Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 318/ШШ2025/00081

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: М.К ХХК-ийн,

Хариуцагч:   Н.Н-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 733,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.К ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган .......тоот Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан . дугаарта.........й үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A14,Light утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 150,533 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 582,500 төгрөг, нийт 733,033 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М-с гаргасан нэхэмжилсэн 733,033 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөө 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 733,033 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөө 2025 оны 4 дүгээр сард төлнө гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.К ХХК нь хариуцагч Н.Нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 733,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.К ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 733,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулахыг хариуцагч Н.Н хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Н.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,144 төгрөгийн тал хувь болох 11,072 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,072 төгрөг, хариуцагч Н.Нгаас 11,072 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.К ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.К ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 733,033 /долоон зуун гучин гурван мянга гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулахыг хариуцагч Н.Н хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,144 төгрөгийн тал хувь болох 11,072 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,072 төгрөг, хариуцагч Н.Нгаас 11,072 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.К ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                        П.БОЛОР