Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 318/ШШ2025/00159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.С-н,

Д.Ц ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.С нь Д.Ц ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний аав Д.Ц нь ... оны ... дугаар сарын ...-ны өдөр У аймгийн Т суманд төрсөн. Д.Ц нь 8 дугаар анги төгсөөд эцэг эхийн хамт амьдарч байгаад 1987 онд хугацаат цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Д.Ц нь цэргээс халагдаж ирээд 1990 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн 1 дүгээр бригадад аав н.Д, эх н.Ц-н хамт нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг дуустал нэгдлийн мал маллаж байсан ба одоо хүртэл мал маллаж амьдарч байна. Тухайн үеийн нэгдлийн гишүүний үнэмлэх устаж үгүй болсоны улмаас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Увс аймгийн архивын тасгаас тухайн үед авч байсан цалингийн баримтаа шүүлгэж үзэхэд, эцэг Д.Ц 1990-1992 оны хооронд нэгдлээс авч байсан цалингийн баримт олдсон. Иймд миний эцэг Д.Ц Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1990 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үүгэжээ.

2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалахын төв архиваас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Д.Ц Тэс сумын Лениний зам нэгдлийн 1-р бригадад 1990 оны 2-12, 1991 оны 3, 5-6, 1992 оны 11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Б.Ж иргэний үнэмлэхийин болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.Ш иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, ХААТР-15 маягт, гэрч Б.Ж    Ш.Ш нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.Ц Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1990 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Ц ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Ц нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Д.Ц Тэс сумын Лениний зам нэгдлийн 1-р бригадад 1990 оны 2-12, 1991 оны 3, 5-6, 1992 оны 11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

3.1. Шүүхээс гэрч Б.Ж    Ш.Ш нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Жаргалсайхан Миний бие 1977-1994 онуудад Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малын эмч, мал зүйчээр тус тус ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Д.Ц нь цэргээс халагдаж ирээд Лениний зам нэгдэлд аав, ээжийнхээ хамт малчин буюу хонь маллаж эхэлсэн. Улмаар нэгдэл хүртэл буюу 1992 он хүртэл малчнаар ажилласан. Одоог хүртэл хувиараа мал маллаж амьдардаг гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс суманд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Ш.Ш Миний бие 1976-1992 онуудад Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо ч миний бие хувиараа мал маллан амьдарч байгаа билээ. Д.Ц нь цэргээс халагдаж ирээд аавынхаа хамт тус нэгдэлд адуу, хонь маллаж хувьцаа тарах хүртэл ажиллаж байсан билээ. Нэгдэл тараад хувьдаа гарч хувиараа одоог хүртэл мал маллаж амьдарч байгаа гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн А Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Д.Ц нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1990 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Д.Ц Тэс сумын Лениний зам нэгдлийн 1-р бригадад 1990 оны 2-12, 1991 оны 3, 5-6, 1992 оны 11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Б.Ж    Ш.Ш нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Ц Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1990 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г овогт Д.Ц Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1990 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.БОЛОР