| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0136/Э |
| Дугаар | 420 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 420
А.Б, А.Ц, Ц.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 7 дугаар магадлалтай, А.Б, А.Ц, Ц.Г нарт холбогдох 201512000186 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Ц, А.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2008 оны 9 дүгээр сарын 2-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2009 оны 10 дугаар сарын 13-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлсэн, Дагдан овогт А.Б,
2.Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дагдан овогт А.Ц,
3.Монгол Улсын иргэн, 1978 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Таадаг овогт Ц.Г.
Прокуророос А.Б, А.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Ц.Гийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх А.Бийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан,
А.Цыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан,
Ц.Гийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
А.Бийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жил 20 хоног хорих ялаар,
А.Цийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар,
Ц.Гийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 хоног хорих ялаар тус тус шийтгэж,
шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, А.Бийн цагдан хоригдсон 613 хоног, А.Цын цагдан хоригдсон 521 хоног, Ц.Гийн цагдан хоригдсон 32 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Баас 801.750 төгрөг гаргуулан хохирогч Б.Нд, 2.172.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Нд, 580.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Өд, 880.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт, 600.000 төгрөг гаргуулан хохирогч С.Хд, 558.000 төгрөг гаргуулан хохирогч Хо.Бт, 250.000 төгрөг гаргуулан хохирогч Ха.Бт, 130.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Бд, 1.250.000 төгрөг гаргуулан хохирогч С.Тд,
шүүгдэгч А.Цаас 801.750 төгрөг гаргуулан хохирогч Б.Нд, 2.172.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Нд, 580.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Өд, 880.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт, 180.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Уд тус тус олгуулах,
шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч И.Б, С.Т, Д.Б, С.А, Н.А нарын хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдэхдээ ашигласан Toyota Chaser загварын 30-25 УБР улсын дугаартай автомашины үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Б, А.Ц, Ц.Г нараас хувь тэнцүүлэн тус бүр 666.666 төгрөг гаргуулах,
ВОНГО загварын 19-10 УНЯ улсын дугаартай автомашины үнэ 7.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Б, А.Ц нараас хувь тэнцүүлэн тус бүр 3.500.000 төгрөг гаргуулах,
Nissan bluebird загварын 34-93 УБӨ улсын дугаартай автомашины үнэ 3.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Б, А.Ц нараас хувь тэнцүүлэн тус бүр 1.500.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах,
Toyota Chaser загварын 30-25 УБР улсын дугаартай автомашин, ВОНГО загварын 19-10 УНЯ улсын дугаартай автомашин, Nissan bluebird загварын 34-93 УБӨ улсын дугаартай автомашиныг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, шүүгдэгч А.Бид “Хязгаарлалт тогтоож таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 298/с дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Шүүгдэгч Дагдан овгийн А.Бийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,
шүүгдэгч Дагдан овгийн А.Цыг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,
шүүгдэгч Таадаг овгийн Ц.Гийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
2 дахь заалтын А.Бийг “6 жил 20 хоног” гэснийг “5 жил 20 хоног” гэж, А.Цыг “5 жил 10 хоног” гэснийг “4 жил 10 хоног” гэж,
3 дахь заалтын “6 жил 20 хоног” гэснийг “5 жил 20 хоног”, “5 жил 10 хоног” гэснийг “4 жил 10 хоног” гэж,
4 дэх заалтын А.Бийн цагдан хоригдсон “613 хоног” гэснийг “609 хоног”, А.Цын цагдан хоригдсон “521 хоног” гэснийг “524 хоног”, Ц.Гийн цагдан хоригдсон “32 хоног” гэснийг “31 хоног” гэж,
7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 30-25 УБР улсын дугаартай Toyota Chaser загварын маркийн автомашины үнэ 666.666 төгрөгийг,
шүүгдэгч А.Цаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 30-25 УБР улсын дугаартай Toyota Chaser маркийн автомашины машины үнэ 666.666 төгрөгийг,
шүүгдэгч Ц.Гөөс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 30-25 УБР улсын дугаартай Toyota Chaser маркийн автомашины үнэ 666.666 төгрөгийг,
шүүгдэгч А.Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 34-93 УБӨ улсын дугаартай Nissan bluebird маркийн автомашины үнэ 1.050.000 төгрөгийг,
шүүгдэгч А.Цаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 34-93 УБӨ улсын дугаартай Nissan bluebird маркийн автомашины үнэ 1.050.000 төгрөгийг,
шүүгдэгч А.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.500.000 төгрөгний үнэлгээ бүхий 71-60 УНП Соната-5 маркийн автомашины үнэ 1.750.000 төгрөгийг,
шүүгдэгч А.Цаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 71-60 УНП Соната-5 маркийн автомашины үнэ 1.750.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай” гэж,
9 дүгээр заалтыг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Ц.Гөд оногдуулсан 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай” гэж,
10 дугаар заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Ц.Гийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж,
11 гэсэн заалт нэмж “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Цын хохирогч Ч.Аын гэрээс П.Б, П.А нартай бүлэглэн эд зүйл хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
8 дахь заалтад “71-60 УНП Соната-5 маркын автомашиныг битүүмжилсэн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг” гэж тус тус нэмж,
“9, 10, 11” дүгээр заалтыг “11, 12, 13” гэж дугаарлаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гийг шүүх хуралдааны танхимаас суллаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар А.Ц, А.Б, Ц.Г нарын 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 89 хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Ц гаргасан гомдолдоо: “...Өнөөгийн Монгол улсын нийгэмд гарч байгаа өөрчлөлт, түүнийг даган гарч байгаа төрөл бүрийн гэмт хэрэг, мөн энэ бүхэнтэй зарим нэг хүний эрх ноцтой зөрчигдөн хилс хэргээр ял эдлэх, түүнээс үүдэн гэр бүл, амьдралд нь эсрэг өөрчлөлтүүд гарч, үр хүүхдүүд нь өнчрөх, тэдгээрийн сурч боловсрох эрх зөрчигдөх, гэр бүл салах зэрэг өөр чиг хандлага гарч байгаа нь үнэхээр харамсмаар.
Надад холбогдох 201512000186 тоот хавтаст хэрэгт зарим цагдаагийн байгууллага, газар, хэлтсийн эрүүгийн болон мөрдөн байцаах тасгийн төлөөлөгч, мөрдөгч нарын гаргасан буруу дүгнэлт, хэрэг бүрдүүлэлт, нотлох баримт, нотолбол зохих зүйлүүдийг дутуу гаргасан зэргээс үүдэн дараа дараагийн прокурорын хяналт, шүүгчийн шийдвэрт сөргөөр нөлөөлдөг нь надад оногдуулсан хилс хэргийн ялын бодлого, бусад асуудал дээр тодорхой харагддаг. Хэн ч гэсэн зүгээр л амьдарч яваад хилс хэргээр яллагдан нийгмээс тусгаарлагдан амьдрахыг хүсэхгүй. Би ч гэсэн өнөөгийн Монголын нийгэмд шударга үнэн байгаа, тэр тусмаа хүний амьдралын хар, цагаан, ээдрээтэй асуудал бүхний тэнцвэртэй байдлыг хангадаг шүүх, шүүгч байгаа гэдэгт итгэж явдаг.
Д.Н, Б.Н, Ж.Ө, Н.Г нарын байшин савны цоожийг тусгай зориулалтын таслагчаар эвдэн орж өөрийн төрсөн ах А.Бийн хамтаар хулгайлсан гэж мөрдөн байцаалт явуулсан мөрдөгч үздэг. Гэтэл тэр цаг үед би өвчтэй аавыгаа асраад Улаанбаатар хотод байсан, ах А.Бийг хаана, юу хийж явсныг мэдэхгүй. Гэтэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4042, 4043 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт болгон ашиглаад, дараа дараагийн мөрдөн байцаах ажиллагааг дутуу явуулсан.
Ийм учир надад холбогдох гэмт хэргийн материалыг хянан үзэж, мөн ар гэрийн амьдралын хүнд байдал, өнчрөн хоцорсон охин дүүгийн минь амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, надад тохсон хулгайн 4 үйлдлийг хамааралгүйг тогтоон, одоо эдлэж байгаа ялын бодлого, түүний хугацааг зохих хуулийн хүрээнд шинжилж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б гаргасан гомдолдоо: “...Ямар ч нийгэмд, ямар ч төрийн үед хүн хэмээх нийгмийн үнэт капитал нь үнэ цэнэтэй хэвээрээ л байна гэж би бодож явдаг. Алдаа хийсэн хүн уг алдаагаа ухамсарлан ойлгож, түүнийгээ гэмшин дүгнэлт хийх хүртэл тодорхой хугацаа шаарддаг юм байна. Би Монгол улсад шударга шүүх, шүүгч байдаг гэдэгт итгэлтэй явдаг. Тийм учраас Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийн байдал, хугацааны талаар санал бодлоо гарган хүсэлтээ зохих хуулийн дагуу хүргүүлсэн юм. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн мэргэн оюун ухаандаа тунгаан бодож, хүний эрх, ар гэрийнх нь амьдрал ахуйн хүнд байдал зэргийг харгалзан үзэж үндсэн 6 жил 20 хоногийн хорих ялыг хөнгөрүүлэн 5 жил 20 хоног болгон шийдвэр гаргасанд би маш их баярлаж байна.
Монгол улсын шударга шүүх, шүүгч нар хүнлэг энэрэнгүй хандаж байхад би яагаад хуулийн өмнө шударга байж болдоггүй юм гэсэн бодол төрж, ер нь анхан шатны, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанууд дээр хүлээхгүй байсан гэмт үйлдэл бүхнээ би хүлээн хуулийн өмнө шударга байх ёстой юм байна гэдгээ ухамсарлан ойлгож, гэмшиж байна.
Миний хийсэн алдаанаас болж аавыгаа асран тойлдон байсан төрсөн дүү минь ял шийтгүүлэн өнөөдөр хорих ял эдлээд явж байгаа нь үнэндээ харамсмаар байна. 2019 оны 3 дугаар сарын 7-нд бидний төрсөн аав минь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, нялх хүүхдүүдтэй охин дүү минь ганцаараа өнчин хоцорч байгаа нь сэтгэл зүйн хувьд ч, амьдрал ахуйн хувьд ч маш хүнд нөхцөл байдалд хоцорсон нь миний хувьд олон зүйлийг бодогдуулж тунгаан эрэгцүүлэхэд хүргэлээ.
Ийм учир би шударгаар хийсэн хэрэг, гэмт үйлдэл бүхнээ хүлээж байгаа бөгөөд энэ бүхнийг та бүхэн хянан хэлэлцэж, миний шударга бус байдлаас болж хилс хэргээр хорих ял эдэлж байгаа төрсөн дүү А.Цын ялын бодлогыг харж үзэн, хөнгөрүүлэн үзэх миний хүсэлтийг хүлээн авч дүүгийн минь гэр бүлийн амьдралд болон өнчин хоцорсон охин дүүгийн минь амьдралд гэрэл гэгээ, итгэл найдвар өгнө гэдэгт би итгэж байна.
Урьд нь би хуулийн өмнө хариуцлага хүлээн тэнсэн харгалзах ял, баривчлах ял шийтгүүлж байсан боловч аливаа асуудалд хэт хөнгөн ханддаг, юмыг бодож тунгаахдаа хөнгөн байсан нь харамсмаар. Ер нь алдаа хийсэн ч бай, хийгээгүй ч бай хүн ямар ч асуудалд шударга хандаж байх нь чухал гэдгийг л ойлгож байна.
Төрсөн дүү А.Цын хамтаар хохирогч болох Д.Н, Г.Н, Ж.Ө, Н.Г нарын агуулах саванд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх үйлдлийг миний бие А.Б үйлдсэн бөгөөд энэ үйлдлүүдийг би ганцаараа үйлдсэн юм. Энэ гэмт хэргийг үйлдэхэд миний дүү А.Ц ямар ч хамаагүй, тэр гэмт хэргийн газар байгаагүй, өвчтэй аавыгаа асарч байсан. Тийм ч учраас А.Ц нь “би энэ гэмт үйлдлүүдэд ямар ч хамаагүй, намайг хилсээр яллаж байна” гэдгийг анхан шатны болоод давж заалдах шатанд хэлдэг. Тухайн үед би энэ бүхийг шударгаар хүлээдэггүй байсан. Ер нь шударга байсан бүхэнд хууль хяналтын байгууллага, тэр тусмаа шүүх, шүүгч нар энэрэнгүй ханддаг юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдөр миний бие шүүхийн өмнө шударга байснаар дүү А.Цын ар гэрийн амьдралын хүнд байдал, хилсээр хэлмэгдсэн амьдралд нь эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.
Тийм болохоор энэ бүхнийг та бүхэн мэргэн оюун ухаандаа тунгаан бодож, шүүн хэлэлцэн хүнлэг энэрэнгүй хандан нэг гэр бүлийн амьдрал, үр хүүхдүүдийнх нь эрүүл саруул өсөж торних, сурч боловсрох ирээдүйн сайн сайханд нь гэрэл гэгээ өгнө гэдэгт итгэж байна. Би гэм буруугаа ойлгож, ямар муухай ичмээр арчаагүй үйлдэл хийснээ ухамсарлаж байна. Хохирогч нарын хохирол гомдлыг өөрийн чадах чинээ боломжоор заавал төлж барагдуулахаа хуулийн өмнө илэрхийлж байна. Ар гэрийн минь хагацал зовлон, амьдралын хүнд байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан ялын бодлогыг хөнгөрүүлэн, тодорхой хугацааг ял эдлэх хугацаанаас минь хасч өгнө үү гэж хүсч байна” гэжээ.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батдэлгэр гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүхээс А.Б, А.Ц, Ц.Г нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнийг тооцож гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан. Тэгвэл уг тээврийн хэрэгслүүд нь А.Б, А.Ц, Ц.Г нарын өмчлөлд байдаггүй, бусдын өмчлөлд байдаг болох нь тогтоогдож байгаа. Иймд тээврийн хэрэгслүүдийн үнийг гаргуулж улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол тухайн эд хөрөнгийг үнэлж, үнийг гаргуулан хохирлыг төлүүлэхээр заасан. Энэ заалт нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд хөрөнгө нь тухайн гэм буруутай эдгээдийн өмчлөлд байсан боловч гэмт хэрэг үйлдсэнээс хойш бусдын өмчлөлд шилжүүлсэн байхыг ойлгохоор заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тохиолдолд үнийг нь тооцож улсын орлого болгох зохицуулалт байхгүй байна.
Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх байсан тохиолдолд үнийг нь тооцож улсын орлого болгох үндэслэл байхгүй байна. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авсан, эсхүл үнийг тооцож гаргуулах тохиолдолд түүгээр хохирогч нарт учирсан хохирлыг төлүүлэхээр заасан байна. А.Б, А.Ц нарын тухайд зарим нэг хохирогч нарт хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Иймд хохирол бүрэн төлөгдөөгүй байхад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тооцож гаргуулан улсын орлого болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын 7 дахь заалт болон уг заалтад өөрчлөлт оруулсан магадлалын заалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.
А.Б нь өөрийн бүх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа учир түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ялыг 5 жилээс доош хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол болон магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б, А.Ц нар нь хохирогч Д.Н, Б.Н, Ж.Ө, Н.Г нарын эд зүйлийг хулгайлсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шинжээчийн 4042, 4043, 4372 дугаар дүгнэлтүүдээр нотлогдсон байна.
Шүүгдэгч А.Цын бусадтай бүлэглэн иргэн Ч.Аын эд зүйлийг хулгайлсан үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч А.Ц, А.Б нарын хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд ашигтай болсон байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Ц, А.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан гомдлыг үндэслэн А.Б, А.Ц, Ц.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б нь 2015 оны 8 дугаар сарын 1-нээс 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хооронд машин механизм ашиглаж нийт 13 удаагийн үйлдлээр Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгийн нутгаас бусадтай бүлэглэн болон ганцаараа хохирогч С.Х, Х.Б, М.А, Ха.Б, Г.Б, И.Б, С.Т, Д.Н, Б.Н, Ж.Ө, Н.Г, С.Т, Д.Б нарын орон байр, агуулах саванд тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн нэвтэрч эд зүйл хулгайлан нийт 32.858.700 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Ц нь машин 2015 оны 3 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд механизм ашиглаж нийт 8 удаагийн үйлдлээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Аын хашаанаас, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт хохирогч И.Б, С.Т, Д.Н, Б.Н, Ж.Ө, Д.Б нарын, Төв аймгийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Гийн орон байр, агуулах саванд тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн нэвтэрч эд зүйл хулгайлан нийт 24.832.200 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч А.Б, А.Ц нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 5 дугаар сарын 18-ны орой Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутаг “Нөөлөг” гэх газар оршин суух хохирогч П.Лын монгол гэр болон бараа хураадаг контейнерын цоожийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн эвдэж нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан,
шүүгдэгч Ц.Г нь А.Ц, А.Б нартай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө машин механизм ашиглан Дундговь аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр төгрөгийн Улаан овоо” гэх газар байрлах хохирогч И.Бы өвөлжөөн дээрх байшин болон контейнерын цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 9.514.700 төгрөгийн хохирол, Дундговь аймгийн Хулд сумын нутаг “Жаргалантын Улаан овоо” гэх газарт байрлах хохирогч С.Тын өвлийн сууцны байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 3.200.000 төгрөгийн хохирол, нийт 12.714.700 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Б, А.Ц нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 4 дэх хэсэгт зааснаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Ц.Гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,
шүүгдэгч А.Бийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,
шүүгдэгч А.Цыг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,
шүүгдэгч Ц.Гийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Б, А.Ц, Ц.Г нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, шүүгдэгч Ц.Гийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 хоног ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч А.Б, А.Ц, Ц.Г нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн талаар үйл баримтын дүгнэлт хийснийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, хэрэгт цугларсан нотлох баримтыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дахин үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Цын 2015 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө өөрийн төрсөн ах А.Бтай бүлэглэн, машин механизм ашиглаж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2 дугаар багийн нутагт байрлах хохирогч Б.Нямсүрэнгийн байшингийн цоожийг эвдэн нэвтэрч 1.603.500 төгрөгийн эд зүйл, хохирогч Д.Нямаагийн байшингийн цоожийг эвдэн орж 4.344.000 төгрөгийн эд зүйл, хохирогч Ж.Өлзийсайханы байшингийн цоожийг эвдэн орж 1.160.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, мөн 2015 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг Далайн гол гэх газар байрлах хохирогч Н.Гончигийн амбаарын цоожийг эвдэн орж 1.760.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед Улаанбаатар хотод төрсөн эцгийгээ асарч байсан тухайн 4 үйлдэлд хамааралгүйг тогтоож өгнө үү” гэх,
мөн шүүгдэгч А.Бийн дээр дурьдсан хулгайн 4 үйлдлийг ганцаараа үйлдсэн, дүү А.Ц гэмт хэргийн газар байгаагүй, өвчтэй аавыгаа асарч байсан тул түүнд болон А.Цад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай,
мөн шүүгдэгч А.Б нь өөрийн үйлдсэн бүх хэргийг хүлээн зөвшөөрч, хохирол барагдуулахаа илэрхийлсэн тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлогоос гадна гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг хамааруулан ойлгохоор хуульчилсан бөгөөд тухайн эд хөрөнгө гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хурааж улсын төсөвт шилжүүлнэ.
Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх байсан, эсхүл хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдвол эрх бүхий байгууллагаар тухайн техник, хэрэгслийн үнийг тогтоолгож, улмаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийн үнийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч А.Б, А.Ц, Ц.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгуулах талаар өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Өршөөл үзүүлэх тухай батлагдахын өмнө болон дараа нь удаа дараагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн зүйлчилж, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн хор аюул, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс нэг удаа ял оногдуулж буй нөхцөлд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахаас өмнө үйлдэгдсэн зарим хэргийг салган Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж болохгүй.
Гэтэл шүүгдэгч А.Ц нь 2015 оны 3 дугаар сараас эхлэн 2018 оны 5 дугаар сарын 18-ны хооронд, удаа дараагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байхад давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Цын 2015 оны 3 дугаар сарын 20-ноос 30-ны хооронд П.Б, П.А нартай бүлэглэн, машин механизм ашиглан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Сэлбийн 8-131 тоотод байрлах хохирогч Ч.Аын хашаанаас ОСП хавтан 40 ширхэгийг хулгайлж 600.000 төгрөгийн, 100 ширхэг панер хулгайлж 2.400.000 төгрөгийн, нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.
Мөн прокуророос шүүгдэгч А.Б, А.Ц нарын бусдын эд хөрөнгийг хулгайлсан болон хулгайлахыг завдсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 4 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх ял оногдуулахдаа завдсан үйлдлийг төгс үйлдсэн гэмт хэргүүдэд нэгтгэн, тэдэнд нэг удаа ял оногдуулсан нь зөв боловч ийнхүү ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг”-ийг журамласан нь буруу тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, холбогдох заалтыг хасах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг…” гэсэн заалтаас “2.8 дугаар зүйлийн 1,” гэснийг хассугай.
2.Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 7 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “11 гэсэн заалт нэмж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Цын хохирогч Ч.Аын гэрээс П.Б, П.А нартай бүлэглэн эд зүйл хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж;” гэсэн заалтыг хүчингүй болгосугай.
3.Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, А.Ц, тэдгээрийн өмгөөлөгч С.Батдэлгэр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН