Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

   Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Т-д  холбогдох эрүүгийн 1705009940240 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо Толгойт 89 дүгээр гудамж 10 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Б овогт Г.Т.

 

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокси хаус караокед иргэн Г.Сайнжаргалыг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би их согтуу байсан. Хэрэг гарсан өдөр би хохирогчид ”хуримын эзнийг дээшээ суулгачих” гэхэд суулгахгүй байсан. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Т-н өгсөн:

            “... 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэр Отгонцацралын хамаатны дүү Тулгын хурим болсон. 19 цагийн үед эхнэр бид 2 хурим дээр нь очиж сууж байгаад орой 22 цаг болж байхад хурим нь тарсан. ... Сайнжаргал ширээний хоймор хэсэгт гараад суусан ба Тулга ч захиалга өгчихөөд ирэхээр нь би Сайнжаргалд хандан миний хөгшөөн доошоо суугаад хуримын эздийг нь дээш нь суулгачих гэж хэлсэн чинь Сайнжаргал над руу муухай хараад хөдлөхгүй суугаад байхаар нь хөгшөөн Тулгатай солиод суучих гэж хэлсэн чинь миний ам руу салаавчаа гаргаад чи дуугүй наанаа суу гэж хэлэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гээд бариад авсан чинь Сайнжаргал босож ирээд миний ам руу дахиад май гээд салаавч өгөхөөр нь би гарыг баруун гараараа салаавч өгсөн гарыг нь дээш нь сөхөөд зүүн гараараа нүүр рүү нь нэг удаа цохичихсон юм ...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Сайнжаргалын өгсөн:

 “... Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн найз Тулга гэх хүний хүриманд ... очсон. Хуриманд сууж байгаад 23 цагаас 24 цагийн үед ресторанаас гарсан. Тэр үед Тулга, түүний эхнэр Лхамаа, Тайвнаа гэх залуу мөн эхнэр бид 5 хоорондоо ярилцаад нэг газар орж сууя гээд гарцгаасан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн бүгд л халамцуу байсан. ... Удалгүй Тулгаа ирэхэд Тайвнаа намайг Тулгыг дээшээ суулгачих, чи доошоо суучих гэж хэлэхэд “чи Тулгын хуримыг хулгайн хурим боллоо гэж хэлсэн биз дээ өөрөө хүндлэхгүй байж” гэж хэлээд би Тайвнаа руу салаавч өгсөн. Тэгтэл Тайвнаа уурлаж бидний хооронд маргаан үүссэн. Тайвнаа сууж байснаа босч ирээд над руу ирснээ “намайг тахир дутуу гөлөг минь чамд ямар хамаатай юм” гэснээ нүүр рүү цохисон. Би эсэргүүцэл үзүүлээгүй, тухайн үед цохиулаад л байсан. Намайг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. ... Миний хамар хугарсан, зүүн нүд хавдартай, толгой өвдөж байна. Би өөрийн биеэ үзүүлэх, эм тарианы зардалд 400,000 төгрөг зарцуулсан. Би “Шилүүстэйн гол” ХХК-ийн талх нарийн боовны үйлдвэрт борлуулагчийн ажилтай. Тэгэхэд манай удирдлага намайг шалтгаангүй ажил тасалсан гэж нэг өдрийн бараа материалын хохирлыг надаар нөхөн төлүүлэхээр болсон. ... би 1.350.000 төгрөгийн төлбөрт орсон. Эм тарианы зардалд 400,000 төгрөг зарцуулсан. Нийт 2,000,000 төгрөг нэхэмжилж байна ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  8, 10 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Тулгын өгсөн:

            “... Т Сайнжаргалыг “чи хөгшөөн доошоо суучих, хуримын эзнийг дээшээ суулгая” гэхэд Сайнжаргал нэг ч үг дуугараагүй. Тэгсэн Т дахин доошоо суучих гэхэд Сайнжаргал Т руу салаавч өгөөд “чи яагаад салаавч өгч байгаа юм” гэхэд Сайнжаргал дахин салаавч өгсөн. Тэгтэл Т салаавч өгсөн гарыг нь түлхэж холдуулаад уурлаж нүүр рүү нь 2 удаа алгадсан. ... Т Сайнжаргалыг 2 удаа цохисноос биш харилцан зодолдсон айхтар зодоон болоогүй  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Отгонжаргалын өгсөн:

            “... Т Сайнжаргалд хуримын эзнийг дээд талд суулгая, байраа солиод суучих гэхэд Сайнжаргал салаавч өгсөн. Тэгтэл Т яаж байгаа юм бэ эзнээ хүндлээд дээшээ суулгаач гэхэд дахин нэг удаа салаавч өгөхөд нь Т уурлан “чи яаж байгаа юм бэ” гээд барилцаж авсан. Тухайн үед би нөрхийгөө Сайнжаргалыг цохисоныг хараагүй. Зууралдахаар нь салгаад холдуулахад Сайнжаргалын хамраас цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 12738 тоот: 

1. Г.Сайнжаргал нь хамар ясны зүүн хана, хянга хэсгийн цөмөрсөн хугарал, хацаар шанааны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, хамар, хүзүүнд зулгаралт, зовхи уруулын салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г.Т-н хувийн байдалтай холбоотой:

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн /хх-н 33 дугаар хуудас/

- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/575 дугаар Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар  /хавтаст хэргийн 66-70 дугаар хуудас/

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 71/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

             Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокси хаус караокед иргэн Г.Сайнжаргалыг зодож, эрүүл мэндэд хамар ясны зүүн хана, хянга хэсгийн цөмөрсөн хугарал, хацаар шанааны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, хамар, хүзүүнд зулгаралт, зовхи уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Г.Т-н “...            Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... би Сайнжаргалд хандан миний хөгшөөн доошоо суугаад хуримын эздийг нь дээш нь суулгачих гэж хэлсэн чинь Сайнжаргал над руу муухай хараад хөдлөхгүй суугаад байхаар нь хөгшөөн Тулгатай солиод суучих гэж хэлсэн чинь миний ам руу салаавчаа гаргаад чи дуугүй наанаа суу гэж хэлэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гээд бариад авсан чинь Сайнжаргал босож ирээд миний ам руу дахиад май гээд салаавч өгөхөөр нь би гарыг баруун гараараа салаавч өгсөн гарыг нь дээш нь сөхөөд зүүн гараараа нүүр рүү нь нэг удаа цохичихсон ...” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад хохирогч Г.Сайнжаргалын мэдүүлсэн “... Тайвнаа намайг Тулгыг дээшээ суулгачих, чи доошоо суучих гэж хэлэхэд “чи Тулгын хуримыг хулгайн хурим боллоо гэж хэлсэн биз дээ өөрөө хүндлэхгүй байж” гэж хэлээд би Тайвнаа руу салаавч өгсөн. Тэгтэл Тайвнаа уурлаж бидний хооронд маргаан үүссэн. Тайвнаа сууж байснаа босч ирээд над руу ирснээ “намайг тахир дутуу гөлөг минь чамд ямар хамаатай юм” гэснээ нүүр рүү цохисон. Би эсэргүүцэл үзүүлээгүй, тухайн үед цохиулаад л байсан ...” гэх,

            гэрч Б.Тулгын “... Т Сайнжаргалыг “чи хөгшөөн доошоо суучих, хуримын эзнийг дээшээ суулгая” гэхэд Сайнжаргал нэг ч үг дуугараагүй. Тэгсэн Т дахин доошоо суучих гэхэд Сайнжаргал Т руу салаавч өгөөд “чи яагаад салаавч өгч байгаа юм” гэхэд Сайнжаргал дахин салаавч өгсөн. Тэгтэл Т салаавч өгсөн гарыг нь түлхэж холдуулаад уурлаж нүүр рүү нь 2 удаа алгадсан. ... Т Сайнжаргалыг 2 удаа цохисноос биш харилцан зодолдсон айхтар зодоон болоогүй  ...” гэх,

            гэрч Ц.Отгонжаргалын “... Т Сайнжаргалд хуримын эзнийг дээд талд суулгая, байраа солиод суучих гэхэд Сайнжаргал салаавч өгсөн. Тэгтэл Т яаж байгаа юм бэ эзнээ хүндлээд дээшээ суулгаач гэхэд дахин нэг удаа салаавч өгөхөд нь Т уурлан “чи яаж байгаа юм бэ” гээд барилцаж авсан. ... Зууралдахаар нь салгаад холдуулахад Сайнжаргалын хамраас цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 12738 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Г.Сайнжаргал нь “би “Шилүүстэйн гол” ХХК-ийн талх нарийн боовны үйлдвэрт борлуулагчийн ажилтай. Тэгэхэд манай удирдлага намайг шалтггаангүй ажил тасалсан гэж нэг өдрийн бараа материалын хохирлыг надаар нөхөн төлүүлэхээр болсон. ... би 1.350.000 төгрөгийн төлбөрт орсон. Эм тарианы зардалд 400,000 төгрөг зарцуулсан. Нийт 2,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.  

 

Хохирогчийн нэхэмжилсэн ажил тасалсан гэж нэг өдрийн бараа материалын хохирол 1.350.000 төгрөгийн зардлыг нь тооцоолох хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхилоо.

 

Мөн эм тариа, эмчилгээний зардалд 400,000 төгрөг зарцуулсан гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Г.Сайнжаргалын 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч Г.Сайнжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын  шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Г.Т нь ам бүл 10-уулаа амьдардаг, 2-14 насны 7 хүүхэдтэй  зэрэг түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдууллаа.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т-н торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Г.Сайнжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ