| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/09789/И |
| Дугаар | 191/ШШ2025/00825 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/00825
| 2025 01 29 | 191/ШШ2025/00825 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч О.Аззаяа, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............................ тоот хаягт оршин байрлах “А*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...............хаягт оршин байрлах “Х*******” ХХК /рд:*******/-д холбогдох,
Ус алдсаны улмаас учруулсан гэм хорын хохиролд 11,464,241 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн зардалд 600,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 14,064,241 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э*******, иргэдийн төлөөлөгч Ч.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Т.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А******* ХХК нь “С*******” шүдний эмнэлгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, .........барилгын 2 давхарт байршин эрхлэн явуулдаг бөгөөд бид уг талбайг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж шүдний эмнэлгийн зориулалтаар засварлан, тохижуулж ороод удаагүй байтал 3 давхарт байрлах “Х” ХХК-ийн хариуцсан Усан бассейны узелийн өрөөний шугам хоолой 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагийн үед задарч их хэмжээний ус алдан, манай эмнэлгийн үүдний өрөө, хүлээлгийн өрөө, бусад талбайг хамарч засварласан шал, хана, дрож, тавилга зэрэг эд хөрөнгөд хохирол учруулсан байдаг.
Уг ус алдсанаас шалтгаалан манай эмнэлгийн нийт 127.45м2 талбай усанд автаж, эмнэлгийн үйл ажиллагаа 2 өдөр бүрэн зогсож, цаг авсан байсан 5 үйлчлүүлэгчийн эмчилгээ, үйлчилгээг хойшлуулахад хүрсэн байдаг. Бид энэхүү асуудлаар М ХХК, Х ХХК нарт албан бичгээр хандан учирсан нөхцөл байдлыг хурдан шуурхай сэргээж эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн нөхцөлд оруулахад дэмжлэг үзүүлэх, дахин ус алдах эрсдэлийг шийдвэрлэж арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч уг 2 компани ямар нэгэн дэмжлэг үзүүлэх, учирсан хохирлыг шийдвэрлэж өгөх чиглэлээр тодорхой төрлийн арга хэмжээ аваагүй байдаг.
Бид учирсан хохирлыг үнэлүүлэхээр 2024 оны 6-р сарын 28-ний өдөр “Х” ХХК (РД:)-д хандан үнэлгээг хийлгэж 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хохирлын үнэлгээний тайланг гардан авсан. Уг тайлангийн хувийг бассейны үйл ажиллагааг хариуцаж буй Х ХХК-д хүргүүлж эд хөрөнгөд учирсан хохирлын дүн болох 11 464 241 (Арван нэгэн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга хоёр зуун дөчин нэг) төгрөг, 600 000 (Зургаан зуун мянган) төгрөг зэргийг тооцсон нийт 12 064 241 (арван хоёр сая жаран дөрвөн мянга хоёр зуун дөчин нэгэн) төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шаардаж, удаа дараалал уулзаж, ярилцсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна.
Иймд учирсан бодит хохирол болон Хууль зүйн туслалцааны зардал болох 2 000 000 (хоёр сая) төгрөгийг зардлыг тооцсон дүнгээр нийт 14 064 241 (арван дөрвөн сая жаран дөрвөн мянга хоёр зуун дөчин нэгэн) төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулан өгч биднийг хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
1.1. Хариуцагч талаар шинээр гаргасан баримттай танилцлаа. Хурал үргэлжлэх боломжтой. Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй. М барилгыг дамжуулан түрээслээд үйл ажиллагаа явуулж байхад 3 давхраас ус алдаж хохирол учруулсан. Үүнтэй холбоотойгоор бассейны үйл ажиллагаа явуулдаг хариуцагч болон түрээслүүлэгчид удаа дараа албан тоот өгсөн. Хохирлын асуудлыг бие бие уруугаа чиглүүлж хохирол барагдуулаагүй. Уг хохирлыг үнэлгээний компаниар үнэлүүлсэн. Үнэлгээгээр 11 сая төгрөгийн хохирол учирсан байдаг. 600,000-г үнэлгээний ажлын хөлс төлж үнэлгээг авч хариуцагч болон түрээслүүлэгчид мэдэгдсэн. Иймд түрээсээр бассейны үйл ажиллагааг хариуцагч хариуцан явуулдаг байсан хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нийт 14,064,241 төгрөг гаргуулна. Энэ нь хохирол болон үнэлгээний зардал, өмгөөлөгчийн хөлс орно. Хохирол нь 11,464,241 төгрөг, үнэлгээний хөлс 600,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг юм. Барилга нь Монконы өмчлөл бөгөөд бид түрээсийн гэрээгээр ашигладаг. Өмгөөлөгчийн хөлс төлсөн баримтгүй хэрэг шийдсэний дараа төлөхөөр тохиролцсон.
Өнөөдөр гаргасан түрээсийн гэрээний 7-д түрээслэгчийн эрх үүргийг заасан бөгөөд 7.13-т түрээслэгчийн үүргийг заасан байна. Үүнээс харахад хариуцагч нь ашиг олохоор бассейны үйл ажиллагаа явуулдаг гээд бусдад хохирол учруулахаараа бид хариуцахгүй гэж байна. Баримтаар хариуцагч үүрэгтэй байна. Ус алдсан цаг хугацаанд түрээсэлж байсан. Барилгыг доторх тохижилттой нь түрээсэлж байгаа юм. Үнэлгээний хөлс төлсөн баримтаа шүүхэд өгөөгүй байна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Х.У******* нь шүүхэд, тэрээр болон түүний өмгөөлөгч Н.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амира Скай” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.
Манай компани Баянзүрх дүүргийн ...........хотхонд усан бассейны үйл ажиллагаа явуулдаг ба тус үл хөдлөх хөрөнгийг бид түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Бидний зүгээс усан бассейн холбоотой шугам хоолойг хариуцдаггүй ба бидний буруутай ажиллагааны улмаас ус алдаж, нэхэмжлэгчид хохирол учраагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Манай компани бассейныг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Бид шугам хоолойг хариуцдаггүй. Хохирлыг зөвшөөрөхгүй. Хэн аль нь түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг. Труба задарсан дүгнэлт хэрэгт авагдаагүй. Зөвхөн хоорондын албан бичиг л байдаг. Хариуцагч нь юунаас болж ус алдсан талаарх дүгнэлт байгаа эсэх талаар хүсэлт гаргасан боловч хариу ирүүлээгүй. Хэний буруугаас болж шугам задарсан нь тодорхойгүй. Үүнийг асуухаар баримтаа өгдөггүй. Энэ асуудал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Нэхэмжлэгчээс шаардлагаа тайлбарлахдаа дамжуулан түрээсэлдэг гэж байна. Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгчийн хөрөнгөд ямар хохирол учирсан бэ. Барилга нь хэний өмчлөл гэдэг нь тодорхой бус байна. Иймд шаардах эрхийг дүгнэх ёстой. Өөрийн өмчилдөг орон сууцанд хохирол учраад байгаа юм. Үнэлгээ дээр өмчлөгчийн нэр байхгүй. Хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тодорхойгүй. Хар-н хариуцсан бассейн гэдэг. Гэтэл хариуцагч нь түрээсийн гэрээгээр ашиглаж байсан. Бусдын өмчлөлийн бассейныг түрээсэлсэн байдаг. Гэрээгээр ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгийг түрээслэх талаар тохиролцсон. Ашиглалтын заавар зөрчсөнөөс бусдад хохирол учирвал хариуцагч хариуцахаар байгаа юм. Энэ талаар бид өмчлөгчид юунаас болж шугам задарсан талаар асуусан. Гэтэл цэвэрлэх байгууламж гэдэг. Гэтэл бохирын шугам задраагүй. Манайхыг буруутай гэдэг боловч энэ талаар дүгнэлтээ өмчлөгч өгдөггүй. Орон сууцанд хохирол учирсан. Хуулиар өмчлөгчид үүрэг болгосон тул хариуцагчийг буруу тодорхойлсон. Стандарт нормын дагуу шугамыг хийлгэсэн эсэх нь өмчлөгчид хамааралтай. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй. Хохирол учруулсан буруутай этгээдээс шаардах бөгөөд буруутай этгээдийг тогтоолгүй нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд шаардлага гаргах эрх Иргэний хуулийн 101-р олгогдоогүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь түрээслэгчийн эрх, үүргийг хэлсэн боловч шугам хоолойны талаар алга. Манай компанийг буруутай гэсэн баримтгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өмчлөгч болох нь тогтоогдохгүй байна. Хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмч гэдэг нь тогтоогдоогүй. Хөрөнгө нь мөн бол тайландаа тусгасан байх ёстой. Дамжуулан түрээсэлсэн гэж байгаа тул хэний хөрөнгө болох нь тодорхойгүй. Хуулийн 497-д зааснаар гэм хор учруулсан этгээд нь хариуцагч байх ёстой. Узелиэс ус алдсан болон яагаад алдсан талаар баримтгүй гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: Гэрчилгээний хуулбар /хх6/, хохирлын үнэлгээний тайлангийн хуулбар /хх7-10/, өөрийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн албан тоот 2 ширхэг /хх11-12, 14-15/, “Мн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24/1117 дугаар албан тоотын хуулбар /хх13/, өөрийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар албан тоотын хуулбар /хх18/,
3б. Хариуцагчаас: Усан бассейн түрээсийн гэрээ /хх67-71/, өөрийн 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 19 болон 18 дугаар албан тоот /хх75-76/ 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр албан тоот /хх77/, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар албан тоот /хх78/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “А” ХХК нь ус алдсаны улмаас учруулсан гэм хорын хохиролд 11,464,241 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн зардалд 600,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 14,064,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “Х” ХХК нь ус алдсан үйл баримтын талаар маргаагүй боловч ус алдахад гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй, түрээслүүлэгч хариуцах ёстой гэж маргасан.
4. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ........шүдний эмнэлгийн зориулалтаар талбай түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг, харин хариуцагч нь харалдаа дээр 3 давхарт усан бассейн түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Улмаар 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр усан бассейны узель буюу техникийн өрөөнөөс ус алдаж нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж буй талбайд ус нэвтэрсэн байна. Энэхүү үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.
5. Хариуцагч болон “А” ХХК нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ASI-2023/01 дугаар түрээсийн гэрээнээс үзэхэд хариуцагч нь үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тоног төхөөрөмж буюу техникийн өрөөг түрээсийн гэрээний дагуу хүлээн авчээ. /хх67-71/
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар түрээслэгч буюу эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн хувьд бусдын өмнө өмчлөгч гэж тооцогдоно. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусдын эрхийг зөрчихгүйгээр эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах учиртай.
Үүнээс үзэхэд хариуцагчийн түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан усан бассейны салшгүй хэсэг болох техникийн өрөөнөөс ус алдсан байх тул хариуцагч нь өөрийн эзэмшлийн эд зүйлийг зохих ёсоор арчилж хамгаалаагүй эс үйлдэхийн улмаас бусдад хохирол учруулсан бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
6. Нэхэмжлэгч нь ус алдсаны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар хариуцагчаас шаардаж байсан болох нь хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 19 дугаар, 18 дугаар, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр, мөн оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар албан тоот, нэхэмжлэгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар албан тоотуудаар тус тус тогтоогдож байна. /хх14-15, 75-78/
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ийнхүү хохирол арилгуулахаар шаардаж байсан үйл баримтыг үгүйсгэж маргаагүй.
Дээрхээс үзэхэд хариуцагчийн эзэмшиж байсан усан бассейны техникийн өрөөнөөс ус алдсан, хохирлыг шаардсан боловч барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг мөнгөөр шаардах эрхтэй.
7. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар гэм хорыг арилгахдаа учруулсан бодит хохирол болон олох байсан орлогыг нөхөн төлнө. Мөн зүйлийн 229.2-т зааснаар учруулсан хохирол нь буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаан холбоотой байхаас гадна хохирогч нь учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу баримтаар нотлох учиртай.
8. Нэхэмжлэгч нь учирсан гэх бодит хохирлыг шаардсан бөгөөд өөрийн тайлбарыг нотлохоор “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн. /хх7-10/
Энэхүү хохирлын үнэлгээний тайлангаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийг засварлах болон хөдлөх эд хөрөнгийн талаар үнэлгээ гаргасан байна.
8.1. Нэхэмжлэгч нь барилгын 2 давхарт байрлах уг талбайг түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байсан гэх тул барилгад учирсан хохирлыг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхгүй. Түүнчлэн уг барилгад нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр тохижилт хийсэн гэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй. Иймд хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан барилгыг засварлахад шаардагдах нийт 2,534,481 төгрөгийг шаардах эрхгүй юм.
8.2. Хохирлын үнэлгээний тайлангийн 4 дэх хэсгээс үзэхэд 4 ширхэг хөдлөх эд хөрөнгийн өртгийг тооцож үнэлсэн байна. Гэвч тухайн хөдлөх эд хөрөнгийг дахин ашиглах боломжгүй болсон гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тухайн 4 эд хөрөнгийг тодорхой хэмжээний засвар хийгээд дахин ашиглана гэж тайлбарлаж байна. Үүнээс үзэхэд хохирлын үнэлгээгээр эд хөрөнгийн өртгийг тооцож гаргасан бөгөөд хохирол учирсан эсэх болон засварлах зардал тогтоогдоогүй байна. Иймд 4 ширхэг хөдлөх эд хөрөнгөд хохирол учирсан, цаашлаад хохирлын хэмжээг нотлоогүй тул хөдлөх эд хөрөнгөд учирсан гэх хохирлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй.
9. Хохирлын үнэлгээ хийлгэж тайлан гаргуулах ажлын хөлсөнд 600,000 төгрөг төлсөн гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй. Цаашлаад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч бодитоор төлөөлөөгүй гэж тайлбарлаж байна.
10. Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн үйл ажиллагаа буюу эс үйлдэхүйн улмаас ус алдсан нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчид бодитоор хохирол учирсан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй, мөн ус алдсантай холбоотойгоор нэмэлт зардал гарсан нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
11. Иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангах талаар дүгнэлт гаргасан боловч дээрх үндэслэлээр уг дүгнэлт үгүйсгэгдэж буйг дурдав.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК-д холбогдох нийт 14,064,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД О.АЗЗАЯА
Б.ЦОЛМОНГЭРЭЛ