Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 429

 

                                                                       

 

 

  П.Мэндбаяр, А.Мөнхбаяр нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

              Прокурор У.Дэндэвдорж,

              Шүүгдэгч П.Мэндбаярын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Баттөмөр,

              Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 924 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр П.Мэндбаяр, А.Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн 201501000186 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Мөр зайсан овогт Пүрэвжавын Мэндбаяр, 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Франц хэлний орчуулагч мэргэжилтэй, “Голден Бридж” төвийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамжны 13-01 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп Виллаж” хотхоны 200 дугаар байрны 1-79 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХК84032511/,

2. Гонгор овогт Ариунаагийн Мөнхбаяр, 1995 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 7 дугаар багийн Ган замын 3 дугаар гудамжны 126 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны СОТ-ын 3-1 дүгээр байрны 2 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ95061577/.

1. П.Мэндбаяр нь борлуулах зорилгогүйгээр, давтан үйлдлээр ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Залуучууд” зочид буудлын 304 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан,

А.Мөнхбаяртай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хорооллын СОТ-ын 3-1 дүгээр байрны 1 дүгээр орцны гадаа “зип лок” түгжээ бүхий гялгар ууттайгаа 0.6 грамм “мөс” мэт зүйлийг хууль бусаар олж авахыг завдсан,

2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 42 дугаар байрны орчимд 57-55 УНД улсын дугаартай, “Ford” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа автомашины зогсоол дээр байсан иргэн Н.Энхтуяагийн эзэмшлийн 63-59 УНӨ улсын дугаартай, “Toyota Rav 4” загварын автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан,

2. А.Мөнхбаяр нь борлуулах зорилгогүйгээр, давтан үйлдлээр ганцаараа 2015 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтсан тетрогидроканнабинолын агууламжтай цэнхэр өнгийн асаагуурт наалдсан 1.5 см урттай “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

П.Мэндбаяртай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол СОТ-ын 3-н 1 дүгээр байрны 1 орцны гадаа “зип лок” түгжээ бүхий гялгар ууттайгаа 0.6 грамм “мөс” мэт зүйлийг хууль бусаар олж авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас П.Мэндбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 216 дугаар зүйлийн 216.2, А.Мөнхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Мэндбаяр, А.Мөнхбаяр нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Үүнд:

3 дугаар хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч П.Мэндбаярт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл хохирогч М.Чулуунборгилыг зодож танхайрсан үйлдэл, хохирогч Б.Баттулгын автомашины тоолуурыг эвдсэн үйлдэл нь нотлогдож тогтоогдсон байхад прокурор үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд дээрх ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.Мэндбаяр, А.Мөнхбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор У.Дэндэвдорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Захирамжид П.Мэндбаяр нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг нэг мөр бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ийнхүү буцаахдаа 3 дугаар хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан П.Мэндбаярт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийгтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буруу байна. Өөрөөр хэлбэл П.Мэндбаяр нь хохирогч М.Чулуунборгилыг зодож танхайрсан, хохирогч Б.Баттулгын автомашины тооллуурыг эвдсэн үйлдлүүд нь нотлогдож тогтоогдсон байхад прокурор үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна гэж дүгнэсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу хохирогч М.Чулуунборгилын биед Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “тархи доргилт, зүүн хөмсөгний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан. Хохирогч М.Чулуунборгил, Б.Баттулга нарын мэдүүлгээр хохирогч М.Чулуунборгилын биед учирсан гэмтлийг П.Мэндбаяр учруулсан болох нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хохирогч нь М.Чулуунборгил сүүлийн мэдүүлэгтээ түүний биед учирсан гэмтлийг П.Мэндбаяр учруулаагүй талаар мэдүүлсэн. Мөн хохирогч Б.Баттулга мэдүүлэхдээ П.Мэндбаяр нь түүний машины тоолуураар М.Чулуунборгилыг цохиогүй гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Түүнчлэн Б.Баттулга нь П.Мэндбаяртай такси үйлчилгээний улмаас маргалдаж байхдаа түүний машины тоолуурыг гараас татах үед унагааж гэмтээгээд цонхоор гаргаж шидсэн гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд хохирогчийн мэдүүлэг нь тогтворгүй, гэм буруутай этгээд буюу гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой заан мэдүүлээгүй байгаа нь П.Мэндбаярын гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон болно.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч П.Мэндбаяр нь гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул түүнд холбогдох танхайн гэмт хэргийг сэжигтэн яллагдагчид ашигтай байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож прокурор шийдвэрлэсэн болно. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар зүйлд “шүүхийн бүрэн эрхийг” хуульчлахдаа прокурорын шийдвэрийн үндэслэлийг хянах, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох, зөвтгөх, прокурорын шийдвэр үйл ажиллагаанд нөлөөлөх эрхийг шүүгчид олгоогүй ба мөн хуулийн 112 дугаар зүйлд хяналтын прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөвхөн дээд шатны прокурорт нь гаргах, гомдлыг хянасан албан тушаалтан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, гомдлыг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргахаар” заасан тул шүүх бүрэн эрхээсээ хэтэрсэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Мөн хуулийн 246 дугаар зүйлд “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдахаар” зааснаас гадна шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх, гэм буруутай нь тогтоогдоогүй, эргэлзээтэй тохиолдолд шүүгдэгчийг цагаатгах зэрэг эрхийг нь хуульчилж өгсөн байхад шүүгч эсрэгээр нь шүүхэд хэрэг хэлэлцэх хэмжээнээс хэтэрсэн, бусдыг эрүүгийн хариуцлагад татаж, хэргийг хянан хэлэлцэхээр шийдвэр гаргасан нь хууль ёсны бус, үндэслэлгүй болсон тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч П.Мэндбаярын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 924 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч П.Мэндбаяр 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Б.Баттулгын автомашины тоолуурыг эвдэлж, хохирогч М.Чулуунборгилын толгойн тус газар цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч Б.Баттулгын хавтаст хэргийн 247 дугаар талд авагдсан мэдүүлгээр дээрх гэмт хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон. Прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй учраас прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30, 193, 208, 209 дүгээр зүйлд зааснаар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон хохирогч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй. Анхан шатны шүүх яллагдагч хохирогч нарын хооронд болсон үйл явдал, үйл баримт, хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлгийг тал бүрээс нь нягтлан шалгаж, бодит байдалд үндэслэсэн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хохирогч М.Чулуунборгилыг зодож танхайрсан, хохирогч Б.Баттулгын машины тоолуурыг эвдэлсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байхад уг хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон нь буруу гэсэн дүгнэлт хийснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95, 246 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч П.Мэндбаярын өмгөөлөгч Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. “П.Мэндбаярыг хохирогч М.Чулуунборгилыг зодож танхайрсан, хохирогч Б.Баттулгын машины тоолуурыг эвдэлсэн үйлдэл нь нотлогдож тогтоогдсон байхад” гэж шүүх дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт заасан “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байж болохгүй” заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүх энэхүү заалтыг зөрчсөн. Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйл болон 192 дугаар зүйлүүдэд зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх шүүхэд шилжиж ирсэн хэргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.” гэв.

                                                                           ХЯНАВАЛ:

1. П.Мэндбаяр нь борлуулах зорилгогүйгээр, давтан үйлдлээр ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Залуучууд” зочид буудлын 304 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан,

А.Мөнхбаяртай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хорооллын СОТ-ын 3-1 дүгээр байрны 1 дүгээр орцны гадаа “зип лок” түгжээ бүхий гялгар ууттайгаа 0.6 грамм “мөс” мэт зүйлийг хууль бусаар олж авахыг завдсан,

2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 42 дугаар байрны орчимд 57-55 УНД улсын дугаартай, “Ford” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа автомашины зогсоол дээр байсан иргэн Н.Энхтуяагийн эзэмшлийн 63-59 УНӨ улсын дугаартай, “Toyota Rav 4” загварын автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан,

2. А.Мөнхбаяр нь борлуулах зорилгогүйгээр, давтан үйлдлээр ганцаараа 2015 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтсан тетрогидроканнабинолын агууламжтай цэнхэр өнгийн асаагуурт наалдсан 1.5 см урттай “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

П.Мэндбаяртай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол СОТ-ын 3-н 1 дүгээр байрны 1 орцны гадаа “зип лок” түгжээ бүхий гялгар ууттайгаа 0.6 грамм “мөс” мэт зүйлийг хууль бусаар олж авахыг завдсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж, П.Мэндбаярын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 216 дугаар зүйлийн 216.2, А.Мөнхбаярын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

П.Мэндбаяр, А.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгчийн захирамжид зааж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлүүдээс гадна:

Мөрдөн байцаалтын шатанд П.Мэндбаярын сэжигтнээр өгсөн “...Би өөрөө хэрэглэх гэж захиалдаг байсан. Сэтгэл тавгүй үедээ хэрэглэдэг. Мөнхбаярт зарж борлуулдаг хүн байдаг гэхээр нь 4 удаа захиж авч байсан...” /1-р хх-96/,

А.Мөнхбаярын сэжигтнээр өгсөн “...Мэндбаяр ах “мөс” худалдаж авах талаар яриад надад 300.000 төгрөг байна, чамд зээлдүүлэх мөнгө байна уу, ...миний 300.000 төгрөг дээр 150.000 төгрөгөө нэмээд 1 граммыг заавал олж өг гэж шаардсан. Баяраа гэх зүс таних хүн рүү фэйсбүүкээр холбогдож асуусан. Тэгтэл хариу өгөөгүй. ...Ишгэрэлийг “мөс” олдог гэж хүмүүсээс дам сонсож байсан болохоор мөс олдох уу гэж асуусан. Ишгэрэл олчихлоо гэхээр нь Мэндбаяр ах руу ярьсан...” /1-р хх-93-94/,

гэрч Ч.Чүлтэмсүрэнгийн “...Мэндбаяр ах бид хоёр машин байгаа газраа уулзаад Мэндбаяр ахад мөнгөний өртэй залуу ирэхийг хүлээсэн. Би тэр залууг ирэхээр нь хамт яваад нэг газраас мөнгө авах гэж байсан. ...нөгөө залуу ирээд бид хоёр хамт такси бариад 120 мянгатад байх “Жетро” супермаркетын гадна 30 орчим минут хүн хүлээсэн. Би хэнийг хүлээж байгааг нь мэдээгүй, асуухад хүн ирэх юмаа гээд утсаар яриад байсан. ...нэг залуу ирээд хамт явж байсан залуутай уулзсан. ...тэд хоорондоо хэцүү болсон байна, муриад байна, болдог бол бариад өгчих юмсан гэх зэргээр ярьж байгаад нэг залуу нь буугаад явсан. ...нөгөө залуу Мэндбаяр ахад ёстой хэцүү болсон байна гэж хэлсэн. Тэгээд 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо очоод нөгөө залуу нэг байр луу ороод 10 орчим болоод юм аваад гараад ирсэн. Нөгөө залууг машинд орж ирэхэд сонин үнэр гарсан. Ямар ч байсан машинд утаа гарсан...” /1-р хх-14-16/ гэх мэдүүлгүүдээр хар тамхи мансууруулах төрлийн бодисыг олж авсан эх сурвалжаа тодорхой заагаагүй, эргэлзээ бүхий мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгаж, мансууруулах төрлийн бодисыг олж авсан эх сурвалжийн талаар шаардлагатай ажиллагаа хийгээгүйгээс гадна П.Мэндбаяр, А.Мөнхбаяр, О.Ишгэрэл нарын үйлдэлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг бүрэн гүйцэт шалгаж тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнчлэн Мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Залуучууд” зочид буудлын 304 тоот өрөөнд П.Мэндбаярын хамт мансууруулах бодис хэрэглэж байсан Б.Сүрэн, А.Анужин нарыг сэжигтнээр тооцож шалгасан атлаа тэднийг мансууруулах бодис хэрэглэснээс бусдаар тогтоогдохгүй байна хэмээн прокуророос дүгнэж, Б.Сүрэн, А.Анужин нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

Б.Сүрэн А.Анужин, О.Ишгэрэл нар мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9096, 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 10468 тоот шинжээчийн дүгнэлтүүд болон тэдэнд мансууруулах бодисыг хүчээр, эсхүл хуурч мэхлэх зэргээр хэрэглүүлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа зэрэг хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтад дүгнэлт хийхэд Б.Сүрэн, А.Анужин нар мансууруулах бодис олж авахын тулд “Залуучууд” зочид буудалд очсон байж болзошгүй, тул тэдний үйлдэлд мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг,

Мөн О.Ишгэрэлийн “...Мөнхбаяр над руу залгаад “мөс байна уу” гэхээр нь жамц давс уутанд хийгээд 200.000 төгрөгөөр өгч байсан. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надад мөнгөний хэрэг гараад Мөнхбаяр луу залгаад “мөс байна, авах уу”, ...цэвэр бараа байна гэхэд 200.000 төгрөг байна гэж хэлэхээр нь ...100 грамм мөсөн чихэр худалдаж аваад уутанд буталж хийгээд Мөнхбаяртай уулзах гэж очоод цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд О.Ишгэрэлийн үйлдэлд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг тус тус шалгах ажиллагаа хийх нь зүйтэй.

П.Мэндбаяр, А.Мөнхбаяр, А.Анужин, Б.Сүрэн, О.Ишгэрэл нарын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис олж авч хэрэглэсэн гэх эх сурвалжийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан олж тогтоох шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээр дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоох нь шаардлагатай байх тул прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт П.Мэндбаярын М.Чулуунборгилыг зодож танхайрсан, Б.Баттулгын автомашины тоолуурын эвдэлсэн үйлдлүүдийг нотлогдож тогтоогдсон хэмээн дүгнэж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт “...шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөнийг үүгээр зөвтгөж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 924 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

                      ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                              Н.БАТСАЙХАН