Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О.Б-д холбогдох 1705006320325 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Хар хорин” зах дээр хоолны борлуулагч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 4 дүгээр гудамж 99 тоотод оршин суудаг, ... регистрийн дугаартай, Б овогт О.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хит-16” нэртэй бааранд Б.Янсанг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ:

Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Б-н өгсөн:

   “… 2017 оны 4 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн орчимд би Хит-16 бааранд ажил дээрээ байж байхад Бороо, Янсан хоёр над дээр жаал архи уучихсан ирээд, нэмж тус бүр нэг пиво нэмж уусан. Тэр үед над дээр миний танил найз Аагий гэх эмэгтэй ирчихсэн байсан бөгөөд орой 02 цагийн үед баар хаах болоход бид нар бүгдээрээ цуг гараад, би Аагийг дөхүүлж өгөх гээд хойд зүгт алхаж байтал Янсан араас дуудахаар нь яваад очиход, намайг хаяж явлаа гээд намайг түлхээд, Янсан ууж байсан пивоны шилээр намайг цохих гээд савахад нь гарт нь байсан пивоны шил нь мултраад, намайг гараараа нүүрэн тус газар цохичихсон. Тэгэхээр нь би өөрийнхөө ууж байсан пивоны шилээр толгой руу нь цохиход хагараад нүүрийг нь зүсчихсэн. Янсан намайг хөлнөөс давхар хамж унагаад, газар унагаачихаад зодоод, толгойг минь гурван удаа хагалчихсан. Би Янсаныг аваад Бороо бид гурав ГССҮТ-д очиж Янсаны нүүрэнд оёдол тавиулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Янсаны өгсөн:

            “ ... 2017 оны 4 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед би өөрийн найз болох Бороотой хамт Хархорин орчимд бааранд ороод, уг баарнаасаа гараад бид хоёр модны 2-ын Хит 16 бааранд ажилладаг найз Б-тэй ажил дээр нь уулзсан ... Б, Бороо бид 3 баарнаас гартал Б нөгөө охинтойгоо хамт явлаа гээд бид хоёроос салаад явсан. Тэгэхээр нь би Б-г дуудаад хамт явахгүй юм уу гэтэл Б явахгүй гээд бид 2 маргалдсан. Тэгээд би Б-н нүүрэн тус газарт гараараа цохисон чинь Б гартаа бариад явж байсан пивотой шилээрэй миний зүүн шанаан тус газарт цохисон. Энэ үед пивоны шил хагараад миний зүүн шанаа орчимд маш том зүсэгдсэн. ... надад хохирлын 1,000,000 төгрөг өгсөн. Одоо миний зүгээс Б-д ямар нэг гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 15090 тоот:

               1. Б.Янсангийн биед зүүн эрүүний нум, хүзүүний зүүн хажуу хэсгийн сорви тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

 

- Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн үзлэгийн хуудас /хх-н 22/

- Хохирогчийн зодуулсан үеийн гэрэл зургууд /хх-н 23-27/

- Хохирол төлсөн баримт /хх-н 55-56/,

- Хохирогч Б.Янсаны “О.Б бид 2 өөрсдийн сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 58/

- Шүүгдэгч О.Б-н “хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 59/

 

            Шүүгдэгч О.Б-н хувийн байдалтай холбоотой:

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Одонтуяагийн өгсөн:

            “... зан төлөвийн хувьд их даруухан, ажилсаг, хүнтэй муудалцдаггүй, хүмүүстэй их эвсэг харьцдаг, найз нөхөддөө нэр хүнд сайтай, урлаг соёлын авъяастай, өөрийнхөө сонирхолоор бүжиг бүжиглэдэг ...” гэх мэдүүлэг /хх-н 35/

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 57/

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 53/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч О.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос О.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хит-16” нэртэй баарны гадна Б.Янсаны нүүрэн тус газарт пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь  зүүн эрүүний нум, хүзүүний зүүн хажуу хэсгийн сорви бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч О.Б-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлэн хохирогч Б.Янсаны өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 15090 тоот дүгнэлт,  Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн үзлэгийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Янсан нь нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 61/, болон “... гомдол санал байхгүй ...” /хх-ийн 55/ гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч О.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ