууль бус тушаалын улмаас өөрт учирсан хохирол буюу нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,,.00 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулах” гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа:
“Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 22019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дугаар “П.О*******г ажлаас чөлөөлөх тухай” тушаал илт хууль бус тушаалын улмаас Төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөх боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.
1.3.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,,.00 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагынхаа хамтран хариуцагчаар “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хамтран хариуцагчаар татан оролцуулсан боловч шүүх хуралдаан дээр хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтээсээ татгалзсан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Сангийн яам дангаар болсон болно.
Хоёр.Хэргийн үйл баримтын талаар:
2.1.Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дугаартай тушаалаар нэхэмжлэгч П.О*******г тус яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаал чөлөөлж шийдвэрлэсэн байна.
2.2.Нэхэмжлэгчээс уг тушаалыг “ажлаас чөлөөлөх гэх агуулгаар бус Сангийн яамнаас “Эрдэнэт Үйлдвэр” гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагынхаа хамтран хариуцагчаар “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэн ажиллуулахаар тушаал гарсан гэж үзэж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангасан байхад маргаан бүхий тушаалыг гаргаснаар уг нэг удаагийн тэтгэмжийг авч чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж уг тушаалын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“П.О******* би бээр санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Мэргэшсэн нягтлан бодогч. Монгол Улсын анхны шилдэг дотоод аудитораар 2018 онд шалгарсан. Нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, дотоод аудитораар Төрийн жинхэнэ албанд 33 жил ажилласан Үүнээс 18 жил Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газар, Төсвийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн хяналт, Эрсдэлийн удирдлагын Газарт мэргэжилтэн, дотоод аудитораар ажилласан. Хуримтлуулсан мэдлэг, ажлын туршлага, чадварыг харгалзан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-н удирдлагын зүгээс хамтран ажиллах саналыг тавьж улмаар Сангийн яам зөвшөөрсөн учир шилжин ажиллахаар болж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019.04.30-ны өдрийн Б40 дугаартай тушаал гарсан. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 сарын 30 өдрийн Б40 дугаар "П.О*******г ажлаас чөлөөлөх тухай" тушаал нь нэхэмжлэгч П.О******* намайг 2019 оны 05 сарын 01 өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй" гэх агуулгаар гарсан. Нэгдүгээрт, миний бие Сангийн Яаманд хандаж ажлаас чөлөөлөгдөх талаар огт хүсэлт гаргаж байгаагүй, хоёрдугаарт, П.О******* намайг ажлаас чөлөөлөх бус хариуцагч Сангийн яамнаас "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-руу шилжүүлэх талаар ярилцаж тохирсон байдаг. 540 дугаар тушаал Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 98, Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31дугаар хамтарсан тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ын 2.5 дахь заалтыг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл тушаалын хууль зүйн үндэслэл нь шилжүүлэн ажиллуулах агуулгатай гарсан. Хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч П.О******* намайг шилжүүлэн ажиллуулах зорилготой байсан болох нь үүнээс гадна Сангийн яамны 2022 оны 08 сарын 22 өдрийн 12/5674 дугаар "П.О*******д тусламж олгуулах тухай" албан бичгээс тодорхой харагдах юм.
Тодруулбал, тус албан бичигт Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн П.О*******г Эрдэнэт Үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дотоод хяналтын хэлтсийн орлогчоор шилжүүлэн ажиллуулсан болно" гэж дурдсан байдаг. Дээрхээс үзэхэд хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны Б40 дугаар тушаал нь "П.О*******г ажлаас шилжүүлэх агуулгаас өөрөөр буюу ажлаас чөлөөлөх агуулгаар гарсан, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д заасан "утга, агуулгын илэрхий алдаатай", эрх зүйн үндэслэл бий болоогүй байхад гарсан илт хууль бус захиргааны акт байна. Хэрэв төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх бол Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон байх шаардлагатай ба эдгээр хууль зүйн үндэслэл бий болгоогүй, П.О******* миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хариуцагчид гаргаж байгаагүй болно.
Хариуцагчийн энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгч П.О******* миний Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-д "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй" гэж, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн албан хаагч дараах баталгаагаар хангагдана" гэж, 61.1.1-д "албан тушаалын цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах" гэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэж заасан эрх болон баталгаанууд зөрчигдөж байна. Төрийн албанд тогтвортой, үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь төрөөс тусламж үзүүлэх зорилгоор нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгодог. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол дээд тал нь 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог. Энэхүү нэг удаагийн буцалтгүй тусламж авах шаардлагыг П.О******* миний бие бүрэн хангаж байгаа бөгөөд хариуцагч Сангийн яамны гаргасан Б40 дугаар илт хууль бус захиргааны актын улмаас авч чадалгүй хохироод байна. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх нийтлэг баталгааны нэг бөгөөд зорилго нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах үүднээс тус албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг урамшуулах зорилгоор төрөөс нэг удаа дэмжлэг үзүүлдэг гэж ойлгож байгаа. Төрийн албанд 36 жил ажилласан төрийн мэргэшсэн албан хаагч надад тэтгэмж олгохгүй байгаа нь шударга ёсны шалгуурыг хангахгүйн дээр тэгш бус байдлыг үүсгэж байна. Бүх насаараа төрд ажилласан хүмүүст зориулсан цор ганц нийгмийн баталгаа болох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах баталгаа нь хэрэгжихгүй байхад төрд мэргэшиж тогтвортой ажилласны хэрэг байна уу гэж бодогдох болсон.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй" гэж заасан. Хариуцагч Сангийн яамны төриыйн нарийн бичгийн даргын Б40 дугаар тушаалын улмаас П.О******* би 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 51,,,00 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж авч чадахгүй болж, хохирсон. Иймд хариуцагчийн илт хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлоо арилгуулахаар 51,,,00 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийг мөн гаргаж байна.
Өөрөөр хэлбэл, өөрийг нь шилжүүлэхтэй холбоотой тушаал алдаатай эсэхийг төрийн албан хаагч хянах, түүний үр дагаврыг хариуцах үүрэггүй ба түүний үр дагаврыг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан нь хариуцах учиртай юм. Тухайн асуудлаар Сангийн яам болон Төрийн албаны зөвлөлд хандсаны дагуу 2024 оны 09 сарын 06-ны өдөр Сангийн яамнаас хариу ирүүлсэн ба Төрийн албаны зөвлөлөөс хариу ирүүлээгүй байна” гэжээ.
3.2.Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ:
“... Энэхүү нэг удаагийн буцалтгүй тусламж авах шаардлагыг П.О******* миний бие бүрэн хангадаг. Сангийн яам буцалтгүй тусламж олгохгүй байгаа гол үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасан төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөөгүй гэдэг. Гэтэл төрийн албанаас тэтгэвэртээ суух үндэслэлээр чөлөөлөгдөх боломжгүй нөхцөл байдал хариуцагчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 540 дугаар тушаал хүргээд байна. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дугаар "О*******г ажлаас чөлөөлөх тухай" тушаал илт хууль бус тушаалын улмаас Төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөх боломжгүй байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдсэнээр Төрийн албанд 36 жил ажилласан, мэргэшиж ажилласан, хөдөлмөр хийх бүхий л насаа төрд үр бүтээлтэй өнгөрөөсөн, төрийн жинхэнэ албан хаагч надад тэтгэмж олгох боломж бий болж нийгмийн цор ганц баталгааг эдлэх эрх зүйн боломж нээгдэж эрх ашиг сонирхол хамгаалагдан гэж үзэж байна” гэжээ.
3.4.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Ч******* овогт П******* О******* миний бие 1986 оноос хойш 36 жил төрийн байгууллагад ажилласан. МӨн Монгол Улсын дотоод аудитын институтийн гишүүн, Сангийн яаманд дотоод аудитораар ажиллаж байсан, Олон Улсын дотоод аудитын институтийн салбарыг олон улсын дотоод аудитын институтийн салбарыг Сангийн яамны санаачилгаар Монгол Улсад анх бий болгосон. Дотоод аудитын гишүүнчлэл хүн яаж ажиллах ёстой вэ гэдийг ёс зүйн дүрэмд дараах 5 байдлаар тайлбарласан байдаг. Үүнд: үнэнч шударга байх, бодитой байх, нууцыг хадгалах, ур чадвартай байх, мэргэжлийн үр дүйтэй байх гэсэн ийм зарчмыг баримталж ажилладаг. 2019 оны 03 дугаар сард Эрдэнэт үйлдвэр 49 хувиас ТӨҮГ болж статус нь өөрчлөгдсөн. Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т томилогдсон. Практикт Сангийн яамнаас Төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон хувьцаат компани компаниудад тодорхой төлөөлөгч нар очиж ажилладаг. Ганцхан надад биш өөр бас ажилчид ажиллаад ирж байсан ийм практик туршлагатай. Үүний дагуу 2019 оны 04 дүгээр сард ажил дээрээ ажлаа хийж байх хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөц бодлогын газрын н.О******* гэдэг хүн над руу Улаанбаатар хотод байдаг төлөөлөгчийн газар н.Ү гэх хүнтэй ирж уулзана уу гэж утсаар ярьсан. Би яг одоо очиж амжихгүй, 2 цагийн дараа очъё гэж хэлэхэд тэгвэл та энэ дугаар луу наад хариултаа хэлээрэй гэж хэлээд дугаар өгсөн. Тэр дугаарынх нь дагуу н.Ү гэдэг хүнтэй утсаар яриад 2 цагийн дараа очиж уулзъя гэдгээ хэлсэн. Ингээд 2 цагийн дараа би төлөөлөгчийн газар очиж уулзахад н.О******* өөрөө намайг хүлээж авсан бөгөөд энэ өрөө рүү орж уулз гэсний дагуу өрөө рүү яваад ороход н.Б захирал, Улаанбаатар хотын төлөөлөгчийн дэд дарга /нэрийг нь санахгүй байна/ 2 байсан. Энэ бол Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болчихсон, онцгой байдал зарласан байсан үе. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрийн бүтцийг надад үзүүлээд, дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар ажиллах санал тавьсан. Миний зүгээс сэлгэн ажиллуулах журмаар очиж ажиллаж болно гэдгээ илэрхийлсэн. Мөн тодорхой үүрэг гүйцэтгэж чадна гэдгээ хэлсэн. Яагаад чадна гэдгээ итгэлтэй хэлсэн бэ гэхээр миний бие нь төрд 33 жил ажилласан, мөн энэ чиглэлээр Сангийн яаманд нягтлан бодох бүртгэл, Төсвийн бодлогын газар, Дотоод төсвийн хяналт эрсдэлийн удирдлагын газар гэсэн 3 газарт бодлогын түвшинд ажиллаж байсан бөгөөд хувь хүнийхээ хувьд өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлж, дүгнэсэн. Ингээд гарч явсны дараа 04 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ ажлаа гүйцэтгээд байж байхад н.О******* гэдэг хүнээс над руу утсаар маргааш өглөө гэхэд эрдэнэт үйлдвэрт бэлэн бай гэдэг үүрэг өгсөн. Тэр үед тамгын дарга н.Д гэх хүн дээр очиж Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас холбоо барьсан бөгөөд маргааш гэхэд ажлын байран дээр бэлэн бай гэж байна гэхэд намайг тойрохоо аваад хүрээд ир гэсэн. Би 7, 8 даргын дор ажилладаг байсан бөгөөд тухайн дарга нараар тойрох дээрээ үдээс өмнө гарын үсэг зуруулан Төрийн нарийн бичгийн дарга дээр ороход байхгүй байсан бөгөөд туслах нь өөрт нь үлдээгээд явахыг санал болгосон. Би өнөө орой вагоноор явахаар болчихлоо гэдгээ хэлсэн. Тэгэхэд надад үлдээгээд явчих, аяндаа тушаал чинь гарах байх гэсэн. Энэ ажил маш хурдан процесстой явж байсан учраас миний өмнө нь хэлж байсан би сэлгэн ажиллуулахаар очно гэдэг тохиролцоог журмынхаа дагуу удирдлагууд хоорондоо тохирчихсон байна гэж би ойлгож байсан. ингээд би гэртээ хариуд нөхөртөө маргааш бэлэн бай гэсэн, одоо явлаа гэдгээ хэлээд, орой нь вагонд суугаад 04 дүгээр сарын 30-ны өглөө очсон. 04 дүгээр сарын 30-ны өглөө очиход хэлтсийн дарга н.Э гэдэг хүн намайг авч уулзсан бөгөөд өнөөдөр буудалдаа очоод амар, маргаашаас ажилдаа ороорой гэж хэлсэн. Ингээд маргааш нь 05 дугаар сарын 01-ний өдөр байсан учраас Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т бүтээн байгуулалтын 5 ажил эхэлсэн. Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т шилжсэн процесс ийм байна. Үүнээс хойш Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т онцгой байдал зарласан учраас эрсдэл өндөртэй газар байсан. Мөн хувьцаат компаниас төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжиж байсан учраас бүх бичиг баримт, дүрэм журам шинэчлэгдэх шаардлага үүссэн.
Тэгэхээр энэ 2 тушаал бол хоёулаа 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан тушаал гэдгийг хэлэх гээд байгаа. Мөн Сангийн яамны тушаал дээр сэлгэн ажиллуулах журмын хэд хэдэн заалтыг үндэслэсэн байгаа. Тэгэхээр үүнийг сэлгэн ажиллуулж, шилжүүлж байна гэж ойлгосон. Тухайн үед тушаалыг надад гардуулж өгөөгүй. Би ч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т ажил их байсан учраас ажилдаа улайраад тушаалыг гардаж аваагүй. Би энэ процессыг ярьж байгаа шалтгаан нь Сангийн яаманд байхад бид нар цаг наргүй ажилладаг байсан. Одоо ямар болсныг мэдэхгүй байна. Тийм учраас нэгэнт би сэлгэн ажиллуулах журмаар явна гэдгээ хэлсэн болохоор намайг тэгж л шилжүүлсэн байх гэж үзээд тоогоогүй. Өөрийнхөө төлөө асуугаад яваад байх ийм боломж ч байгаагүй, мөн Сангийн яамнаас намайг тушаалаа аваарай гэж утасдаагүй. Миний хувьд өөрийгөө үр бүтээлтэй ажилласан гэж үзэж байгаа бөгөөд иргэний хэргийн шүүхээс авсан эрсдэлийн удирдлага бодлогын инновац нэвтрүүлсэн 2021 оны Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын телевизороор гарсан, н.Б захиралд тайлангаа бичиж гээд эдгээр бүх баримтаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл анх н.Б ахлахтай уулзахдаа хүлээсэн үүргээ миний бие биелүүлсэн. Мөн өмнөх хуралдаан болон эдгээр хүмүүсийн ярианаас үзэхэд эдгээр хүмүүс судалгааны ажлыг хувь хүний ажил гэж ойлгоод байх шиг байна. Үүнд тодруулга хэлэхэд миний судалгааны ажил бол хүн төрөлхтний тусын тулд бий болж байгаа судалгааны ажил. Докторын ажил гэдэг бол нийгэмд байгаа асуудлыг шийдэх шийдлийг тодорхойлдог. Би өөрөө мэргэжлийг нь эзэмшиж байгаа хүний хувьд Эрсдэлийн удирдлагын бодлогын инновац, дотоод аудитын бодлогын инновац гэсэн зүйлүүдийг хийгээд 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн тэнхимийн хэлэлцүүлгээр орж түгээх эрхээ авсан. Энэ нь зөвхөн Монгол Улсын дотоод аудит битгий хэл хүн төрөлхтөнд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ, эрсдэлийг хэрхэн бууруулах вэ гэдэгт чиглэгдсэн инновацын бүтээл байгаа юм. Энэ бүтээлийг практик дээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т эрсдэлийн удирдлага бодлогын инновацыг нь хэрэгжүүлээд буцаж ирэн онолын судалгааг нь хийж, Дотоод аудитын бодлогын инновац болгосон. Тэгэхээр энэ ажил нь П.О*******гийн хувийн ажил биш гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна. Мөн П.О******* гэдэг хүнийг Сангийн яамнаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т явуулсан нь, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүлээж авсан дарга нарын шийдвэрийг зөв байсан гэж хэлэх гээд байгаа юм” гэв.
3.5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 дах хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж маргаж байгаа. Тодруулбал тушаалын бичигдсэн үндэслэлийг харахаар Сангийн яамнаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-луу шилжүүлж ажиллуулах зорилготой байсан үйл баримт харагдаад байгаа. Тушаалын үндэслээд байгаа эрх зүйн үндэслэлийг Шилжин буюу сэлгэн ажиллуулах журмын 2 дугаар зүйлийн 2.5 гээд үндэслэчихсэн. Гэхдээ заалт нь ажлаас чөлөөлнө гэдэг агуулгаар гарсан. Өөрөөр хэлбэл 2 өөр агуулгаар гарчихсан байгаа. Шилжүүлж ажиллуулах болон ажлаас чөлөөлөх гэх 2 агуулга нь хоорондоо маш өөр утгатай ойлголт. Тэгэхээр тушаалын үндэслэсэн буюу шилжүүлсэн агуулгаас болон хэргийн үйл баримтыг буюу болсон процессыг харахаар 2 байгууллагын удирдлагууд шилжүүлж ажиллуулах зорилготой байсан юм байна гэдэг үйл баримт тогтоогоод байна. Тодруулбал нэхэмжлэгчийн ярьж байгаагаар нэхэмжлэгч өөрөө Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлагатай очиж уулзаж байсан. Уулзсаны дараагаар Сангийн яамнаас шилжих өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ээс гэнэт яриад, түүний дараагаар удирдлагуудтайгаа уулзаад энэ талаараа хэлэхэд хаашаа явах гэж байгааг нь тодруулж, түүнийг шилжин ажиллах талаар мэдэж байсан талаарх үйл баримтууд гараад ирдэг. Энэ үйл баримт болоод сүүлд үндэслэсэн тушаалын заалтыг харахаар хариуцагч болох Сангийн яам өөрөө энэ үйл баримтын талаар мэдэж байсан нь харагдаад байгаа. Гэхдээ хариуцагчийн зүгээс мэдээгүй гэх тайлбар өгөх нь мэдээжийн хэрэг. Тэгэхээр энэ тушаалын хувьд шилжүүлэн ажиллуулах хүсэл зоригтой хэдий ч ажлаас чөлөөлөх агуулгатай гарсан байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг асуудал дээр тайлбар өгөхөд хариуцагч өөрөө тайлбарладаг. Энэ шилжүүлэх процесс бол Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийг нэг албанаас нөгөө албанд шилжүүлэх гэх үндэслэлтэй гэсэн. Өөрөөр хэлбэл төрийн албанаас төрийн албанд шилждэг процесс. Хариуцагчийн зүгээс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ бол төрийн алба биш учраас Сангийн яамнаас шилжүүлэн ажиллуулах боломжгүй гэх тайлбарыг Иргэний шүүхийн маргаан дээр ярьдаг. Хэрвээ Сангийн яамнаас төрийн өмчит үйлдвэрийн газар луу шилжүүлэх боломжгүй гэдгээ мэддэг, сүүлд ч тэр талаараа тайлбарлаад байгаа юм бол анхнаасаа яагаад шилжүүлэн ажиллуулах боломжтой гэх мэтээр хүсэл зориг илэрхийлж, нэхэмжлэгчийг хуурч байна бэ гэдэг асуудал гарч байна. Мөн хуулиар шилжүүлэн ажиллуулах боломжгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгчийн тушаалд 2 агуулгатай, шилжүүлэн ажиллуулах үндэслэлээр захиргааны актыг гаргасан байна. Тийм учраас дээрх 2 захиргааны акт илт хууль бус байх үндэслэл бүрдэж байгаа гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Энэ акт гарснаар нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн баталгаа буюу тусламж авах эрх зөрчигдөж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Бидний хувьд тушаал яаж гарах ёстой байсан талаарх асуудал нь дараагийн асуудал гэж харж байгаа. Нэхэмжлэгчийг Эрдэнэт үйлдвэр лүү шилжүүлэн ажиллуулсан нь ажлын үр дүн гэх мэт асуудлынхаа хувьд зөв байсан гэж хэлээд байгаа. Гэхдээ шилжүүлэн ажиллуулах боломж байхгүй байхад 2 байгууллагын удирдлага нэхэмжлэгч болох мэтээр ойлголт төрүүлж шилжүүлсэн. Үүний улмаас төрийн албан хаагчийн баталгааг авч чадахгүй байгаадаа гомдолтой байгаа” гэв.
3.6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Бид нэг агентлагийн хуулийн хэлтсийн хүрээнд энэ асуудал яригдахгүй байгаа. Монгол Улсын санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тушаалын асуудлыг авч үзэж байгаа юм. Маргаан бүхий тушаал нь утга агуулгын илэрхий алдаатай бөгөөд ажил олгогчдын хувьд тухайн захиргааны актаа чөлөөлөөд байгаа, шилжүүлээд байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй байгаа нь харагдаж байна. Тэгэхээр уг захиргааны акт нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай бөгөөд ямар зорилгын хүрээнд гараад байгаа захиргааны акт вэ гэдгийг шүүх хянах байх гэж бодож байна. Тушаал гаргах хууль зүйн үндэслэл нөхцөл байдлаа хариуцагч бодитоор ойлгож байсан гэдэг нь өнөөдрийн нөхцөл байдлаас харагдаж байгаа. П.О*******г төрийн албанаас чөлөөлөх, шилжүүлэх тухай асуудал хуульд үндэслэгдэх ёстой байтал хуульд үндэслэгдээгүй байна. П.О*******г чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан гэж байгаа боловч бичгээр гаргасан өргөдөл байхгүй байгаа. Ингэхээр бидний эцсийн зорилго бол 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа акт нь өөрөө хуульд нийцсэн эсэх асуудлыг шүүхээр дүгнүүлье гэж үзэж байгаа. Тушаалын улмаас Төрийн албаны тухай хуулийн 61, 49, 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь төрийн албанд 36 жил тасралтгүй ажилласан байдаг. 1984 онд анхны албаа төрийн байгууллагаас эхлүүлсэн бөгөөд үүнээс хойш тасралтгүй төрийн албанд ажилласаар нийтдээ 36 жил төрийн албанд ажилласан төрийн жинхэнэ албан хаагч юм. Тэгтэл төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааны эсрэг чиглэсэн тушаал гарчихсан байгаа юм. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг харахад нэг талаасаа хохирол юм шиг, нөгөө талаас уг тушаалын улмаас төрийн жинхэнэ албанаас гарах боломжгүй байсан харилцаа гэдгийг тогтоочих юм бол хариуцагчийн тавиад байгаа нөхцөл хууль зүйн агуулгаар шүүхийн шийдвэрээр үгүйсгэгдэх боломжтой гэдгийг харж байгаа. Манайх 2 агуулгаар маргаж байгаа бөгөөд нэг нь тушаалын улмаас учирсан хохирол, нөгөө нь төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлэх гэдэг агуулгаа маргаж байгаа. Илт хууль бус захиргааны актын улмаас Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан төрийн албанаас чөлөөлөгдөх боломжгүй байсан харилцаа болохыг шүүх тогтоох боломжтой. Мөн нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал учраас тэтгэмжээ авах хууль зүйн боломж байгаа болов уу гэх 2 агуулгаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Энэ 2 нөхцөл байдлыг хууль зүйн хүрээнд дүгнээд нэг талаасаа шийдвэр гаргах байх гэж үзэж байна. Шүүхийн анхаарах нэг гол зүйл нь ажлаас чөлөөлөгдсөн хүн ажилдаа эргүүлэн томилогдъё, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулъя гээд шүүхэд шидүүлж байгаа. Манай нэхэмжлэлийн шаардлага үүнтэй жишиж болохуйц байгаа гэж би харж байна. Нэхэмжлэлийн шаардлагын цаад агуулга нь хууль бус тушаалын улмаас авах байсан цалингийн асуудал байгаа. Цаад агуулгаа тусламж юм шиг харагдаж байгаа боловч нэгэнт хууль бус тушаал гарсны улмаас цалингийн дундаж хэмжээг 36 сараар тооцож олгох ёстой байсан тэтгэмжийг авч чадахгүй байгаатай жишиж яагаад болохгүй байна вэ гэх нөхцөл шаардлагыг нэг талаасаа ярьж байна. М.Б******* өмгөөлөгчийн тайлбарласнаар Сангийн яам хууль бус тушаал гаргасан үндэслэлээ үгүйсгэж чадахгүй байна. Тухайн тушаал гарах эрх зүйн үндэслэл анхнаасаа байгаагүй. Эрдэнэт үйлдвэр 2019 онд ТӨҮГ болсон. Нэхэмжлэгч төрийн харьяалалтай байгууллагад очсон гэх хүсэл зоригийг илэрхийлээд байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг өндөр цалинтай газар очоод нэг удаагийн буцалтгүй тусламжаа нөхөөд авчихсан гэх утга бүхий тайлбарыг хэлж байна. Гэтэл тийм байдлаар тайлбарлаж болохгүй мэт санагдаж байна. Төрийн албан хаагчид олгох нийтлэг баталгаа байгаа бөгөөд түүнийг эдлэх боломж ч байх ёстой. Илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч П.О*******д хохирол учирсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байна.
103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт захиргааны байгууллага хохирлоо барагдуулах гэж байгаа. Үүн дээр хохирол барагдуулах иргэний хуулийн зохицуулалт байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Эцэст нэг нэг зүйлийг хэлэхэд: Бидний зүгээс маргааныг шийдүүлэхээр явж байхад 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дээд шүүхийн тогтоол гарсан. Үүн дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоол дээр Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам гэж байх бөгөөд уг журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг дээд шүүхийн тогтоолоор хүчингүй болгочихсон байгаа. Миний хэлэх гээд байгаа санаа бол бид нэрт зарим агуулгаараа энэ хэсэг хамаараад байгаа нь харагдаж байгаа. Нэгэнт дээд шүүхийн тогтоол гарч журмыг дүгнэсэн. Төрийн албанд сүүлийн 3-5 жил тасралтгүй ажилласан бол буцалтгүй тусламж авах эрх үүсдэг байсан. Үүнийг хууль бус байна гэх агуулгаар 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Дээд шүүхийн 0035 тоот тогтоол гарсан байна. Энэ тогтоол хөдөлмөрийн идэвхтэй бүх насаа төрд зориулсан хүнд тэтгэмж олгох зорилготой, заавал сүүлийн 3-5 жил төрд ажилласан байхыг шаардахгүй тэтгэмжээ авах нөхцөлийг бий болгох ёстой гэдэг агуулгаар уг тогтоол гараад хуулийн хүчин төгөлдөр болчихсон байгаа гэж ойлгож байгаа. Үүнийг шүүх анхаарна уу гэж хүсэж байна” гэв.
3.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбар:
Нэхэмжлэгч П.О*******гийн гаргасан "Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дугаар "О*******г ажлаас чөлөөлөх тухай" тушаал илт хууль бус болохыг тогтоолгох; Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дугаар илт хууль бус тушаалын улмаас өөрт учирсан хохирол буюу нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,,.00 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт "Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно.
Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно" гэж заасан.
Энэхүү заалтын дагуу "Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 1.1-д "Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр Төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон Төрийн улс Төрийн албан хаагчаас бусад Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө" гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахаар байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "Төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор заасан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ" гэж заасан байна. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар нь төрийн байгууллагад хамаарахааргүй байна.
Иймд П.О*******гийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Сангийн яаманд холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
П.О*******гийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны Б40 дугаар тушаал илт хууль бус тушаалын улмаас төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөх боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахгүй бөгөөд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийн төрөлд мөн хамаарахгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасны дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.
3.8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Хариуцагч Сангийн яамны зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Тухайлбал нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг үндэслэж тэтгэмж авах ёстой гэж тайлбарлаад байдаг. 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг бол тодорхой урьдчилсан нөхцөлийг хууль тогтоогч тухайлан зааж өгсөн байдаг. Нэгдүгээрт П.О******* өндөр насны тэтгэвэрт гарахаар чөлөөлөгдсөн байх ёстой. Хоёрт нь төрийн албан хаагч байх ёстой. Зөвхөн Төрийн албаны тухай хууль биш тухайн хуулийг үндэслэж гарсан Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор мөн баталгааждаг. Тухайлбал 2019 оны 7 дугаар тогтоолоор өндөр насны тэтгэвэр тогтоолгоод төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа хүн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3 дах хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд энэ тэтгэмжийг авна гэж зохицуулж өгсөн байдаг. Нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэрт гарахдаа төрийн албан хаагч байгаагүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн албан хаагч гэдэг нь төрийн албаны тодорхой эрх үүргийг хэрэгжүүлээд төрөөс нийгмийн хөлс авч байгаа этгээдийг ойлгодог.
П.О******* нь төрийн албанаас Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны ******* дугаарт тушаалаар чөлөөлөгдсөн байдаг. Яагаад чөлөөлөгдсөн гэвэл өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулахдаа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төлөөлөгч, удирдлагууд намайг Эрдэнэт үйлдвэрт ирж ажиллаач гэдэг саналыг тавьсан гэж байна. Тийм хүсэлт тавьсан эсэхийг бидний хувьд мэдэхгүй байгаа. Тийм болохоор өрөө хүсэлтээ өгч төрийн албанаас чөлөөлөгдсөн байдаг. Мөн 2019 оны ******* дугаарт тушаалтай холбогдуулан өөрийг нь шилжүүлэн ажиллуулсан гэж үзсэн бол тухайн үедээ маргаан гаргах бүрэн боломжтой байсан. Маргаан гаргах боломж нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 тушаалаар батлагдаж байгаа. Ийнхүү гомдол гаргаагүй нь өөрийг нь төрийн албанаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцэж байсан гэж харах үндэслэл болж байна. П.О*******д хохирол үүссэн эсэхийг иргэний хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хангалттай харах боломжтой.
Тухайлбал П.О*******гийн төрийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалингийн хэмжээг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т очоод авч байсан цалингийн хэмжээтэй харьцуулаад харвал нийтдээ сүүлийн 3 жилийн хугацаанд буюу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т очсоноосоо хойш 200 гаруй сая төгрөгийн цалин хөлс авсан байдаг. Хэрвээ тухайн үедээ чөлөөлөгдөлгүйгээр төрийн албанаас цалин хөлс авах байсан бол 50 гаруй сая төгрөгийн цалин хөлс авах байсан. Ингэхээр нэхэмжлэгчийн яриад байгаа бодит хохирол үүсээгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн хүсэл зориг бол төрийн албанаас чөлөөлөгдөөд төрийн өмчит үйлдвэрийн газарт очиж ажиллах байсан бөгөөд түүнийх нь дагуу захиргааны акт гарсан байдаг. Мөн П.О******* нь төрийн албанд 30 жил ажилласан гэж байх бөгөөд энэ нь төрийн албанаас төрийн өмчит үйлдвэрийн газар луу сэлгэн ажиллуулах боломжгүй гэдгийг хангалттай мэдэх ёстой. Учир нь нэхэмжлэгч нь санхүүгийн хяналт эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд албан тушаалын тодорхойлолтыг нь харвал захиргааны акттай холбогдож ажилладаг албан тушаал дээр ажиллаж байсан. Ийм албан тушаалд ажилладаг хүн төрийн албанаас ТӨҮГ-луу шилжүүлэн ажиллуулах боломжгүй гэдгийг 100 хувь мэдэх ёстой байсан бөгөөд үүнийг энийгээ мэдэхгүй байгаа мэтээр, мэдээгүй мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Мөн тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж дүгнээд байгаа. Тухайн захиргааны актын гол зохицуулалтын зүйл нь 1, 2 дугаар үндэслэлээр тодорхойлогдож байгаа. Тушаалын тэргүүн хэсэгт П.О*******г ажлаас чөлөөлөх тухай гэж гаргасан байдаг. Үүнээс харвал утга агуулгын алдаатай зүйл байхгүй байгаа. Мөн энэ талаар Иргэний хэргийн шүүх зөв зүйлтэй дүгнэлт гаргасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээр нэгэнт тогтоочихсон асуудлыг дахин тогтоохгүй гэдэг зохицуулалт бол үйлчилдэг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болчихсон байгаа бөгөөд тус шийдвэрийн 7 дахь тал дээр Сангийн яамнаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ луу, ер нь Сангийн яамнаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ луу ч биш өөр ямар нэгэн төрийн байгууллагаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ луу сэлгэн болон шилжүүлэн ажиллах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, ингэж ажиллаж байсан тохиолдол ч байхгүй гэж тодорхой дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд өөрийг нь сэлгэн болон шилжүүлэн ажилласан гэж дурддаг хэдий ч түүнийг шилжүүлэн ажиллуулсан үндэслэл тогтоогддоггүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагч өөрөө хүсэлт гаргавал төрийн албанаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Ийм байхад төрийн албанаас чөлөөлсөн эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дурдаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “нэхэмжлэгч төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрх үүссэн эсэх, эрх зүйн харилцаа байгаа эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч П.О******* нь Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтнээр ажиллаж байгаад “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллахаар болсноо П.О******* өөрөө дээд албан тушаалтандаа орж танилцуулсныг нь үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дугаар тушаалаар “... гаргасан хүсэлттэй танилцаад 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /ХХ-ийн 49 дэх тал/
2.2.Нэхэмжлэгч П.О******* нь шүүх хуралдаан дээр ... “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага Х.Б, Д.Ү гэх хүмүүс Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар дээрээ намайг дуудаж уулзаж тус үйлдвэрт ажиллахыг санал болгосон, би судалгааны ажлаа практик үргэлжлүүлэх боломжтой гэж үзээд зөвшөөрсөн” гэх, “...4 сарын 30-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” дээр бэлэн бай гэсэн тул би даргадаа орж танилцуулахад тойрохоо зуруулаад яв” гэсэн гэх тайлбараар өөрөө Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна.
2.3.Иймд нэхэмжлэгчийн “П.О******* миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хариуцагчид гаргаж байгаагүй” гэх тайлбар үндэслэлгүй болно.
2.4.Үүний дараа “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар П.О*******г “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар мөн өдрөөс эхлэн томилж /ХХ-ийн 215 дахь тал/, түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /ХХ-ийн 96 дахь тал/
2.5.Уг гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсноос үзвэл нэхэмжлэгч П.О******* нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд орж ажиллагаагаа мэдэх ёстой.
2.6.Ингээд П.О******* 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захиралд хандаж, “өндөр насны тэтгэвэр тогтоолгох, 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хүсэлтээ бичгээр гаргасан байна. /ХХ-ийн 215 дахь тал/
2.7.Эндээс дүгнэвэл тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгоод, хөдөлмөрийн харилцаа дууссан газраасаа тэтгэмж авах эрх үүсдэг гэдгийг мэдсэн байна.
2.8.П.О*******гийн хүсэлтийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/860 дугаар тушаалаар “...П.О*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг уг өдрөөр дуусгавар болгож, Эрдэнэт үйлдвэрт 03 жил, 01 сар ажилласан жилд нь харгалзуулж, хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. /ХХ-ийн 219 дэх тал/
2.9.Сангийн яам болон “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт П.О*******гийн төрийн албан хаагчаар ажиллаж байсан хувийн хэрэг хадгалдагдаагүй, шүүх шаардахад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “П.О*******гийн Төрийн албан хаагчийн хувийн хэрэг нь байхгүй” гэж мэдэгдсэн, мөн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “манайд хувийн хэрэг нь ирээгүй” гэх тайлбаруудыг гаргасан, нэхэмжлэгч П.О******* өөрийн хувийн хэргээ хаана байгааг мэдэхгүй гэсэн тул уг баримтыг хэрэгт нотлох баримтаар авах боломжгүй байсан.
2.10.Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч П.О*******г Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтнээр ажиллаж байгаад “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж эхэлсэн гэдэгтэй маргахгүй байна.
2.11.Харин хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сангийн яам нь П.О*******г “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэн ажиллахаа тохиролцоогүй, өөрөө санаачлагаараа явсан” гэж маргасан.
2.12.Сангийн яам болон “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын хооронд П.О*******г шилжүүлэн ажилуулах тохиролцоо хийсэн баримт байхгүй байгаа ба нэхэмжлэгч П.О*******гаас ийм бичгийн болон аман баримт байгаа талаар тайлбар гараагүй, маргаагүй болно.
2.13.Нэхэмжлэгч П.О******* нь “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/860 дугаар тушаалаар “... П.О*******д Эрдэнэт үйлдвэрт 03 жил, 01 сар ажилласан жилийг тооцож, хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 201,644,003 төгрөг гаргуулахаар шаардаж, иргэний хэргийн шүүхэд маргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/ дугаар шийдвэрээр хянаад П.О*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /Иргэний хэргийн 182/2023/ индекстэй хавтаст хэргийг шүүх бүхлээр нь татан авч судалсан болно/
2.14.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/ дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 201,644,003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг өөрчлөөгүй, хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. /мөн хавтаст хэрэгт/
2.15.Дээрх шийдвэрүүдэд зохигчид хяналтын журмаар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь уг хавтаст хэргийн материалуудаар тогтоогдсон.
2.16.Нэхэмжлэгч П.О******* нь энэхүү хэрэгт Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлснийг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар гаргасан үндэслэлээ “намайг шилжүүлэн ажиллуулах” гэсэн үндэслэлийг тушаалд бичих ёстой байсан, “тушаалд чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхгүй болж, хохирсон” гэж маргаж байгаа үйл баримтууд тогтоогдсон болно.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
А.Нэхэмжлэгчийн “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дүгээр “П.О*******г ажлаас чөлөөлөх тухай” тушаал илт хууль бус болохыг тогтоолгох, уг тушаалын улмаас өөрт учирсан хохирол буюу нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,, төгрөгийг Сангийн яамнаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэжээ.
3.2.Хуулийн энэ заалтын “төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад” гэдэг нь төрийн байгууллага гэх эрх зүйн байдалтай хуулийн этгээдэд хамаарах заалт байгаа тул төрийн захиргааны төв байгууллага Сангийн яамнаас төрийн өмчит үйлдвэрийн газар “Эрдэнэт үйлдвэр”-т өөрийн хүсэлтээр ажиллах үйл явцыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “шилжүүлэн ажиллуулах” ажиллагаанд хамааруулж үзэх үндэслэл байхгүй.
3.3.Хуулийн энэ заалтад мөн “албан хаагчийг удирдлагын санаачилгаар, тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу” гэх диспозеци нөхцөлийг тогтоосон бөгөөд Сангийн яам түүнийг шилжүүлэх санаачилга гаргаагүй, Сангийн яам, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага харилцан тохироогүй болох нь тогтоогдсон тул маргаан бүхий актад П.О*******г “шилжүүлж шийдвэрлэх” хууль зүйн үндэслэл байгаагүй байна.
3.4.Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж заасан ба уг заалт нь төрийн өмч оролцсон хуулийн этгээд бүр төрийн байгууллага биш болохыг тогтоож, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн байгууллага гэсэн хоёр өөр эрх зүйн байдлаар ялгаж, хуульчилсан тул “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нь төрийн байгууллага гэх хууль зүйн ангилалд багтахгүй учраас П.О*******г Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан журмын дагуу шилжсэн гэж үзэхгүй юм.
3.5.Нөгөө талаас үзвэл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дугаар тушаалаар П.О*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж биш, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт “шилжүүлж” шийдвэрлэснээр түүнд “төрийн жинхэнэ албан хаагч” гэх эрх зүйн байдал хадгалагдаж үлдэх хууль зүйн үр дагаваргүй байна.
3.6.Өөрөөр хэлбэл, дээр тогтоогдсоноор төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамнаас, төрийн өмчит үйлдвэрийн газар болох “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу “шилжүүлэн ажиллуулах” ажиллагаа биш, П.О******* нь өөрийгөө “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар тус үйлдвэрийн Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар томилсон тушаал гарч, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, түүнийг ажилд томилсон тушаал болон гэрээнд түүнд төрийн албаны зэрэг дэв, төрийн албан хаагчийн цалин хөлсний талаар тусгаагүй байгаа зэрэг бодит үйл баримтуудаар түүнд шинэ хөдөлмөрийн харилцаа үүсч байна гэдгийг мэдэх ёстой.
3.7.Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д “Төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг энэ хуулийн 9.2-т нийцүүлэн энэ хуульд заасан журмаар тогтооно” гэж, 57 дугаар зүйлийн 57.2-т “төрийн албан хаагчийн цалин хөлс нь” гээд, мөн зүйлийн 57.2.2-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс” … тус тус бүрдэнэ гэж хуульчлан тогтоосон байдаг.
3.8.Иймд нэхэмжлэгч П.О******* нь төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн албан тушаалын зэрэг дэв болон бусад бүрдлээр тогтоогддог гэдгийг мэдэх ёстой тул түүний “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт авах цалин хөлсөнд төрийн албан хаагчийн зэрэг дэвийг нэмэгдэл ороогүй байгаагаар төрийн албан хаагч биш гэдгээ мэдсэн, зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох юм.
3.9.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр Төрийн албанаас чөлөөлнө” гээд мөн зүйлийн 46.2.4-т “өөрийн санаачилгаар Төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол” … гэжээ.
3.10.Нэхэмжлэгч П.О******* нь Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалаас гарч “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллах хүсэлтэй байгаагаа өөрөө илэрхийлсэн болох нь түүний тайлбар, бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байгаа тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дугаар тушаалаар П.О*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн дээрх хуулийн заалтад нийцсэн, нэгэнт төрийн албан хаагчаас албан ёсоор өөр ажилд ажиллах хүсэлтээ гаргасан бол түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эсэхийг шийдвэрлэх үүрэг хариуцагчид үүсэх тул энэхүү маргаан бүхий актыг утга агуулгын алдаатай гэж үзэхгүйн дээр захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
3.11.Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу П.О*******г өөрийн яамнаас төрийн байгууллагад, ингэхдээ нөгөө байгууллагын удирдлагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэх эрх хэмжээтэй юм.
3.12.Нэхэмжлэгч П.О******* нь шүүх хуралдаан дээр “… “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Д.Ү намайг дуудаж, биечлэн уулзаад Эрдэнэт үйлдвэрт ажиллах санал тавьсан, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бэлэн бай гэсэн”, “… би даргадаа орж хэлэхэд тойрохоо зуруулаад яв” гэсэн тул би тушаалаа гаргуулаагүй явсан гэж тайлбарласнаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирал нарын хооронд ийм тохиролцоо хийсэн гэдэг нь нотлогдоогүйн дээр П.О*******г Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын санал, санаачилгаар, эсхүл захиргааны албадлагаар тус үйлдвэр рүү шилжүүлсэн гэх байдал нотлогдохгүй байна.
3.13.Ийнхүү нэхэмжлэгчийн тайлбарласнаар П.О******* нь “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын саналыг хүлээн авч, өөрийн хүсэлтээр тус үйлдвэрт ажилласан гэж үзэх үндэслэл нь нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл нотлогдсонгүй.
3.14.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч П.О******* нь Сангийн яаманд ажиллаж байсан Төрийн албаны харилцаагаа өөрийн хүсэлтээр дуусгавар болгож, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газартай хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн болох нь нотлогдсон тул маргаан бүхий акт нь илт хууль бусад тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.
3.15.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж маргаж байгааг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.
Б.Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дүгээр “П.О*******г ажлаас чөлөөлөх тухай” илт хууль бус тушаалын улмаас Төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөх боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох” тухайд:
3.16.Энэхүү нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч П.О******* өөрийгөө Төрийн албан хаагчийн тэтгэмж авах эрхтэй болохыг тогтоолгохоор шаардсан байна.
3.17.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 30 дугаар зүйлийн 30.2, Төрийн албаны тухай хуулийн /2018 оны/ 60 дугаар зүйлийн 60.1-т заасан төрийн албан хаагчийг тэтгэвэрт гаргахад нь олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байгаа харилцаа нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа болж хуульчлагдсан.
3.18.Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана” гээд мөн зүйлийн 61.1.1-т ”албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж зааснаас үзвэл төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх нийтлэг баталгаа болох төрийн албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь төрөөс нэг удаа үзүүлэх буцалтгүй тусламжийг авах эрхийг олгосон явдал юм.
3.19.Нэхэмжлэгч П.О******* нь төрийн жинхэнэ албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдснөөр Төрийн албаны тухай хуулийн /2018 оны/ 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан баталгаагаар хангагдах эрх нь дуусгавар болох бөгөөд П.О******* нь төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж эхэлснээр түүний төрийн жинхэнэ албаны харилцаа дуусгавар болно гэдгийг мэдэх ёстой бөгөөд ялангуяа өөрийн санаачлагаар төрийн жинхэнэ албаны харилцаагаа дуусгавар болгож байгаа нь түүний сонголт гэж үзэх тул түүний 36 жилийн ажилласан байдал, мэргэшсэн байдал нь түүний төрийн жинхэнэ албан хаагчийн харилцааг хадгалж үлдэх хууль зүйн үндэслэл болохгүй.
3.20.Иймд нэхэмжлэгчийн гаргасан “төрийн албан хаагч надад тэтгэмж олгохгүй байгаа нь шударга ёсны шалгуурыг хангахгүйн дээр тэгш бус байдлыг үүсгэж байна” гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзлээ.
3.21.Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 1.1-д "Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө" гэжээ.
3.22.Энэхүү журамын зохицуулалт нь мөн л төрийн жинхэн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалт болно.
3.23.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “П.О*******г Төрийн албанаас чөлөөлсөн” шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, хуульд заасан журмын дагуу төрийн албаны харилцаа дуусгавар болсон тул байгаа төрийн байгууллагаас түүнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосонтой нь холбогдуулж нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,, төгрөг олгох хууль зүйн үндэслэл байхгүй, төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зүйн үндэслэл байхгүй зэрэг нь нотлогдсон тул дээрх нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэг заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, заалтууд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч П.О*******гийн гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дүгээр “П.О*******г ажлаас чөлөөлөх тухай” тушаал илт хууль бус болохыг тогтоолгох, уг тушаалын улмаас өөрт учирсан хохирол буюу нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,, төгрөгийг Сангийн яамнаас гаргуулах, төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөх боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.О******* нь “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрыг хариуцагчаар татах хүсэлтээсээ татгалзсан тул хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох маргаан байхгүй гэж үзэн тус хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч П.О*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ