Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0079

 

2025 01 24 128/ШШ2025/0079

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Ш.У******* нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг.Гэрээний талууд,

1.1.Нэг талаас:Ш******* У******* /цаашид нэхэмжлэгч гэх/,

1.2.Нөгөө талаас: Хариуцагч Эрүүл мэндийн яамыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М******* /хариуцагчгэх/ бид (цаашид талууд гэх) Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон, дараах Ерөнхий нөхцөлийн заалтууд болон эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав.

Хоёр.Гэрээний ерөнхий нөхцөл

2.1.Энэхүү гэрээний зорилго нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Ш.У******* нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох

а/Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх байсан 2022 оны 2,604,603.17, 2021 оны 1,999,842.00, 2020 оны 417,841.00 төгрөг, нийт 5,022,259.17 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд хуулиар олгогдсон эрхийн дагуу сайн дураар эвлэрэн хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоход оршино.

2.2.Гэрээний 2.1-д дурдсан нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд доорх тохиролцоонд хүрэв.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх байсан 2022 оны 2,604,603.17, 2021 оны 1,999,842.00, 2020 оны 417,814.00 төгрөг, нийт 5,022,259.17 төгрөгийг хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 2025 оны 03 дугаар сард багтаан олгохоор харилцан тохиролцов.

Гурав. Бусад зүйл.

3.1.Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

3.2.Гэрээг 3 хувь үйлдэх ба талууд нэг нэг хувийг хадгалж, нэг хувийг шүүхэд өгнө.

3.3.Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж, маргаантай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэрээнд заасан асуудлаар талууд дахин ямар нэгэн маргаан, гомдол, нэхэмжлэл гаргахгүй болно.

3.4.Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдэж холбогдох хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Ш.У******* нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эвлэрлийн гэрээ бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

2.Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Ш.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М******* нар гарын үсэг зурсан нь эвлэрэх эрх бүхий этгээдүүд мөн байна.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж, мөн зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан байдаг.

4.Шүүх талуудын Эвлэрлийн гэрээг хянавал, эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдохгүй байна.

5.Иймд Ш.У******* нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох Эрүүл мэндийн яамнаас нэхэмжлэгч Ш.У*******т цалин хөлсний орлогоос суутгасан хууль бус үйл ажиллагааны улмаас надад учруулсан нийт 5,022,259.17 төгрөг гаргуулах захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан Ш.У******* нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан зөвшөөрсөн буюу холбогдох Эрүүл мэндийн яамнаас нэхэмжлэгч Ш.У*******т цалин хөлсний орлогоос суутгасан хууль бус үйл ажиллагааны улмаас надад учруулсан нийт 5,022,259.17 төгрөг гаргуулах-аар харилцан тохиролцон, хариуцагч маргаан бүхий 5,022,259.17 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэгч нь энэхүү эвлэрлийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохыг зөвшөөрч тус тус үүрэг хүлээж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ