Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/972

 

    2023           10            10                                          2023/ДШМ/972

                                                              Д.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг, даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

хохирогч Б.О,

шүүгдэгч Д.И-н өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1076 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.И-н өмгөөлөгч Ю.Батболдын  гаргасан давж заалдах гомдлоор Д.И-д холбогдох 2306 01410 1779 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт Д-н И, .......... өдөр ...........аймгийн .......... суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .............../

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Д.И нь  2023 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.О-тэй маргалдаж, түүнийг түлхэж унагах, хазах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.И-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Д.И-с жич нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.И-н өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын 6-р хуудсанд “Шүүгдэгч Д.И-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдвэрлэв” гэжээ.

Д.И нь 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүх хуралдааны явцад мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэж шүүхэд мэдүүлсэн боловч 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр “...” ХХК-д операторчоор ажилд орж, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хөдөө орон нутагт ажиллахаар томилолт авсан зэргийг харгалзан, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлж, ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж олгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Д.И-д маш их гомдолтой байна. Д.И нь маш аюултай хүн, би их айдастай байна. Тухайн өдөр манай охин утасдаад “И гадаа ирсэн байна, би гэртээ орж чадахгүй байна” гэхээр нь би хүүхдээ авахаар гарсан. Намайг шууд барьж аваад шидсэн, би шатаар бууж чадахгүй ухарч алхдаг байсан. Миний гарыг хазсан. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн ажил хийдэггүй. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.И нь анхан шатны шүүх хуралдааны явцад ажил хөдөлмөр эрхэлдэггүй талаар мэдүүлсэн байна. Гэвч 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ажилд орсон талаар баримт давж заалдах гомдлын хамт ирүүлжээ. Энэ байдлаа анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.И нь 2023 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.О-тэй маргалдаж, түүнийг түлхэж унагах, хазах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.О-н “... Манай охины хамтран амьдрагч Д.И нь гэрийн гадаа охиныг отож хүлээгээд охин маань гэртээ орж чадахгүй байна гэхээр нь би хажуу айлаас гараад очсон. Нэг хар машин дотор И байж байхаар нь би очоод “чи яагаад хүүхэд айлгаж ичээгээд байгаа юм” гэж хэлтэл намайг заамдаж аваад зодсон. ... машины хаалга татсан чинь миний өөдөөс шууд хоолой боогоод заамдаж аваад хүний машин дээр өргөөд шидчихсэн. ... машин дотор нь орж суутал миний гарыг хазсан. ...” /хх 14-17/,

гэрч П.С-н “... Нөгөө залуу машинаасаа бууж ирээд О ... энгэрээс нь зуураад машин луу түлхээд газар унагаасан. ... О-г машин дотроо энгэрээс нь боож мөн гарыг нь хөшөөд машинаас бууж гадаа нь маргалдаад зууралдаад байсан. ...” /хх 33/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.О-н биед бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, бугуйнд зулгаралт, зүүн бугалга, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 3189 дугаартай дүгнэлт /хх 37-38/,

хохирогчийн гэмтлийн харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-26/  зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.И-г хохирогч Б.О-н эрүүл мэндэд нь бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, бугуйнд зулгаралт, зүүн бугалга, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.И нь үйлдлийнхээ үр дагаварт гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан, мөн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудад анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, мөн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Д.И-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан бөгөөд ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Д.И-н өмгөөлөгч Ю.Батболдын гаргасан “шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/1076 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.И-н өмгөөлөгч Ю.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР