Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/992

 

 

Б.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Ү, Г.Б,

яллагдагч Б.О, түүний өмгөөлөгч Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/1467 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Ү, Г.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Од холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бийн О, 1980 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

Яллагдагч Б.О нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х дүүргийн - дугаар хороо, К хотхон, - дугаар байрны В-2 давхрын - тоотод байршилтай 2 авто зогсоолыг иргэн Г.Эөд нийт 50.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар 25.000.000 төгрөгийн урьдчилгааг Хаан банкны - тоот данснаас Хаан банкны - тоот Б.О гэх өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн авч, улмаар тухайн эд хөрөнгийг эрхийн доголдолгүй, үлдэгдэл төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө гэж барьцаалбарт байсан эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар хувийг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Г.Эөд үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Х дүүргийн 11 дүгээр хороо, З гудамжны -байрны - тоот 59.18 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг “З ны үйлдвэрт хамтран ажиллаж, 1 сарын 16.000.000 төгрөгийг ашиг өгч, мөн байрны үнийг анх тохирсон үнэлгээ болох 153.868.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна” хэмээн тус байрыг бусдад борлуулах итгэмжлэлийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хийлгэж, улмаар 2020 оны 3 дугаар сарын 10-ны дугаар хороо “Р” хотхоны “И” төвд байрлах Хаан банк дээр Б.М гэх иргэнд худалдан борлуулж, мөнгийг нь авч зориулалтын бусаар зарцуулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Эөд 134.271.522 төгрөгийн дээрх 2 удаагийн үйлдлээр нийт 159.271.522 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Б.Од холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С оргил 123 дугаар байрны В-2 давхрын 244 тоотод байршилтай 30 м.кв авто зогсоолыг Г.Эийн нэр дээр шилжүүлэн өгсөн эсэхийг Улсын бүртгэлийн газраас тодруулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, З гудамжны - байрны - тоот 59.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч Б.Ө с уг орон сууцыг худалдах, бэлэглэх, хөлслүүлэх, зээлийн барьцаанд бариулах зэрэг захиран зарцуулах эрхийг бусдад олгосон 3 өөр итгэмжлэл буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.Ө с Б.Од 3 жилийн хугацаатай өгсөн итгэмжлэл /1хх 50-51/, 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Б.Өаас дахин Б.Од өгсөн итгэмжлэл /2хх 95/, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Ө аас Б.Мд өгсөн итгэмжлэл /2хх 96/ байна. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, З гудамжны -байрны 6 тоот 59.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь дээрх 3 итгэмжлэлийн аль итгэмжлэлээр хэний өмчлөлд шилжсэн болох, уг орон сууцны өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагааг холбогдох гэрээний хамт Улсын бүртгэлийн байгууллагаас авч хэрэгт хавсаргах нь зүйтэй. Хэрэгт гэрчээр өгсөн Д.Ө /1хх 184-185,186-187/, Б.М/1хх 194/, Л.Н /2хх 79/ нарын мэдүүлгүүд өөр хоорондоо эрс зөрүүтэй байх тул гэрч нарыг нүүрэлдүүлэн байцааж, мэдүүлгийн зөрүүг тодруулах ажиллагаа явуулах нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210004690436 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Ү, Г.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Э.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн - дугаартай хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Д.Бурмаагийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдаж, шүүхээс тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон үйл баримтаас дүгнэн үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлон тогтоогдсон, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдал эргэлзээгүй” тогтоогдсон гэж үзэж байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Бийн Од холбогдох эрүүгийн 2210004690436 дугаартай хэрэг нотлох баримтаар нотлон тогтоогдсон, шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр яллагдагчийг шүүх рүү шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх байр суурьтай байна. Учир нь, “...Шүүгчийн захирамж”-ийн тодорхойлох хэсгийн 1-т “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С оргил 123 дугаар байрны В-2 давхрын 244 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий авто зогсоолыг Г.Эийн нэр дээр шилжүүлэн өгсөн эсэхийг Улсын бүртгэлийн газраас тодруулах, Б.Огийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг нэг мөр шалгаж тодруулах нь зүйтэй гэсэн байх ба өмгөөлөгчийн зүгээс тус асуудалтай санал нийлэхгүй байна. Үйл баримтаас харвал, хохирогч Г.Э 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2019 оны 01 дүгээр сард надаас Б.О нь “машины зогсоол түрээслэхгүй биз” гэж асуухаар нь “түрээсэлнэ” гэж хэлээд, тус авто зогсоолыг сарын 300.000 төгрөгөөр түрээсэлж эхэлсэн байдаг ба 2 зогсоолыг 50.000.000 төгрөгөөр зарахаар болсон юм. Надад хоёр зогсоолын гэрчилгээ үзүүлсэн болов ч нэрийг нь одоо хүртэл шилжүүлж өгөөгүй байгаа. Яагаад нэрийг нь шилжүүлэн өгөхгүй байгаа талаар асуухаар “зээлд байгаа юм, удахгүй сулрахаар нь шилжүүлж өгнө” гээд 3 жил болж байгаа юм. Надад яг зогсоолоо зараад мөнгө авах үедээ барьцаанд байгаа гэж хэлээгүй бөгөөд сүүлд нь шилжүүлж өгөхийг шаардаж эхлэнгүүт барьцаанд байгаа гэдэг зүйл яриад эхлэхээр нь ...” гэж мэдүүлсэн байдаг. /1хх 175-179/ Г.Эийн болон Б.О нарын facebook чат, мессеж, зурвас байх ба 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Г.Э нь зогсоолуудын нэрийг шилжүүлж авмаар байна гэхэд хариуд нь Б.Огийн зүгээс “...зогсоолуудын ордер мөд гарахгүй дээ барьцаанд тавьсан зээлд байгаа...” гэсэн хариу зурвасыг илгээсэн байдаг. /2хх 30/, Б.О тус авто зогсоолыг Г.Э худалдсан гэсэн атлаа мөн “M” гэх хаягт “З” гэх хаягаас тус авто зогсоолыг худалдан гэсэн зар оруулсан байсныг /2хх 101/ өмгөөлөгч Э.Ү миний бие болон хохирогч Г.Э нар нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр /2хх 93-94/ Хан-Уул дүүргийн прокурорын газар албан бичгээр мэдэгдэж байсан байдаг. /2хх 93-94/ О нь өөрийн хийсэн гэмт үйлдлийг нуун далдлах, хууль бус үйлдлээ цааш үргэлжлүүлэх сэдэлт зорилгыг агуулж байсан байж болзошгүй гэдэг нь дээрх үйл баримтуудаас харж болохоор байна. Б.О нь Г.Э хэлэхдээ “барьцаанд байгаа” гэсэн бол уг үл хөдлөх эд хөрөнгийг /2хх 97/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №4ШО\22087 дугаартай албан бичигт “уг - дугаартай авто зогсоолыг шүүхийн шийдвэрээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, ...” гэж албан бичигт дурдсан байдаг. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдорж 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдээд Б.Од танилцуулсны дараа Б.О нь Г.Эт учруулсан хохирлоо төлнө гэж ойлгуулан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 24 минутад бүртгэлийн 1191 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх боловч бодит байдал дээр тус гэрээ нь биелэгдэх боломжгүй буюу шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан гэдгийг Б.О мэдэж байсан байж бас л Г.Эөд шилжүүлэн өгөх гэж буй мэт үйлдэл хийж байсан нь хэрэгт цугларсан үйл баримтаар тогтоогдож байна. Тус худалдах, худалдан авах гэрээг бодит байдал дээр биелэгдэх боломжтой болгуулахаар Г.Э нь Б.Од хандсаны эцэст 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Г.Эийн өмчлөлд шилжсэн байдаг. Үл хөдлөх хөрөнгийн лавлагааг Г.Эөд бүртгэгдсэн эсэх лавлагааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх тул Улсын бүртгэлийн газраас тодруулах шаардлагагүй буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Мөн Б.Огийн тус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг нэг мөр шалгаж тодруулах нь зүйтэй гэсэн байх ба тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан үндэслэлээр яллагдагчаар Б.Ог татсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул хэргийг дахин шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс Б.Огийн “Авто зогсоолыг Г.Эийн нэр дээр шилжүүлэн өгнө. ...” гэсэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг нэг мөр шалган тодруулах үндэслэлээр хэргийг буцаасныг дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно. ...” хуульчлан тогтоосон. /1хх 66/ “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр В2-244 цуваа авто зогсоолын урьдчилгаа 25.000.000 төгрөг өгөв ....” гэж Б.О Г.Э нар гарын үсэг зурсан баримт, /1хх 178/ “...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны - тоот данснаас Огийн - данс руу К хотхоны АТМ-аас шилжүүлсэн. ...” гэх баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Уг нотлох баримтаар зогсоол залилсан гэх Б.Огийн гэмт үйлдэл 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төгссөн нь нотлогддог. Мөн Г.Эийн гар утасны Б.Отэй харилцсан мессеж /2хх 30/-ийг өмгөөлөгчийн зүгээс хүсэлтдээ нотлох баримтаар хавсарган өгсөн. Уг баримтад 2020 оны 6 дугаар сарын 20-нд хохирогч нь Б.Од хандан зогсоолоо шилжүүлж авахыг шаардахад Б.О нь “....Авто зогсоолын ордер мөд гарахгүй, барьцаанд тавьсан зээлд байгаа...” гэдэг хариу өгсөн. Хохирогч Г.Эийн “...Надад 2 зогсоолын гэрчилгээг үзүүлсэн боловч нэрийг одоог хүртэл шилжүүлж өгөөгүй. ...Яагаад нэрийг нь шилжүүлж өгөхгүй байгаа талаар асуухаар зээлд байгаа юм удахгүй сулрахаар шилжүүлж өгнө гээд 3 жил болж байгаа юм. ...Авто зогсоолоо зараад мөнгөө авах үедээ барьцаанд байгаа гэж хэлээгүй. ...” /1хх 176/ гэх мэдүүлэг авагдсан байна. Дээрх нотлох баримтуудаар уг авто зогсоолыг анхнаасаа хохирогчид шилжих боломжгүй байсныг Б.О нь мэдсээр байж Г.Эөд зарсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан. Мөн энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 10-т “...гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал буюу хохирогч нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ. ...” гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг төгссөн цаг хугацаанаас хойш буюу Б.О нь хохирогчид хохирол төлбөр төлөх зорилгоор В2-244 тоот авто зогсоолыг худалдсан гэрээнд үндэслэл хийж, гэмт хэргийн шинжтэй эсэх талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчимтай зөрчилдөж байна. Иймд дээрх үйлдлийг шалгуулахаар буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны 100\7 байрны 6 тоот 59.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь дээрх гурван итгэмжлэлийн аль итгэмжлэлээр хэний өмчлөлд шилжсэн болохыг тодруулахаар зорилгоор хэргийг прокурорт буцаах нь хууль зүйн хувьд шаардлагагүй гэж үзэж байна. Тухайлбал, Б.О нь тус байрыг өөрөө зарж борлуулах, эсвэл барьцаанд тавих зорилгоор Г.Эөд түүний нөхрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг өөрт шилжүүлэн авах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар, мөн 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдөр 6 сарын хугацаатайгаар итгэмжлэл хийлгэж авсан байдаг. Үүний дараагаар орон сууцыг худалдан авах талаар Б.Мгээс Б.Од тавьсан шаардлагын дагуу Б.Огийн хүсэлтээр Д.Өаас Б.Мд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаатай итгэмжлэлийг хийж өгсөн нь хэрэгт баримтаар авагдсан байдаг. Дээрх үйл баримтаас Б,О нь энэ бүхнийг зохион байгуулсан гэдэг нь гэрч Д.Өын мэдүүлэг “...Тухайн байрыг О хүнд зарсан бөгөөд тухайн хүн нь банканд ажилдаг хүн ... мөнгийг шууд Од бэлнээр 100 хэдэн сая төгрөг өгсөн яг хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна. ...” /1хх 184-185/, гэрч Д.Өын дахин мэдүүлэг “... О банкны ажилтантай уулзаад надаар гарын үсэг зуруулж банкны ажилтан Од мөнгө өгч О даавуун торонд хийгээд авч гараад ...” /1хх 186-187/ мэдүүлэг, гэрч Б.О мэдүүлэг “...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 96.000.000 төгрөгийг байраа зарчихлаа гээд ...” гэх /1хх 190-191/ мэдүүлэг, “...би Мтэй холбож өгсөн. ...” гэх /1хх 194-195/ мэдүүлэг, гэрч Мгийн мэдүүлэг “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Д.Ө гэдэг хүнээс 98.000.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд мөнгөө бэлнээр Ө гэх хүнд өгсөн байгаа, мөнгөө өгөөд нотариат дээр төлбөр тооцоо дууссан учир итгэмжлэл хийж шилжүүлсэн авсан юм. ...тооцоо дууссан учраас нотариат ороод итгэмжлэл хийж надад өгсөн ба итгэмжлэлээр би өөрөө шилжүүлэн аваад 3 хоногийн дараа би 103.565.000 төгрөгөөр Ц гэх хүнд зарсан байгаа” гэх мэдүүлэг /2хх 141/, гэрч Л.Нийн мэдүүлэг “...М, О, Ө бид 4 Хан-Уул дүүргийн Цагаан хаалганы /хуучнаар/ ард талд нотариат ороод итгэмжлэл Ө нь Мд хийж өгсөн. М мөнгөө бэлнээр тэр хоёр хүнд өгсөн. ...” гэх мэдүүлэг /2хх 142/ гэрч Б.М мэдүүлэгтээ “...эрэгтэй хүний нэр дээр байсан байрыг бусдад худалдах итгэмжлэл хийлгэж авсан. ... буцаагаад 103.565.000 Ц гэх хүнд худалдан борлуулсан. Худалдах, худалдан авах гэрээг 60.000.000 төгрөгөөр борлуулсан гэрээг хийсэн. ...” гэх мэдүүлэг зэргээс харахад уг орон сууцны өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагааг холбогдох гэрээний хамт хэрэгт хавсаргах шаардлагагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдал, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал тус тус нотлох тогтоогдсон учир хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Иймд захирамжийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. Хэрэгт гэрч Д.Ө, Б.М, Л.Н нарын мэдүүлэг зөрүүтэй байх тул гэрч нарыг нүүрэлдүүлэн байцааж, мэдүүлгийн зөрүүг тодруулах ажиллагааг явуулах талаар заасан. Яллагдагчийн өмгөөлөгч Д.Бурмаа нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж хохирогч болон өмгөөлөгч нарын зүгээс хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй ч миний зүгээс дээрх гэрч нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах санал гаргасан хэдий ч шүүх тухайн хүсэлтийг хангаагүй ба дээрх гурван гэрчээс мэдүүлэг авхуулахаар хэргийг прокурорт буцааж мэдүүлэг авах байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүнийг хооронд нь нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт хийж үзвэл Б.О байр заруулах талаар Л.Нт эхэлж хандсан, Л.Н байрны мэдээлэл, зургийг Б.Мд өгсөн, Б.МЛ.Нээр дамжуулж Б.Отэй холбогдсон, Б.О нь гэрч Д.Ө ыг дуудаж Б.М тэй холбож, итгэмжлэлийг хийлгүүлсэн. Дээрх гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй, Д.Ө ын өгсөн мэдүүлгийн хувьд цаг хугацааны хувьд мөрдөн шалгах ажиллагаа олон жилээр хийгдсэн, Б.Огийн олон удаагийн гэмт үйлдэлд төөрөгдөлд орж зарим зүйлийг тойм байдлаар мэдүүлсэн нь зөрүүтэй байдлаар мэдүүлсэн гэж үзэхээргүй байна. Иймд дээрх гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах зарчмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2023/ШЗ/1467 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Эийн өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр залилсан гэх энэ үйлдлийг гэмт хэргийн үндэслэлтэй эсэхийг шалгах, тухайн орон сууцтай холбоотой 3 итгэмжлэлийн аль итгэмжлэлээр тухайн орон сууц шилжсэн нь тодорхойгүй учир үүнийг тодруулах, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах гэсэн 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Хэрэгт авагдсан хохирогч Эийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан барьцааны эд зүйлийг шилжүүлэн өгснийг мэдэх боломжгүй байсан талаарх нотлох баримт, мөн 2 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр талд хохирогч Эөд шилжүүлж өгөх гэж байгаад бусдад зарах гэж байсан талаар баримтуудаас үзэхэд бусдад шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж шилжүүлэх мэтээр ярьж байгаа үйлдлийг бидний зүгээс залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг. Харин анхан шатны шүүхээс энэ байдлыг тодруулахаар буцааж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэмт хэрэг төгссөн цаг хугацааж зааж өгдөг. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл 12 дугаар сарын 12-ны өдөр тухайн гэмт хэрэг төгссөн байхад үйлдлийг дахин шалга гэж буцааж байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөр төлөх зорилгоор аргагүйн эрхэнд авто зогсоолыг шилжүүлсэн. Мөн 3 итгэмжлэлээс хэний нэр дээрээс хэн рүү шилжүүлснийг тодруул гэж байгаа. Хэргийн 194-195 дугаар талд авагдсан гэрч Мгийн “Бид хоёрын төлбөр тооцоо дууссан учир нотариат ороод би шилжүүлэн авсан” мэдүүлгээр хэргийн нөхцөл байдал тогтоогдсон. 2 дугаар хавтаст хэргийн 145 дугаар талд гэрч Нийн мэдүүлэгт “М, О, Ө бид 4 ороод Хан-Уул дүүрэгт цагаан хаалганы арын нотариат ороод Ө нь Мд итгэмжлэл хийж өгсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл итгэмжлэлүүд нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байхад анхан шатны шүүхээс итгэмжлэлийг тодруул гэж даалгасан нь үндэслэлгүй. Түүнчлэн анхан шатны шүүхээс гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгахыг даалгасан. Гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцахад зөрүүтэй байдал харагддаггүй. Харин гэрч Өын хувьд тодорхой он, сарын дарааллаар Огийн залилах үйлдэл давтагдаад түүний санаачилгаар Од 2 удаа, Мд 1 удаа итгэмжлэл хийж өгсөн гэдэг. Энэ байдал нь тодорхой цаг хугацааны дараалалтай учир зарчмын хувьд зөрүүтэй байхыг үгүйсгэхгүй. Гэрч Н нь тухайн үед банкны ажилтан байсан бөгөөд Ог зээлээ төлөхийг шаардахад “байраа зараад төлнө” гэж хэлэхэд нь “байрыг чинь би авъя” гэж хэлсэн нөхцөл байдал тогтоогддог. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгч нарынхаа гаргасан саналыг дэмжиж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. 2019 оноос хойш энэ хэргийн араас явсаар маш их явж ядарч байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.О “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Яллагдагч Б.О гийн өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн Б.Огийн өмгөөлөгчөөр ажиллаж, хэрэг шүүхэд шилжихэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулах санал гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч миний гаргасан саналыг хүлээн авч шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Б.О нь цувраа хоёр авто зогсоолтой байсан бөгөөд 2 авто зогсоолоо Эөд зарахаар тохиролцоод урьдчилгаа 25.000.000 төгрөг авч худалдах, худалдан авах гэрээ байгуулж Э авто зогсоолыг эзэмших болсон. Гэтэл Э үлдэгдэл мөнгөө өгөхгүй болохоор нь Огээс “Энэ авто зогсоол барьцаанд байгаа. Та үлдэгдэл мөнгөө өгвөл би барьцаанаас чөлөөлж өгнө” гэж хэлсэн боловч үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй. Тэгэхээр нь “байрны асуудал байгаа юм чинь сүүлд авъя” гээд өөрөө мөнгийг төлж барьцаанаас авто зогсоолоо чөлөөлсөн. Мөн байрны асуудалтай холбоотой байр суурийг илэрхийлэхэд, Эийн нөхөр гэх Ө гэдэг хүн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдох ёстой гэж бодсон. Гэтэл Эийг хохирогчоор тогтоосон. Хэрэгт Э, Ө нар хамтран амьдардаг гэсэн баримт авагдаагүй. Мөн Ө өөрийн биеэр нотариат дээр очоод мөнгөө тоолж аваад олон хүнд удаа дараа итгэмжлэл өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 3 дүгнэлтээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хэрэгт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны -байрны 6 тоот 59.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч Б.Өаас уг орон сууцыг худалдах, бэлэглэх, хөлслүүлэх, зээлийн барьцаанд бариулах зэрэг захиран зарцуулах эрхийг бусдад олгосон 3 өөр итгэмжлэл авагджээ. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.Өаас Б.Од 3 жилийн хугацаатай итгэмжлэл өгсөн /1хх 50-51/, 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Б.Өаас дахин Б.Од итгэмжлэл өгсөн /2хх 95/, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Өаас Б.Мд итгэмжлэл өгсөн /2хх 96/ байна. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны -байрны 6 тоот 59.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь дээрх 3 итгэмжлэлийн аль итгэмжлэлээр хэний өмчлөлд шилжсэн болох, уг орон сууцны өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагааг холбогдох гэрээний хамт Улсын бүртгэлийн байгууллагаас авч хэрэгт хавсаргах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин бусад заалт буюу 1, 3 дахь заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл яллагдагч Б.Од холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжийн “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С оргил 123 дугаар байрны В-2 давхрын 244 тоотод байршилтай 30 м.кв авто зогсоолыг Г.Эийн нэр дээр шилжүүлэн өгсөн эсэхийг Улсын бүртгэлийн газраас тодруулах, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны -байрны 6 тоот 59.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь дээрх 3 итгэмжлэлийн аль итгэмжлэлээр хэний өмчлөлд шилжсэн болох, уг орон сууцны өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагааг холбогдох гэрээний хамт Улсын бүртгэлийн байгууллагаас авч хэрэгт хавсаргах нь зүйтэй. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд уг үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотойгоор өмчлөлийн эрх Улсын бүртгэлийн ерөнхий газартай шууд холбоотой байдаг учраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны -байрны 6 тоот 59.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С оргил 123 дугаар байрны В-2 давхрын 244 тоотод байршилтай 30 м.кв авто зогсоолын түүхчилсэн лавлагаа хэрэгт зайлшгүй хавсаргах шаардлагатай бөгөөд үүнд үндэслэн шүүх хууль зүйн дүгнэлт өгөх учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан байна.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Ү, Г.Б нар хамтран “Үл хөдлөх хөрөнгийн лавлагааг Г.Эөд бүртгэгдсэн эсэх лавлагааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх тул Улсын бүртгэлийн газраас тодруулах шаардлагагүй буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой.” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон яллагдагчийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу гэрч нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах, мэдүүлгүүдийг бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр зөрүүг тодруулж, дүгнэлт хийх боломжтой байх тул гэрч Д.Ө, Б.М, Л.Н нарын мэдүүлгүүдийг зөрүүг тодруулахтай холбоотойгоор нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Ү, Г.Б нарын хамтран “гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах зарчмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/1467 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Ү, Г.Б нарын хамтран “гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах зарчмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ