Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0442

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар0221/МА2017/0442

Улаанбаатар хот

Ж.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, гуравдагч этгээд З.Э, түүний өмгөөлөгч Б.П нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0219 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э гаргасан давж заалдах гомдлоор Ж.Б нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ж.Б 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0219 дүгээр шийдвэрээр:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б гаргасан “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхээс “Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн Засаг даргаар З.Э томилохдоо Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна” гэжээ.

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлэн тус аймгийн Засаг даргаар томилуулахаар санал болгосныг Монгол Улсын Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилох эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна”

26.5.1.дээд боловсролтой;

26.5.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;

26.5.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

26.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

26.5.5.ялгүй байх” гэсэн шалгуур үзүүлэлтийг хангасан хүнийг томилохоор хуульчилсан.

Дээрх байдлаас үзвэл Монгол Улсын Ерөнхий сайд тухайн аймгийнхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшиж олонхийн санал авч, аймгийн Засаг даргад тавигдах шаардлага хангасан хүнийг аймгийн Засаг даргаар томилох үүргийг хэрэгжүүлэн ажиллахаар байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн талд илтэд үйлчилж шүүхэд гаргасан тайлбарыг үнэн гэж хөтлөгдөн “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн, төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй З.Э томилсон зөв ...Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж маргаж буй нь үндэслэлгүй байна” гэжээ. Орон нутгийн сонгуулийн дүнгээр сонгогдон Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олонхоор Засаг даргад З.Э дэвшүүлсэн ч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан аймгийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй хүнийг Ерөнхий сайд томилж, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Б бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр чөлөөлж байгаа нь түүний Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 9/-д шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй ...төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно гэж заасан баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн.

Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт зааснаас өөрөөр чөлөөлөгдөх, огцруулах эрхгүй юм. Сонгуулийн үр дүнгээр шинэ Засаг дарга томилогдсоор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох ч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.5 дахь хэсэгт заасан аймгийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй хүн томилох бүрэн эрхтэй гэсэн үг биш. Ж.Б Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бүрэн эрхээ хэвээр үprэлжлүүлэх эрхтэй. Монгол Улсын Ерөнхий сайдад аймаг, нийслэлийн Засаг даргыг томилох эрхийг шүүхээс дурдсан Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулийн заалтуудаар олгосон бөгөөд томилох эрхгүй байж Сүхбаатар аймгийн Засаг даргаар 3.Э томилсон гэж маргаагүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0219 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ “…төрийн албанд 3 жил ажиллаагүй хүнийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилж хууль зөрчсөн захирамж гаргалаа…” гэж тодорхойлсон, гэвч анхан шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн байх боловч энэ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доош жил ажилласан байх” шаардлагатай, харин гуравдагч этгээд З.Э тухайд энэхүү шаардлагыг хангасан эсэх, хэрэв хангаагүй бол түүнийг аймгийн Засаг даргад томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгох боломжтой эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй байсан.

Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 20 дугаар захирамж нь нэхэмжлэгч Ж.Б эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, энэхүү тушаал гарснаар давж заалдах гомдол дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/-д заасан төрийг удирдах хэрэгт оролцох нэхэмжлэгчийн үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд аймгийн Засаг даргад гуравдагч этгээд З.Э нэр дэвшсэн, харин нэхэмжлэгч Ж.Б дэвшээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааг 4 жил гэж заасан бөгөөд сонгуулийн үр дүнгээр зохих хуульд заасны дагуу Засаг дарга шинээр томилогдсоноор нэхэмжлэгч Ж.Б Сүхбаатар аймгийн Засаг даргын албан тушаалд ажиллах бүрэн эрх дуусгавар болно.

Харин гуравдагч этгээд З.Э “Хаан банк” ХХК-д ажилласан хугацааг төрийн албанд ажилласантай адилтган тооцох эсэх нь эргэлзээтэй, гэвч захиргааны хэргийн шүүх хуулийн хэрэгжилтийг хангуулахад бус харин эрх зүйн маргааныг шийдвэрлэх замаар хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгддэг тул энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй юм.

Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг З.Э хангаагүй байсан ч нэгэнт иргэдийн Хурлаас нэр дэвшсэн тохиолдолд түүнийг аймгийн Засаг даргаар томилох эсэх нь Ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал бөгөөд ийнхүү томилсноор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй нэхэмжлэгчийн тухайд энэхүү томилгооноос эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ Монгол Улсын Үндсэн хуулиас ишлэх боломжтой болохоос бус тогтоох хэсэгт Үндсэн хуулийн заалтыг баримталсан нь буруу, иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0219 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг...” гэснийг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                             Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН