Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Э.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч Х овогт Э.Е-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726021361 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд, 4-р баг, Сүлд Борхойн талын өргөн чөлөө гудамж 48 дугаар байр 1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Х овогт Э.Е.

 

Шүүгдэгч Э.Е нь 2017 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө БНХАУ-ын Эрээн хотын “Кантай” нэртэй зочид буудалд Монгол Улсын иргэн Н.Бат-Эрдэнэ, Э.Е нар нь хөзөр тоглон, архи ууж байхдаа хоорондоо маргалдан улмаар Э.Е нь зэвсгийн чанартай зүйл болох аягаар Н.Бат-Эрдэнийн толгойн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Е мэдүүлэхдээ:

2017 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө “Кантай” зочид буудалд 4 найзын хамт хөзөр тоглоод сууж байхад Бат-Эрдэнэ орж ирээд, манай өрөөнд архи уухаар болсон. Гэтэл Бат-Эрдэнэ намайг “амжих уу бандиа” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Бат-Эрдэнэтэй цуг гадаа гарахад үүдэнд 3 залуу  таарсан. Тэр үед би зугтаахаар байшин тойроод явж байхад Бат-Эрдэнэ араас дуудаад байсан болохоор зугтаах гэснээ болиод өрөөндөө ороод хэвтсэн. Бат-Эрдэнэ дахиад өрөөнд орж ирээд, хэл амаар доромжлоод алагдсан. Тэр үед Гантулга салгасан. Гэтэл Бат-Эрдэнэ миний толгойг үнсний саваар цохихоор нь би араас нь ороод аягаар толгойг нь цохисон. Би хохирогчид Эрээн хотын эмнэлэгт үзүүлсэн төлбөр 980 юань, бэлнээр 300.000 төгрөг төлсөн. Гэмшиж байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

             

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Бат-Эрдэний өгсөн:

 “... Би 2017 оны 5 дугаар сарын 12-ны шөнө БНХАУ-ын Эрээн хотын Кантай зочид буудалд найз Эрдэнэболд,  найз Лу, дүү Лхагвасүрэн нарын хамт хоол идээд, архи уугаад, сууж байсан. Тэгээд хажуугийн өрөөнд Замын-Үүдийн жолооч нар байхаар нь би ороод дуудаад, манай өрөөнд оръё гээд дагуулж ороод, хөзөр тоглоод, архи ууж байгаад би Е-тэй маргалдаад, зодолдоод Е миний толгой руу шилээр цохиод гэмтээсэн. ... Бид хоёр хөзөр тоглож байгаад тоглоомноос болоод л маргалдсан. Надад ямар ч гомдол санал байхгүй ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  46-47 дугаар хуудас/

           

 Дорноговь аймгийн шүүхийн шилжилгээний албаны  2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 163 тоот: 

1. Н.Бат-Эрдэний биед духны дунд хэсэг болон зүүн талд, зүүн хөмсөгний сүүл хэсэгт зүсэгдсэн шарх, дух хэсгээр зулгаралтууд, баруун нүдний дээд зовхи болон баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтлүүдийн духны дунд хэсэг болон зүүн талд, зүүн хөмсөгний сүүл хэсэгт зүсэгдсэн шарх, дух хэсгээрх зулгаралтууд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, баруун нүдний дээд зовхи болон баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн духны дунд хэсэг болон зүүн талд, зүүн хөмсөгний сүүл хэсэгт зүсэгдсэн шарх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дух хэсгээрх зулгаралтууд баруун нүдний дээд зовхи болон баруун бугалганд цус хуралт гэмтлүүд дан дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

 

- Хохирогч Н.Бат-Эрдэнийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Э.Е-н хувийн байдалтай холбоотой:

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

- АСАП сангийн лавлагаа /хх-н 58-59/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

             Шүүгдэгч Э.Е нь 2017 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө БНХАУ-ын Эрээн хотын “Кантай” нэртэй зочид буудалд Монгол Улсын иргэн Н.Бат-Эрдэнэ, Э.Е нар нь хөзөр тоглон, архи ууж байхдаа хоорондоо маргалдан улмаар Э.Е нь зэвсгийн чанартай зүйл болох аягаар Н.Бат-Эрдэнийн толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь духны дунд хэсэг болон зүүн талд, зүүн хөмсөгний сүүл хэсэгт зүсэгдсэн шарх, дух хэсгээр зулгаралтууд, баруун нүдний дээд зовхи болон баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Э.Е-н “...            2017 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө ... Бат-Эрдэнэ намайг “амжих уу бандиа” гээд хэл амаар доромжлоод байсан. ... Бат-Эрдэнэ дахиад өрөөнд орж ирээд, хэл амаар доромжлоод алагдсан. Тэр үед Гантулга салгасан. Гэтэл Бат-Эрдэнэ миний толгойг үнсний саваар цохихоор нь би араас нь ороод аягаар толгойг нь цохисон. Би хохирогчид Эрээн хотын эмнэлэгт үзүүлсэн төлбөр 980 юань, бэлнээр 300.000 төгрөг төлсөн. Гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад хохирогч Н.Бат-Эрдэний өгсөн “...Би 2017 оны 5 дугаар сарын 12-ны шөнө БНХАУ-ын Эрээн хотын Кантай зочид буудалд найз Эрдэнэболд,  найз Лу, дүү Лхагвасүрэн нарын хамт хоол идээд, архи уугаад, сууж байсан. Тэгээд хажуугийн өрөөнд Замын-Үүдийн жолооч нар байхаар нь би ороод дуудаад, манай өрөөнд оръё гээд дагуулж ороод, хөзөр тоглоод, архи ууж байгаад би Е-тэй маргалдаад, зодолдоод Е миний толгой руу шилээр цохиод гэмтээсэн. ... Бид хоёр хөзөр тоглож байгаад тоглоомноос болоод л маргалдсан ...” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шилжилгээний албаны  2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 163 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Есөнцагаанд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн  хэдий ч уг гэмт хэрэг нь гадаад улсад үйлдэгдсэн байх тул 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэвч шүүгдэгч Э.Е нь 2017 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн, энэ үйлдэл нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах ба 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэрэг нь оногдуулах ялын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан "Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах" гэмт хэргээс хөнгөн байгаа боловч шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг буцаан хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь ашигтай тул шүүгдэгч Э.Есөнцагааныг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,   оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Н.Бат-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж удаа дараа мэдүүлсэн байх тул  шүүгдэгч Э.Е-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Е цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав

  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Е-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х овогт Э.Е-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан Э.Е-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Е-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ