Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 86

 

 “Ю Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн газрын албанд холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид: Х.Батсүрэн

Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Ю Э Д” ХХК-ийн эзэмшлийн хашааг нураасан үйлдлийг захиргааны акт гэж тооцож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0797 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0061 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ныг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр          

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0797 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Ю Э Д” ХХК-иас Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Ю Э Д” ХХК-ийн эзэмшлийн хашааг нураасан үйлдлийг захиргааны акт гэж тооцож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0061 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүй нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0797 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0061 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. “Ю Э Д” ХХК нь 2010 оноос эхлэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ж т” зочид буудал болон оффисын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд манай компанийн зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайд хатуу хучилттай зам, орчны тохижилтыг хийж, “Дулааны сүлжээ” ТӨХК-ийн шаардлагын дагуу дулааны шугам сүлжээ, гүний худгуудын хамгаалалтын хашааг өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж ажиллаж байна.

5. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Автозамчдын гудамж-34, Сэлбэ голын баруун талд буюу “Ю Э Д” ХХК-ийн баруун талд “Н У” ХХК-ийн хашаа, барилга нь нийтийн эзэмшлийн зам талбайд хамаардаг талаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан. Гэвч хүсэлт, гомдлыг огт шийдвэрлэдэггүй атлаа 2017 онд “Н У” ХХК-ийн “Монполимэт комплекс” барилга ашиглалтад оруулснаас хойш орц, гарц гаргах нэрийдлээр “Н У” ХХК-ийн эрх ашгийн төлөө хууль бусаар барьсан барилга, хашааг буулгахгүйгээр,  зөвхөн манай компанийн хашааг Нийслэлийн Газрын албаны нэр бүхий албан тушаалтнууд хууль бусаар буулгаж манай компанийн эд хөрөнгөнд халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, эрх, ашигт ноцтой хохирол учруулсан.

6. Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа нь хуулиар олгогдсон эрх мэдэлгүй атлаа “Н У” ХХК-ийн хүсэлтээр 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 02-06/2075 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, манай компанийн хашааг буулгаж, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор зөрчил арилгахыг мэдэгдсэн ч компанийн зүгээс Нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагад хандан энэхүү мэдэгдлийн талаар гомдол, хүсэлт гаргасан.

7. Мөн Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Б.Ванхүү нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/168 дугаар захирамжийг үндэслэсэн гэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 83 дугаар зүйлийн 83.1.4, 91 дүгээр зүйлийн 91.1-д заасны дагуу уг захирамжийг манай компанид огт танилцуулаагүй, хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, гомдол хүсэлтийг харгалзалгүй, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10.30 цагт бичиг баримт үзүүлэхгүйгээр 2 ачааны машинтай, хөлсний 6 этгээдүүдийг дагуулан албан бус байдалтайгаар “Н У” ХХК-ийн эрх, ашгийн төлөө манай компанийн эд хөрөнгөд халдаж эвдэн сүйтгэж, хашааг хууль бусаар нураасан үйлдэл гаргасан.  

8. Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасны дагуу уг газрын эзэмшихээр Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Засаг даргад хандсан. Хоёр өөр шалтгаан, нөхцөл хэлж, сонсох ажиллагаа хийгээгүй талаар маргаж байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн атлаа буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

9. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0797 дугаар шийдвэр, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний 221/МА2019/0061 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11. Нэхэмжлэгч “Ю Э Д” ХХК нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчин өөрийн эзэмшлийн газрыг хэтрүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хашаа барьж, авто машины зогсоол хийсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байх бөгөөд уг хууль бус үйлдлийг зогсоохоор Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр 02-06/2075 дугаар албан бичгээр зөрчлийг арилгаж, газар чөлөөлөхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, уг мэдэгдлийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хашааг буулгаж, газар чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль ёсны талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Нэгэнт нэхэмжлэгч өөрөө Газрын тухай хуулийг зөрчсөн гэдэг нь илэрхий /энэ талаар маргаагүй/ тул энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагаагаа хамгаалуулахыг захиргаанаас болон шүүхээс шаардаж байгаа нь үндэслэлгүй, нэг үгээр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол” байхгүй байна.

13. Иймээс ““Н У” ХХК-ийн эрх ашгийн төлөө зөвхөн манай хашааг нураасан, хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/168 дугаар захирамжийг огт танилцуулаагүй, сонсох ажиллагааг явуулаагүй, манай хүсэлтийг харгалзалгүйгээр албан бус байдалтайгаар манай компанийн эд хөрөнгөнд халдаж эвдэн сүйтгэж, хашааг нураасан нь хууль бус байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй” гэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-8-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.     

14. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа” нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хувьд хийгдэхээс бус хууль зөрчсөн юмуу хуулиар эрх үүсээгүй этгээдийн хувьд заавал хийгдэх ажиллагаа биш юм.

15. Хэдийгээр нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасны дагуу өргөдөл, хүсэлтээ Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Засаг даргад өгсөн гэх боловч захиргаа хуульд заасан уг бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч “Ю Э Д” ХХК-д газар эзэмших эрх олгоогүй байгаагаас гадна энэхүү зохицуулалт нь эзэнгүй орхигдож эвдэж гэмтсэн газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, хуулийн этгээдэд эрх олгож болох тухай захиргааны эрх болохоос биш нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр хашаа барьж, зам тавьсан нэхэмжлэгчид хууль ёсны эрх, ашиг сонирхол үүсэх хууль зүйн үндэслэл биш, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-8-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.  

16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0797 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0061 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ