Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00448

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00448

 

 

Б.Г- ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/00077 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Г- ын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох

Албадан гүйцэтгэх ажиллагаа хийхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 872 дугаар захирамжаар Шударга андууд ХХК-ийн захирал Б.Г- аас 14 228 700 төгрөгийг гаргуулж, Г.Ганхүү, Ч.Батдэлгэр нарт олгохоор шийдвэрлэж гүйцэтгэх хуудас гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2003 онд явуулж, Шударга андууд ХХК-ийн эзэмшлийн 98-11 УБД улсын дугаартай ниссан патрол маркийн автомашиныг хураан авч үнэлээд төлбөр авагч нарт шилжүүлсэн. Энэ автомашин нь тухайн төлбөрийн барьцаа хөрөнгө байсан юм. Ингээд төлбөр төлөгдөөд дууссан гэсэн ойлголттой байсан боловч сүүлийн үед дээрх төлбөрийг төл гэсэн шаардлагыг шийдвэр гүйцэтгэлээс тавих болсон.

Шүүхийн шийдвэр гарч сүүлчийн гүйцэтгэх ажиллагаа явуулаад 17 жил өнгөрсөн. Энэ нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа болно. Иймд НШШГГ-т төлбөрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийхгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 872 дугаар захирамжаар Б.Г- аас 14 405 843 төгрөгийг гаргуулж, Г.Ганхүү, Ч.Батдэлгэр нарт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан 98-11 УБД улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот тогтоолоор битүүмжилж, 2003 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан 98-11 УБД улсын дугаартай ниссан патрол маркийн автомашиныг 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйлсийн үнэлгээгээр 5 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Б.Г- ад үнэлгээг 2003 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2/285 тоот албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн акт, мөн шилжилт хөдөлгөөн хийх тухай 2003 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/448 дугаар албан бичгээр шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Б.Г- ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзээгүй бөгөөд урьд ажиллагаа явуулж байсан шийдвэр гүйцэтгэгч нар солигдсон тул чухам яагаад хугацаа алдсаныг мэдэхгүй байна. Төлбөр төлөгч нартай сүүлд холбогдоход хөдөө байсан. Төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуулийн үндэслэл тогтоогдоогүй тул ажиллагааг явуулах үндэслэлтэй гэж үзэж зарлан дуудах хуудас хүргүүлсэн байдаг гэжээ. 

 Шүүх: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 872 дугаар захирамжийн дагуу Шударга Андууд ХХК-ийн захирал Б.Г- аас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахгүй байхыг НШШГГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ба үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзаж эрхтэй гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэртэй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй гэж үзэж байгаа тул хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 872 дугаар захирамжийн дагуу төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 872 дугаар захирамжаар хариуцагч Шударга андууд ХХК-ийн захирал Б.Г- нь нэхэмжлэгч Г.Ганхүү, Ч.Батдэлгэр нарт 14 228 700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн байх ба уг захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх тул 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 975 976 тоот гүйцэтгэх хуудаснууд бичигдэж, хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх-ийн 28-32/

 

Хариуцагч НШШГГ- Б.Г- ын Г.Ганхүүтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан, 98-11 УБД улсын дугаартай, Ниссан Патрол маркийн автомашиныг 2003 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот актаар битүүмжилж, 2003 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн актаар хурааж, эд зүйлсийн үнэлгээний комиссоор 2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн автомашиныг төлбөр авагч нарын өмчлөлд 2003 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн өгч, 2003 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2/448 тоот албан бичгээр Ч.Батдэлгэрийн нэр дээр шилжүүлсэн бүртгэл хийхийг Замын Цагдаагийн газрын мэргэжил техник хяналтын хэлтэст даалгасан байна. /хх-ийн 33-49/

 

Хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэгч нь 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгч Б.Г- ын гэрт үзлэг хийж, гэрийн доторх тавилга, хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-168 тоотод байрлах 3 өрөө орон сууцны хамт барьцаалан хурааж, хадгалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан ба уг ажиллагаанд Б.Г- оролцож, тэмдэглэл, актад гарын үсэг зурсан байна. / хх-ийн 53-56 /

 

Төлбөр төлөгч Б.Г- нь НШШГГ-т 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ...2006 оны 6 дугаар сарын 25-ны дотор төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд битүүмжилсэн хөрөнгийг хураан авч, төлбөр барагдуулахад татгалзахгүй... гэсэн тодорхойлолт бичгээр гаргаж өгсөн боловч заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй байхаас гадна хариуцагч байгууллага ч 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ямар нэгэн ажиллагаа явуулаагүй байна. / хх-ийн 57-62 /

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 155/01 тоот битүүмжлэх тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-168 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 155/27 тоот тогтоолоор хураасан зэргээр төлбөр төлөгчийн хөрөнгөнд тодорхой ажиллагаа явуулж, тогтоол үйлдэхдээ төлбөр төлөгчийг оролцуулаагүй боловч ажиллагаанд төлбөр төлөгчийн охин Г.Анар болон эхнэр Л.Чулуунцэцэг нарыг байлцуулсан нь уг ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн, 2014 оны 12 дугаар сарын 04, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд төлбөр төлөгчийг оролцуулаагүй, төлбөр авагчийн хувьд 2003 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлэн авснаас хойш ажиллагаанд огт оролцоогүй зэрэг нь хариуцагч байгууллагаас огт ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дууссан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Төлбөр төлөгчөөс 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мөн оны 6 дугаар сарын 25-ны дотор төлбөрийг бүрэн барагдуулах баталгааг гаргаснаас хойш хариуцагч нь Б.Г- ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 хороо, 1 хороолол, 1 байрны 168 тоот орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр битүүмжлэх, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хураах, төлбөр төлөгчийн хаягаар мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /тухайн үеийн/ 19 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.4, 30, 36 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

 

Гэвч төлбөр төлөгч Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирээгүй, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй нь Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан арван жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан үндэслэлд хамаарч түр зогссон гэж үзнэ.

Иймд хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах бүрэн эрхтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/00077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т  холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 872 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэгч Б.Г- ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ